Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 292

 

Б.Эт холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Эт холбогдох эрүүгийн 1936001640038 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хийморь овогт Б.Э нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой. Тэгсэн атлаа Б.Эийг өөрт нь эрх олгогдоогүй ямар хууль, дүрэм журмыг хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй нь шүүхийн тогтоолд заасан дугнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрт олгогдсон эрх үүргийнхээ дагуу төрийн албыг гүйцэтгэснийг нь хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн бодит байдал болон хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2019 оны төсөвт эд хогшил, урсгал засварын зардалд 20,189,000 төгрөг тусгагдсанаас 7,419,620 төгрөгийг байгууллагын урсгал засварын материал авах зорилгоор 3 удаагийн үйлдлээр “Ачлалт алаг хайрхан ХХК-ийн данс руу шилжүүлсэн бөгөөд бараа материал аваагүй байхад нь Стандарт хэмжил зүйн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу “Ачлалт алаг хайрхан” ХХК-д шилжүүлсэн 7,419,620 төгрөгнөөс 10 хувийг нь суутган үлдээж 6,677,658 төгрөгийг буцааж авсан. Стандарт хэмжил зүйн газарт төсөвлөгдөж ирсэн мөнгийг ‘Ачлалт алаг хайрхан” ХХК-иас буцааж авахад шилжүүлсэн мөнгөний 10 хувь болох 741,962 төгрөгийг суутгаж авсан учир дахин суутгал хийлгүүлэхгүйн тулд бэлнээр гаргуулан авч “Затус” ХХК-д шилжүүлэн засварын ажил хийлгэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг байхаар хуулчилжээ.

Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн төсөвтэй ажил бараа үйлчилгээг тендэр зарлахгүйгээр худалдан авах эрхийг төсөв захирагчид олгосон. Б.Э нь хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт хийсэн шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Шүүхээс “Нийтийн албан тушаалтны “албан үүрэг бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгох онцлогтой юм. Өөрөөр хэлбэл албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх гэж өөрийн эрхэлж буй албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхийг ойлгодог” гэж дүгнэж Б.Эийг гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Б.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлоогүй атлаа гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай магадлалыг хянан үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2019 оны төсөвт эд хогшил, урсгал засварын зардалд төсөвлөгдсөн 20.189.000 төгрөгнөөс 7.419.620 төгрөгийг “Ачлалт алаг хайрхан” ХХК руу шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Б.Э нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Б.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ачлалт алаг хайрхан” ХХК-д 7.419.620 төгрөг шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгосноор гэмт хэрэг төгссөн байна. Хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Н, Б.А, О.Б нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болсон болон хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны дагуу явагдах ёстой. Шүүгдэгч Б.Эийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн бодитой сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хамааралтай, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Э нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20.189.000 төгрөгөөс “Ачлалт алаг хайрхан” ХХК руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4.919.620 төгрөг, нийт 7.419.620 төгрөгийг шилжүүлэн өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.Эийг цагаатгуулах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу тухайн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд:

Нэр бүхий иргэнээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж Б.Эийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгуулахаар мэдээлэл гаргасны дагуу мөрдөгч 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд шүүгдэгч Б.Э нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байрны засварын ажилд гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах нээлттэй тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу зарлахаас зайлсхийж, улмаар “Ачлалт алаг хайрхан” ХХК-иар дээрх засварын ажлыг хийлгэх, эсхүл уг компаниас барилгын материал худалдан авах тухай ямар нэгэн хэлцэл байгуулаагүй атлаа засварын ажилд төсөвлөгдсөн 20.189.000 төгрөгөөс уг компанийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4.919.620 төгрөг, нийт 7.416.000 төгрөгийг дур мэдэн шилжүүлж, тухай бүр нь шилжүүлсэн мөнгөнийхөө 10 хувийг суутгуулан нийт 6.667.100 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан болох нь гэрч Б.Нийн “...Дээрх мөнгөөр манай компаниас Стандарт, хэмжил зүйн хэлтэс нэг ч бараа материал аваагүй, харин Б.Э дарга нь надаас 2 удаа нийт 6.667.100 төгрөг бэлнээр авсан”, гэрч О.Бгийн “...Одоогоор засвар хийлгэхээр “Ачлалт алаг хайрхан” ХХК руу шилжүүлсэн 7.416.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ажил огт байхгүй” /2хх-16/ гэсэн мэдүүлгүүд болон Хаан банкны дипозит дансны хуулга /1хх-70/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Түүнээс гадна Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сард “Затус” ХХК-ний ажилтан Б.Ад 6.100.000 төгрөгийг бэлнээр өгч, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байрны дээврийн засвар болон 2 өрөөнд паркет шал хийлгэх ажил гүйцэтгүүлэхдээ уг компанитай “Конторын байрны дээврийн засварын ажил, халаалтын зуухны засварын ажил хийх” гэрээ /1хх-143/, мөн 6.667.100 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр нөхөж хийлгүүлсэн болох нь гэрч Б.Аын “...танай “Затус” ХХК-иар байгууллагынхаа дээвэр болон зууханд засвар хийлгэмээр байна. Уг засварын ажлыг 5.000.000 төгрөгөөр хийлгэмээр байна, та захиралтайгаа ярилцаад гэрээний мөнгөн дүнг нь 6.700.000 төгрөгт багтаагаад гэрээн дээрээ бичээд өгөөч, би харин уг засварт  яг 5.000.000 төгрөгийг л өгөх болно гэж хэлсэн. ...Харин Б.Э нь хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын дундуур надад 6.100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /2хх-8,15/ болон орлогын баримт /1хх-145/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоожээ. 

Гэтэл шүүгдэгч Б.Э нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно”,

34 дүгээр зүйлийн (Шууд гэрээ байгуулах арга) 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”,   

34 дүгээр зүйлийн 34.3-т “Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, урьд нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн төвд ажиллаж байсан, өөрийн таньж мэдэх Б.Аын /2хх-8/ хамаарал бүхий “Затус” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгохдоо илтэд хувийн ашиг сонирхлоор хандаж, төсвийн мөнгөнөөс хувьдаа завших нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хэдийгээр Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Байгууллагын ажлын байрны дээврийн болон өрөөнүүдэд хийсэн урсгал засварын ажлыг хүлээн авч ашиглалтанд оруулах комиссын акт” /2хх-220/ үйлдсэн хэдий ч Б.Эийн “Ачлалт алаг хайрхан” ХХК-д 7.416.000 төгрөг шилжүүлж, уг мөнгийг бэлнээр гаргуулж авахдаа суутгуулсан 748.900 төгрөг, мөн түүний бэлнээр авсан 6.667.100 төгрөг болон “Затус” ХХК-д өгсөн 6.100.000 төгрөгийн зөрүү 567.100 төгрөг тус тус бодитой нөхөн төлөгдөөгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлж, сонирхлын зөрчилд орохыг хязгаарласан хэм хэмжээг тусгайлан хуульчилсан билээ.

Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж заасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж конвенцийн зарим заалтыг баталгаажуулсан юм.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Эийн Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20.189.000 төгрөгөөс 7.416.000 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т заасан шалгуурыг үл харгалзан засварын ажлын гүйцэтгэгчийг өөрийн үзэмжээр сонгож, түүнд шилжүүлсэн мөнгөнөөс зарим хэсгийг завшсан буюу өөртөө давуу байдал олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар Б.Эийн хууль бус үйлдлийг шалгуулахаар нэр бүхий иргэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдээлэл гаргасан байхад Б.Эийг 2019 оны 06 дугаар сарын 25-нд /1хх-13/, 2019 оны 07 дугаар сарын 29-нд /2хх-20/, 2019 оны 11 дүгээр сарын 21-нд /3хх-13/ тус тус 3 удаа холбогдсон хэргийнх нь талаар гэрчээр байцааж хууль зөрчсөнөөс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 8 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Эийг яллагдагчаар татах тогтоол үйлдэх /3хх-55/ зэргээр мөрдөн шалгах ажиллагааны хугацаа алдсан, мөн Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлийн бланк дээр хэвлэгдсэн /3хх-210/ зөрчилтэй байгааг тус тус анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

    Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР

    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН