Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01071

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01071

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 189/ШШ2024/00013 дугаар шийдвэртэй,

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК-дхолбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 24,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч А ХХК-тай авто замаар ачаа тээвэрлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр манай компани Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хот чиглэлд ачааг тээвэрлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй байна.

1.2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнөх хувьцаа эзэмшигчийн бусадтай хийсэн хэлцлийн үүргийг хүлээхгүй байх үндэслэл болохгүй.

1.3. Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, мөн хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн хугацаа 2020 оны 09 дүгээр сар хүртэл А ХХК нь нийт 24,500,000 төгрөг төлж, үлдэх 16,440,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд А ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,440,000 төгрөг, гэрээний 3.2-т заасан үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 8,220,000 төгрөг, нийт 24,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс төлнө гэж заасан бөгөөд урьдчилан бичгээр тохиролцсон тээврийн хөлс байхгүй. Гэрээний 2.2.9-д үйлчлүүлэгч нь тээвэрлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог энэхүү гэрээний 3.1-д заасны дагуу төлнө гэж заасан. Нэхэмжлэгчээс ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх бөгөөд тээвэрлэгчээс ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.2 дахь хэсэгт Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө, 386.4 дэх хэсэгт Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд адил хамаарна, 387.1.9 дэх хэсэгт дагалдах бичигт тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/ хавсаргана гэж зохицуулсан. Гэрээний 1.3-д Ачааг дагалдах бичиг /падаан/-тай тээвэрлэнэ. Дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж тээвэрлэгч, үйлчлүүлэгч тус бүр нэг нэг хувийг авч, нэг хувийг ачаанд хавсаргана гэж заасан. Тээвэрлэлт хийгдсэн болохыг нотлох хууль болон гэрээний шаардлагад дурдсан дагалдах бичиггүй байна.

2.2. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ, 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэж заасан. Тээвэрлэгч, үйлчлүүлэгч хоёр талаас нийлж баталсан тооцоо нийлсэн акт байхгүй.

2.3. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Авто замаар ачаа тээвэрлэх гэрээг 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тиймээс гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 16,440,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 8,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 240,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан авто замаар ачаа тээвэрлэх гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой ачаа тээвэрлэх харилцаа үүссэн гэж үзсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 395 дугаар зүйлээр зохицуулсан. Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.2.3 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс тоолно гэж заасан. Шүүх тухайн тээвэрлэлтийн гэрээний харилцааг дэлгэрэнгүй зохицуулсан Иргэний хуулийн 395.1-д заасан заалтыг үл харгалзан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг гурван жил байхаар тодорхойлсон.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Эрх бүхий этгээд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Нэргүйд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 99115761 болон 99994443 дугаарын утаснаас 2019 оны 11 дугаар сарын 17-ны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тээврийн хөлс авахаар зурвас бичиж, түүний ********* дугаарын утаснаас хөлс төлөх, тооцоо хийх талаар гэрээний үүргээ зөвшөөрсөн хариу өгсөн. Шүүхээс уг нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаандаа гэж үзсэн. Компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд А.Нэргүй 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Ш.Төмөр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эцсийн өмчлөгчийн мэдээллээр уг компанийн хувьцаа эзэмшигч болж өөрчлөгдсөн. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойш компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захиралд Ж ХХК-аас тээвэрлэлтийн төлбөртэй холбоотой мэдэгдэл хүргүүлэх, А ХХК-ын удирдлагаас уг мэдэгдэл, төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол байхгүй. А ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хамааралгүй болсон А.Н-д нэхэмжлэгчээс төлбөрийн талаар мэдэгдэж, хариу авсан нь уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, тоолоход хамааралгүй байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2.Гэрээний 3.1-д үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохирсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан нэмэлт зардлыг ачаа хөдлөхөөс өмнө төлнө гэж заасан. Урьдчилан хэлэлцэн тохирсон үнэ буюу тээвэрлэлт нэг бүрийн хөлсийг талууд урьдчилан хэлэлцэн тохирох үүрэгтэй байхад өмнө нь хийгдсэн нэг удаагийн тээвэрлэлтэд төлсөн хөлс болох 3,000,000 төгрөгөөр нэгж тээвэрлэлтийг тооцож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн шийдвэрлэсэн нь хариуцагч талын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр болсон. Гэрээний 2.2.9-д Үйлчлүүлэгч нь тээвэрлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог төлөхөөр заасан байхад тээвэрлэгчээс ирүүлсэн санхүүгийн ямар нэгэн нэхэмжлэл байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас санхүүгийн нэхэмжлэл, дагалдах бичиг ирүүлж, хоёр талаас тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гэрээний заалт болон холбогдох хуулийг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 4-ний 189/ШШ2024/00013 шийдвэрийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.2.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс тоолно гэж заасан гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага бол тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол бус тээвэрлэлтийн гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлага тул хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах юм. Талуудын хооронд төлбөрийн үүргийг шаардсан үйл баримт тогтоогдсон нь тэдний хоорондын гар утасны мессэж, түүнийг шүүхийн үзлэгээр бэхжүүлсэн баримтууд юм. Үүгээр нэхэмжлэгчийн төлбөрийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтад нийцэж байна.

5.2. Мөн хариуцагч А ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хамааралтай болсон А.Н-д нэхэмжлэгчээс төлбөрийн талаар мэдэгдэж хариу авсан нь уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, тоолоход огт хамааралгүй байхад анхан шатны шүүх хамаатуулан тооцсон нь хуулийг илт буруу ашигласан шийдвэр гэж үзэж байна гэжээ. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэгдсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 5.11-т Хягаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч нь компаний талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж заасны дагуу шинэ хувьцаа эзэмшигч бусдад төлөх төлбөртэй эсэх талаарх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг бусдад төлөх төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

5.3. Урьдчилан хэлэлцэн тохирсон үнэ буюу тээвэрлэлт нэг бүрийн хөлсийг талууд урьдчилан хэлэлцэн тохирох үүрэгтэй байхад өмнө нь хийгдсэн нэг удаагийн тээвэрлэлтэд төлсөн хөлс болох 3,000,000 төгрөгөөр нэгж тээвэрлэлтийг тооцож нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулиуд, талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, хариуцагч талын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна гэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр УБХГ-ийн газраас тээвэрлэлтийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн, ачааг тээвэрлэсэн талаарх гаалийн бүрдүүлэлтийн баримтууд ирсэн ба нэхэмжлэгчийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангуудаар ачаа тээвэрлэсэн тээврийн хөлсийг 3 сая төгрөгөөр тохиролцон удаа дараа төлж байсан нь нотлогддог.

5.4. Санхүүгийн нэхэмжлэл, дагалдах бичиг, тооцоо нийлэх асуудлын талаар: Талуудын хооронд Тээвэрлэлтийн гэрээг бичгээр хийж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээтэй. Энэ талаар хариуцагч маргаагүй. Мөн тооцоо нийлэх асуудлын хувьд удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлэх шаардлагыг тавьж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс байнга удахгүй төлбөрөө төлнө ямар ч асуудалгүй гэж байсан нь харилцан бичсэн мэссэжнээс тодорхой харагддаг, Багахангай дахь байранд нь очиход эзгүй байдаг байсныг дурьдах нь зүйтэй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.  Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 16,440,000 төгрөг, алданги 8,220,000 төгрөг, нийт 24,660,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч Ж ХХК нь Улаанбаатар-Эрээн /БНХАУ/ хот хүртэлх чиглэлд ачааг тээвэрлэн хүргэх, тээвэрлүүлэгч А ХХК нь ажлын хөлс төлөх үүрэг харилцан хүлээсэн. /хх10-11/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Гэрээгээр талууд тээврийн хөлс тохиролцсон эсэх, тээвэрлэлт хийгдсэн эсэх, зохигчид тээвэрлэгч дагалдах бичиггүй тээвэрлэлт хийсэн болон тооцоо нийлээгүй нь хөлс төлөхгүй байх үндэслэл болох эсэх, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ж ХХК нь гэрээгээр тохирсоны дагуу Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот чиглэлд 13 удаагийн тээвэрлэлтээр хариуцагч А ХХК-ийн ачааг тээвэрлэсэн болох нь хэргийн А ХХК-ийн 2019, 2020 оны экспортын чингэлгээний мэдээ, Хятад, Монголын хооронд авто замаар чингэлэг тээвэрлэх шилжүүлэх хуудас, Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2017/020, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/271 дугаартай гэрээ, хавсралт, автомашин эзэмших, эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19/29 дугаартай гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний хөлсийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.2. Нэхэмжлэгч нь өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, А ХХК-ийн 2019, 2020 оны экспортын чингэлгээний мэдээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтыг шүүхэд гаргасан бөгөөд дээрх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд ... тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг, сул зогсолтын зардал 1,940,000 төгрөг нийт 40,940,000 төгрөг  байна. Үүнээс хариуцагч А ХХК тээврийн хөлсөнд нийт 24,500,000 төгрөг төлж, 16,440,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тусгажээ. /1-р хх12-13/

 

4.3. Нэхэмжлэгч нь эдгээр баримтаар тээврийн нэгж хөлс 3,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 16,440,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй боловч няцаасан баримтыг шүүхэд баримт гаргаагүй. Харин хариуцагч тээврийн хөлсөнд нийт 24,500,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар маргахгүй байна.

 

4.4. Хариуцагч нь тээвэрлэлтийн гэрээний дагуу ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг нэхэмжлэгчид өгөөгүй боловч тэрээр тээвэрлэлт хийхээс татгалзаагүй, улмаар тээвэрлэлт бодитойгоор хийгдсэн. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар дагалдах бичиггүй байснаас үл хамааран хуулийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарахаар заасан байхаас гадна тээвэрлэлт бодитойгоор хэрэгжсэн тохиолдолд тээвэрлэгч нь тээвэрлүүлэгчийн баримт бичигтэй холбогдох үүргийн зөрчилтэй холбоотойгоор тээвэрлэлтийн хөлс төлөхгүй байх үндэслэл болохгүй . Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

4.5. Түүнчлэн, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн лавгаагаар хариуцагч А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Төмөр нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байна. Дээрх байдлаар компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь өмнөх хувьцаа эзэмшигчийн бусадтай хийсэн хэлцлийн үүргийг хүлээхгүй байх үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

4.7. Нэгдүгээр хавтаст хэргийн 93-99 талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хариуцагчийн төлөөлөгч А.Н-ээс тээврийн хөлсийг шаардсан, тэрээр хөлс төлөхийг зөвшөөрсөн хариу өгч байсан нь нотлогдож байна. Улмаар хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй бөгөөд гэрээ байгуулах үед тус компанийг төлөөлж байсан этгээдээс гэрээний үүргийг шаардсаныг буруутгахгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4.8. Иргэний 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурвал жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан байх тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Зохигчид гэрээний 3.1-д үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан нэмэлт зардлыг төлнө, 3.2-т тээвэрлэгчээс нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийг ямар хугацаанд төлөх, төлбөр төлөх сүүлийн хугацааг гэрээгээр тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Мөн талууд тооцооны үлдэгдлийн талаар тооцоо нийлээгүй нь тээвэрлэлтийн гэрээний хөлсийг төлөхгүй байх чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд шүүх хариуцагч А ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 16,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 189/ШШ2024/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 240,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ