| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0071/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/77 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1938000390075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г.
Шүүгдэгч Б.Г- нь .... авто жолооны сургуулиас итгэмжлэн хариуцсан Зил-130 маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард бусдад худалдаж мөнгийг нь завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- нь .... авто жолооны сургуулиас итгэмжлэн хариуцуулсан Зил-130 маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард бусдад худалдаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр /хх-ийн 02 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Компанийн захирал А.Т-с манай компанийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж хувьдаа завшсан хэргийн хохирогчоор оролцуулахаар тоот хүргүүлсэн болохоор хэргийн хохирогчоор оролцож байна. Хохирлын мөнгөний хувьд шинжээчийн дүгнэлтэд дурьдсан хэмжээгээр нэхэмжилнэ. ...Би дээрх автомашины элэгдлийн мөнгө 1 сая 800 мянган төгрөгийг хасаад 5 сая төгрөгөөр үнэлж байна. Манай байгууллагын автомашин хэвийн ажиллагаатай байсан. .. Би .... ХХК-ийн нягтлан бодогчоор 2010 оноос хойш ажиллаж байна. Иргэн Б.Г- 2011 оноос 2015 он хүртэл манай авто сургуульд жолооны багшаар ажиллаж байсан. Ажилллаж байх хугацаандаа ...улсын дугаартай Зил-130 маркын тээврийн хэрэгслээр дадлагын жолоодлогт гардаг байсан. Тэр автомашин Б.Г-ийн хашаанд байдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын үед авто сургуулиудын эрхийг баталгаажуулах үеэр тухайн тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг шалгахаар Б.Г-ийн хашаанд очиход зарчихсан байсан. Уг тээврийн хэрэгслийг 2011 онд Ш.М гэх хүнээс 4.800.000 төгрөгөөр, чиргүүлийг нь 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Тухайн тээврийн хэрэгслийг Б.Г- гэх хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн зүйл байхгүй. Цалин хөлс, урамшууллыг нь цаг хугацаанд нь бүрэн төлж, нийгмийн даатгалыг нь хугацаанд нь төлж байсан. ... улсын дугаартай Матез маркын тээврийн хэрэгслийг манай байгууллагын зүгээс Б.Г-т урамшуулал хэлбэрээр шилжүүлж байсан юм. Түүнээс биш Зил-130 маркын тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед манайд “С” ангиллын тээврийн хэрэгсэл 1 ширхэг бүртгэлтэй байсан. ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоог хүртэл манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. Жил бүрийн татвар нь одоог хүртэл хуримтлагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11, 13 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: .... ХХК-ийн эзэмшлийнх байсан. Манай нөхөр авто сургуульд жолооны багш хийж байсан юм. Тэгэхдээ энэ машинаар дадлага сургуулилт хийлгэдэг байсан. Манай нөхөр Б.Г- нэг танихгүй залууд машин зарахаар болоод надаар дамжуулж 800.000 төгрөгөнд зарсан. Манай нөхөр машин зарсан хүнээс хэдэн төгрөг аваагүй гэж хэлсэн. Би энэ худалдаа хийсэн хүний талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...улсын дугаартай, 387840 арлын дугаартай, цэнхэр өнгийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл нь .... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн .... авто жолооны сургуулийн захирлын тушаал /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Ө.Д-ын ХААН банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2010 оноос .... гэх авто сургуульд жолооны багшаар ажилд орсон. Үүнээс хойш 2015 он хүртэл уг ажлыг хийсэн. Жолооны багшаар ажиллаж байх хугацаандаа сургуулийн эзэмшилд байдаг ...улсын дугаартай Зил-130 маркын тээврийн хэрэгслээр сургалтын дадлага хийлгэж байсан. Энэ автомашиныг би арчилж тордож гэрийнхээ хашаанд байлгадаг байсан. Ингээд 2015 онд ажлаасаа гарахаар болсон. Намайг ажлаас гарахад ...улсын дугаартай автомашиныг .... сургуулийн захирал надад байж байг гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Тавантолгойд ажиллаж байхад над руу утсаар яриад Мөрөнгөөс хүн яриад машинаа худалдах уу гэхээр нь би худалдана гэж хэлсэн. Би тэр хүний нэрийг санахгүй байна. Манай эхнэр Г-с тухайн хүн миний утсыг авсан болохоор би тэр хүнийг сайн мэдэхгүй байна. Ингээд би тэр хүнд 1.200.000 төгрөгөөр Зил-130 маркын машиныг өгөхөөр болж худалдсан. Манай эхнэрт тэр залуу 800.000 төгрөг өгөөд дараагаар нь 400.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн байсан. Машиныг чиргүүлтэй нь хамт аваад явсан болохоор үлдэгдэл 400.000 төгрөгийг өгөөгүй байгаа. ...Би хүний юмыг зарж болохгүй гэдгийг мэдэж байсан. Мөнгөний хэрэг болоод байхаар нь зарсан юм. Байгууллагын эзэмшлийн хөрөнгө зарсандаа гэмшиж байна. ...Машины бичиг баримт худалдаж авсан хүнд байгаа. Хөвсгөл М байгууллагын нэр дээр бичиг баримт нь явдаг юм” /хх-ийн 32 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Их даруухан хүн байгаа юм. Хүний үгнээс гардаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад тухайн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин дутмаг, тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт, хяналт сул, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г- нь .... авто жолооны сургуулиас итгэмжлэн хариуцуулсан Зил-130 маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард бусдад худалдаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Ө.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр /хх-ийн 9, 11, 13 дугаар хуудас/, гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр /хх-ийн 19 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...улсын дугаартай, ... арлын дугаартай, цэнхэр өнгийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл нь .... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 36 дугаар хуудас/, Авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогч Ө.Д-ын ХААН банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл “...Намайг ажлаас гарахад ...улсын дугаартай автомашиныг .... сургуулийн захирал надад байж байг гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Тавантолгойд ажиллаж байхад над руу ... хүн яриад машинаа худалдах уу гэхээр нь би худалдана гэж хэлсэн. ...Би хүний юмыг зарж болохгүй гэдгийг мэдэж байсан. Мөнгөний хэрэг болоод байхаар нь зарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/-ээс үзвэл тухайн байгууллага ажил хүлээлцэх, эд хөрөнгө хүлээлцэх, хүлээн авахдаа эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд тогтмол хэрэгжүүлээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өөрийн хашаанд байрлаж байсан .... авто жолооны сургуулиас итгэмжлэн хариуцуулсан Зил-130 маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард өөрийн эзэмшилд байлгах үедээ бусдад худалдаж, өмчлөгч .... ХХК-д тухайн автомашины үнийг өгөхгүй байх шунахайн зорилгоор хууль бус хэлбэрээр бусад руу шилжүүлж, өөрийн өмчийн нэгэн адил хууль бус эзэмшлийг тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ө.Д-тай эвлэрлийн гэрээ байгуулж хохирогч тал “Ө.Д- би ... ХХК-ийн өмнөөс тус автомашины төлбөрт Г-с 5.000.000 /таван сая/ төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээн авсан нь үнэн болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тул гомдолгүй” /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хэт хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өндөр овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-т тэнссэн хугацаанд “зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Г-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн ... дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ