Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2024/00017

 

******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******т  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Би*******ийн эхнэр *******ийг таньдаг байсан. ******* нь 2021 оны 5 сард тугалтай үнээ өгнө гээд надаас 1,500,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед корона вирус тархсан байсан учраас тугалтай үнээ авчирч өгөх боломжгүй боллоо гэсэн. 2022 оны 7 сард ******* нь нөхөр болох*******ийн хамт ирээд хүүхдийн бие муудаад хот явах шаардлагатай байна, та 1,500,000 төгрөг зээлчих гэсэн. Би өмнөх зээлээ төлөөгүй учир нэмж мөнгө өгөхгүй гэж хэлэхэд нөхөр******* нь Цагаан-Овоо сумаас малаа татаж чадахгүй байна, 20 хургатай хонь өгье гэсэн. Ингээд би нөхөртэйгөө ярилцаад 1,500,000 төгрөг өгөхөөр болж гэрээ хийх гэсэн боловч манайд гэрээний шинэ маягт байхгүй байсан. Өмнө нь гэрээ хийхээр бичиж байсан гэрээний маягтаа засаад дээр нь шинээр гэрээ байгуулсан. Гэрээг манай нөхөр ******* бичиж өгсөн. 1 хургатай хонийг 150,000 төгрөгөөр бодож 3,000,000 төгрөгөнд 20 хургатай хонь өгөхөөр тохиролцсон. Хот руу явахдаа 300,000 төгрөгийн хүнсний зүйл авсан. Энэ мөнгөндөө 1 хургатай хонь нэмж өгнө гэж хэлсэн. Нийт 21 хургатай хонь надад өгөхөөр тохиролцсон. *******,******* нар нь хүүхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай, маргааш өглөө бэлэн байх ёстой гээд манайхаас хүнсний зүйл зээлж аваад орой нь хот руу гарсан.******* нь тухайн үед 2 сарын хугацаатай гэрээ байгуулж, хугацаандаа малаа өгөхгүй бол 20 хувийн хүү тооцох, мөн алданги тооцохоор тохиролцсон. Ингээд надаас нийт 3,000,000 төгрөг зээлсэн. Тохиролцсон малаа өгөөгүй учир 2022 оны 7 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хугацааны хүү 600,000 төгрөг, гэрээний 6.2 дахь заалтын дагуу алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг нэхэмжилж байна.******* нь бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь манай нөхөр ярилцаж тохиролцсон зүйлээ бичээд уншиж танилцуулаад гарын үсэг зуруулсан. Эхнэр Алтанчимэг, хүүхэд хоёр нь хажууд нь хамт байсан.******* өөрөө ярилцаж гэрээ байгуулчихаад одоо болохоор танихгүй, гэрээ огт байгуулаагүй гэж худлаа ярьж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн нь тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс гэрээ хийгээгүй гэж худлаа ярьж байгаа нь илт байна. Цав цагаан цаасан дээр гарын үсэг зурсан, эсхүл огт зураагүй, гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэх мэтээр өөр өөрөөр яриад байна. Мөнгөө данс руу нь шилжүүлсэн байхад ч тэр мөнгийг аваагүй гэж худлаа ярьж байна. 7 сарын 19-ний өдрөөс 7 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 1,300,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан нь харагдаж байна. Хариуцагч нь гэрээ байгуулж, гарын үсэг зурсан асуудлаа үгүйсгэж чадахгүй байгаагаа нотолж хэлдэг. Өөрөөр хэлбэл,******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой байна. Хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж мөнгө авсан гэдэг боловч уг мөнгийг эмчилгээнд хэрэглэсэн үү, юунд хэрэглэсэн талаар бид мэдэхгүй. Улаанбаатар хот руу явахдаа авсан 1,500,000 төгрөг, өмнө нь зээлж авсан байсан 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг зээлж авсан нь тогтоогдож байна. Төлнө гээд гарын үсэг зурсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.

2. Хариуцагч******* хариу тайлбартаа: Би ******* гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, танихгүй, *******тэй цуг явж байсан. Зээлийн гэрээ гээд цагаан цаас гаргаж ирээд гарын үсэг зур гэж шаардсан учраас би гарын үсгээ зурсан. Би бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ муухан зурдаг. ...Мөнгө аваагүй, дэлгүүрээс ч юм аваагүй. гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үйл баримт юу вэ гэхээр, хэргийн материалд байгаа зээлийн гэрээг хэлдэг. Уг зээлийн гэрээ өөрөө эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Балласан, арилгасан, тодорхойгүй гэрээ байгаа. Зээлийн гэрээнд Талын гэгээн оюу гэдэг компанийн тамгыг дарсан байна. Энэ тамгыг дарж баталгаажуулснаар тухайн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх компанид байна уу, *******д байна уу гэдэг асуудал эргэлзээтэй. Миний үйлчлүүлэгч ******* гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй нь нотлогддог. 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэдэг боловч гэрчээр асуугдсан *******ийн хувьд 7 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүүхдээ үзүүлээд, шинжилгээ өгсөн үйл баримт харагдаж байна. Иймд 2022 оны 7 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явсан хүн 7 сарын 20-ны өдөр ирээгүй байсан нь тодорхой байна. ...Нэхэмжлэгч нь *******т 2021 оны 5 сард 1,500,000 төгрөг өгсөн байдаг.*******той гэрлэлтийн баталгаа байхгүй нөхцөлд *******ийн зээлсэн мөнгөнд******* яагаад хариуцагч болоод байна вэ гэдэг асуудал яригдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагчийг тодорхой зааж өгсөн байгаа. ******* хувьд хүүхэд эмчлүүлэх төлбөрийг*******оос нэхэмжилж байгаа нь иргэний харилцаанд байж болохгүй зүйл. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******оос 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч  Б.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 23,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн ...нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн хэсэгт 4,300,000 гэснийг 3,300,000 төгрөг гэж, 800,000 төгрөг гэснийг 1,800,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.1-д *******.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг зөвшөөрсөн. Гэрч *******ийн өрийг******* шилжүүлэн авсан гэж байгаа боловч өр шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд *******ийн үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзсэн.

Тухайн гэрээ хэлэлцээр хийгдэх үед 4 хүн байсан. Гурван хүн нь хэлэлцэж тохирсон, нэхэмжлэлд дурдсан зүйл үнэн гэдгийг мэдүүлэг, тайлбараараа нотолдог. Мөн бичгээр хийсэн дээрх гэрээнээс өөр нотлох баримт байхгүй. Нотлох зүйлээ нотолсон гэж үзэж байгаа.

*******,*******той ирж мөнгө зээлээч гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэлтийг хүлээн аваад 1,500,000 төгрөгийг мөнгө болон бараагаар өгсөн. Үүнийг Т.Ганзориг үгүйсгэж нотолж чадаагүй. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл нотлоогүй. Гэрээ гэж цагаан цаас гаргаж ирээд гарын үсэг зур гэж шаардсан би гарын үсэг зурсан гэдэг. Уг хүн бичиг үсэг мэдэхгүй байж болох ч ухаан санаа саруул, юм ойлгох, үг хэл ойлгох чадваргүй хүн биш. Тийм чадамжгүй, ойлгоогүй гэсэн дүгнэлт байхгүй. Гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гарцаагүй гарын үсэг нь мөн учраас үгүйсгэж чадахгүй зөвхөн цагаан цаасан дээр л зурсан гэхээс өөр тайлбар гаргаж чадахгүй байгаа.

Гэтэл гэрээн дээр зурсан гарын үсэгт зүгээр нэг тохируулаад гэрээ хэвлээд гаргачихсан гэх аргагүй байгааг хуульчид мэдэхээр байгаа. Мэдэгдэж байгаа.******* мөнгө ч аваагүй, бараа ч аваагүй гэдэг боловч ядаж мөнгө авсан нь баримтаар нотлогдож байхад бүр худлаа хэлж байна. Энэ байдлаараа аваад идсэн зүйл, уусан архиа ч үгүйсгэж байгаа нь тодорхой байна. Гагцхүү үгүй гэж хэлэхээр эгчийнхээ болон өмгөөлөгчийнхөө зааснаар хэлж байгаа нь асуултанд хариулж байгаа байдлаас харагдана.

Нэгэнт *******ийн авсан 1,500,000 төгрөгийг заавал*******оор төлүүлнэ гэж нэхэмжлэхгүй. 2 сарын хүү 600,000 төгрөгийн 50 хувь болох 300,000 төгрөг нь *******, Т.Ганзориг нарын хүсэл зоригоо илэрхийлж, Т.Ганзориг хариуцахаа зөвшөөрч зурсан гарын үсгийн дагуу хүүгийн 50 хувийг төлөх нь шударга гэж үзэж нэхэж байна.

Алдангийн хувьд шаардаад яахав дээ. Ийм улаан цайм хүнээс ядаж авсан зүйлийнх нь мөнгийг төлүүлж авья гэсэн нэхэмжлэгчийн хүсэл саналын дагуу дансанд орсон 800,000 төгрөг дээр 700,000 төгрөгийн бараа авсан мөнгийг хүү 300,000 төгрөгийн хамт 1,000,000 төгрөг нэхэмжилж авах үндэслэлтэй гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүгчийн зөвхөн бичиг үсэг мэдэхгүй учир ойлгоогүй, ухамсарлаагүй, ухамсарласан гэж үзэх боломжгүй байсан гэсэн дүгнэлт нь хэт өрөөсгөл, баримт нотолгоог үгүйсгэж чадах дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна.

... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд гэрээ байгуулсан нь үнэн байна гэж дүгнэсэн. Гэхдээ хариуцагч гэрээний үр дагаврыг ойлгоогүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч******* өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт тавьж зээл авсан. Тиймээс гэрээний дагуу үндсэн мөнгө 1,500,000 төгрөг дээр нэмж нэг сарын хүү 300,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Тиймээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Ганзоригоос 800.000 төгрөг гэснийг 1,800,000 төгрөг, 4,300,000 гэснийг 3,300,000 төгрөг болгож өөрчилж өгөхийг хүсч байна. Огт аваагүй зүйлийг нэхэмжлээд байгаа зүйл огт биш гэв.

7. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргааныг зээлийн гэрээний асуудал гэж үзэж тайлбарлаж ярьж байсан. Шүүхээс шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал байна гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас гомдол гаргахдаа хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн маргах саналыг гаргаагүй байна. Хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн зүйл байхгүй байна. Энэ талаар тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргасангүй. Гэрээний хувьд Гэгээн оюун ХХК-ны нэр бүхий тамга дарагдсан байна. Мөн баллаж цохолсон, Болорсолонго гэсэн нэрийг дурдсан байна. Энэ нь хуулийн дагуу гэрээ гэж үзэхэд үнэхээр эргэлзээтэй байна. ... Энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ болох нь харагдаж байна. Хариуцагчийн хувьд ганц цагаан цаасан дээр зуруулсан гэдгийг хэлдэг. Энэ зээлийн гэрээг үндэслэж хүүг тооцох боломжгүй юм. 300,000 төгрөгийн хүү нь хэдэн төгрөгөөс тооцсон хүү болох нь тодорхой бус хэвээр байна. 700,000 төгрөгийн бараа авсан гэж тайлбарладаг боловч ямар ч баримт гаргаж өгч чаддаггүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна. ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна, гомдол тодорхой бус байна, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар үндэслэл бүхий гомдол биш байна гэж харж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжилснийг хариуцагч******* эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...Б.Ганзориг нь 20 хургатай хонь өгнө гэж 3,000,000 төгрөг зээлсэн. Малаа өгөхгүй тохиолдол үүсвэл үндсэн мөнгийг хүү, алдангийн хамт төлнө гэж 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг буюу нийт 5,100,000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

5. Хариуцагч******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...*******той зээлийн гэрээ огт байгуулаагүй, танихгүй, ...цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан, ...би мөнгө зээлээгүй, дэлгүүрээс нь ч юм аваагүй, миний хувьд бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ муухан зурдаг, ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

6. Хэрэгт цугларсан бичгийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр үйлдэгдсэн, нэхэмжлэгч ******* ХААН банк дахь 5405401859 тоот данснаас хариуцагч*******ийн 5417007768 тоот данс руу 2022 оны 7 сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 7 сарын 23-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба зээлийн харилцаа үүсэх үндэслэл нь мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч тохирсон хугацаанд үнийг төлөхөөр тохирч, улмаар үүнтэй холбоотойгоор эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ байна.

8. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: гээд 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

9. Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч хариуцагч******* энэ тохиролцооны агуулгыг бүрэн дүүрэн ойлгож, гэрээнээс гарах үр дагаварыг өөрөө бүрэн хариуцана гэдгээ ухамсарласан гэж үзэх боломжгүй, иймд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм.

Нэхэмжлэгч ******* нь гэрч *******т 2021 оны 5 сард 1,500,000 төгрөг, 2022 оны 7 сарын 20-ны өдөр бэлнээр 500,000 төгрөг, дансаар 800,000 төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 300,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг зээлүүлсэн гэж тайлбарладаг боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадахгүй байх ба өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэсэн зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүсээгүй, хариуцагч*******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн түүнээс нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5405401859 тоот данснаас 2022 оны 7 сарын 19-ний өдөр шилжүүлсэн 300,000 төгрөг, 2022 оны 7 сарын 23-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.

11. Иймд нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00309 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ц.ЭРДЭНЭЗУУ