Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 632

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Ц.У , А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.У , А.М нарт холбогдох эрүүгийн 1808 048888 0550 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Алтан овоо”-гийн 4 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ97050511, хэрэг хариуцах чадвартай, Ц.У .

 

         2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барилга технологийн коллеж”-д оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Алтан овоо”-гийн 1 дүгээр гудамжны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФЖ98011717, хэрэг хариуцах чадвартай, А.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч А.М , Ц.У  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс бусдын картыг ашиглаж иргэн Б.Нандинбиндэръяагийн данснаас 2.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У  мэдүүлэхдээ: “...Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэх ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Нандинбиндэръяагий өгсөн мэдүүлэг /хх-11-16/, гэрч Д.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Б.Зоригтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, “ХААН” банкны дансны хуулга /хх-40-42/, шүүгдэгч А.М , Ц.У  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37, 38/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.М , Ц.У  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс бусдын картыг ашиглаж иргэн Б.Нандинбиндэръяагийн данснаас 2.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нандинбиндэръяагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал орой 17 цаг 50 минутын орчим миний данснаас 2.300.000 зарлага гарлаа гээд мэссэж ирэхээр нь гайхаад байж байтал араас нь нууц үг амжилттай солигдлоо гэсэн мэссэж ирсэн. Интернэт банк руу утаснаасаа л нэвтэрч ордог. Би хохирлоо бүрэн барагдуулаад авсан учраас надад гомдол, санал алга.” /хх-11-16/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Одгэрэлийн өгсөн:  “... Би “ХААН” банкны илүү картаа хүү Б.Зоригтбаатарт хэрэглүүлэхээр өгдөг юм. Хүү Б.Зоригтбаатараас асуутал “манай ангийн Эмуко ахаасаа машины засварын мөнгө шилжүүлж авах гэсэн картгүй байна, картаа өгөөч” гэхээр нь картаа өгч тусалсан гэж хэлсэн”. /хх-23/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Зоригтбаатарын өгсөн: “...Тухайн өдөр надтай өмнө нь хамт ажиллаж байсан Ц.У  таарсан. Ц.У  найзын хамт явж байсан. Надаас “таньд “ХААН” банкны карт байгаа юу, машин авах гэсэн, картаа орхиод ирсэн чинь мөнгө авч чаддаггүй, данс руу чинь мобайлаар мөнгө шилжүүлээд авъя” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хэрэглэдэг “ХААН” банкны дансны дугаараа өгсөн. Удалгүй “шилжүүлчихлээ” гэхээр нь хамтдаа явж хамгийн ойрхон “ХААН” банкны ATM орж данснаасаа 2.300.000 төгрөгийг бэлнээр авч өгөөд яваад өгсөн.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.У ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар с арын 19-ний өдөр хамт ажилладаг хүний гар утсаар яриад өгье гэж хэлээд note  хэсэгт нь ороод үзэхэд дансны мэдээлэл нь байсан. Тэгээд гэртээ очоод А.М тэй хамт ярьж байгаад саваагүйтээд хүний данс ашиглаж 2.300.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны ойролцоо явж байгаад өмнө хамт ажилладаг байсан хүнтэйгээ таараад машин авах гэсэн юм, картаа орхичихсон байна гэж хэлээд уг хүний картыг ашиглаж мөнгө авсан.” /хх-108-109/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд А.М ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” /хх-113-114/ гэх мэдүүлэг,

 

ХААН банкны дансны хуулга /хх-9, 41/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-119/,

Шүүгдэгч А.М , Ц.У  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37, 38/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч А.М , Ц.У  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс бусдын картыг ашиглаж иргэн Б.Нандинбиндэръяагийн данснаас 2.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.У , А.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч нарыг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар хохирогч Б.Нандинбиндэръяад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгч Ц.У , А.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.У , А.М нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.

 

Шүүгдэгч Ц.У , А.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц.У , А.М  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Ц.У , А.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ц.У , А.М нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.У , А.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.У , А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.У , А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС