Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01072

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01072

 

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/01416 дугаар шийдвэртэй,

Х.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Ф ХХК-ийн2023 оны 11 сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/Ш32022/02931 дүгээр захирамжаар Х.Баас 150,000,000 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-122/23100 дугаартай мэдэгдлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ***********тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 121,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн.

Харин төлбөр төлөгч Х.Б нь өөрийн орон сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд зах зээлийн ханшаар уг орон сууц нь дахин төлөвлөлтөд ороход бэлэн болсон, 1990 оноос өмнөх хэмжээгээр 18 м.кв буюу зөвхөн том өрөөний хэмжээгээр хэмжигдсэн бодит байдал дээр 36 м.кв талбайтай, төвийн бүсийн 1 м.кв талбай нь ойр орчим 5,000,000-5,500,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэтэл шинжээч 1 м.кв талбайг 3,300,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээг бууруулж үнэлсэн байна.

Иймд Ф ХХК-ийн2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02931 дүгээр захирамжаар Х.Баас 150,623,715.5 төгрөг гаргуулж Р ХХК-д олгож, дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, ***********тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, ************хаягт байршилтай, 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч Х.Б-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч, эрэн сурвалжлах тогтоолоор эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоосон. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23300579/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, ***********тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23300579/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Х.Б үл хөдлөх эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй.

2.3. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/413 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Ф ХХК-ийншинжээч Н.Ц-ийг томилсон. Үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нарт мэдэгдсэн. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/39 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-122/25550, 4-122/25551 дугаартай албан бичгийн хамт талуудад хүргүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Р ХХК нь нэхэмжлэгчтэй 2018 онд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 150,000,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүгчийн захирамж гарсны дараа манайх гуравдагч этгээдээр оролцож хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Энэ хөрөнгөөс гадна өөр хөрөнгө байдаг бөгөөд барьцаа 2 хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий баримтаа өөрөө нотлох үүрэгтэй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ф ХХК -ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шинжээч тайлан гаргахдаа хөрөнгийн шинж байдлыг бүрэн тодорхойлоогүй, үзлэгийн акт үйлдээгүй, мөн байрны албайн хэмжээг гаргаагүйгээс зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Өөрөөр хэлбэл, байрыг 18 м.кв гэсэн боловч уг байр нь хуучны угсармал бодитоор 36 м.кв хэмжээтэй байхад үүнийг албаар нуун дарагдуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.3.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.3.6, 8.3.7, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.7, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар баталсан үнэлгээний тайлангийн жишигийн 2.1-т үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг боловсруулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2-т заасан шаардлагыг хангахаас гадна үзлэгийн үеийн акт, мэдээллийн эх сурвалж, УОУС 103 тайлагнал стандартын 30.1 болон 40.1 дэх зүйлсийг баримталсан байх, үнэлгээний тайлангийн тухай ерөнхий мэдээлэлд үнэлгээний даалгавар, үнэлгээний зүйл, зорилго, үнэлгээний зүйлийн тухай ерөнхий мэдээлэл, танилцуулгын хэсэгт үнэлгээний зүйлтэй үзэж, танилцсан огноо, үнэлгээний зүйлийн шинж төлөв байдал, үнэлгээний зүйлийн зориулалт ашиглалтын байдал, байршил, тайлангийн хавсралтад үзлэгийн акт, фото зураг хавсаргана гэжээ. Дээрх нөхцөл байдлуудаас харахад шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийж тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.21, 8.32-д хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээлэл зэргийг тодорхойлоогүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

5.2. Шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралтад авагдсан байрны зургуудыг тайлбарлахдаа манай туслах очиж авсан, уг байранд хуухэдтэй эмэгтэй амьдардаг байсан гэж мэдүүлсэн. Гэтэл уг байранд нэхэмжлэгч Х.Б-ын хүүхэд ганцаараа амьдардаг байхад илт зөрүүтэй мэдүүлж буй нь хөрөнгийн шинж байдлыг тодорхойлоогүй гэдэг нь тодорхой байна.

5.3. Нэхэмжлэгч талаас уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа байрны бодит хэмжээг гаргаагүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү шийдэхдээ талбайн хэмжээг үл хөдлөхийн улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн нь хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох боломжоор хангаагүй. Дээрх нөхцөл байдлаад шинжээч хөрөнгийн шинж байдлыг бүрэн гаргаагүй, үүнээс болж хөрөнгийг үнэлсэн аргачлал буруу явагдаж нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж хохиросон.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдолд шинжээч хөрөнгийн үнэлгээг хийхдээ үзлэгийн үеийн акт үйлдээгүй, аргачлалын дагуу хийгээгүй гэж дурдсан. Энэ аргачлалыг заавал мөрдөнө гэсэн хуулийн заалт байхгүй. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргана гэж, мөн хуулийн 8.2-т хөрөнгийн аргачлалыг дагаж мөрдөнө гэсэн утгатай агуулга байхгүй учраас хөрөнгийн үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн.

Хуучны орон сууц учраас м.кв нь зөрүүтэй байхад бодит байдлаар хэмжээгүй гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагыг сонгосон бөгөөд адил төстэй 18 м.кв адил төстэй жишиг орон сууцыг харьцуулсан учраас үндэслэлтэй. Мөн тухайн үзлэгийг хийхдээ шинжээч өөрөө очоогүй гэж гомдолд дурдсан боловч туслах нь очиж бодит зургийг дарж, бүх баримтыг баталгаажуулсан гэж шинжээч өөрөө тайлбарласан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Х.Б-т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ***********тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 121,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02931 дугаар захирамжаар хариуцагч Х.Баас 150,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, хариуцагч Х.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ***********тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбайртай, нэг өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, ************хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, 17 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 27-30/

 

4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх25, 33/

4.2. Эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ***********тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23300579/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23300579/02 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх49-50, 53-54/

 

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Харин төлбөр авагчаас уг үнийн саналыг зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/413 дугаартай тогтоолоор ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц-ийг шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /хх57-59/

 

4.4. Шинжээч ф ХХК нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ***********тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 121,000,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-122/23100 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Х.Бт мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх83/

 

4.5. Шинжээч ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 92/

 

5. Шинжээч ф ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан, хуульд заасан журмыг баримталсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал, үнэлгээчин Н.Ц шүүхэд ...тайлан гаргахдаа үнэлгээний тайлангийн жишгийг баримталж зах зээлийн хандлагын аргаар хийсэн, үзлэгийн акт нь тодорхойлолтоор орсон гэж ойлгож болно, гэрчилгээнд талбайг хэмжээг заасан байсан тул хөрөнгийн хувьд хэмжилт хийх шаардлагагүй, өөрөө очиж ажиллагаа явуулсан, ариун цэврийн өрөөний толинд туссан зураг манай туслахын зураг байна... гэж мэдүүлсэн.

 

5.1. Дээрхээс дүгнэхэд шинжээч нь улсын бүртгэлд бичигдсэн талбайн хэмжээг үндэслэн зах зээлийн хандлагын аргаар дүгнэлт гаргасан үндэслэлтэй байхаас гадна үзлэгийн акт үйлдээгүй, объектэд очиж ажиллагаа явуулаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээч нь байранд очиж үзээгүй, үзлэгийн акт үйлдээгүй, мөн байрны талбайн хэмжээг гаргаагүй, хууль зөрчсөн, тайлан гаргахдаа жишгийг баримтлаагүй... гэх гомдлыг хангахгүй.

 

5.2. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

5.3. Түүнчлэн, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/05922 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн талбайн хэмжээг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талбайн хэмжээг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй байх ба шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5.4. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ