Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01022

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01022

 

 

Х ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01056 дугаар шийдвэртэй,

Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Х, Г.Д нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 93,424,566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Э.Х, Г.Д нар 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлсэн.  Барьцааны гэрээгээр Э.Х-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, *************** тоот хаягт байрлах, 3 өрөө 71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл биелүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Мөн гэрээний 6.2.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн төлбөрийг гэрээний 3.1-т заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх, мөн гэрээний 8.3-т зээлийн сар бүрийн тэнцүү хуваарийн дагуу зээлдэгч төлбөрөө төлөөгүй эсвэл гэрээний 9.2-т заасан үндэслэлээр зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан.

1.3. Зээлдэгч нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 76,485,569  төгрөг, үндсэн хүү 16,899,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,185 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 36,000 төгрөг болсон.

Иймд талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээг нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 93,424,566 төгрөгийг гаргуулах,  хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж зээл авсан талаар маргахгүй ч зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү, алдангийг төлөөд үлдсэн зээлийг 6-8 хувийн хүүнд шилжүүлэх саналаа удаа дараа банкинд тавьсан ч шийдвэрлээгүй. Бид 80 орчим сая төгрөг банкинд төлсөн боловч үндсэн зээлээс 2-3 мянган төгрөг хасагдаад байгаа нь биднийг хохироож байна.

2.2. Зээлээ графикийн дагуу төлж байсан боловч ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон. Төрийн албан хаагчийн цалингаар зээлээ төлөөд 3 хүүхдээ өсгөөд явах хүндрэлтэй байсан учраас 2023 оны 07 дугаар сараас хойш төлбөрөө төлөх боломжгүй байсан. Харин одоо гэрээнд заасан зөрчлөө арилгаад цааш үргэлжүүлээд зээлээ төлөөд явах хүсэлтэй байгааг нэхэмжлэгчид илэрхийлсэн боловч хариу өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Э.Х, Г.Д нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 93,424,566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,272 /625 072+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээлдэгч Э.Х, Г.Д нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 93,424,566.39 төгрөг гаргуулах шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хариуцагчийн талд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тодруулбал, зээлийн гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд тухай төлбөр төлөх өдрөөр зээлийн хүүг тооцож, төлүүлсний дараа, үлдэх дүнг зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ гэж заасны дагуу нэгэнт гэрээгээр тогтоосон, харилцан тохиролцсон үүргийг гүйцэтгүүлэхээр тохирсон.

Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтын зээлийн эргэн төлөлтийн дагуу зээлийг төлж байсан боловч 2022 оны 01 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтийг тасалдуулсаар 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс зөрчсөн. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон нь банкны зүгээс гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийсэн.

4.2. Шүүхийн шийдвэрт цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан цаашид зөрчлийг арилгаж гэрээний төлбөрийн хуваарийг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн нь Коронавируст халдвар /ковид- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасантай хамаарахгүй бөгөөд гэрээний үүргийг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээний нийт өр төлбөрт 93,424,566.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, ялимгүй зөрчил гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт хангалттай өр төлбөрийг барагдуулах хугацаа өгсөөр байтал төлөгдөөгүй нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу байгуулагдсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөөр байтал гэрээний үүргээ биелүүлсэн мэтээр ойлгож хэрэгсэхгүй болгосон.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө ү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анх жилийн 18 хувийн хүүтэй гэрээ байгуулсан бөгөөд жилийн дараа 0.8 хувийн хүүтэй зээлийн гэрээ рүү шилжинэ гэсэн ч шилжээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х ХКнь хариуцагч Э.Х, Г.Д нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  зээлийн гэрээний үүрэгт 93,424,566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Худалдаа хөгжлийн банк ХК-аас 80,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Э.Х, Г.Д нар зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тус тус харилцан тохиролцжээ. /хх16-17/

 

3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Э.Х-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, Үйлдвэр /17042/ *************** тоот, 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх22-24/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж үзнэ. Харин хэргийн 27-28 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 3,514,430 төгрөг, зээлийн хүү 65,205,485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,725 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.

 

3.3. Хариуцагч нар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Х ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280 тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 тоот мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдсон. /хх25-26/

 

4. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, 225.1, 225.2-т талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Мөн талуудын байгуулсан гэрээний 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй 60 хоног хугацаа хэтрүүлсэн бол банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлнэ гэж тохиролцжээ.

 

4.1.Х ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280 тоот мэдэгдэлд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 368,819 төгрөг, үндсэн хүүний өр 4,547 215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1, 292 төгрөг, нийт 4,917,327 төгрөгийн зөрчил үүссэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 тоот мэдэгдэлд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 431,058 төгрөг, үндсэн хүүний өр 5,716,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2,420 төгрөг, нийт 6,149,980 төгрөгийн зөрчил үүссэн талаар мэдэгдсэн. Дээрх мэдэгдэлд гэрээ цуцлах талаар бус зөрчлийг арилгахыг шаардсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Түүнчлэн, гэрээний 3.1-д зээлийн ерөнхий хугацаа 20 жил буюу 240 сар байна гэж заасан.

 

4.2. Анхан шатны шүүх хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлтэй байна. Тодруулбал, хариуцагч нарын гаргасан зөрчил, үүрэг хэтрүүлсэн хугацаа, зээлийн эргэн төлөлт хийсэн дүн, урт хугацаатай гэрээ байгуулсан зэрэг байдлыг харьцуулан дүгнэвэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ноцтой зөрчил бий болсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч Э.Х, Г.Д нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 93,424,566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

4.3. Түүнчэн, шүүх зээлийг гэрээг цуцлах үндэслэлгүй дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Э.Х-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, Үйлдвэр /17042/ *************** тоот, 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.4. Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй нь буруу байгааг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1 ... гэснийг ...451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 205 дугаар зүйлийн 205.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 695,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ