Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2018/00024

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2018/00024

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *******гийн давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 872000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 55 дугаар байрны ******* тоотод амьдардаг. 2017 оны 10 сарын 28-ны шөнө манай дээд айл буюу ******* тоот айлаас ус алдаж, том өрөө, коридор, ванны өрөө усанд автсан. Тэр даруй дээд айлын эзэдтэй уулзахад тэдний шалаар нь устай, 00-ын өрөөний почкиноос нь ус алдсан гээд байж байсан. Тэгээд тэднийг манай гэрлүү орж хараач гэхэд өглөө орж харъя гэсэн. Тухайн үед ус алдахад манай том өрөө, коридор, ванны өрөөнүүдийн тааз, хана шал усанд норсон байсан. Өглөө нь тэд манайд орж хараад хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд гараад явсан. Манайх нялх хүүхэдтэй. Гэтэл ус алдсанаас болж чийг хуримтлагдаад хөгц үнэртэж эхэлсэн. Таазны эмульс болон ханын обой хуурч, коридорын шал хөндийрч хөөсөн байсан. Ингээд засвар хийхээс өөр аргагүй болсон ба засвар хийх мөнгө өгөөч гэхээр өгнөө л гэдэг. *******гийн нөхөртэй нь хааяа тааралдаад хэлэхэд төлнө гэж хэлдэг байсан. *******гийн нөхөртэй нь хоёр гурван удаа тааралдаад хэлэхэд төлнөө л гэж хэлдэг байсан. Эхлээд би цалин мөнгөө буухаар өгөх байлгүй гэж хүлээдэг байсан. Гэвч одоо болтол манайд учирсан хохирлыг барагдуулаагүй. Сүүлдээ эхнэр болох ******* нь чамд мөнгө өгөхгүй, заргалдаад ав гэдэг болсон. Тэгээд бид засвар хийхэд хэдэн төгрөг шаардлагатай, ямар материал шаардлагатай болох талаар Ашид билгүүн гэдэг хөрөнгийн үнэлгээний компаниар гэртээ үзлэг хийлгэж үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээгээр нийт хохирлын дүн нь 792000 төгрөг гарсан. Энэ мөнгийг үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс болох 80000 төгрөгийн хамт нийт 872000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэвч эдгээр залуустай хөршийн хувьд зөвхөн материалын зардалд 500000 төгрөгийг л нэхэмжилнэ. Харин бусад зардал 372000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

  Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод амьдардаг. 2017 оны 10 сарын 28-ны шөнө 02 цагийн үед хаалга цохих үед сэрэхэд манай 00-ын почкиноос ус алдсан байсан. Манай доод айлын хүн ******* шөнө хаалга цохиод танайхаас ус алдаад байна, манайд орж үз гэхээр нь нялх хүүхэдтэй айлд шөнө ороод яахав, өглөө орж үзье гээд гаргасан. Тэр шөнө манайхаас ус алдсан нь үнэн. Бидний өөрсдийн буруугаас болж ус алдсан учраас нийтийн аж ахуйд дуудлага өгөөгүй. Гэхдээ энэ айлыг 872000 төгрөгийн засвар хийх хэмжээний хохирол учруулахаар ус алдаагүй. Өглөө нь доод айлынх руу ороод үзэхэд тааз нь норсон байсан. Шал, ханаар нь ус байгаагүй, ханын цаас нь нороогүй байсан. Ванны өрөөний плита хөндийрсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр засвар хийвэл засварынх нь материалыг нь авч өгнөө гээд л гарсан. Түүнээс мөнгө төгрөг өгнө гэж яриагүй. Гэтэл эднийх гэртээ засвар хийгээгүй, ******* нь тааралдах болгондоо л мөнгө нэхдэг болсон. Бид түүнд төлөх өргүй. Гэтэл таарах болгондоо мөнгө нэхээд байхаар нь дургүй хүрсэн нь үнэн. Гэхдээ заргалдаад ав, юу олж долоох юм гэх мэт бүдүүлэг үг хэлээгүй. *******ын гаргаж өгсөн зурагний зарим нь үнэнд нийцэхгүй байна. Намайг саяхан эднийд орж зураг авахад шал нь хөндийрөөгүй байсан, паркетан шалны элэгдсэн байдал нь эдэлгээний явцад элэгдэж, ховхорсон, зай гарсан байдлыг харуулж байна. Мөн урагдсан ханын цаастай зурагны хувьд өмнө нь нэг удаа далд шугамнаас ус алдаад орж харахад энэ ханыг надад харуулж байсан. Тэгэхээр өмнө нь ийм байсан хана юм. Мөн намайг эднийд орж харахад зөвхөн тааз нь л бага хэмжээгээр норсон байсан. Нэг удаагийн ус алдалтаар ийм хэмжээний хохирол учрах ёсгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 500000 төгрөгөөс таазыг нь засварлах зардалд 100000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрнө. Бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

  Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2018/00615 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч *******гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 500000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 372000 /гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  2/ Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25758 төгрөгөөс 25478 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвөөс, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 15650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Би дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ус алдсан өдөр буюу 2017 оны 10 сарын 28-ны өдөр би 12 цаг өнгөрөөгөөд унтсан бөгөөд доод айлаас 02 цагийн орчимд танайхаас ус алдаж байна гээд хаалга тогшсон.Ус алдалтыг зогсоож угаалгын өрөөнд алдсан усыг цэвэрлээд унтсан. Маргааш нь гэрт нь орж харахад таазны ханатай уулзсан хэсгээр ус нэвчин норсон нь мэдэгдэж байсан. Бага хэмжээгээр ус алдсан болохоор ашгүй гайгүй юм байна гээд өнгөрсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө ус алдсан хэсэг буюу хана таазны зааг хэсгийн зургийг нь авч шүүхэд өгсөн бөгөөд тус зурган дээр Оюунбатын гэрт хохирол учраагүй болох нь харагдаж байхад шүүх намайг өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэсэн байна. Би тэр айлын хана, шалыг усанд нороогүй гэдгийг ямар нэгэн хохирол учраагүй байдлынх нь зурагнаас өөрөөр яаж нотлох юм бэ. *******ын гэрт үзлэг хийлгэж 500000 төгрөгийн хохирол учраагүй гэдгийг харуулах хүсэлт гаргасан боловч үзлэг хийхээс татгалзсан тухай амаар мэдэгдсэн. Миний гаргаж өгсөн зургийг нотлох баримтаар үнэлээгүй, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргахад хүлээж авахгүй, нэг талыг барьж намайг өөрийн татгалзлаа нотлох эрхийг минь хязгаарласан шийдвэр гаргасан. Үзлэг хийхээр очоод хэн ч харсан зүгээр байгаа нь илэрхий харагдана. Гэтэл Оюунбат нь өөр хананы зураг аваад манай хана ийм болсон гэж хэлж байхад шүүх тэр хэвээр нь шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуурамч нотлох баримтад үндэслэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэртээ удахгүй засвар хийх гэж байгаагаа хэлэхэд нь тэгвэл засварынх нь материалыг нь аваад өгье гэж хэлсэн. Засварынх нь материал гэж норсон хэсгийн болон таазны замаск, ажлын хөлсийг хэлсэн боловч ******* нь үүнийг далимдуулж гэртээ засвар хийх гэж байсан зардлаа надаас гаргуулахыг хүсэж байгаад гомдолтой байна.

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн №ДХҮ-118/94 дугаартай үнэлгээ нь ус алдсанаас хойш хагас жилийн дараа хийгдсэн байж манайхаас ус алдсанаас болж хохирол учирсан байна гэдгийг тогтоосон нь ямар ч үндэслэлгүй юм. Уг үнэлгээ нь *******ын байранд засвар хийх шаардлагатай байгаа хэсгүүдийн засварын зардлыг л гаргасан үнэлгээ болохоос манайхаас ус алдсанаас болж хохирол учирсан гэдэг тогтоогдох ёсгүй. Иймд дээрх үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Паркетан шал хөндийрсөн тухайд бол эдэлж хэрэглэх явцад манай паркетан шал ч гэсэн хөндийрсөн байгаа. ... Мөн бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүргээ ухамсарлаж байгаа боловч тухайн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах үнийн дүн дээр маргаантай байхад заавал урьдчилан гаргуулахаар шийдвэрлэлгүй засвараа хийгээд гарсан зардлаа нэхэмжилбэл бодит байдалд нийцнэ гэж бодож байна. Шүүх засварын зардлыг хэт үнэтэйгээр урьдчилан тогтоосонд гомдолтой байна. 500000 төгрөгийг нь би гаргаад өгсөн ч Оюунбат шаардлагынхаа дагуу хэрэглэхгүй шүү дээ.

Манай 00-ын өрөөний суултуураас ус гоожсон үйл явдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой байна гэх үндэслэлтэй байна гэж шүүхийн үзсэн нь таазны замаск норсонтой бол шалтгаант холбоо байгаа боловч ус хүрээгүй хана, шалтай шалтгаант холбоо байхгүй байхад үүнийг шалгаж тогтоолгүй хэт нэг талыг барин үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хүн хараад энд нь муухай болсон гэм юм байхгүй байхад засварын 500000 төгрөг төлөхөөр шүүхээс тогтоож байгаа хэргийг бүх талаас нь үнэн бодитой үнэлж шийдвэрлээгүйг харуулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч *******гийн 00-ын өрөөнөөс 2017 оны 10 сарын 28-ны шөнө 02 цагийн үед доод айл болох нэхэмжлэгч *******ынх руу ус алдсан ба энэхүү үйл баримтын талаар зохигчид маргадаггүй. Харин дээрх ус алдалтын улмаас нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний гэм хорын хохирол бодитой учирсан эсэхэд зохигчид маргаж байна.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ... бага хэмжээний ус алдалтыг далимдуулж их хэмжээний мөнгө нэхэж байгааг үнэн зөвөөр тогтоож, нүдэн үзлэг хийж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэдийгээр хариуцагч ******* нь ус алдсан байранд үзлэг хийлгэхээр тусгайлан бичсэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй боловч өөрийн хариу тайлбартаа нүдэн үзлэг хийлгэе гэсэн нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул уг байранд очиж үзлэг хийж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтыг зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай нийцээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд тухайлбал, ус алдсан байдал, гэм хорын хохирлын хэмжээг тогтооход үзлэг хийх нь ач холбогдолтой гэж үзнэ.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ