Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2024/00015

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 82 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 82 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Миний бие хоёр хүүхдийн хамт 2022 оны 12 сарын 30-ны өдөр хот хооронд тээвэр хийдэг жижиг автомашинаар Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гэр лүүгээ явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2-р баг хөдөө хэсэгт буюу Устын ам гэх газарт осолд орсон. Дээрх ослын улмаас бага хүү минь нас барсан. ... Манай гэр бүлийн сэтгэл санаа хэцүү байна. Орой унтаж чадахгүй маш их айж цочирсон байдалтай. Охин маань дүү хэзээ эмнэлгээс гарах вэ гэж асууж байна. Дүүгээ санаад байна хэзээ ирэх вэ гэж ярьдаг. Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр *******г гэм буруутайд тооцож, сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсэн учраас хариуцагч *******гээс сэтгэл санааны хохиролд 82 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана гэж заасны дагуу тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 82 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 2. Хариуцагч: ******* тайлбартаа: ... Би үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардал 10 062 014 төгрөгийг бүрэн төлсөн, мөн баримтгүй 3 937 986 төгрөгийг өөрийн санаачлагаар илүү төлсөн.

... Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохиролд 82 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг төлөх боломжгүй гэж үзэж байна. ... Би ч бас энэ хэргийн улмаас хохирогчийн өмнөөс сэтгэл санааны хямралд орсон, сэтгэцийн хохирлыг яаж тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Энэ хэрэг нь хуульд заасан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалт гарахаас өмнө болсон учир миний эрх зүйн байдал дордож байна гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гийн *******д холбогдох Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учруулсан хохиролд 82 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй тул өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг зааж өгсөн бөгөөд хуулийн дээрх холбогдох заалт мөрдөгдөж эхлэх хугацаанд *******д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байсан. Тодруулбал *******гийн гэм буруугийн асуудлыг 2023 оны 08 сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд тус шүүх хуралдаан болох хугацаанд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Гэтэл шүүх хууль буцаан хэрэглэхгүй гэх агуулгыг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо тогтоосны үндсэн дээр тухайн асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хүрээнд нэхэмжлэгч миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана. гэсэн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 12 сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд шүүхийн үндэслэл болгож тайлбарлаад байгаа хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: *******гийн буруутай үйлдлийн улмаас авто осол гарч бага насны хүүхдийн амь нас хохирсонд үнэхээр харамсаж байгаа гэдгээ хувийн зүгээс илэрхийлж байна. Миний хувьд хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг дэмжиж оролцож байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. ... Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтыг баримталж шийдвэрлэсэн нь зөв гэж харж байгаа. Гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 82 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн төрсөн хүүхэд нь нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 82 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ... дээрх гэмт хэрэг гарах үед сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул уг мөнгийг нөхөн төлөх боломжгүй. ... гэх үндэслэлээр татгалзан маргадаг.

4. Хэргийн материалаас үзэхэд, хариуцагч ******* нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газарт 01-22 УНД улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1 Жолооч ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар *******т ...хүнд гэмтэл учруулж хохирогч нас барсан, *******д шүүхээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан буюу гэмт хэргийн улмаас хохирогч болон амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг олгох талаар зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хууль болон холбогдох дүрэм журмуудад заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах журмаар ...энэ гэмт хэргээс болж хүүгээ алдсан, эх хүний хувьд сэтгэл санаа минь тогтворгүй болж, байнгын эмчийн хяналтанд байдаг болсон, энгийн амьдралдаа одоо болтол эргэж орж чадахгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг хэрэглэн хохирогчийн төрсөн эх миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2022 оны 12 сарын 30-ны өдөр гарсан *******д холбогдох хэргийг шүүх 2023 оны 8 сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн, энэ үед сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэхтэй холбоотой хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул сэтгэцэд учирсан хохиролд 82 500 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ... гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

7. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан ба уг хуулийн 40 дүгээр зүйлд Шинжилгээний байгууллага ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.

Уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэг, мөнгөөр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай 511.3, 511.4, 511.5 гэсэн заалтуудыг 2022 оны 12 сарын 23-ны өдөр шинээр нэмсэн бөгөөд улмаар хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зохицуулжээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд энэ хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгатай ба зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд л уг хуулийг буцаан хэрэглэж болдог.

Дээрх хуулиудад зааснаас үзвэл хууль тогтоогч хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулиудыг шинээр батлан гаргахдаа эдгээр хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 82 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН