Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 700

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч П.Болормаа,

Хохирогч О.Мөнхсайхан,

Шинжээч эмч Н.Туяа,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С холбогдох эрүүгийн 1806 03022 0603 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ц.С .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 3 дугаар сарын 31-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн” нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 31-ний орой манай ажилтанг хэл амаар доромжлоод гаргахгүй байна гэсэн болохоор би очсон. Би очоод гаргах гэтэл намайг дарга гэж юу байдаг юм гэх мэтээр доромжилсон. Би түлхэж унагаасан. Тэрнээс биш зодож цохиогүй

өшиглөөгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай байгууллагын спортын арга хэмжээ өдөржин үргэлжлээд 23 цагийн үед тарсан. Тэмцээнд байр эзэлсэн хүмүүс гээд нийт 27-28 хүн байсан. Бид нарыг тус бааранд ороход 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1 цаг болж байсан. Тухайн үед захирал Бат-Оргил согтсон байсан бөгөөд босгоход туслаач гэхэд босож өгөхгүй байсан. Тооцоо үлдсэн юм уу гэтэл үгүй байсан. Тухайн үед бид нарыг “гар, зайл” гэх мэтээр харааж загнасан. Би ганцаараа энэ хүнийг авч явж дийлэхгүй байна гээд учирлаад байж байтал гаднаас 45 насны орчмын залуу орж ирээд намайг “гарч зайл” гэж хэлээд шууд босож ирээд зүүн чих рүү гараад цохисон. Тэгээд эхнэрийг хүрээд ирэхэд цагдаа руу явсан байсан. Одоо гомдол саналын хувьд энэ хүнд хуулийн хариуцлага хүлээмээр байна. Энэ явдлаас болж ажил дээр миний нэр хүндийн хувьд маш их хохирсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Туяа мэдүүлэхдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 4528 дугаартай шинжээчийн дүгнэлтийг би гаргасан. Чихний хэнгэрэг цоорсон эсэхийг чих хамар хоолойн эмч тогтооно. Уг үрэвсэл нь төрөлхийн болон олдмол эсэхийг тогтоохгүй. Архаг өвчний улмаас үүсэх боломжтой.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /хх-16-22/, гэрч У.Диваагийн өгсөн мэдүүлэг /хх-27-30/, гэрч Б.Доржхандын өгсөн мэдүүлэг /хх-34-35/, гэрч С.Эрдэнэтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-40-41/, гэрч С.Бат-Оргилын өгсөн мэдүүлэг /хх-42-45/, иргэн О.Мөнхсайханы цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-15/, яаралтай тусламжийн хуудас, эмчид үзүүлсэн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61-64/, Нэгдүгээр эмнэлгийн албан бичиг /хх-51-53/, эмчийн онош /хх-71/, гэрч З.Мэндсайханы өгсөн мэдүүлэг /хх-36-37, 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 4528 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-66/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 3 дугаар сарын 31-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн” нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Мөнхсайханы өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээн Онцгой байдлын аврагч спорт зааланд арга хэмжээ болж өндөрлөөд хамт олноороо хоолонд орсон. Тэндээсээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний зүүн талд байрлах “Оюуны ундраа” төвийн 3 давхарт байрлах “Гүн” караоке бааранд ажлынхаа хамт олны хамт оролцоод би тасраад унтсан байсан. Гаднаас зөөгч 1 охин орж ирээд “наад архичингаа аваад зайл” гээд захирал С.Бат-Оргилыг угзарч харагдсан. У.Диваа гэлүү хоорондоо нэгийгээ дуудаж байсан ба 45-50 орчим насны эрэгтэй залуу хамт орж ирээд намайг цохих гэхээр нь би бултаад маргалдаж байтал гэнэт нөгөө ах ирээд зүүн чих рүү гараараа цохиж чих дүлийрч, толгой эргээд “та яаж байнаа” гэтэл гар утсаараа бичлэг хийгээд “та нарын банкны захирал гэж юу байсан юм бэ, та нарыг шившиг болгоно” гээд бичлэг хийсэн. 3үүн нүд хөхөрсөн, зүүн шилбэ хөхөрч хавдсан, зүүн чих одоо болтол зүгээр болохгүй битүү оргиод дүгнээд байна. Цагдаа ирж С.Бат-Оргил захирал бид хоёрыг авч тэндээс гарч хэлтэс дээр ирэн бид хоёрыг явуулсан. “Гүн” караоке баарны эзэн гэх 45-50 насны залуу хөл гараараа цохиж учруулсан. Би чихний зураг 80.000 төгрөгөөр авахуулсан 2 хоног ажилдаа явж чадаагүй.” /хх-16-22,78/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Диваагачилийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Гүн” караоке ресторанд зөөгч, барменаар ажилладаг. 2018 оны 4 дүгээр сарын 1-ний шөнийн 01 цагийн үед караокед барменаар ажиллаж байхад Сийлэгмаа “чиний хэлж оруулсан хүмүүс гардаггүй, хаамаар байна” гэхээр нь 4 номерын өрөөнд очоод харахад 4 залуу сууж байсан ба манай танил Ананд байхгүй байсан. Тэгээд нэг хараад буцаад ирэх үед 2 залуу өөд өөдөөсөө хараад архи уугаад сууж байсан. Сийлэгмаа эгч бид 2 гаргах гээд доромжлуулаад дийлэхгүй болохоор захирал Сумъяадоржийг дуудсан. Сумъяадоржийг ирэхэд тэр согтуу залуу “чи хэн бэ” гээд доромжлоод байсан. Тухайн үед захирал тэр залууг босгох гээд тэлээнээс нь татаад дийлэхгүй байсан.  Тэр залуу гар утсаараа “зодоод байна” гээд орилоод байсан.” /хх-27-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сийлэгмаагийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Гүн” караокед бармены ажлаа хийж байтал шөнийн 23 цагийн үед 10 гаруй залуус манай караокены 4 номерын өрөөнд орж үйлчлүүлж байсан. Нэг мэдэхэд хүмүүс нь явсаар байгаад караокены өрөөнд 2 залуу үлдсэн байсан. Нэг залуу нь согтуу нөгөө нь сэрүүн байсан. Намайг загнаад байхаар нь зөөгч У.Диваагачилыг дуудаад хамт очиход хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь захирал Ц.Сумъяадоржийг дуудсан. Захирал шаардлага тавихад дахиад доромжлоод гарахгүй байсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Доржхандын өгсөн: “...Би О.Мөнхсайхан гэдэг хүнийг санахгүй байна. Гэхдээ би тухайн үед яаралтай тусламжийн хуудсыг бөглөсөн. Уг хүнээс асуухад Баянзүрх дүүрэгт 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр толгойдоо цохиулсан гэж 2018 оны 04 сарын 02-ны 22 цаг 45 минутанд ирсэн байна. Би цаашид “чих хамар хоолой эмчид үзүүл” гэж хэлээд уг орой чихийг нь үзээд чамархайн ясны сиди хийлгэ гээд явуулсан.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Эрдэнэтуяагийн өгсөн: “...Миний нөхөр О.Мөнхсайхан гар утсаар залгаад “караокед сууж байхад намайг хүн зодлоо, намайг манартал цохисон, миний чих сонсохгүй байна” гэж утсаар ярьсан. Яагаад зодуулсан талаар асуухад ажлынхаа нэг залуутай хамт караокед үлдсэн. Тэгсэн гаднаас нэг залуу орж ирээд үгийн зөрүүгүй миний чих рүү цохиод авсан. Цагдаа надад юу болсон талаар асуухад караокед хүмүүстэй маргалдсан болохоор бид нар очсон гэсэн. Тэр өдрөө Улсын төв нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмчид чихээ үзүүлсэн. Миний нөхөр “юм сонсохгүй байна, чих дүгнээд хөндүүрлээд өвдөөд байна” гэхээр нь очиж үзүүлсэн. Маргааш нь дахиад Нэгдүгээр эмнэлгийн амбултороор үзүүлсэн. Үзүүлсэн эмч нь компюьютерт чихийг нь хараад “хэнгэрэг цоорсон байна” гэж хэлсэн. Үзсэн эмч нь чихнийхээ зургийг гар утсан дээрээ авч болно гэж хэлэхээр миний нөхөр зургийг нь авсан. Цохиулсан гэсэн чих нь хавдаж улайгаад цус гарсан байсан нүд нь хөхөрсөн бас хөл нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Өвчин намдаах эм ууж байсан, үзлэг хийлгэж байхдаа чихнийхээ зургийг авсан тэр зураг нь байгаа.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бат-Оргилын өгсөн: “...Караокед намайг сэрээд ухаан орсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй. Харин О.Мөнхсайхан захирал “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэрүүл хийж байсан. Тухайн шөнө О.Мөнхсайхан захирлын нүүрийг сайн анзаараагүй. Нэг дэх өдөр ажил дээрээ О.Мөнхсайхантай уулзахад нэг чих нь бага зэрэг хавдсан, хавдсан чихээ заагаад чихний хэнгэрэг гэмтсэн змнэлэг орно гэж байсан.” /хх-42-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Мэндсайханы өгсөн: “ ...О.Мэндсайханы чихэнд учирсан хэнгэрэг хальсны цоорол нь гэмтлийн улмаас үүсэх боломжтой. Чихэнд үрэвсэл байхгүй байна. Хэнгэргэн хальс нь урагдсан, цоорсон харагдаж байна. Мөн чихний 11 цагийн орчим цус хурсан 8 цагийн орчим хэнгэргэн хальс урагдаж ирэмгээр цус харагдаж байгаа болохоор гэмтлийн улмаас учирсан гэмтэл. Яаралтай тусламжийн эмчийн онош чихэнд ерөнхий онош тавьж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байна.” /хх-36-37, 40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 4528 дугаартай дүгнэлтэд:

1. О.Мөнхсайханы биед зүүн бугалга, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-49/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 411 дугаартай шүүх эмнэлгийн материалаар гаргасан дүгнэлтэд:

1.2.3.4.5. Нэмэлт дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд хавсаргагдсан 000053 дугаарласан гар утсаар авсан фото зураг байх ба энэ нь тухайн үзүүлэгчийн овог, нэр, хүйс, он, сар, өдөр тусгагдаагүй байх тул уг фото зургаар дүгнэлт гаргах боломжгүй. Мөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн эмчийн гаргасан тайлбар гэх баримтад эмчийн гарын үсэг нь эмчийн тэмдэгээр баталгаажуулаагүй байх тул О.Мөнхсайханы хэнгэргэн хальс цоорсон эсэхийг тодруулах боломжгүй.” /хх-55/ гэх дүгнэлт, 

 

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61-63, 64/,

Шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-66/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.С нь 2018 оны 3 дугаар сарын 31-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн” нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Шүүгдэгч Ц.С нь Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 80.000 төгрөгийг тушаасан байх тул түүнийг гаргуулж хохирогч О.Мөнхсайханд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч О.Мөнхсайхан нь гэм хорын хохирол болон нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ц.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мөнхсайханд олгосугай.

 

4. Хохирогч О.Мөнхсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС