Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 279

 

С.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

С- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, С- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалтай, С.О-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын багш ажилтай, урьд ял шийтгэлгүй, С.О

 

С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

С- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.С-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6-1-т зааснаар шүүхийн тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 

С- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх С- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “... С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нотлогдож тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

С.О-ыг 2018.11.06-ны өдөр 12 цагаас 21 цаг хүртэл С- аймгийн цагдаагийн газраас мөрдөгч Манлайбаяр дуудан авчирж айлган сүрдүүлж, цагдан хорино гэж дүр үзүүлэн, удаан хугацаагаар цагдаагийн газар дээр байлгаж тухайн өдрөө 17 цаг, 20 цагт тус тус 2 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Уг гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн эрх, үүргийг, мөн Эрүүгийн хуулийн 21.2-т заасан худал мэдүүлэг өгөх зүйл ангийг унш гэж өгч гарын үсэг зуруулж, мэдүүлэг авсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнхөө мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарлаж, мэдүүлэг авч эхлэхдээ тэмдэглэлд тусгаж мэдүүлэг авах ёстой байтал дээрх эрхийг тайлбарлаж тэмдэглэлд тусгаагүй шууд мэдүүлэг авсан нь 1Х-35-36х, 37-38х байгаа бөгөөд С.О-ыг хууль эрх зүйн мэдлэггүй, гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх хууль зүйн үр дагаврыг ухамсарлах боломж олгоогүй өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч түүнийг нотлох баримтаар тооцож прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх ял халдаасан нь ардчилсан Үндсэн хуультай улсын хувьд маш бүдүүлэг хүний эрхийн зөрчил гэж үзэхээр болжээ.

Өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар С.О-ы гэрчээр 2 удаа өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 1.3-т заасан “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан”, 16.12 дугаар зүйлийн 1-т заасан “эрүүл шүүлт тулгаж нотлох баримтыг цуглуулсан” гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нотлох баримтаас хасаж шийдвэрлэх хүсэлтийг давж заалдах шатны шүүх С.О-ы гэрчээр 2 удаа өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл болгоогүй гэж магадлалд дурдсан хэрнээ энэхүү нотлох баримтаас хасах хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хэрэв нотлох баримтаас хасаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авч байгаа бөгөөд ийнхүү мэдүүлэг авахдаа тухайн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа хүнээс гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг сайтар танилцуулан, тайлбарлаж өгдөггүйн улмаас хууль зүйн мэдлэггүй хүнээс мэдүүлэг авч, гэм буруугийн нь өөрөөр нотлуулах шинжтэй нотлох баримтыг цуглуулан, бэхжүүлж, мөн ийнхүү мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхийг хангаж өгөхгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа бөгөөд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 14-т заасантай нийцэхгүй байна. Мөрдөгч, прокурор нэгэнт тухайн хэрэгт сэжиглэж шалгаж байгаа хүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 31.11 дүгээр зүйлд зааснаар сэжигтнээр мэдүүлэг авах, улмаар 31.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулан мэдүүлэг авах нь зүйтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6- дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байна. Гэмт хэрэг гарснаас хойш мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрчээр мэдүүлэг авч нотлох баримтыг цуглуулахдаа тухайн хэрэгт сэжиглэж байгаа хүнээс гэрчийн мэдүүлэг авч, ийнхүү авахдаа өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байгаа нь хууль зүйн хувьд ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар гэрчээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч болно гэж хуульчилсан нь энэхүү хуулийн зүйл, хэсэг нь Үндсэн хуулийг зөрчиж, хуулиар хүний эрхийг зөрчиж болохоор хуульчлан тогтоож өгсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үлдсэн байж болзошгүй гэж үзэн гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар сэжиглэж буй хүнээс мөрдөгч, прокурор гэрчийн мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг авсан мэдүүлгээр яллах дүгнэлтэд тусгаж, шүүх түүнийг нь нотлох баримтаар үнэлж ял оногдуулж буй нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж буюу Үндсэн хуультай зөрчилдсөн заалт байгаад анхаарах.

Мөрдөгч, прокурор хэрэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт байгаа бол сэжигтэн, яллагдагчаар тогтоож мэдүүлэг авах хууль зүйн зохицуулалт байсаар байхад шууд өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авах, хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөхгүй байх, ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг хэрэг илрүүлэх арга болгон ашиглах зөрчил гарч байгааг таслан зогсоох хэрэгтэй юм. Прокурор яллагдагчийн өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцон яллах дүгнэлтдээ тусгаж, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, улмаар шүүх тухайн нотлох баримтыг шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэх болгон шийдвэрлэж буй нь энэхүү байдал бүүр даамжирч мөрдөгч, прокурор гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн яллагдагчаар мэдүүлэг авахгүй байх, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд оруулж бичих нь нийтлэг яллах талын нотлох баримт болж байгаа бөгөөд эрүүдэн шүүх тогтолцоо бүрдэж байгаад харамсалтай байна. Мөн гэрчээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлэг өгөх зүйлийг ангийг сануулж, гэрчээр өгсөн мэдүүлэг өөрчилж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөр зүйл ярих, хэргээ хүлээхгүй байх зэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар ял халдаах боломжийг мөн дээрх маргаан бүхий заалтаар олгогдож байгаа нь эрүүдэн шүүх хууль зүйн боломжийг хуульчилсны хор уршиг юм. Гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ болон өмгөөлөгч авах эрх эдлээгүй, ийнхүү өмгөөлөх эрхээр хангагдах боломж гараагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн зохицуулалт байгааг шүүх анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

16.3 дугаар зүйлийн 4.6-д “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч” гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэсэн болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалган тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй тул холбогдох шийдвэрийг хүчингүйд тооцож, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд тодорхой заасан. Иймд С.О-ыг гэрчээр өгсөн мэдүүлгийг 16.11 дүгээр зүйлийн 1.3-т заасан “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан”, 16.12 дугаар зүйлийн 1-т заасан “эрүүл шүүлт тулгаж нотлох баримтыг цуглуулсан” гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасаж өгөхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянах үүргийг дагуу хянаж өгөхийг хүсэж гомдолд тусгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар “16.11 дүгээр зүйлийн 1, 2-т заасан нотлох баримтыг үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай оролцогчийн хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд шүүхийг анхан болон давах, хяналт гэж ялгаж зааглаагүй тул хяналтын шатны шүүх нотлох баримтаас хасаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

Уг хэрэгт талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан, энэхүү гэмтлүүд шинэ гэмтэл гэж С- аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 57 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1058 дугаартай дүгнэлтүүд гарсан. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд талийгаачийн биед 12 тооны хавирга хугарсан, тархинд 4 тооны гэмтэл учирсан нь С.Отгосайханыг нэг удаагийн автомашинаар ухрах үйлдэл хийхэд учирсан гэж үзэхэд эргэлзээтэй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл С.О- автомашинаар ухрах үйлдэл хийхдээ хэдэн км цагийн хурдтай ухрахад энэхүү гэмтлүүд учирсан гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байж олон тооны гэмтэл учирсан нь С.О-ы ухрах үйлдлийн улмаас учирсан гэмтлүүд гэж үзэх шалтгаант холбоотой гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан туршилтын ажиллагааг явуулах хүсэлтийг ч прокурорт гаргаж байсан. Үүнийг хангаагүй байдгийг шүүх анхаарах. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр талийгаач Ж.С-ын нас барсан цагийг тогтоогоогүй, гэмтлүүдийг шинэ, хуучин гэдгийг тогтоогоогүй байснаас өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлын шүүгчийн захирамжаар шинэ гэмтэл гэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг ба энэ нь анх цогцос үзлэг хийсэн шинжээч эмч Эрдэнэчимэг, тухайн үзлэг фото зургаар дүгнэсэн нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан гэдэгт эргэлзээтэй байдаг ба Шүүхээс эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж гэм буруутайд тооцсон.

Талийгаач Ж.С-ын тархинд учирсан гэмтлээс болж нас барсан байна гэж дээрх дүгнэлтүүдэд дурдсан. Тэгвэл талийгаач Эрчмийн 8 айлын орон сууцны баруун талд нас бараагүй, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд нас барсан. Энэ талаар хавтаст хэрэгт 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 08 цагийн үед цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд үзлэг хийсэн тэмдэглэл, Эрчмийн 8 айлын орон сууцны баруун талд талийгаачийг харсан гэх тухай байрны болон ойролцоох байрны оршин суугчдын гэрчээр өгсөн мэдүүлэг, тухайн газраас эрүүлжүүлэх, баривчлах байрны үүдэнд авчирсан цагдаагийн албан хаагч нарын мэдүүлгээр талийгаач Ж.С- амьд ирээд эрүүлжүүлэх, баривчлах байранд нас барсан гэдэг нь нотлогддог. Өөрөөр хэлбэл талийгаач Эрчмийн 8 айлын орон сууцны баруун талд амьд байсан түүнийг цагдаагийн албан хаагч нар авч явж, эрүүлжүүлэх, баривчлах байранд нас барсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн цагдаа нарт Цагдаагийн газрын даргын тушаалаар сахилга арга хэмжээ авсан баримт ч хэрэгт байгаа. Өмгөөлөгч би талийгаач амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн алба хаагч нарыг шалгах талаар прокурорт удаа дараа гомдол, хүсэлт гаргахад үүнийг шалгаж тогтоогоогүй, эрүүлжүүлэх, баривчлах байрны камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг мөрдөгч, прокурорт удаа гаргасны эцэст дутуу бичлэг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг бичлэг талийгаач Ж.С-ыг эрүүлжүүлэх, баривчлах байр руу баривчлах байранд хоригдож байсан хүмүүсээр дамжуулж оруулж байгаа бичлэгийн гадна хэсгийн бичлэг дутуу байдаг, энэ нь эрүүлжүүлэх, баривчлах байрны үүдэнд ирээд тасраад, үүдээр хэрхэн оруулж байгаа хэсгийн камерын бичлэг байхгүй, дотор талд үүдээр хэрхэн оруулж, хувцас солих өрөөнд оруулсан талаар мөн байхгүй, хувцас солих өрөөнд оруулж хэвтүүлж байгаа бичлэг л байдаг. Тухайн эрүүлжүүлэх, баривчлах байрны үүдэн дэх довжоо хэсэг бетон шаттай, эрүүлжүүлэх, баривчлах байрны дотор үүд суурь бетон цементэн шалтай. Мөн эрүүлжүүлэх, баривчлах байрны бичлэг дутуу хэрэгт хавсаргасан зэргээс үзэхэд талийгаачийг толгойгоор нь унагаж тархинд гэмтэл учруулсан байж болзошгүй бөгөөд энэ талаар шалгаагүй, камерын бичлэг нь санаатайгаар дутуу байгаа зэргийг анхаарч үзэх шаардлагатай байна. Мөн талийгаачийн хавирганы хугарал тухайн өдрөөс өмнө 2018 оны 10 сарын дундуур талийгаач Ж.С- гахайн байранд МСҮТ-ийн багш, сурагч нар ажиллаж байх үед блокон дээр унаж хавиргаа хугалсан гэж өөрөө амьд сэрүүн байхдаа О хэлсэн, сургуулийн сурагч Бямбажав, Балжинням нар багш Ж.С- блокон дээр хүчтэй унасан гэдгийг хэлээд байхад Бямбажав, Балжинням нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, энэхүү хоёр гэрчийг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийг өмгөөлөгч прокурорт удаа дараа өгсөн боловч хангаагүй, анхан шатны шүүхээс 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцахдаа захирамжид гахайн байранд талийгаач унаж бэртсэн талаар шалгах шаардлагатайг дурдсан бөгөөд энэхүү захирамж дутуу биелэгдсэн байгааг анхаарч үзэх шаардлагатай юм. Талийгаачийн толгойн гэмтэл болон хавирга хугарлын гэмтлүүд өөр газар, өөр байрлалаар учирсан байж болзошгүй нөхцөл байдлууд байхад үүнийг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шүүх шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шинжээчийн 2018 оны 147 дугаартай талийгаачийн Ж.С-ын цогцсоос авсан цусанд 3.2 промилль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой, мөн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 57 тоот актад талийгаач Ж.С-ын биед осголт, хөлдөлтийн шинж тэмдэг илрээгүй, мөн шинжээчийн, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд талийгаач Ж.С-ын биед осголт, хөлдөлтийн шинж тэмдэг илрээгүй гэж дурдсан байгаагаас үзэхэд 2018 оны 11 сарын 05-06-нд шилжих шөнө 12 цагаас 06-ны өдрийн 07 цаг хүртэлх хугацаанд хүнд зэргийн согтолттой хүн -11 дээш градусын хүйтэнд 7 цаг гаруй хугацаанд газар хэвтэхэд хөлдөлт, осголтын шинж тэмдэг илрээгүй байна гэж байхгүй гэдэг нь тодорхой юм. С- аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичиг /2х- 57х/-ээр 2018 оны 11 сарын 05-06 шилжих шөнө -11 градус хүйтэй байсан гэдэг нь тогтоогдсон. Тэгвэл тухайн шөнө талийгаач Ж.С-тай хамт явсан ажлын хүмүүс болон С.О- нар 2018.11.05-06 шилжих шөнө 12-13 цаг гэхэд гэр орондоо, МСҮТ дотуур байранд орж амарцгаасан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Харин 12 цаг гэхэд Эрчимийн 8 айлаас О-ийн, Болор-Эрдэнийн автомашинаар тус тус хөдөлж салж явцгаасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Тэгвэл С.Отгосайхан нь талийгаач Ж.С-ыг О-ийн эзэмшлийн автомашинаар дайрч явснаас хойш талийгаач Эрчмийн 8 айлын байрны баруун талд өглөөний 07 цаг хүртэл 7 цаг гаруй хугацаанд хэвтэж байсан бол хөлдөлтийн ядаж 1-р зэрэг илэрч хөл гарын хуруу цайралт өгч, дагжин чичрэх үйдлийг тасралтгүй хийх нь анагаах шинжлэх ухааны үүднээс тодорхой байна. Талийгаач Ж.С-ыг өглөө ойроос харсан гэрч, мөн эрүүлжүүлэх, баривчлах байр руу аваачсан цагдаа, түүнийг эрүүлжүүлэх, баривчлах байр руу өргөж оруулсан гэрч нар хөлдөлт, чичрэх шинж тэмдэг үйлдэл хийж байсан талаар нэг ч гэрч хэлээгүй байдаг. Энэ нь талийгаач Ж.С- шөнийн 12 цагаас хойш Эрчимийн 8 айлын баруун талын газарт 7 цаг гаруй хугацаанд хэвтэж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд шөнө 12 цагт С.О- тухайн газар талийгаач Ж.С-ыг автомашинаар ухрахдаа дайрсан гэдгийг үгүйсгэж байгаа юм. Гэрч Энхтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “талийгаач Ж.С- О-ийн гэр рүү явж байхад Эрчимийн 8 айлын тэнд айлд бууна” гэж хэлж байсан. Гэрч С.О-, Б-, Энхтуяа, Болор-Эрдэнэ, Сүрэнцэцэг, Эрдэнэчимэгийн мэдүүлгүүдээс Эрчимийн 8 айлын баруун талд талийгаачийг хараагүй, тухайн газар очоод машинаас буугаад алга байсан талаар мэдүүлдэг. Гэрч Б- машинаас буугаад талийгаач Ж.С- шээж байсныг харсан. Тэрнээс хойш тэр хавьд ахиж хараагүй, байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед байсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач Ж.С- О-ийн гэрийн гадаа ирээд машинаас буугаад өөр тийш болон эсхүл айлд орсон байж болзошгүй нөхцөл байдал байна. Тухайн үед С.О- О-ийн машинаас түрүүлж ухарч хөдлөөд гэртээ ирээд Болор-Эрдэнийн машин асахгүй байна гэхээр дахин очиж, Болор-Эрдэнэ түрүүлж хөдлөөд дахин С.О- тухайн газраас хөдлөөд явсан бөгөөд тухайн газар 2 машин 2 удаа хөдөлгөөн хийж тухайн хөдөлгөөн зай нь хааш хаашаа 300-400 метр талбайтай байхад талийгаач Ж.С-ыг тэнд байсан бүх хүмүүс хэвтээ болон босоо байрлалтайгаа хангалттай харах цаг хугацаа, талбай бүхий, шөнийн харагдах байдал, 2 машины гэрэл тусах орчин байгаа билээ. Тэгэхээр талийгаач Ж.С-ыг тухайн газар шөнө байгаагүй гэдэг нь нотлогдож байхад үүнийг шүүх үнэлж дүгнээгүй нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хуулийн шаардлага хангасан байдлаар явагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.10-т зааснаар хэргийн газрын үзлэг явуулахад эхлээд дүрс-дуу бичлэг хийх, гэрэл зураг авах гэж дарааллыг тогтоож, хууль тогтоогч гэрэл зургийн эх сурвалж бол дүрс-дуу бичлэг юмаа гэдгийг хуульд тусгасан байхад 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 12 цаг 45 минутад эхэлсэн хэргийн газрын үзлэгийн /1х-7-9х/ дүрс-дуу бичлэг нь чанарын шаардлага хангахгүй ойлгомжгүй, дугуйны мөр гэсэн 5 дугаартай тэмдэглэгээнээс хойш талийгаач мөргөсөн гэсэн цэг нь тодорхойгүй, зөвхөн дугуйны мөр харуулаад өнгөрсөн богино бичлэг байдаг, мөн бичлэгт тухайн хэргийн газар олон дугуйны мөр байгаа харагддагаас О-ийн машины дугуйны мөр аль нь, Болор-Эрдэнийн дугуйны мөр аль болох зэрэг тэнд байгаа дугуйн мөрүүд өөр өөр дугуйны мөрүүд байгаа зэргийг тодорхой харуулдаггүй. Хэргийн газрын үзлэгээс авсан нэг зургийг О-ийн машины дугуйны мөр гэж тухайн дугуйгаар талийгаачийн нүдний шилэн дээр гарсан дүрс нь ерөнхий байдлаар О-ийн машины дугуйны мөртэй таарч байна гэж эд мөрийн баримтаар нүдний шилний баталгаажуулж авсан хэрнээ тухайн таарсан гээд байгаа О-ийн машины дугуйг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байдаг. Хэргийн газрын үзлэгээр О-ийн болон Болор-Эрдэнэ, тухайн газар явсан машины дугуйны мөрүүд ямар маркийн машины, мөн ямар үйлдвэрийн машины дугуй, дугуйны хээнүүдийг тус бүр баталгаажуулж, тодруулж аваагүй байж шил дайрсан дугуйны мөр зөвхөн О-ийн машины баруун хойд дугуйны мөр мөн гэдгийг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. О-ийн автомашины 4 дугуй бүгд нэг ижил үйлдвэрийн дугуй мөн үү үгүй юу гэдэгт дүгнэлт хийх баримтжуулсан нотлох баримт хэрэгт байхгүй, Болор-Эрдэнийн автомашины дугуй ямар үйлдвэрийн хээтэй дугуй вэ гэдэг нь мөн байхгүй байдаг. Тэгвэл Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 27 дугаартай “нүдний шилний хагархай хэсэг дээр дарагдаж үлдсэн дугуйны хээний тоосон мөр нь ХХХХ улсын дугаартай приус 20 маркийн автомашины зөв талын хойд талын дугуйтай хээний зураглалын ерөнхий шинж тэмдгээр тохирч байх боловч хувийн онцлог шинж тэмдгийн тоо хангалтгүй учраас мөн байна гэж дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн дүгнэлтээс үзэхэд ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэж үзсэн байдаг. Тэгвэл Монгол Улсад импортоор орж ирж байгаа Япон, Солонгос суудлын автомашины дугуйнуудын хээ хооронд маш төстэй үйлдвэрийн таних тэмдгээр ялгарахаас гадна дугуйны хээнүүд ерөнхий шинжээр адил төстэй үйлдвэрүүдийн дугуй их байдаг. Жишээ нь Япон улсын “бийрджстоне” үйлдвэрийн дугуй Солонгос улсын “дунлоп” үйлдвэрийн дугуйтай захын хээ нь төстэй голын хээгээр ялгагддаг. Тэгвэл шилэн дээр гарсан хээ нь машины захын хээ юу голын хээ юу гэдгээс шалтгаалж дугуй хээг харьцуулахад өөр дүгнэлт ерөнхий шинж тэмдгээр гарах боломжтой юм. Шинжээчийн дүгнэлт дээр энэ талаар дурдаагүй, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ё.Мөнх-Учралт шүүх хуралдаанд тоймтой дугуйны талаар мэдээлэл өгч чадаагүй, ерөнхий шинж тэмдгээрээ адилхан гэдгээ өөрөөр тайлбарлаж хэлээгүй болно.

Мөн тухайн хэргийн газрын үзлэг нь 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 12 цаг 45 минутад эхэлсэн гэж тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тэгвэл хэргийн үзлэг хийхээс өмнө О- МСҮТ дотуур байрнаас сэрээд 07 цаг өнгөрч байхад өөрийн ХХХХ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаа унаад хэргийн газрын үзлэг хийхээс өмнө С.О-ы ухарсан гэх газар дээр ирж зогсоод цэцэрлэгийн хүүхдээ аваад 08 цаг 05 минутад эргэж урьд шөнө С.О- ухарсан хөдөлгөөнтэй адил хөдөлгөөн хийж ухраад явсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр О- мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч О-ийг МСҮТ дотуур байрнаас хэдэн цагт хөдөлж гэр рүүгээ явсныг шалгах зорилгоор МСҮТ дотуур байрны камерын бичлэгийг авах хүсэлтийг мөрдөгч Манлайбаярт 2018 оны 11 сарын 17-ны өдөр гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар байгаад жилийн дараа 2019 онд мөрдөгч Б- МСҮТ дотуур байрны бичлэгийг авах гэсэн боловч устсан байсан, энэ талаар МСҮТ ажилтнаас мэдүүлэг авсан, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг хүсэлтийг даруй хангасан бол МСҮТ дотуур байрны бичлэгт О- хэдэн цагт хөдөлж байгаа тодорхой харагдах байсан. Мөн тухайн хэргийн газрын ойр орчимд амьдардаг гэрч нараас мэдүүлэг өгсөн гэрч М-гийн мэдүүлэгт “өглөө 7 цагийн үед хүн хэвтэж байсан. Хажуугаар таксинд явдаг хүн өнгөрөөд явсан” гэж мэдүүлдэг. Тэгвэл тухайн газар хэргийн газрын үзлэг 12 цаг 45 минутад эхлэхээс өмнө хэргийн газар дээр өөр автомашин явсан байгаа нь тодорхой байдаг. О- өөрийнхөө машинаар явсан гэдгээ шүүхэд мэдүүлсэн байхад урьд шөнө 12 цагт С.О-ы ухарсан машины мөр нь аль нь гэдгийг яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдаг.

Тэгвэл 2019 оны 11 сарын 08-ны өдөр С.О-, өмгөөлөгч намайг оролцуулан мөрдөгч Б-, тээврийн цагдаагийн байцаагч, шинжээч Ё.Мөнх-Учрал, хөндлөнгийн гэрчээр цагдаагийн газар шалгагдаж буй 2 иргэн байсныг оролцуулан, хэргийн газрын үзлэгийг дахин явуулсан. Уг үзлэгийг явуулах болсон үндэслэл нь өмгөөлөгчийн хүсэлт, Тээврийн цагдаагийн газраас 2018 оны 11 сарын 06-ны өдөр явуулсан мөрдөгч Манлайбаярын хэргийн үзлэг явуулсан тэмдэглэл, нотлох баримт Тээврийн цагдаагаас дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа гэдэгтээ хамааралтайгаа прокурор дахин хэргийн газрын үзлэг хийх тогтоол гаргасантай холбоотойгоор явуулсан. Хэргийг газрын үзлэгээр өмнөх 2018 оны 11 сарын 06-ны өдрийн хэргийн үзлэг явуулсан тэмдэглэлээс зүүн талд хоёр газар талийгаач Ж.С-ыг хөрвөсөн гэж тэмдэглэсэн тэмдэглэл байхгүйд тооцохоор Б- мөрдөгч бичсэн. Энэ үед өмгөөлөгч би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.10, 28.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дуу-дүрсний бичлэг заавал хийх шаардлагатай хуульд заасан шаардлагыг тавихад мөрдөгч Б- “үгүй” гэснээр энэхүү ажиллагаанд С.О-, өмгөөлөгч Т.А- оролцохоос татгалзаж хэргийн газрын үзлэгийг яллах талыг хэт барьж явуулж байгаа талаар тэмдэглэлд тусгаж гарын үсэг зурсан. Дараа нь энэ талаар прокурорт гомдол гаргасан.

2019 оны 11 сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг өмнөх хэргийн газрын үзлэгээс дордсон өмнөх гэрэл зургийн үзүүлэлтийг тааруулж хэргийн газрын схем бүдүүвч зургийг замын цагдаагийн байцаагч зурсан бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлаар Тээврийн цагдаагийн албаны шинжээч дүгнэлт гаргасан. Уг бүдүүвч зураг дээр Талийгаач Ж.С-ын хэргийн газрын үзлэгээр мөргүүлж хэвтэж байсан гэх газрыг анх очсон цагдаа нарын мэдүүлгээр Б цэг тогтоож, тухайн байшингаас 5.8м гэж зурж баталгаажуулсан атлаа гэрч М-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2х-191-193х/ дээр талийгаач хэвтэж байсан газрыг мөрдөгч Сүхбат байшингаас 10м гэж тухайн цэгийг А цэг тэмдэглэснээс үзэхэд хэргийн газрын схем зургийг тэмдэглэсэн 2 зураг нь зөрүүтэй талийгаач хэвтэж байсан гэх газар 4.6м зөрүүтэй байгаагаас үзэхэд хэргийн газрын үзлэг болон түүнийг схем зургийг зөв үйлдээгүй гэдэг нь харагдаж байна. Мөн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэгт мөрдөгч Б-ийн Б цэг гэж тэмдэглэснээс зүүн тийш дахин 2 газар 2018 оны 11 сарын 06-ны өдрийн мөрдөгч Манлайбаярын тэмдэглэсэн 2 газрыг арилгасныг өмгөөлөгч би хүлээн зөвшөөрөхгүй маргалдсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэдгийг гэрч М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл давхар нотолж, талийгаач анх хэвтэж байсан газрыг байшингаас 10 м гэж тогтоосон нь анхны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр мөрдөгч Б- машины дугуйны мөртэй ойртуулж 5.8 м гэж Б цэгийг тогтоосон нь илтэд үндэслэлгүй болсныг гэрчлэх юм. Иймд дээрх эргэлзээтэй хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр машины дугуйны мөр мөн эсэх, талийгаач Ж.С-ын хэвтэж байсан газрыг тогтоохдоо машины мөр рүү ойртуулж тогтоосон 2019 оны 11 сарын 08-ны өдрийн хэргийн газрын тэмдэглэлийг үндэслэж гаргасан Тээврийн цагдаагийн албаны шинжээч дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй тул түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

Гэрч Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд “О талийгаач Ж.С-ыг дайрсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь эргэлзээтэй, мөрдөгчийн тулгаж мэдүүлэг авсантай холбоотой гэж үзэж байгаа билээ. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч би гаргаж шүүх хуралдаанд оролцуулсан, шүүх хуралдаанд гэрч Б- нь С.О- талийгаач Ж.С-ыг дайрсан гэж мэдүүлсэн яг дайрсан талаар ярина уу гэхэд би дайрсан гэж мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлэг өгсөн. Уг нь өмгөөлөгчийн зүгээс Б-ыг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд 2 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө яагаад дайрсан гэж мэдүүлэг өгсөн хэрнээ, талийгаачийг тэнд байгаагүй, шээж байсан тэгээд ахиж харагдаагүй, алга байсан гэж ойлгомжгүй мэдүүлэг өгснийг тодруулах гэсэн боловч дайраагүй гэж өмгөөлөгчийн асуултад хариулсныг шүүх дүгнэж нотлох баримтаар тооцоогүй нь ойлгомжгүй бөгөөд шүүх нотлох баримтад үндэслэн гэм бурууг тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

С.О-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч талийгаачийн нас барсан цаг хугацаа, нас барсан газар, талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн шинэ, хуучин, түүнийг хэн хэрхэн учруулсан байж болох талаар, С.О-ы ухрах үйлдэл нь талийгаачийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаантай холбоо тогтоогдож байгаа эсэх талаар, хэргийн газрын үзлэг, шинжээч нарын дүгнэлт зэргийг харьцуулан зөрүүтэй байгаа байдал, гэрч нарын мэдүүлгээс ойлгомжгүй, эргэлзээтэй байгаа талаар удаа дараа мөрдөгч, прокурор гомдол, хүсэлт, анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт 2 удаа гаргаж, Анхан шатны шүүхээс хэргийг 2 удаа мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хэдий ч прокурор, шүүх нотлогдож, тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн ба гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт гарсныг шалгаж хөдөлбөргүй тогтоогоогүй, зарим талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтуудыг үнэлж, шүүх С.О-д ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан нотлох баримтуудыг үнэлсэн нь хэргийн жинхэнэ байдал, хэрэгт авагдсан цагаатгах нотлох баримтуудаар няцаагдаж байх тул анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. Иймд С- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С- аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 21-ний өдрийн 16 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, С.О- холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв. 

 

Прокурор Б.Баярхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Уг баримтуудыг харьцуулан дүгнэхэд С.О- нь ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дэх хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчсөний улмаас Ж.С-ыг дайрч, улмаар түүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй үйл баримт нотлогдсон гэж үзсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрүүд хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Т.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.О- нь автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ж.С-ыг мөргөж, түүний амь насыг хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.О-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан гэдэгт эргэлзээтэй ...” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд тухайн хэрэгт шинжилгээг нэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал) болон гурван шинжээчийн (2 дугаар хавтаст хэргийн 198-204 дэх тал) бүрэлдэхүүнтэйгээр тус тус хийсэн ба амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан, авсан гэмтэл зэргийн талаар нэгдмэл агуулгатай дүгнэлт хийсэн байгааг шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо харгалзан шийдвэр гаргасан байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, түүнчлэн няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.А- гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнхөө мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарлаж, мэдүүлэг авч эхлэхдээ тэмдэглэлд тусгаж мэдүүлэг авах ёстой байтал дээрх эрхийг тайлбарлаж тэмдэглэлд тусгаагүй шууд мэдүүлэг авсан ...” гэжээ.

 

Мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох боловч С.О-д холбогдох хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.О-ы гэм бурууг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна С.О-ы гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэхгүйгээр бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээс бусад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

 

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон, эсхүл нотлогдоогүй гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-ын                                      “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. С- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, С- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

      С.БАТДЭЛГЭР

 

      Ч.ХОСБАЯР

 

       Б.ЦОГТ