| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0092/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/093 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914002030123 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 82-23 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэр М.Лтой хувийн харилцааны улмаас маргалдаж цохисон.Тухайн үед надаас өөр хүн байхгүй. Манай эхнэр М.Лгийн биед гэмтэл учирсан би эхнэрээ цохиж зодсондоо одоо харамсаж байна дахин ийм буруу зүйл хийхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /,
Хохирогч М.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 02 дугаар сарын 04-нд бид нарын хооронд үл ойлголцол болсон үүнээс болоод манай нөхөр тэр талаар ойлгоогүй уурлаж гэрт байсан архи уусан тэгээд намайг миний гуя орчимд бүсээр ороолгосон мөн миний толгой орчимд гараараа цохиод тэгээд би гараад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаар шинжээчийн
1. М.Лгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн бугалга, шуу, гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 34-42 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 47-48/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 56-59/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 90/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.03.19-ний өдрийн №248 тоот тодорхойлолт / хх-ийн 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-83/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч М.Л гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн , шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, түүнд холбогдох эрүүгийн 1914002030123 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгпэгч *******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 82-23 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч *******ийн ... манай эхнэр М.Лгийн биед гэмтэл учирсан би эхнэрээ цохиж зодсондоо одоо харамсаж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /,
Хохирогч М.Лгийн... манай нөхөр гэрт байсан архи ууж, миний гуя орчимд бүсээр ороолгож, миний толгой орчимд гараараа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай “...М.Лгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн бугалга, шуу, гуй, шилбэ, баруун гуй, шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлтийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн12-13 /,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 34-42/ болон шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Хэргийн хохирогч М.Л , шүүгдэгч ******* нар нь гэрлэлтээ албан ёсоор батуулсан, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч ******* нь эхнэр М.Лгийн толгой, гуя руу нь цохих зодох, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хохирогч М.Л нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т 450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА