| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00013/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Х холбогдох 1940000250013 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Д.Х
Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Сундуулын гол” гэх газар 2019 оны 01 сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Х.Д зүүн гарын бугалганы дээд хэсэгт хутгаар зүсч “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Х.Д “Х нь миний багийн найз. Би найздаа гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан хохиролд ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
-Гэрч Х.Д “Би 2019 оны 01 сарын 19-ний өдөр худаг дээр мал услах гээд очтол Д.Х нь худаг дээр малаа услаад байж байсан. Бид хоёр малаа услаад зогсож байтал Б Б хоёр ирсэн. Д.Х нь манай гэрт 2 шил архи байгаа гэж хэлсэн. 2 шил архи авчирч бид 4 хувааж уусан. Д.Х , Б , бид гурав М очиж нэг шил архи хувааж уусан. Би ууж дуусчихаад гадаа зогсож байгаад чи миний хул морийг авсан. Чи төлж өгөөрэй гэтэл би яахаараа төлж өгдөг юм. Би чиний морийг аваагүй гээд миний зүүн гар руу цохих шиг болсон чинь төд удалгүй халуу дүүгээд цус урсаад эхлэхээр нь би шууд гэр рүү гүйгээд орсон. Гэрэлд ороод хартал зүүн гарын бугалганы хэсэгт хутгаар яраад хаясан байсан. Би эмнэлэгт ирээд зүүн гарандаа оёдол тавиулсан. Би гадаа зогсож байхдаа чи миний морийг үгүй хийсэн, хүн амьтан надад хэлээд байгаа гэж хэлтэл би аваагүй гэж хэлээд миний зүүн гар руу цохьсон. Би хутга гаргаж ирэхийг хараагүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Гэрч Ж.М “Манайд Д.Х , Д, Б нар нэлээн уусан ирсэн. Би тэр гуравыг орж ирэхээр нь нэг архи гаргаж өгсөн. Д.Х , Д хоёр тамхи татах гээд гарсан. Д намайг Д.Х хутгалчихлаа гэж орж ирсэн. Би боож өгсөн. Д.Х манайхаас хутга аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 25-ны өдрийн №16 тоот:
1.Х.Д биед зүүн бугалганы гадна хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн суганы ар дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,
-Яллагдагч Д.Х ийн “Ууж дуусаад Д бид хоёр гадаа тамхи татахаар гарч гадаа юм яриад зогсож байтал намайг чи миний хонгор морийг төлж өгөөрэй гээд надаас нэхээд байсан. Тэгээд намайг заамдаж авахаар нь би түрийнд байсан хутгаа гаргаж ирээд гар руу нь хатгачихсан. Бид хоёр муудалцаж маргалдаагүй. Х.Д ын нэг морь нь манай адуунд байж байгаад манай хоёр морьтой алга болсон. Архиныхаа халуунд хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
-Шүүгдэгч Д.Х ийн “Миний бие Х.Д биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Би торгуулийн ялыг хурдан төлнө. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Х.Д “Д.Х нь миний багийн найз. Би найздаа гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан хохиролд ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
-Гэрч Х.Д “Би ууж дуусчихаад гадаа зогсож байгаад чи миний хул морийг авсан. Чи төлж өгөөрэй гэтэл би яахаараа төлж өгдөг юм. Би чиний морийг аваагүй гээд миний зүүн гар руу цохих шиг болсон чинь төд удалгүй халуу дүүгээд цус урсаад эхлэхээр нь би шууд гэр рүү гүйгээд орсон. Гэрэлд ороод хартал зүүн гарын бугалганы хэсэгт хутгаар яраад хаясан байсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Гэрч Ж.М “Манайд Д.Х , Х.Д , Б нар нэлээн уусан ирсэн. Би тэр гуравыг орж ирэхээр нь нэг архи гаргаж өгсөн. Д.Х , Х.Д хоёр тамхи татах гээд гарсан. Х.Д намайг Д.Х хутгалчихлаа гэж орж ирсэн. Би боож өгсөн. Д.Х манайхаас хутга аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 25-ны өдрийн №16 тоот шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Д.Х нь Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Сундуулын гол” гэх газар 2019 оны 01 сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим хохирогч Х.Д зүүн гарын бугалганы дээд хэсэгт хутгаар зүсч “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х ид холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Х , хохирогч Х.Д нар нь архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.Д нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Д.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Х ид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.Х ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х ид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Х ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Х ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй, иш дээрээ төмөр дүрстэй 20.5 см урттай, ажлын хэсэг нь 11.2 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,
7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х ид оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ