Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2022/07229/И |
Дугаар | 210/МА2024/01070 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01070
2024 05 20 210/МА2024/01070
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй, Т ХХК-дхолбогдох,
******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай үндсэн,
Ц.Б, Д.У нарын хууль бус эзэмшлээс ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай гуравдагч этгээд Х ХХК бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Би Т ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр амины орон сууц бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд нийт ажил гүйцэтгэх үнийн дүнг 132,000,000 төгрөг, үүнээс 50,000,000 төгрөгт Subaru outback маркийн автомашиныг тооцон Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, үлдэх 55,231,000 төгрөгийг нэмж өгсөн.
1.2. Барилгын суурийн хэсгийг цутгахдаа чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүмүүсээр гүйцэтгэсэн, улмаар тус компанийн ажилтнууд барилгын ажлыг дутуу гүйцэтгээд орхиж явсан. Тиймээс барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаар захирал Д.У-тай тохирч барилгын суурийн цутгалтын зардалд 47,231,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үнэлээд үлдэгдэл 58,000,000 төгрөгийг надад буцаан өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 50,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн ******** улсын дугаартай, Subaru Outback маркийн автомашиныг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний нэр дээр буцаан шилжүүлж, үлдэх 8,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон.
1.3. Тухайн үед машиныг авсан боловч Х ХХК-д20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан гэх үндэслэлээр гомдлыг хүлээж аваагүй. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдон ******** улсын дугаартай Subaru Outback маркийн автомашиныг өгөхийг шаардсан тул нөхцөл байдлыг тодруулахад Х-аас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдсэн.
Иймд бусдын хууль бус өмчлөлд шилжсэн ******** улсын дугаартай Subaru Outback маркийн автомашиныг миний өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2020 оны 9 дүгээр сард Ц.Б-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн 50 хувьд машин бартерт авч, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Улмаар барилгын явцад мөнгө хэрэгтэй болсон тул тухайн машиныг ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах санал тавьсан тул гэрээг цуцалж, машиныг буцааж өгсөн. Зээлийг би төлж дуусгах учраас энэ асуудал Ц.Б-т хамааралгүй. Миний буруугаас болж зээлийн барьцаанд тавьсан, харин машин Ц.Б-гийн өмч болохыг зөвшөөрч байна гэжээ.
3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:
Д.У нь өөрийн өмчлөлийн ******** улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд манай байгууллагын нэр дээр шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээл авсан. Зээлийн гэрээнд төлбөрийн графикийг зөрчсөн тохиолдолд манай байгууллагаас тээврийн хэрэгслийг хураах зохицуулалттай. Тиймээс тээврийн хэрэгслийг хураах гэсэн боловч Ц.Б аваад явсан. Улмаар Ц.Б-той холбогдож нөхцөл байдлыг хэлсэн ч тээврийг хэрэгслийг өгөөгүй. Манай байгууллагаас зээл олгох үед тухайн тээврийн хэрэгсэл Д.У-гийн өмчлөлд байсан.
Иймд Ц.Б, Д.У нарын хууль бус эзэмшлээс ******** Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Б-гийн ******** улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК ******** улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг Ц.Б, Д.У-ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 407,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х-аас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий хөрөнгийг Ц.Б-гийн өмч болох талаар маргахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж би зээлээ төлж байгаа. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Ц.Б машиныг буцаан авсан боловч өмчлөх эрх миний нэр дээр байдаг гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т ХХК-дхолбогдуулан ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин гуравдагч этгээд Х-аас Ц.Б, Д.У-ын хууль бус эзэмшлээс ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК нь амины орон сууц барьж гүйцэтгэх, захиалагч Ц.Б нь ажлын хөлсөнд нийт 132,000,000 төгрөг төлөх бөгөөд үүнээс 40 хувь болох 50,000,000 төгрөгт 2018 онд үйлдвэрлэгдсэн, Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийг тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх4-7/
3.2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т ХХК-ийн захирал Д.У-тай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийг Д.У-гийн өмчлөлд шилжүүлсэн. /хх11-12/
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
3.3. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, талууд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******** улсын дугаартай, Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхээр тохиролцжээ. /хх13-14/
3.4. Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У нь гуравдагч этгээд Х-тай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 2018 онд үйлдвэрлэсэн, ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Х ХХК-дшилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх61-69/
Иймд хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У болон Х ХХК хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагджээ.
3.5. Гуравдагч этгээд Х-аас Д.У-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01072 дугаартай захирамжаар хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-гаас 20,932,524 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Х ХХК-долгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх61-62/
3.6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7370 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, улмаар шийдвэр гүйцэтгэх ажилллагаа явагдаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх58-60/
4. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Т ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээний 2.1-д хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчээс авсан 2018 оны мөнгөлөг өнгөтэй Субару аутбек машиныг Х-аас чөлөөлж нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар хариуцагчаас маргаан бүхий ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шууд үүсгэхгүй.
4.1. Учир нь гуравдагч этгээд Х-аас хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-тай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулах үед маргаан бүхий тээврийн хэрэгсэл Д.У-гийн өмчлөлд байсан бөгөөд маргаантай байсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Хуй хуанг ХХК-ийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.
Иймд ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөн уг заалтыг нэмж, харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
5. Гуравдагч этгээд Хуй хуанг ХХК нь нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.У нарт холбогдуулан Ц.Б, Д.У-ын хууль бус эзэмшлээс ******** улсын дугаартай Субару аутбек /Subaru Outback/ маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд Х ХХК өмчлөлд бүртгүүлсэн байдал нь өмчлөх эрх үүсгэхгүй тул өмчлөгч гэж үзэхгүй гэж дүгнэн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ шийдвэрт гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/01567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...101 дүгээр зүйлийн 101.1 гэснийг хасч, ...106.1 гэсний дараа, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 407,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ