Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01056

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01056

 

 

З.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/01369 дугаар шийдвэртэй,

З.О-гийн нэхэмжлэлтэй, ОСНААУГ, Д ХХК-д тус тус холбогдох,

219,126,252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О, хариуцагч ОСНААУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би нөхөр Б.У-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Миний нөхөр 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хариуцагч ОСНААУГ ариутгах татуургын жолоочоор ажилласан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мон ХХК-ийн хашаанд бохирын цоорхойд гарсан бөглөрлийг засварлахаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын амь насыг аврах гэж байгаад өөрөө хамт амь насаа алдсан.

1.2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор иргэний журмаар эрүүгийн хэрэгт учирсан гэм хорын асуудлыг хариуцагч нараас хэрхэн нэхэмжлэх талаар учир дутагдалтай шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ********** дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд хохирогчийн нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ Д ХХК, ОСНААУГ-аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай гэж өөрчлөлт оруулсан.

1.3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн дундаж цалин хөлс 1,000,419 төгрөгийг гурван хүүхэд тус бүрд 36 сараар тооцон бодож нийт 108,045,252 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг, ОСНААУ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/160 тоот тушаалаар 16,000,000 төгрөг оршуулгын зардалд олгосон буцалтгүй тусламжийн үлдэгдэл 10,851,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 219,126, 252 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

Иймд хариуцагч ОСНААУГ-аас 178,146,252 төгрөг, хариуцагч Д ХХК-аас сэтгэл санааны хохиролд 41,250,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ОСНААУГ-ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Р.Э-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар магадлалаар ОСНААУГ-аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар зардалтай холбоотой нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхийг үлдээж шийдвэрлэсэн. ОСНААУГ-аас Б.У-тын оршуулгын зардлыг бүрэн олгосон. Амь хохирогч Б.У-тын хууль ёсны төлөөлөгч Д.Идэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оршуулгын зардал 6,900,000 төгрөг, буяны ажилд 1,030,000 төгрөгийг тус тус өгсөн талаар мэдүүлсэн.

2.2. Талийгаач Б.У-т нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явж байх үедээ амь хохирогч З.Баясгаланд туслах гэж иргэний хувиар аврах үйлдэл хийх явцдаа нас барсан. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нөгөө талаас хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол ажил олгогч байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

2.3. Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Тухайн хэрэгт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь иргэний хариуцагчаар татагдсан нөхцөл байдал тогтоогдсон боловч тус газрын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Р.Энхтайваныг цагаатгаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар биш байна.

Иймд нийт 161,876,252 төгрөгийг нэхэмжилж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Д ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай байгууллагын зүгээс дээрх эрүүгийн хэрэгт компанийн захирал Ц.О-г талийгаач 3.Б-гийн амь хохирсонд гэм буруутайд тооцон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн холбогдох хохирлыг төлүүлэхээр зааж одоо төлбөрийг барагдуулж байна. Харин талийгаач Б.У-т манай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгоогүй, мөн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй байхаас гадна шүүхийн шийдвэрт манай байгууллагыг талийгаач Б.У-тын амь хохирсонд аливаа хохирол төлөхөөр заагаагүй.

2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт эхэлсэнтэй холбоотойгоор сэтгэл санааны хохирол 41,250,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг анх гарсан хугацаанаас хойш уг хууль гарсан зэргээс хамаарч манай байгууллагаас сэтгэл санааны хохиролд 41,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцах хуулийн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 97 дугаар зүйлийн 97.2.1, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасныг баримтлан хариуцагч ОСНААУГ-аас 53,180,224 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч З.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,115,028 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-д холбогдуулан 41,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч З.О-гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжпэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОСНААУГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 423,851 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт ...үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөрийн хохирол нэхэмжлэх үндэслэл нь уг ослын акт тогтоосон үйл баримтаар Б.У-т нь ОСНААУГ ариутгах татуургын машины жолооч ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн ослоор нас барсан нь тогтоогдсон гэжээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолд ...амь хохирогч Б.У-т нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүй ажпын байраа орхин явж байх үедээ Д ХХК-ийн засварчин амь хохирогч З.Баясгаланд туслах гэж хүн чанар гарган иргэн хүний хувиар аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас барсан үр дагаварт шүүгдэгч Р.Энхтайванг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, үүнийг золгүй явдал буюу хууль зүйн агуулгаар учрал гэж үзнэ. Тодруулбал, амь хохирогч Б.У-т нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т ариутгах татуургын машины жолооч ажилтай боловч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлын байраа орхин өөр машины жолооч Д.Б-аас гуйж машинд нь сууж явсан болох нь гэрч Д.Б-ын ...жолоочийн ажил үүргийн хуваарь бөглөрсөн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир соруулж, татан зайлуулах үүрэгтэй ба ариутгах татуургын жолооч ганцаараа машинаа барьж очдог, ажиллаж байх хугацаанд өөр хүн цуг явж болохгүй. Мөн бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан слесарь нь орж холбодог. Талийгаач Б.У-т нь тухайн өдөр надтай хамт явахыг гуйсныг би зөвшөөрсөн... гэх мэдүүлгээс тодорхой байна.

Түүнчлэн, ариутгах татуургын машины жолоочийн ажлын байр нь гадна орчин бөгөөд ажил үүргиин хуваарьт нь худаг руу ажиллах, слесарь засварчны ажил хийх чиг үүрэг байхгүй болох нь ажил үүргийн хуваарь ажлын байрны эрсдэлийн үнэлгээгээ зэргээр тогтоогдов. Дээрхээс дүгнэхэд Р.Э-ы үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй, түүний буруугаас хэн нэгэн хүний амь нас хохироогүй байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Р.Э-ыг цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон -т Д ХХК хэн аль нь Улаанбаатар хотын орон сууц ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд гүйцэтгэх чиг үүргийн хувьд ижил төвшний байгууллагууд юм.

Энэ чиглэлийн байгууллагууд нь харьяалагдах нутаг дэвсгэрийн орон сууцны инженер шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй ба Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мон сүү ХК-ийн хашаанд байрлах бохирын цооног нь Д ХХК-ийн хариуцсан инженерийн шугам сүлжээний харьяалалд хамаарч байна гэжээ. ОСНААУ-ын үйлдвэрлэлийн орчинд үйлдвэрлэлийн осол гараагүй бөгөөд амь хохирогч Б.У-т нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ажил олгогчийн удирдлага хяналтаас гадуур осолд өртсөн байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2.1 заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй.

5.2. Тус газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Энхтайваныг цагаатгасан байтал эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцоогүй өмгөөлөгчийн 10,000,000 төгрөгийн зардлыг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Шүүх ОСНААУ-ын гэм буруу, хэнд ямар үйлдэл, эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан эсэхийг тогтоогоогүй.

Иймд ОСНААУГ-аас 50,180,224 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

ОСНААУГ-аас тухайн үед үйлдвэрлэлийн хурц хордлого гэж үзэж, нийт 5 удирдах албан тушаалтан газрын үсэг зурж, баримт үйлдсэн. Мөн тухайн баримтыг ОСНААУГ-аас хүчингүй болгосон ямар нэгэн баримт байхгүй. Үйлдвэрлэлийн хурц хордлогоос болж нас барсан нь үнэн гэх нотлох баримт байдаг. Миний бие 5 жилийн турш хуулийн байгууллагад хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. ОСНААУГ-аас оршуулгын зардалд 16,000,000 төгрөгийг гаргуулсан. Миний бие улсын өмгөөлөгч аваагүй, өөрийн машинаа зараад өмгөөлөгчид төлбөр төлсөн.

Хариуцагчийн зүгээс 50,000,000 төгрөгийн тэтгэмжийг өгөхгүй гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй. Тухайн үед манай нөхөр Орон сууц нийтийн аж ахуйн газарт 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бие сэтгэл зүрхээ зориулж ажилласан. Тухайн жолоочийн кабинд өөрөө хүссэнээрээ орж, амь насаа эрсдэлд оруулсан мэтээр тайлбарлаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн хашаанаас даргын зөвшөөрөлгүй, офераторуудыг дуудлагагүйгээр ямар ч машин байгууллагын хашаанаас гаргадаггүй. Манай нөхөр 12 цагийн үед надтай утсаар ярихдаа даргын тушаалаар ажиллагаанд явж байна гэж хэлсэн. Тухайн үед миний бие хөл хүнд шоконд орсон байсан тул хэлж чадаагүй. Ямар нэгэн тушаалгүйгээр тухайн газарт очсон байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч З.О нь хариуцагч ОСНААУГ-т холбогдуулан сэтгэл санааны хохиролд 41,250,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны нөхөн төлбөр 108,045,252 төгрөг, оршуулгын зардал, буцалтгүй тусламжийн 10,851,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 178,146,252 төгрөг, хариуцагч Д ХХК-аас сэтгэл санааны хохиролд 41,250,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын алдаа гаргасныг зөвтгөн, хариуцагч ОСНААУГ-аас оршуулгын зардал, буцалтгүй тусламжийн 10,851,000 төгрөг гэснийг 3,000,000 төгрөг буюу нийт 170,295,252 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Зохигчдын хооронд талийгаачийн амь насаа алдсан үйлдэл үйлдвэрлэлийн осол мөн эсэх, нөхөн төлбөр төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон.

 

3. Амь хохирогч Б.У-т нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт Д ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэснийг аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ********** дугаартай магадлал, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх96-116, 129-138/

 

3.1. Дээрх байдлаар Б.У-тын нас барсныг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэж, үйлдвэрлэлийн осолд тооцсон. Улмаар Б.У-т нь ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан гэх үндэслэлээр ОСНААУГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/159 дугаартай тушаалаар талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж 1,000,000 төгрөг, мөн даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/160 дугаартай тушаалаар оршуулгын зардалд 15,000,000 төгрөгийг тус тус олгосон. /хх 141-146/

 

3.2. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж, хариуцагч ОСНААУГ-аас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны нөхөн төлбөрт 40,180,224 төгрөг, оршуулгын зардал, тусламжид дутуу олгосон 3,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 53,180,224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.От олгож, нэхэмжлэлээс үлдэх 117,115,028 төгрөг болон хариуцагч Д ХХК-д холбогдуулан 41,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч З.О давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4. Хариуцагч ОСНААУГ-ын ...үйлдвэрлэлийн осол гараагүй, амь хохирогч нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ажил олгогчийн удирдлага хяналтаас гадуур осолд өртсөн, мөн шүүх хурлаас өмнө өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, өмгөөлөгчийн хөлс төлсөн эсэх нь тодорхойгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.1. Учир нь хариуцагч ОСНААУГ, нас барагч Б.У-т нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан ОСНААУ-ын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б/68 дугаартай Б.У-тыг жолоочийн албан тушаалд томилсон тушаал, нас барагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх17-19/

 

4.2. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.У-т нь ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан үндэслэлээр ОСНААУГ-ын даргын А/159, А/160 тоот тушаалуудаар талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж болон оршуулгын зардал олгосон. /хх145-146/

 

4.4. Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчин гарах тохиолдолд судлан бүртгэж акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж комиссын 7 гишүүнээс 5 гишүүн үйлдвэрлэлийн осол гэж үзэж акт тогтоосон нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Тиймээс хариуцагч байгууллага дээрх тушаал, акт үйлдсэн нь талийгаачийн нас барсан байдлыг үйлдвэрлэлийн осол болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4.5. Нөгөөтэйгүүр, уг актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулаагүй нь үйлдвэрлэлийн осол гараагүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна актыг баталгаажуулах эсэх нь хариуцагч байгууллагагын үүрэгт хамаарна. Түүнчлэн, хариуцагч ОСНААУГ нь үйлдвэрлэлийн осол гараагүй, амь хохирогч нь ажил олгогчийн удирдлага хяналтаас гадуур осолд өртсөн гэх тайлбар, гомдлоо баримтаар нотлоогүй.

 

Иймд анхан шатны шүүх талийгаач Б.У-тын нэг сарын дундаж цалин 1,116,117 төгрөгөөр тодорхойлж 36 сараар тооцон 40,180,224 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч ОСНААУГ-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.2.1 гэж буруу бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

5. Нэхэмжлэгч З.О нь өмгөөлөгч Н.Н-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, улмаар өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөгийг хариуцагч ОСНААУГ-аас гаргуулж шийдвэрлэсэн зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих учирсан хохирлыг арилгуулах талаарх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөж, уг заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/01369 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 97 дугаар зүйлийн 97.2.1... гэснийг ...Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 гэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч ОСНААУГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,851 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ