Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/89

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 201622000202 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Ж-ийн байшинд буюу орон байранд нэвтэрч “Жамсран” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Цэнд-Аюуш” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Алтангэрэл” нэртэй баринтагтай судар 1 ширхэг, “Тарвачинба” нэртэй бор шоголтой судар 1 ширхэг, “Арван хангал” нэртэй судар 10 ширхэг, очир 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 21 метрийн урттай хуйлаатай хулдаас 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, лам хүний цүнх 1 ширхэг, цөгц, мандалын суурь 1 ширхэг, даавуунд буулгасан бурханы /Хятад/ зураг 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг зэрэг болон бусад эд зүйлсийг нь хууль бусаар авч, 2.908.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Ж-ийн байшинд буюу орон байранд нэвтэрч “Жамсран” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Цэнд-Аюуш” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Алтангэрэл” нэртэй баринтагтай судар 1 ширхэг, “Тарвачинба” нэртэй бор шоголтой судар 1 ширхэг, “Арван хангал” нэртэй судар 10 ширхэг, очир 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 21 метрийн урттай хуйлаатай хулдаас 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, лам хүний цүнх 1 ширхэг, цөгц, мандалын суурь 1 ширхэг, даавуунд буулгасан бурханы /Хятад/ зураг 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг зэрэг болон бусад эд зүйлсийг нь хууль бусаар авч, 2.908.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 113-120 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 103 дугаартай: “1. Хэргийн газраас илрүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Дээрх шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь Б-н өмсөж байсан гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 94-96 дугаар хуудас/,
  • Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу яваад 2016 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн. Энэ хооронд манай 10 дугаар багийн ... тоотод байрлах палкан байшингийн цонхыг хагалж хулгай орон доорх эд зүйлүүд алдагдсан байсан. Манай цонх нь 1.5х0.8 метрийн өргөнтэй 2 цонхтой юм. Энэ хоёр цонхыг хоёуланг нь хагалж хулгай орсон байсан. Үүнд: 30х20 сантиметрийн хэмжээтэй Жамсран бурхан /зурмал/ энэ бурханыг дахин бүтгээлгэхэд 300.000 төгрөг болно, 2.5х8.0 сантиметрийн хэмжээтэй Цэнд-Аюуш бурхан мөн зурмал, дахин бүтгээлгэхэд 100.000 төгрөг болно, хуучны Алтангэрэл судар /баринтагтай/ 12 ширхэг судар, 60х10 сантиметрийн хэмжээтэй, 500.000 төгрөгөөр үнэлнэ, хөлдөөгч 1 ширхэг 250.000 төгрөг, 21 метрийн урттай ногоон өнгөтэй хуйлаатай хулдаас 1 метр нь 18.000 төгрөгийн үнэтэй, нийт 378.000 төгрөгөөр үнэлнэ, угаалгын машин 1 ширхэг 250.000 төгрөг, 1.5х0.8 метрийн 2 ширхэг салхивчгүй үргэлж хийгдсэн 2 цонх, /цонхыг хятадаас хийлгэж авчирч байсан/, Тарвачинба судар /бор шоголтой 40х10 сантиметрийн хэмжээтэй судрыг 400.000 төгрөгөөр үнэлнэ. ...би өмнө өгсөн мэдүүлэгтээ хулгайд алдсан зарим зүйлээ дутуу бүртгүүлсэн байсан. Манайхаас эртний хийцтэй ямар нэгэн хээ угалз байхгүй мөнгөн аяга 1 ширхэг, 1990-ээд оны товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, ламын хэрэглэдэг очир 1 ширхэг зэрэг зүйлүүд алга болсон байсан. ...Манайхаас хулгайд алдсан хөлдөөгч, угаалгын машин хоёрыг 2014 онд “Тэнхлэг” их дэлгүүрээс худалдаж авсан. Тухайн үед хөлдөөгчийг 250.000 төгрөгөөр, угаалгын машинаа 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн манайхаас хулгайд алдагдсан 21 метр хулдаасыг 18.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Алтангэрэл судар Монгол хийцтэй, зурмал хоёр бурхан ч бас Монгол хийцтэй, очир нь хаанахын хийцтэй гэдгийг мэдэхгүй байна. ...Мөн арван хангалын судрууд алга болсон байсан. 1. Жигжид бурханы тахилгын судар 2. Лхам бурханы тахилгын судар 3. Гомбо бурханы тахилгын судар 4. Чойжоо бурханы тахилгын судар 5. Очирваань бурханы тахилгын судар 6. Жамсран бурханы тахилгын судар 7. Намсрай бурханы тахилгын судар 8. Шальш бурханы тахилгын судар 9. Цамба бурханы тахилгын судар 10. Гомбо бурханы тахилгын судар зэрэг зүйлүүд алга болсон байсан. ...мөнгөн хазаараа 200.000 төгрөгөөр, мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр, Арван хангалын судраа нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. ...Манай байшингийн цонхоор хөргөгч, хөлдөөгч багтаад гарчих бүрэн боломжтой. ...Лам хүний үүрдэг ногоон цүнх, мандал өргөдөг гуулин суурь, 3-4 ширхэг цөгц зэрэг эд зүйлүүдийг хүлээн авсан. Тухайн үед хошууч Б надад хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулж авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126, 127-131 дүгээр хуудас/,

       2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин авсан мэдүүлэгт: “...хүлээж авсан зүйлүүдээ тодорхой санаж байна. 2-3 метрийн урттай, цагаан өнгийн 2 салаа гэрлийн зэс голтой, нэг үзүүртээ тогны хуучин тоолууртай цахилгааны утас, тоолуур, 4 ширхэг жижиг цөгц, мандалын суурь 1 ширхэг, ламын хэрэглэдэг ногоон өнгийн үүрдэг цүнх 1 ширхэг, Намсрай нэртэй орчин цагийн Хятад улсад үйлдвэрлэсэн хуйлаатай бурхан 1 ширхэг зэрэг зүйлийг хүлээж авсан. ...миний хувьд хулгайд алдсан зүйлүүдээ нэг бүрчлэн бүртгэж чадахгүй нэг юм хэрэгтэй болоод байхаар нь олдохгүй алга болчихсон байсан. Ер нь зарим хулгайд алдсан зүйлүүдээ үгүйлж чадахгүй байсан. ...хувь хүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн хуучин DVD тоглуулагч хулгайд алдагдсан байсан. ...би мандалын сууриа 60.000 төгрөгөөр, DVD тоглуулагчаа 20.000 төгрөгөөр үнэлсэн. Харин 2-3 метрийн урттай цахилгааны утас, цахилгааны тоолуур эвдэрсэн байсан тул үнэлэхгүй. ...гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-84 дүгээр хуудас/,

  • Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны хавар байсан санагдана, сар, өдрийг сайн санахгүй байна. Би Мөрөн сумын 10 дугаар багт Б- хулгай хийсэн гэх газрыг өөрөөр нь заалгаж хулгай хийсэн зүйлээ орхисон гэх нойлын араас ногоон өнгийн лам нарын үүрдэг цүнхтэй эд зүйл хурааж авсан. Тухайн цүнхэн дотор цөгц, судар зэрэг зүйлүүд байхаар нь хурааж авсан. Яг хичнээн хуудас судар, цөгц байсан гэдгийг одоо сайн санахгүй байна. Тухайн хурааж авсан эд зүйлүүд нь мөрдөгч Г-н өрөөнд үлдээд, сүүлд мөрдөгч Г нь Ж гэх хүнд хүлээлгэж өгсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ы хулгайн эд зүйлээ орхисон гэх газарт очиход хуйлаастай бурхан, судар, цөгц зэрэг зүйлүүд байсан шиг санагдаж байна. Э-н хурааж авсан эд зүйлүүдийг хошууч Б-т хүлээлгэж өгсөн. Одоогоос 2-3 жилийн өмнө байсан болохоор яг юу юу байсан талаар тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 11 дүгээр сард байх, өдрийг нь санахгүй. Би Мөрөн сумын 10 дугаар хороонд өөрийн том хүү Б-н эзэнгүй хашаа байшинг харчихаад буцаж явж байхад манай том охин Д над руу залгаад ...Ж-н байшин ойрхон байна та нэг харчихаач гээд хаягийг нь хэлэхээр нь за тэгье гээд яваад очиход Ж-н байшингийн урд хоёр цонхны шилийг юу ч үгүй хагалаад хаячихсан байсан. Тэгээд би хулгай орчихсон юм шиг байна гэж хэлээд ганцаараа явсан болохоор айгаад ойртож чадаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 05 дугаар сард санагдана. Өдрийг сайн санахгүй байна. Мөрдөгч Г надад Б-ы хулгайлсан эд зүйл гээд 3-4 ширхэг цөгц, хуйлаастай нэрийг нь мэдэхгүй бурхан 1 ширхэг, лам нарын үүрдэг ногоон өнгийн цүнх 1 ширхэг, мандалын суурь гэх зүйл 1 ширхэг, нэг үзүүртэй хуучны тоолууртай цагаан өнгийн 2-3 метрийн урттай цахилгааны утас зэргийг хэргийн хамт өгч байсан. Тэгээд би эдгээр зүйлийг хохирогч Ж гэх хүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний барагцаалж байгаагаар 2015 оны 11 сарын сүүлчээр би өөрийн төрсөн ээж Д рүү утсаар залгаж та Мөрөн сумын ... тоотод байрлах Ж-н байшинг нэг үзчихээч гэж захисан. ...Ингээд удалгүй манай ээж очиж үзчихээд хулгай орсон юм шиг байна, урд талын хоёр цонхны шилийг юу ч үгүй хагалаад хаячихсан байна гэж мэдэгдсэн. Тэгж л анх хулгай орсон талаар мэдсэн. ...Улаанбаатар хот руу явах болоод байшиндаа өөрийн хэрэглэж байсан зурагт, хөлдөөгч, угаалгын машин, халуун тогоо, индүү, ус буцалгагч, буйдан, нэг авдар дүүрэн бурхан шашны ном судар зэрэг зүйлүүдийг үлдээж явсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд хөлдөөгч, угаалгын машин, бурхан шашны зүйл зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан гэсэн. Манай нөхөр надаас түрүүлж ирээд өөрөө эд зүйлээ бүртгэж үзээд надад хэлсэн. Миний хувьд Ж-г Улаанбаатар хот руу явахдаа барьж байсан байшиндаа хэрэглэж байсан эд зүйлүүдээ хийгээд цоожлоод явсан талаар нь мэдэж байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90 дүгээр хуудас/,
  • Хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан /1-р хх-ийн 140-141, 2-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-ийн 196-201 дүгээр хуудас/,
  • Яллагдагч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...очирыг хүнд зараагүй, Галт суманд оршин суух найз Н гэх хүнд өгсөн. ...Н тухайн эд зүйлийг надад хаясан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 03 дугаар сард байх, өдрийг нь санахгүй байна. Би Мөрөн сумын 10 дугаар багт ганцаараа явж байгаад давхар гудамжтай айл байхаар нь урд хамар хашааных нь хаалгаар явж ороод хойд талынх нь хашаанд байрлах ертөнцийн зүгээр урагшаа харсан хоёр цонхтой, цонхыг нь банзаар дарж хадсан байшин байхаар нь доод талаас нь хоёр ширхэг банзыг ханз татаж автал цонхных нь шил хагарчихсан байсан. Тэгээд би байшин руу явж ороод хоймор нь авдар нь цоожгүй байхаар нь тагийг нь онгойлгоод авдар дотроос цөгц, хуйлаастай 2-3 ширхэг бичиг, очир зэрэг зүйлүүдийг авсан. Би тухайн үед авч байсан зарим зүйлүүдээ санахгүй байна. Тэгээд би хулгай хийсэн зүйлүүдээ аваад орсон цонхоороо буцаж гараад урд талынх нь хашааны нойлын ард хулгай хийсэн зүйлүүдээ тавьчихаад буцаж ирж авна гэж бодож орхиод явсан. Би байшин дотор байхдаа нэг ширхэг очир хувцасныхаа халаасанд хийсэн байсан. Тэр очироо өөрийн найд Л-д өгсөн. Л зарна гээд зах руу аваад явсан. Би хулгай хийсэн зүйлүүдээ очиж авж чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/,

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 11 дүгээр сард Мөрөн сумын 9 дүгээр багт хаягийг нь сайн мэдэхгүй нэг эзэнгүй байшин байсан. Тэр эзэнгүй байшингийн цонхыг нь даруулсан байсан банзыг нь хуу татаж аваад цонхоор нь явж орсон. ...би дээд авдарыг нь ухаж үзэхэд зэс гуулин цөгцнүүд байсан. 30 гаруй цөгц, зам анги гэсэн монтажны 3-4 метр утас, 1 DVD тоглуулагч, гарын атгын чинээ шашны зан үйлд хэрэглэдэг очир нэгийг авсан. Би авсан зүйлээ хашааны 00-ийн ард хийсэн байгаа. Нэг очирыг нь Л-д өгсөн” гэх тайлбар /1-р хх-ийн 123 дугаар хуудас/,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутагт ганцаараа явж байгаад эзэнгүй айлын хашаанд бие засахаар орсон. Тухайн айлын байшингийн цонхыг банз модоор даруулж хадан хаасан байсан. Би хоёр ширхэг банз модыг авч байгаад байшинд нэвтэрч орсон. Авдар дээр байсан цүнх, цөгц, очир, хуйлаатай бичиг зэргийг авсан. Өөр эд зүйл аваагүй. Тухайн байшингаас гараад цүнхэнд цөгцнүүд болон хуйлаатай бичгийг хийгээд хашааны тэнд байсан жорлонгийн хажууд орхиод зөвхөн очирыг авсан. Тэгээд Л-той таараад очирыг заруулахаар өгсөн. Тэгээд би сар гаруй Хөвсгөл аймгийн Галт суманд С гэх айлд ямаа самнах ажил хийж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 дугаар хуудас/ болон энхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүү Б охин Б хоёр надтай Мөрөн суманд амьдардаг. ...Г.Б-д иргэний үнэмлэх байхгүй. ...Уг нь даруухан хүүхэд л байсан. ...ажил төрөл хийж амьдар гэж зөндөө хэлж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын тоотын хуулбар /1-р хх-ийн 182, 183 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 195 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-ийн 196-201 дүгээр хуудас/,
  • 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн “...2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г.Б-ыг Мөрөн сумын 10 дугаар багт гудамжинд согтуу явахаар нь саатуулан Цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тайлбар, мэдүүлэг авахаар Г.Б-ыг эрүүлжүүлэх байрнаас гарган ээж Д.Б-тай уулзуулж байх үед Цагдаагийн газрын гаднаас зугатаасан болно” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 204 дүгээр хуудас/,
  • Галт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Э-н 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “...мотоцикльтой зам дагуу ирэхэд нь цагдаа хувцастай зогсоох дохио өгөхөд шууд уул өөд зугатсан. Машинтай араас нь гэрэлтүүлэн дагаж явахад Мөрөн сумын урд талд мотоцикль нь унтарсан. ...Б замд буугаад зугтсан байсан. Маргааш нь Г.Б-ыг Мөрөн суманд орогнож байхад нь баривчлав” гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 205 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Б-н 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Б-ыг албан ёсоор хүлээн авч эрүүгийн 201622000202 тоот хэрэгт шалгахаар сэжигтнийг баривчлах тогтоол үйлдэн прокуророор батлуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах, цагдан хорих байранд хүргэн машинаас буулгахад мөн зугатаасан болно” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 206 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн зарим гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Г.Б- ганцаараа үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Г.Б- нь 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Ж-ийн байшинд буюу орон байранд нэвтэрч “Жамсран” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Цэнд-Аюуш” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Алтангэрэл” нэртэй баринтагтай судар 1 ширхэг, “Тарвачинба” нэртэй бор шоголтой судар 1 ширхэг, “Арван хангал” нэртэй судар 10 ширхэг, очир 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 21 метрийн урттай хуйлаатай хулдаас 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, лам хүний цүнх 1 ширхэг, цөгц, мандалын суурь 1 ширхэг, даавуунд буулгасан бурханы /Хятад/ зураг 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг зэрэг болон бусад эд зүйлсийг нь хууль бусаар авч, 2.908.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 113-120 дугаар хуудас/, хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 125-126, 127-131, 2-р хх-ийн 79-84 дүгээр хуудас/, гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 135 дугаар хуудас/, гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 137 дугаар хуудас/, гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 86 дугаар хуудас/, гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 88 дугаар хуудас/, гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 90 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан /1-р хх-ийн 140-141, 2-р хх-ийн 95-96 дугаар хуудас/, яллагдагч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 75 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 123, 149-150 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.Б-ы үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу байшинд “багаж хэрэгсэл ашиглахгүйгээр цонхны хаалт банзыг ханзлан” нэвтэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд 2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь энэхүү хуулийн зорилго, зорилтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхээс зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй байжээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-д “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-д хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь шүүгдэгчийн хувьд оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримталсан бол 2015 оны хуульд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэх байсан. Тодруулбал 2015 онд үйлдсэн гэмт хэрэгт тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхгүйгээр, 2015 оны буюу 2017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн хувьд ашигтай бол энэ хуулийг тухайн цаг хугацаанд нийцүүлэн хэрэглэхийг хууль буцаан хэрэглэх гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч Г.Б-ы үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг “1-р хх-ийн 71/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 103-104/ зэргээс дүгнэн тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгчээс хураан авсан гутал нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй шинжээчийн дүгнэлтээр тохирч байгаа нь түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг, мөн шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолуудад дурдсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь энэхүү гэмт хэрэгт давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнөх гэмт хэргүүдээ үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар ахин дахин хулгай хийж байсан нь энхүү гэмт хэрэгт мөн адил эхлээд үнэтэй эд зүйлсийг нь авч худалдан борлуулж, зарагдахгүй эд зүйлсийг нь өөр газар нууж мөнгө олохдоо дахин ашиглахаар бэлдэж тавьснаас харагдана. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгч нь тухайн газар нэр дурдсан эд хөрөнгө байсан эсэх нь тодорхойгүй,  тухай газраас хулгайлагдсан овор ихтэй эд зүйлсийг хаалгаар авч гараагүй, хагархай цонхоор гаргах боломжгүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэргийн газрын үзлэг, цонхонд хийсэн хэмжилтээр тухайн эд зүйлсийг цонхоор гаргах бүрэн боломжтой, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тухайн газар хулгайлагдсан эд зүйлс байсан болох нь нотлогдож байгаагийн дээр хохирогчийг худлаа ярьсан гэх үндэслэл хавтаст хэрэгт тогтоогдохгүй, түүний хэлсэн зүйлс нь гэрч нар болон шүүгдэгчийн хулгайлснаа хүлээсэн эд зүйлсийн нэрсээр батлагдаж байгаа, түүнчлэн шүүгдэгч нь би DVD хулгайлсан гэх боловч яаснаа санахгүй байна гэж мэдүүлсэн зэргээр няцаагдаж байна.

 Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 3.208.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчоос нийт нэхэмжилсэн 3.208.000 төгрөгөөс буцааж авсан эд зүйлийн үнэ 110.000 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар төлбөл зохих 3.098.000 төгрөгийг  шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 3.098.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Ж-ийн байшинд буюу орон байранд нэвтэрч “Жамсран” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Цэнд-Аюуш” нэртэй зурмал бурхан 1 ширхэг, “Алтангэрэл” нэртэй баринтагтай судар 1 ширхэг, “Тарвачинба” нэртэй бор шоголтой судар 1 ширхэг, “Арван хангал” нэртэй судар 10 ширхэг, очир 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 21 метрийн урттай хуйлаатай хулдаас 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, лам хүний цүнх 1 ширхэг, цөгц, мандалын суурь 1 ширхэг, даавуунд буулгасан бурханы /Хятад/ зураг 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг зэрэг болон бусад эд зүйлсийг нь хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр ...нэвтэрч үйлдсэн” үйлдэл нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал, зарим гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчоос уучлалт огт гуйгаагүй, гэмшээгүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.098.000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нь шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон хугацааг нь эдлэх ялд нь оруулан тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгож байгаа баривчлах ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан тул энэ ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдэж мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлүүд тогтоогдож байх тул өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 171 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Г.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 171 хоногийг хорих ялын 171 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогчид 3.098.000 төгрөгийн төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 171 хоногийг хорих ялын 171 /нэг зуун далан нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас 3.098.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ж-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ