Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 24 210/МА2024/01111

 

 

 

Х.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01674 дугаар шийдвэртэй

Х.Д-гийн нэхэмжлэлтэй, УБТЗ-д холбогдох,

384,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,200 м.кв талбай бүхий газрыг Х.Д эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаартай захирамжаар Х.Д-гийн эзэмшлийн газар дээр хариуцагчийн ажилчдын орон сууц барих зөвшөөрлийг давхцуулж олгосон.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шатанд талууд эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, өөрийн эзэмшиж байсан газрыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчаас тухайн газар дээр баригдах 80 айлын ажилчдын орон сууцнаас нэг давхарт байрлах 120 м.кв талбай бүхий байрыг Х.Д-гийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.

1.2. Иргэний хуулийн ******** дугаар зүйлийн ********.1, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд үүргийн харилцаа үүссэний үндсэн дээр Х.Д шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ гүйцэтгэж газрыг Улаанбаатар төмөр замын мэдэлд шилжүүлснээр холбогдох бүртгэл журмын дагуу хийгдсэн. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, тухайн газар дээр 80 айлын ажилчдын орон сууцыг барина гэсэн барилга өнөөдрийг хүртэл бариагдаагүй.

Нэхэмжлэгчээс үе үеийн удирдлага, дарга нарт шаардлага тавьдаг боловч санхүүжилт олоод барилгаа барина, санхүүжилт байхгүй, 120 м.кв талбайг өөрт чинь шилжүүлнэ гэсэн асуудлыг удаа дараа хэлсэн. Барилгыг өдийг хүртэл олон жилийн хугацаанд хүлээсэн боловч цаашид үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1-т заасан хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгэх хуудас бичих боломжгүй буюу бодитойгоорзахирамжид заагдсан барилга баригдаагүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон.

Иймд УБТЗ нь эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамжид Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ажилчдын орон сууцны барилгаас нэгдүгээр давхарт нэхэмжлэгч Х.Д-д 120 м.кв талбай бүхий орон сууцыг үнэ төлбөргүй олгох үүргээ биелүүлээгүй, уг үүрэг биелэгдэх боломжгүй болсон тул орон сууцны зах зээлийн дундаж ханш болох 1 м.кв=3,200,000 төгрөгөөр тооцоод 384,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаар захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ********************** тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгөд ногдох газарт захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаар захирамжийн УБТЗт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. УБТЗаас шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүх хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхэд хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

2.2. Талууд 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр УБТЗ-аас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажилчдын орон сууцын барилгаас нэг давхарт нэхэмжлэгчид 120 м.кв талбай бүхий орон сууцыг үнэгүй олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, өөрийн нэр дээрх *************** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг УБТЗ-д сайн дураар шилжүүлэхээр харилцан тохиролцож, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *****дүгээр захирамжаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1.6 дахь хэсэгт Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан гэж заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч УБТЗ-аас 324,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,777,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт Х.Д нь ********************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг сайн дураар зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай өргөдөл, мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгасан талаар баримт хэрэгт авагдаагүй.

4.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан хугацаанд эвлэрлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлээгүй. Учир нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *****дүгээр захирамжаар баталсан талуудын эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, хуулийн үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн олох байсан орлого ямар баримтаар нотлогдсон нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт цуглараагүй байхад хариуцагчаас хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтын үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар заасан.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн олох байсан орлого ямар баримтаар нотлогдосон нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн... гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд мэтгэлцэх эрхийг хэрхэн, яаж зөрчигдсөн гэдгийг хариуцагч тал гомдолдоо тодорхой тусгаагүй, нотлоогүй нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийгг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаашид ч биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрт учирсан бодит хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан болохоос гомдолд дурдсанчлан олох байсан орлогын талаар нэхэмжлэл гаргаагүй.

5.2. Х.Д нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг хүчингүй болгуулах өргөдөл, мэдүүлгийг эрх бүртгэлийн газарт гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *****дугаар эвлэрлийг баталсан захирамж гарснаас хойш 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн **************** дугаар бүхий 113.68 м.кв талбайтай агуулах, 81.19 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай барилга, 58.9 м.кв талбайтай агуулахын зориулалтай барилгыг тус тус нурааж буулгасан үндэслэлээр хувийн хэрэг бүртгэлийг хаалгах хүсэлт, мэдүүлгийг эрх бүхий байгууллагад гаргасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ***** дүгээр эрхийн бүртгэлийн дугаартай хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай тушаал гарсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн нотлох баримтаар ногтлогддог ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл иргэн Х.Д-гийн эзэмшиж байсан газрыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ашиглаж, эзэмшсэн талаар хариуцагч маргаагүй, үгүйсгэсэн баримт гаргаагүй атлаа давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй.

5.3. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэжээ. Иргэний хуулинд хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар нарийвлан зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор хуульчилсан. Нэхэмжлэгч Х.Д нь Улаанбаатар төмөр замд насаараа инженерээр ажиллаж байгаад 2023 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын удирдлагуудаас эвлэрлийн гэрээний үүргээ хэзээ биелүүлэх, барилга хэзээ баригдах зэрэг асуудлыг тавихад санхүүжилт хүлээж байгаа, дарга солигдсон гэх шалтгаанаар хойш тавьж ирснээс биш тухайн барилгыг барихгүй, өгөхгүй гэж хэлдэггүй, энэ ч утгаараа хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр ...мөнгө өгөх боломжгүй, орон сууц баригдахаар байраа л авах ёстой, уг асуудлыг өмнө нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай байдаг. Түүнчлэн, тухайн барилга бодитоор өнөөдрийг хүртэл баригдаагүй, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *****дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг батлахдаа гуравдагч этгээд болох УБТЗ-ын үүрэг гүйцэтгэх хугацааг анхнаасаа тогтоогоогүй, түүнийг тодорхойлох боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагаас эвлэрлийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, гэрээний дагуу заагдсан газар, Улаанбаатар төмөр замын барих буюу одоог хүртэл баригдаагүй байгаа ажилчдын орон сууцнаас 1 давхрын тодорхой м.кв орон сууцыг бодитоор шаардах ямар ч боломжгүй, уг асуудалтай холбоотой шаардах эрх нь өнөөдрийг ч хүртэл үүсээгүй.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын *****дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 3,885 м.кв талбай бүхий газрыг 2-р зам ангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн талаар мэдсэн. Үүнээс үзэхэд газрын зориулалт өөрчлөгдсөн, хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ нэгэнт биелүүлэх боломжгүй болсон нь тодорхой байна. Нэхэмжлэгч тал хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй бөгөөд барилга барих үүрэг нь хугацаагүй байсны улмаас эвлэрлийн гэрээний дагуу бодитоор шаардах эрх нь үүсээгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч тал тухайн газрын зориулалт 2023 оны 04 дүгээр сард өөрчлөгдсөн, эрх нь зөрчигдсөн болохыг шүүхийн журмаар нотлох баримт цугларахад мэдсэн зэргээр хариуцагчийн гомдол үгүйсгэгдэж байна.

Иймд шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохиролд 384,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ***********тоот хаягт 3,200 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Х.Дд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх газарт эрхийн улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, 58.9 м.кв агуулах, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, 81.19 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй 113,68 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр Х.Д-г 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгээж, гэрчилгээ олгосон. /хх 169, 179-181/

 

  3.2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаар захирамжийн 31 дэх заалтаар УБТЗт орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Харз ус ХХК-ийн зүүн талд Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн хашаан дотор газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /хх185/

 

3.3. Нэхэмжлэгч Х.Д нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дугаар захирамжийн УБТЗ-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн ***********, **************, ********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн ногдох газрыг эзэмшүүлэх, захирамж гаргахыг даалгах, хариуцагч УБТЗ-аас Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдуулан иргэн Х.Дд олгосон улсын бүртгэлийн ***********, **************, ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд тус тус гаргажээ. /хх209-211/

 

3.4. Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Д нь гуравдагч этгээдээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилчдын орон сууцны барилгаас нэгдүгээр давхарт 120 м.кв талбайг үнэгүй Х.Д-д олгохоор тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, нэхэмжлэгч өөрийн нэр дээрх *************** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэр дээр сайн дураар шилжүүлэх, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Х.Д-гийн *************** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг өөрийнх нь зөвшөөрснөөр УБТЗт шилжүүлэх, гуравдагч этгээд Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны ******** дугаар захирамжаар олгосон газарт баригдах ажилчдын орон сууцны барилгын нэгдүгээр давхарт Х.Д-гийн өмчлөлд 120 м.кв талбай бүхий байрыг үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээж эвлэрсэн. /хх138/

 

3.5. Мөн өдөр УБТЗын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Д-д олгосон ********************** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгохоор хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, гуравдагч этгээд Х.Д, УБТЗтай харилцан тохиролцсон Эд хөрөнгийн бүртгэлийн газраас Х.Д-д олгосон ********************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг сайн дураар зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай өргөдөл, мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгах үүрэг хүлээж эвлэрсэн. /хх139/

 

3.6. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *****болон 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай захирамжаар талууд эвлэрсэн үндэслэлээр дээрх 2 захиргааны хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна. /хх118-121/

 

3.7. Нэхэмжлэгч нь дээрх эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ********************** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулж, кадастрын зургийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн агентлагийн даргын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ***** тоот тушаалаар нотлогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Х.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг сайн дураар зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай өргөдөл, мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгасан талаар баримт хэрэгт авагдаагүй гэх гомдлыг хангахгүй. /124/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...барилгын ажил эхлээгүй, хэзээ баригдах нь тодорхойгүй, хариуцагчийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх эсэх нь тодорхойгүй тул эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг мөнгөөр тооцон шаардаж байна гэсэн бол хариуцагч нь татгалзлаа ...баригдсан барилгаас 120 м.кв талбай өгөхөөр тохиролцсон, Нийслэлийн Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, улмаар зохигчдын эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэр гарсан нь биелэгдээгүйн улмаас тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4.1. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээнд хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилчдын орон сууцны барилгаас нэгдүгээр давхарын 120 м.кв орон сууцыг үнэгүй нэхэмжлэгч Х.Д-д олгох үүргийг хүлээсэн боловч уг барилга өнөөг хүртэл баригдаагүй, цаашид үүрэг бодитоор биелэгдэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.2. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн *****дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 3,885 м.кв талбай бүхий газрыг 2 дугаар зам ангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн буюу газрын зориулалт өөрчлөгдсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй. /хх93-100/

 

4.3. Хариуцагч УБТЗ нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Х.Дд 324,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч УБТЗаас 324,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *****дүгээр захирамжаар баталсан талуудын эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гомдлыг хангахгүй.

 

5.1. Учир нь анхан шатны шүүхэд хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх гомдлыг хангахгүй.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

 

6.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчид орон сууцны талбай өгөхөөр тохиролцсон нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр үүрэг үүсэх үндэслэл болсон байна Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаас шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/01674 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 1,777,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ