Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 094

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Т.Г, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Х нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814006890030 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-т зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан Хорчин овогт А.Х,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрий 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Тайж овогт Т.Г,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.Г нь А.Хтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлан бусдад 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн

... А.Х, машины жолооч бид 3 Өлзийт сумын нутаг дэвсгэр Бумбатын хойд руу айл руу явж, айлын гадаа ирэх үед А.Х бид 2 машинаас бууж гэрийн цоожны даруулгыг нь мушгиж гэр лүү орж 4 ширхэг хивсийг авч машинд ачсан бөгөөд А.Х машины жолоочид манай хадамын гэр байгаа юм, хадамуудаас хивс авч байгаа юм гэж худал ярьж машинд ачаад аймгийн төвд амьчуулд ирж айлд буулгасан. А.Х машинтай яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 /,

Шүүгдэгч А.Хийн мөрдөн байцаалтад өгсөн

...Мөн Сайнбаярын ахынд очих үедээ Сайнбаярт мэдэгдэхгүй монетон ээмэг бөгж хулгайлсан үнэн ... анх хулгай хийх санааг би гаргасан. Т.Ггийн хамтаар Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэрээс 4 ширхэг хивс хулгай хийсэн. Энэ хэрэгт таксины жолооч П.Б гэх хүнд худлаа ярьж машинаар нь хивсийг авчирсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 /,

Хохирогч Д.Сийн мөрдөн байцаалтад өгсөн

... Том жижиг нийлсэн 6 ширхэг хивс, 1 ширхэг хулсан ташуур, 1 ширхэг жижиг мөнгөн аяга /бурханы дээж тавьдаг/, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг зүйлүүд алдсан ... Би өөрийн алдсан 2x1 хэмжээтэй 2 ширхэг хивс 1 ширхэг 60.000 төгрөг 2 ширхэг 120.000 төгрөг, 2x3 хэмжээтэй 2 ширхэг хивс 1 ширхэг 150.000 төгрөг 2 ширхэг 300.000 төгрөг, 3x4 хэмжээтэй 2 ширхэг хивс 100.000 төгрөг 2 ширхэг 200.000 төгрөг, шинэ цагийн хулсан жижиг ташуур 100.000 төгрөг, 1 хос 2 ширхэг 1.7 граммтай монетон ээмэг 300.000 төгрөг, 1 граммтай монетон бөгж 100.000 төгрөг, жижиг мөнгөн аяга /бурханы дээж тавьдаг/ 20.000 төгрөг тус тус үнэлж байна ... Би Есөн-Эрдэнэ захын ард байдаг барьцаалан зээлдүүлэх газар очиж 1 хос 2 ширхэг монетон ээмгийг үзэхэд миний алдсан гэх ээмэг мөн байхаар нь би буцаан авсан миний ээмгийг А.Х гэх хүн барьцаанд тавьсан байсан. Манай эд зүйлс, хивсийг А.Х гэх хүн хулгайлсан тодорхой болсон. Би ээмэгнээс бусад эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 /,

Иргэний нэхэмжлэгч Б.Нгийн мөрдөн байцаалтад

“...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танихгүй 2 залуу манай ажил дээр ирээд манай эхнэрийн бөгж нь ломбарданд байгаа юм тэрийг авахгүй бол сална гээд байна та энийг хямдхан авах уу гээд 2 ширхэг 4x3 харьцаатай шар өнгийн хивс, 2x1.8 хэмжээтэй улаан өнгийн хивс надад зарна аваад тус болооч гээд байхаар нь 100 000 төгрөгөөр тэр 2 хивсийг авсан ... Надад зарсан 2 хивсийг хохирогч Д.С эмэгтэй ирээд хулгайд алдагдсан хивс мөн байна гээд манайхаас ирээд аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /,

Гэрч П.Бын мөрдөн байцаалтад

...2018 оны 11 дүгээр сарын дундуур өдрийн санахгүй байна. Би орой 17 цагийн үед таксинд явж байтал А.Х гэгч нь гар өргөж миний машинд сууж хөх толгойд нэг айлд хүргэж өгөөд буух үедээ А.Х нь миний утасны дугаарыг авсан юм. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би төвд явж байхад А.Х над руу утсаар яриад Өлзийт сумын хойд руу манай хөдөө байдаг гэрлүү явчихаад ирье хөлсөнд нь 50 000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрч А.Х аваад амьчуулын айлаас эрэгтэй хүн аваад 3 уулаа Өлзийт сумын хойд талд байрлах Баянхонгор аймгаас 15-16 километерийн орчим яваад нэг айлд очоод А.Х болон наана байсан залуу 2 буугаад гэр лүү орсон, би машин дотор сууж байсан яаж тэр гэр лүү орж байгааг хараагүй тэр 2 залуу гэрээс 2 боодолтой 4 хивс авчирч машинд хийгээд Баянхонгор аймаг руу яваад амьчуулд очоод тээврийн зардал болох 50 000 төгрөгөө өг гэтэл мөнгө өгөхгүй болохоор нь мөнгө авчирч өг гээд 2 боодол 4 хивсийг авч үлдсэн би тэр залууг амьчуулд нэг айлд буулгачихаад явсан. Маргааш нь А.Х өөр нэг залуутай ирээд надад 50 000 төгрөгөө өгөөд 2 хивсийг нь танд үлдээе тэмээний тогш хийх гэж байгаа маргааш ирж авъя гээд 2 хивсийг А.Х бас танихгүй нэг залуугийн хамт Дэлгэрэх зах дээр буулгаж өгсөн тэрнээс хойш байж байгаад цагдаа нар ирж үзээд далд хийсэн байж байгаад үлдсэн 2 хивсийг нь хохирогч Д.Ст гэх эмэгтэй ирээд үзэж хараад аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/,

Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн

“...2018 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Б.Аын гэрт Б.А, А.Х, Отгоо, Т.Г нартай уулзаж байгаад А.Х бид 2 гарч амьчуулд нэг танихгүй айлаас 2 ширхэг хивс аваад Дэлгэрэх захын нэг гуталчин эгчид 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Есөн-Эрдэнэ захын ард талд Жаргалант зочид буудлын хажууд байх ломбарднаас эмэгтэй хүний монетон бөгжийг авсан тэр үед ломбардны гадна талд Б.А, Отгоо, Т.Г бид нар гадаа хүлээж байгаад гараад ирэхээр нь хивс зарсан гэх үлдсэн мөнгөөр нь дэлгүүрээс 1 шил архи авч Б.Аын гэрт ууж байгаад орой нь ахмадын бүжгэнд орчихоод гэр гэр лүүгээ явцгаасан юм ... А.Х нь уг монетон бөгжийг манай эхнэрийн бөгж байгаа юм гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 /,

Гэрч    Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 11 дүгээр сарын дундуур Г, Отгоо бид 3 амьчуульд айлд байж байтал А.Х ирээд Т.Гг хөдөө яваад ирье гээд яваад өгсөн. Отгоо бид 2 айлдаа байж байтал Т.Г, А.Х 2 верна машинтай хивс авчираад хүрээд ирээд А.Х нь энэ хивснүүдийг зармаар байна гээд байснаа Т.Г бууж үлдээд А.Х такси буюу верна машинтайгаа яваад өгсөн. 2 хоногийн дараа манай гэрт Т.Г, Отгоо, А.Х, Б бид нар байж байсан чинь А.Х хивсээ зарна гээд А.Х, Б 2 хивсийг айлаас авчирч Дэлгэрэх зах дээр гуталчин эгчид зараад А.Х Есөн-Эрдэнэ захын ард талд байх Жаргалант зочид буудлын хажуу талд байх ломбарднаас эмэгтэй монетон бөгжийг авсан үлдсэн хивс зарсан мөнгөөр дэлгүүрээс архи авч манай гэрт уугаад орой ахмадын бүжиг рүү явсан. Харин Х ганцаараа бөгжөө аваад яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /,

Гэрч Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 11 дүгээр сарын дундуур амьчуулд айлд Б.А, Б, Т.Г бид нар хөзөр тоглоод сууж байсан чинь гаднаас А.Х орж ирээд Т.Гг дуудаад аваад гарсан бид нар гэрт үлдсэн яах гэж гарсан эсэхийг бид нар мэдээгүй . Тэрнээс хойш 2 хоногийн дараа байхаа Б.Аын гэрт Б.А, Т.Г, Б бид нар байж байтал гаднаас А.Х орж ирээд Дунд зах буюу Дэлгэрэх зах бүгдээрээ ороод ирье гэж хэлээд Дэлгэрэх зах дээр байж байгаарай гээд А.Х, Б дагуулаад явсан . А.Х, Б хоёр 2 хивс бариад ирсэн зарах гэж байгаад гээд Дэлгэрэх зах дээр зарсан би хаана зарсныг мэдээгүй А.Х, Б хоёр хивсээ зарчихлаа гээд Есөн-Эрдэнэ захын ар талд байх ломбарднаас А.Х нэг монетон бөгж аваад дэлгүүрээс 1 шил архи аваад Б.Аын гэрт А.Х, Т.Г, Б нар нийлж архиа хувааж уусан ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 374 дугаар “... 9625 БНА улсын дугаартай Accent verna маркийн авто тээврийн хэрэгслийг 2000000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 78-79/,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 363 дугаар “... эд зүйлсийг 660000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 84-85/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2, 6-7/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 14-15, 16-20/, шүүгдэгч А.Хийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай тоот тодорхойлолт /1 хх-ийн 172/, шүүгдэгч Т.Ггийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/13 тоот тодорхойлолт /1 хх-ийн 175/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн 179/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 180-181/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 95-102/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 112-115/, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 121-124/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 125-134/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 135-144/, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамж /1 хх-ийн 145-147/, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 237 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /1 хх-ийн 148-152/, 2015 оны 01 дүгээ сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 166-171/, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 226-231/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Г нь А.Хтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлан бусдад 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Х нь Т.Гтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15- наас 2018 оны 11 дүгээор сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч машин механизм ашиглан эд зүйл хулгайлан бусдад 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Т.Сайнбаярын хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Т.Ггийн.. гэрийн цоожны даруулгыг нь мушгиж гэр лүү орж 4 ширхэг хивсийг авч машинд ачсан... гэх мэдүүлэг /хх-ийн 106 /,

Шүүгдэгч А.Хийн... Сайнбаярын ахынд очих үедээ Сайнбаярт мэдэгдэхгүй монетон ээмэг бөгж хулгайлсан үнэн ... Т.Ггийн хамтаар гэрээс 4 ширхэг хивсийг хулгай хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 /,

Хохирогч Д.Сийн .. Манай эд зүйлс, хивсийг А.Х гэх хүн хулгайлсан тодорхой болсон. Би ээмэгнээс бусад эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 /,

Иргэний нэхэмжлэгч Б.Нгийн... би тэр 2 хивсийг 100000 төгрөгөөр авсан, 2 хивсийг хохирогч Д.С эмэгтэй ирээд хулгайд алдагдсан хивс гээд манайхаас ирээд аваад явсан ...... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /,

Гэрч П.Бын .. Баянхонгор аймгаас 15-16 километерийн орчим яваад нэг айлд очоод А.Х болон наана байсан залуу 2 буугаад гэр лүү орсон, гэрээс 2 боодолтой 4 хивс авчирч машинд хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/,

Гэрч Ц.Бийн “...А.Х бид 2 гарч амьчуулд нэг танихгүй айлаас 2 ширхэг хивс аваад Дэлгэрэх захын нэг гуталчин эгчид 100.000 төгрөгөөр зарсан, ....Жаргалант зочид буудлын хажууд байх ломбарднаас эмэгтэй хүний монетон бөгжийг авсан ... А.Х нь уг монетон бөгжийг манай эхнэрийн бөгж байгаа юм гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 /,

Гэрч    Б.Аын .. А.Х, Б 2 хивсийг айлаас авчирч гуталчин эгчид зараад А.Х ломбарднаас эмэгтэй монетон бөгжийг авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /,

Гэрч Г.Оын ... А.Х, Б хоёр хивсээ зарчихлаа гээд ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 /,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 374 дугаар “... 9625 БНА улсын дугаартай Accent verna маркийн авто тээврийн хэрэгслийг 2000000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 78-79/,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 363 дугаар “... эд зүйлсийг 660000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 84-85/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Х, Т.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлан бусдад 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Т.Сайнбаярын хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газар байх Т.Жийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190 000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Уг гэмт хэргийн хохирогч Д.Сийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч А.Х, Т.Г нар нь эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Х, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч овогт А.Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Г, А.Х нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Х нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-т зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.Г нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрий 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч А.Х, Т.Г нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч А.Х нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн боловч Баянхонгор аймгийн Эрү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн № 16 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Х Т.Г нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч А.Х нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч А.Х, Т.Г нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч А.Х, Т.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг ялгамжтай оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Хийг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч А.Х, Т.Г нар мэдүүлэг өгөхдөө ашигласан Accen verna маркийн 96-25БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогчийн эд зүйлсийг тээвэрлэсэн талаар мэдүүлэг өгсөн, уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Accen verna маркийн 96-25БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Бын эзэмшлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 2.000.000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч А.Х, Т.Г нараас 1.000.000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Х, Т.Г нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 250000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, хохирогч Д.Ст 150000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Нд 150000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Х, Т.Г нар нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорчин овогт А.Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Тайж овог Т.Г, шүүгдэгч Хорчин овогт А.Х нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Хийг зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Хийг хоёр / 2 / жил, нэг / 1 / сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Хид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 зааснаар оногдуулсан хоёр / 2 / жил, нэг /1/ сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг хоёр /2 / жил, долоон / 7 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Хид оногдуулсан хоёр / 2 / жил, долоон / 7 / сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Гд оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Хийн цагдан хоригдсон жаран гурван / 63 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч А.Х, Т.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бын эзэмшлийн 9625БНА улсын дугаартай Accent Verna маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч Т.Г, А.Х нараас 1000000 төгрөг тэнцүү хувааж гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч А.Хээс 125000 төгрөг, шүүгдэгч Т.Ггээс 125000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Ст 150000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нд 100000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч А.Хид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Х, Т.Г нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА