| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0078/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/81 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1938000000106 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Г.
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Насан туршийн боловсрол төв” сургуулийн гадна иргэн Н.Х-ын толгой, нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Насан туршийн боловсрол төв” сургуулийн гадна “гар утас хулгайлсан гэж гүтгэсэн” гэдгээр шалтаглан маргалдаж иргэн Н.Х-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас дээд уруулд язралт, тархинд доргилт, 1 ширхэг шүдэнд сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн гадна таньдаг нэрийг нь мэдэхгүй гурван ах таараад надад архи уу гээд 4-5 хундага архи өгсөн. Ах нар яваад би сагсны талбайд очсон чинь Х- тоглож байхаар нь очсон. Очоод ухаан орж гараад байсан, нэг мэдэхэд бариад авчихсан шанаа руу нь нэг удаа цохиж, нэг удаа алгадсан. ...Хэрэг болохоос хэд хоногийн өмнө Х- намайг өөрийнхөө гар утсыг хулгайлсан гэж хүмүүст ярьсан байсныг би сонссон. Тэгээд би тухайн үед түүнтэй тааралдахдаа чи юу гээд хүмүүст худлаа яваад байгаа юм бэ гэж хэлж маргалдаад түүнийг зодох болсон. ...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн,
мөн шүүгдэгч Д.Г-н мэдүүлж байгаагаас үзвэл “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн гадна таньдаг нэрийг нь мэдэхгүй гурван ах таараад надад архи уу гээд 4-5 хундага архи өгсөн. ...Очоод ухаан орж гараад байсан, нэг мэдэхэд бариад авчихсан шанаа руу нь нэг удаа цохиж, нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/-ээс үзвэл шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Насан туршийн боловсрол төв” сургуулийн гадна иргэн Н.Х-ыг “гар утас хулгайлсан гэж гүтгэсэн” гэдгээр шалтаглан толгой, нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өс хонзонгийн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Д.Г-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Н.Х-тай “Н.Х-т учирсан хохирлыг барагдуулан 100.000 төгрөг өгсөн бөгөөд хоёр тал харилцан тохиролцож хохирол гомдолгүй болсон ...бид хоорондоо эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 48 дугаар хуудас/-г байгуулсан байх тул шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн 1938000000106 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ