Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2024/00016

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т  холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь хариуцагч *******т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Анх эгч ******* нь *******, ******* нарын байр авахаар хуримтлуулж байсан 12 000 000 төгрөгийг өсгөж өгнө гээд зээлж авсан байдаг. Ингээд ******* нь хоёр жилийн дараа буюу 2015 оны 01 сард *******, ******* нарыг дуудаж уулзаад Би ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа, ярилцаж байгаад хямдралтай, хөнгөлөлттэй байр авах боломж байна гэсний дагуу тэд ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. *******, ******* нар нь уг гэрээг байгуулахдаа урьдчилгаанд 25 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа ******* нь *******, ******* нарын мөнгийг авч хэрэглэсэн учраас үлдэгдэл мөнгийг би зохицуулаад явна гэж хэлсэн байдаг. Тохирсон хугацаандаа ******* нь мөнгөө төлж чадаагүй учраас тэрээр ипотекийн зээл аваад урьдчилгаа мөнгөө төлье гэдэг саналыг гаргаад ******* ХХК-иас байрны урьдчилгааг төлсөн гэх бичиг авч, банкнаас үлдэгдэл мөнгөнд ипотекийн зээл гаргуулахаар тохиролцож ******* ХХК-аас гуйсан байдаг. Нэгэнт байранд нь орсон байсан учраас ******* ХХК бичиг хийж өгсөн гэдэг. Ингээд *******, ******* нар нь ХААН банкнаас ипотекийн зээл гаргуулахаар хөөцөлдсөн. Зээл авахаас өмнө дээрх компаниас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, гэрчилгээгээ барьцаанд тавиад банкнаас 38 500 000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээл нь ******* ХХК-ийн данс руу шилжсэн байдаг. Үүнээс урьдчилгаа 25 200 000 төгрөгийг төлсөн. Ипотекийн зээл 38 500 000 төгрөгөөс 25 200 000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлөөд, үлдэгдэл 13 300 000 төгрөгийн 12 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан мөнгөндөө өгсөн гэдэг. Ингээд *******, ******* нар нь 2015 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг төлөөд явж байна. *******, ******* нар 2015 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч эхэлсэн. 2016, 2017 оны үед *******, ******* нар муудалцаад эгч ******* нь гэрээсээ хөөгдсөн. 2017 онд төлөх ёстой байсан 15 000 000 төгрөгийг ******* төлөөд байрны ордерыг авъя гэж компанитай уулзсан байдаг. ******* ХХК-ийн зүгээс *******т уг байрыг *******, ******* нар нь захиалгын гэрээгээр авсан. Байрныхаа урьдчилгааг төлсөн. *******тай уулзаж учраа ол. Бид байрыг таны нэр дээр болгож өгөх эрх хэмжээ байхгүй гэж хэлсэн байдаг. *******тай холбогдож тодруулахад ...*******ын 25 000 000 төгрөг төлсөн гэдэг нь худлаа. Би тэр үед махны худалдаа наймаа эрхэлдэг байсан. Надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Хэрвээ 25 000 000 төгрөг төлсөн бол 38 500 000 төгрөгийн ипотекийн зээл авахгүй байх байсан. 5 000 000, 15 000 000 төгрөг өгсөн гэж байгаа нь худлаа. Эхний 15 000 000 төгрөгийг би төлсөн. Сүүлийн 15 000 000 төгрөгийг ******* төлсөн. 15 000 000 төгрөг төлснөөрөө энэ байрны эзэн боллоо гэж бодоод байх шиг байна, тийм асуудал огт байхгүй. Энэ талаар цагдаагийн газарт шалгагдсан. гэж хэлдэг.

...Маргаад байгаа орон сууцны өмчлөгч нь *******, ******* нар болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Иймээс бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс өөрийн эд хөрөнгө, өмчөө шаардах эрхтэй. ******* нь байраа буцаагаад авбал 15 000 000 төгрөгийг төлж болно гэдэг. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Иймээс уг байрнаас *******ыг гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би *******тай 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. Удалгүй ******* нь ******* ХХК-тай уулзлаа, хоёр өрөө байрыг 55 000 000 төгрөгөөр зарна гэнэ. Эхний удаа урьдчилгаанд 25 000 000 төгрөг аваад, 1 жил өнжөөд дараа жилээс нь үлдэгдэл мөнгөө 2 хуваагаад төлөх юм байна гэж хэлсэн. Би *******д 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч бид хоёр ******* ХХК-ийн ******* байранд орохоор болсон. Байранд орох үедээ би өөрийн биеэр очиж 3 давхарын голын хаалга буюу ******* тоотын 2 өрөө байрыг сонгон нүүж орж амьдарсан. Үүний дараа ******* байрны мөнгөнд өгнө гээд надаас бэлнээр 5 000 000 төгрөг авсан. Мөн дараа нь үлдэгдэл төлбөрийн талыг нь өгнө гээд бэлнээр 15 000 000 төгрөг авсан. Хамгийн сүүлийн төлөлтийг яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг ******* ХХК руу очиж асууж байгаад ******* гэх хүний дансанд үлдэгдэл бүх мөнгийг хийж, байрны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Нэхэмжлэлд бичсэн нь огт худлаа. ******* нь тухайн үед Хилийн цэргийн 032 дугаар ангийн Чулуунхороот сумын нэг заставт ажилладаг байсан юм. Гэтэл энэ байр яагаад *******, ******* нарын нэр дээр шилжсэнийг ойлгохгүй байна. Байрны төлбөрөө бүрэн төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах гээд очиход *******г олж ир гэсэн. Тэр үед ******* бид хоёр тусдаа амьдарч байсан тул *******тай холбогдож чадаагүй. Энэ хүмүүс *******тай нийлж намайг залилж миний байрны өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан гэж үзэж байна. ******* ******* сард Шинь Шинь ХХК яваад, 10 сараас тусдаа амьдарч эхэлсэн. ******* ХХК-ийн менежер Лхагважав над руу 12 дугаар сарын эхээр утасдаад оны өмнө тооцоогоо хийгээрэй гэхэд нь би мобайл банкаар 10 000 000 төгрөг шилжүүлээд, оны дараа 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд 30 000 000 төгрөгийг төлөөд, нийт 60 000 000 төгрөгийг би төлсөн. ...*******ын байр байсан бол би хүний төлбөрийг төлөх шаардлага байхгүй. *******гаас салахдаа байрнаас гараад явах байсан. Миний байр байсан болохоор мөнгөө төлөөд явсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 72б байрны ******* тоотын 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамтран амьдарч байсан *******тай ярилцаад Хэрлэн сумын 10 дугаар баг, 72б байрны ******* тоот 48 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр тооцон 2015 онд худалдан авч одоог хүртэл амьдарч байна.

Тухайн үед *******д байрны урьдчилгаа 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч байрандаа орж, үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг би тохирсон хугацаандаа төлсөн. Байрны гэрчилгээгээ авах үед ******* бид хоёр хамтран амьдрахаа больсон байсан бөгөөд ******* ХХК-ийн захирал ******* нь *******г дагуулж ирээд гэрчилгээгээ ав гэсэн боловч ******* ирээгүй тул гэрчилгээгээ авч чадаагүй. Гэтэл ******* нь намайг шүүхэд өгч, өөрийн байраа чөлөөлүүлэхээр өгсний дараа л ******* нь өөрийн дүү Мөнхзаяа, түүний нөхөр Болд, ******* ХХК-тай хуйвалдаж миний орон сууцны гэрчилгээг *******, ******* нарын нэр дээр гаргуулсан болохыг олж мэдлээ.

... Тус орон сууцыг худалдан авах үед *******, ******* нартай огт ярилцаж байгаагүй. Гэтэл намайг гуйгаад тус орон сууцанд амьдарсан мэтээр тайлбар гаргасан нь огт үндэслэлгүй худал зүйл юм.

Тус орон сууцанд анх 25 000 000 төгрөгийг *******д өгч байрандаа орцгоосон. Энэ талаар *******гаас асуулгах гэсэн боловч Солонгос улс руу зугтаад алга болсон. Миний төлсөн 30 000 000 төгрөг баримтаар гарч ирсэн. ******* нь анх гэрчилгээ гаргуулж ипотекийн зээлд хамрагдахдаа ******* ХХК-тай хуйвалдаж, орон сууцны урьдчилгаа 30%-ийг төлсөн гэсэн худал баримт гарган өгч улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулж авсан байсан.

******* 38 сая төгрөгийн ипотекийн зээл авч түүнээс 20 000 000 төгрөгийг нь ******* ХХК-д төлөөд миний сүүлд төлсөн 30 000 000 төгрөгийн төлөлтийг ашиглан байрны гэрчилгээтэй болчихоод байна. ******* ХХК дээрх байдлыг мэдсээр байж орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн учир бусад нь хамаагүй гэсэн байдлаар худалдан авч буй ******* миний эрхийг зөрчсөнд маш их гомдолтой байна.

20 сая төгрөг төлчихөөд одоо байрны эзэн гэж намайг миний орон сууцнаас хөөж буй *******ын үйлдлийг жигшиж байна. ******* нь шударгаар энэ байрны мөнгийг төлж, гэрчилгээг гаргуулаагүй гэдгээ бүрэн дүүрэн мэдэж байгаа учир намайг орон сууцнаас хөөх нэхэмжлэл гаргаагүй байх. Хэрэв үнэхээр өөрийн өмч хөрөнгө гэдгийг мэдэж байгаа бол яагаад *******той хамт нэхэмжлэл гаргаагүй юм. *******г нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх орон сууцыг ******* миний эзэмшлээс бүхэлд нь чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь хууль бусаар миний орон сууцны гэрчилгээг өөрийн болон *******гийн нэр дээр гаргуулсан учир түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... ******* нь яг хууль ёсны өмчлөгч эсэх нь үнэхээр эргэлзээтэй байна. Ер нь өмчлөгч эсэх нь бүрэн тогтоогддоггүй. ******* ХХК-ийн зүгээс Улсын бүртгэл рүү хүсэлт явуулсан боловч хуурамч баримтыг бүрдүүлж явуулсан гэж үзэж байгаа тул *******ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй байна. ... Бодит байдал дээр ******* нь нэг ч төгрөг төлөөгүй, гэрээ хийгээгүй болох нь харагдаж байна. Мөнгө төлөөгүй байж хуурамч гэрээ байгуулж ипотекийн зээл авсан байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 25 сая төгрөгийг эхлээд *******гаар дамжуулж компанид хүргүүлсэн. Дараа нь 30.0 сая төгрөгийг ******* ХХК-ийн захирал руу шилжүүлсэн байна. *******ын хувьд ямартай ч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Хэрэв шүүхээс *******ыг өмчлөгч гэж үзсэн юм бол Мөнхзаяа нь яагаад гомдол гаргаагүй юм бэ? Тухайн байр хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй байсан. ... Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******ын ярьж, хэлж байгаа зүйлс нь үнэхээр баримтаар нотлогдохгүй байна. ******* нь үлдэгдэл төлбөрийн 15.0 сая төгрөгийг Энхбаатартай амьдарч байх хугацаандаа төлсөн байдаг. Үлдэгдэл 15.0 сая төгрөгийг Энхбаатар төлсөн эсэхийг үгүйсгэхгүй байна. ... ******* ХХК-аас *******ыг төлбөрөө төлөхийг шаардсан зүйл байхгүй. ... Энэ асуудал дээр Мөнхзаяагийн эрх ашиг хөндөгдсөн гэж тайлбарладаг. Гэтэл Мөнхзаяа, Болд нар нь нэг гэр бүлийн гишүүд юм. Төлөөлж нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй юм. Мөн энэ хэрэгт Мөнхзаяа ч гэсэн гэрчээр асуугдсан байгаа. Хүсэл зориг нэг гэдгээ илэрхийлж, тайлбарласан. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үндэслэж шийдвэрийг гаргасан. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ... Миний бие 2015 оны 01 сард эхнэр *******гийн хамтаар түүний эгч болох *******гаар дамжуулан ******* ХХК-ийн барьж байгаа Хэрлэн сумын 10 дугаар баг, 72б байрны ******* тоот 48 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр тооцон худалдан авахаар болж орон сууц захиалгын гэрээг байгуулсан. ...Уг гэрээг байгуулахдаа урьдчилгаанд 25 200 000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг нь хоёр хувааж төлөхөөр тохиролцсон. ... ХААН банкнаас орон сууцны ипотекийн зээл авч 25 200 000 төгрөгийг төлсөн. Эгч ******* нь урьд нь биднээс мөнгө зээлсэн байсан тул үлдэгдэл мөнгийг нь төлнө гэсэн бөгөөд байрны үлдэгдэл мөнгөний 15 000 000 төгрөгийг нь төлсөн. ... Манай гэр бүл хөдөө ажиллаж, амьдардаг тул тухайн үед манай байранд эгч ******* амьдарч байя гэхэд нь бид зөвшөөрсөн. Дараа нь нөхөртэй боллоо гээд *******ын хамт амьдарч байсан. Гэтэл 2017 онд тэр хоёр салаад, ******* нь эгчийг байрнаас нь хөөж явуулсан. Байраа авах гэхэд ******* нь өөрөө мөнгийг нь төлж худалдаж авсан, миний байр гээд одоог хүртэл байрыг маань суллаж өгөөгүй. Тэрээр байрны үлдэгдэл 15 000 000 төгрөгийг компанид төлсөн гэсэн, гэхдээ мөнгөний тооцоогоо *******тай учраа олох хэрэгтэй гэж бодож байна. Эгч ******* ******* нарын дундах мөнгөний асуудлыг би мэдэхгүй, ... Иймд байрыг минь *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. ... гэж тайлбарладаг.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлаа ... Миний бие 2014 онд *******тай танилцаж, 2015 онд хамтран амьдарч эхэлсэн. Удалгүй ******* нь ******* ХХК-тай уулзлаа, хоёр өрөө байрыг 55 000 000 төгрөгөөр зарна гэнэ. Эхний удаа урьдчилгаанд 25 000 000 төгрөг аваад, 1 жил өнжөөд дараа жилээс нь үлдэгдэл мөнгөө 2 хуваагаад төлөх юм байна. гэж хэлэхээр нь *******д 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч бид хоёр ******* ХХК-ийн ******* байранд орохоор болсон. Байранд орох үедээ би өөрийн биеэр очиж 3 давхарын голын хаалга буюу ******* тоотын 2 өрөө байрыг сонгон нүүж орж амьдарсан. ... Хамгийн сүүлийн төлөлтийг яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг ******* ХХК руу очиж асууж байгаад ******* гэх хүний дансанд үлдэгдэл бүх мөнгийг хийж, байрны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. ...Иймд энэ байр бол миний байр, яагаад *******, ******* нарын нэр дээр шилжсэнийг ойлгохгүй байна. ******* нь эдгээр хүмүүстэй хуйвалдаж байрыг маань өөрсдийн нэр дээр шилжүүлсэн гэж бодож байна. ... Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэх үндэслэлээр тайлбарлан маргасан бөгөөд уг татгалзлаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ дурджээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь эхнэр *******гийн хамт ******* ХХК-ийн барьж ашиглалтанд оруулж байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, ******* байрны 1 дүгээр орцны 3 давхарын 48 м2 талбайтай 2 өрөө бүхий ******* тоот орон сууцыг 55 200 000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 01 сарын 05-ны өдөр №*******/2015 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан /хх 33-35/,

2015 оны 10 сарын 23-ны өдөр ХААН банк ХХК-ийн Дорнод салбараас Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 38 500 000 төгрөгийн зээл авч, дээрх орон сууцны үнэд 25 200 000 төгрөгийг төлсөн, улмаар Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 10 сарын 21-ний өдөр олгосон Ү хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000388614 дугаар гэрчилгээгээр *******, ******* нар нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон үйл баримт тус тус тогтоогдсон байна. /хх-13/

5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцжээ.

6. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч ******* нь маргааны зүйл болж буй Хэрлэн сумын 10 дугаар багт байрлалтай, ******* байрны ******* тоот орон сууцанд 2015 оноос хойш хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхгүйгээр амьдарч байсан нь тогтоогдож байх ба уг үйл баримтыг талуудын хэн алин нь үгүйсгээгүй.

Хариуцагч ******* нь 2015 онд маргааны зүйл болж буй орон сууцыг ******* ХХК-иас худалдан авч, 25 сая төгрөгийг *******д бэлнээр өгч, байрны төлбөр төлүүлсэн, үлдэгдэл 30 сая төгрөгийг компанид дансаар төлж байрны мөнгийг 100 хувь төлж барагдуулсан тул миний өмчлөлийн байр гэж тайлбарлан, ******* ХХК-ийн захирал *******ийн дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны харилцах дансны хуулгыг баримтаар шүүхэд ирүүлжээ.

Гэвч дээрх баримт болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар ******* нь дээрх орон сууцыг худалдан авах тухай гэрээ болон ямар нэгэн хэлцлийг ******* ХХК-тай байгуулсан, байрны урьдчилгаанд 25 000 000 төгрөгийг *******гаар дамжуулан төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна түүнийг ******* ХХК-ийн захирал *******ийн дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлснээр дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, хариуцагч *******ын хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан ... орон сууцны нэг өмчлөгч болох *******г нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээр оролцуулаагүй. гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Тухайлбал, маргааны зүйл болж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* болон ******* нар бөгөөд тэднийг хууль ёсны гэр бүл болох талаар нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь маргаагүй.

Нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөх эд хөрөнгөө захиран зарцуулахтай холбоогүйгээр бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь хамтран өмчлөгч *******гийн орон сууц өмчлөх эрхийг хөндөөгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ... гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Г.УРТНАСАН