Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01060

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01060

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01278 дугаар шийдвэртэй,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Ю-д холбогдох

Жоншны төлбөрт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би жонш худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ю-гийн ХААН банк дахь ********** тоот данс руу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Мөнгө шилжсэнээс хойш худалдан авах ёстой жоншийг хариуцагч нь өгөөгүйгээс гадна хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай байна гэх шалтгаанаар шилжүүлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлээгүй.

Ю-гийн утсанд холбогдож шаардахад удахгүй өгнө гэдэг боловч үнийг төлөхгүй хүндрэл учруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 53,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Э ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Шар хадны жоншны уурхайг хамтран ашиглахаар Э-тай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э ХХК нь уурхайг ашиглах нөхцлийг бүрдүүлэх, Э ХХК нь жонш олборлох, тухайн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тохиролцсон. Гэрээний дагуу жонш олборлох явцад Д.Б нь манай компанитай хамтран ажиллаж удаа дараа жонш худалдан авахдаа төлбөр тооцоог урьдчилгаа төлбөр болон тухайн худалдаж авсан жоншны хэмжээгээр тооцоог тохирч үнэ тоо хэмжээг харилцан тохиролцсон.

Мөн зарим тохиолдолд хамтран ажиллаж байгаа Э ХХК болон түүний хувь эзэмшигч Ч.М-тай холбоотойгоор түүний болон бусад данс руу тодорхой дүнгээр шилжүүлдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан жоншны урьдчилгаа төлбөр гэсэн утгатайгаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 60,000,000 төгрөгийн гүйлгээ нь өмнөх жонш борлуулсан мөнгөний үлдэгдэл байсан гэж ойлгосон ба энэ талаар бид ярилцсан. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю-аас жоншны үнэд шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт Э ХХК, Э ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн талаар нэг ч баримтгүй, хариуцагчийн татгалзалд дурдсан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж байхад Д.Б болон Э ХХК, Э ХХК хооронд харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, таамаг хэлбэрээр гуравдагч компанийг иш татан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талуудын тайлбарт маргаагүй зүйлээс бусад нь баримтаар тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог байхад шүүхийн шийдвэр нь хариуцагчийн тайлбарыг хуулбарлан бичиж, баримтад үндэслээгүй. Миний бие шүүхийн шийдвэрт дурдсан дээрх хоёр хуулийн этгээдтэй ямарч холбоогүй, хувьцаа эзэмшдэггүй.

4.2. Би 60,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дансаар шилжүүлсэн боловч мөнгөн хөрөнгөд ямар ч жонш аваагүй. Мөн 13,000,000 төгрөг шилжүүлээд 20,000,000 төгрөгийг буцааж авсан тул үлдэх 53,000,000 төгрөгийг шаардаж байна. Түүнчлэн, жонш нийлүүлсэн гэх баримтад миний гарын үсэг байхгүй, миний тусдаа шилжүүлсэн авсан жоншны мөнгийг тооцсон. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа татгалзлаа баримтаар нотлоогүй, миний шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг няцаах баримт гаргаагүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, нэг талын гарын үсэгтэй, хэн зурсан нь тодорхойгүй баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээг цуцлаад тооцоо нийлж байгаа учраас үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн гэх боловч гэрээг цуцалсан бол хариуцагч нь аж ахуй нэгж байх ёстой. Гэтэл БНХАУ-ын иргэн Ю-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ю холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 53,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Б нь ХААН банк дахь өөрийн ************* тоот данснаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 60,000,000 төгрөгийг Б-гээс жоншны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн ХААН банк дахь Н.О-ийн ************ тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13,000,000 төгрөгийг Жоншны урьдчилгаа Б гэсэн утгатайгаар тус тус Ю-ний эзэмшлийн ХААН банк дахь ********* тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх4, 50/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд жонш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болон дээрх төлбөрийг хариуцагч Ю хариуцах талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5. Учир нь хариуцагч дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөртөө аваагүй, Э ХХК-ийн өмнөөс өөрийн дансанд авсан, өмнөх жоншны үлдэгдэл төлбөр гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд дээрх байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй.

 

5.1. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 53,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 73,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг дансаар авсан тул хариуцагч нь 53,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй.

 

5.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 53,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю-аас 53,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Ю-аас 422,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 422,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ