| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0073/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/77 |
| Огноо | 2019-03-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Байгаль, К.Бүжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 1936000000058 дугаартай, 178/2019/0073/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, 05 сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* оны 02 сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 15 нас, 2 сар, 29 хоногтой, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-ийн А бүлэгт суралцдаг, ам бүл-6, эх, эцэг, ах, дүү нарын хамт ******* сумын Алаг багт амьдрах, аминдаа гэр - 2, 250 толгой мал, мотоцикль - 2- ын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 80000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн *******
2. Монгол Улсын иргэн, 2003 оны 03 сарын 10 - ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 16 нас 1 сар 23 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 10- ийн А бүлэгт суралцдаг, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт ******* сумын Алаг багт амьдрах, аминдаа гэр хоёр, 100 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 80000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У.*******гийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, 156400 төгрөгний бэлэн мөнгө болон эд зүйлийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн... гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн У.*******гийн хүнсний дэлгүүрт хулгай орсон байдалтай байв. Хэргийн газарт ирэхэд уг дэлгүүр нь ертөнцийн зүгээр хойшоо харсан шавар блокоор барьсан дэлгүүр байв. Дэлгүүрийн хаалга нь төмөр ногоон өнгийн гадагшаа онгойдог, 2 цоожоор цоожлогддог ба уг дэлгүүрийн хаалгыг шар өнгийн хятад цоожоор цоожилсон байв. Уг дэлгүүрийн эвдэрсэн гэх хоёр цоожийг дэлгүүрийн эзэн гэх У.*******гийн нөхөр болох Б.Цогбадрах авсан байсныг хураан авав. Уг дэлгүүрийн хаалгаар дотогшоо ороод үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахаар тогтов. Уг дэлгүүрийн дотор талд зүүн гар талын хаалга дагуу зуух байх бөгөөд хажууд нь ууттай аргал, түлээ байв. Төмөр хананд тогтоож бэхэлсэн 4 үетэй тавиур байв. Уг дэлгүүрийн эзэн гэх У.*******гийн хэлснээр төмөр тавиурын хамгийн дээд талын тавиурын захад байсан ногоон сагсанд 8 ширхэг алибаба, 2 дахь тавиур дээр байсан Ноншим нэртэй бэлэн гоймон 10 ширхэг, лангууны доод талд байсан жижиг бор цаасан хайрцаг дотор байсан бор өнгийн хэтэвч дотор нь байсан 103000 төгрөг алга болсон байна гэснийг тэмдэглэлд тусгав ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 10-13 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр... М.*******ын аав *******, Ш.*******ий аав ******* нарыг байлцуулан Мульти витамин жүүс-3 ширхэг, алибаба-2 ширхэг, Дриол бохь 13 боодол, бэлэн мөнгө 20000- тын дэвсгэрт- 1 ширхэг, 5000- тийн дэвсгэрт 5 ширхэг, 1000- тийн дэвсгэрт 31 ширхэг, 500- тийн дэвсгэрт 15 ширхэг, 100- тийн дэвсгэрт 1- ширхэг, 20 - тийн дэвсгэрт 12 ширхэг, нийт 83840 төгрөг, тасархай 500 төгрөг зэргийг ******* сумын Алаг багийн иргэн Ш.*******, М.******* нараас хураан авав... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл ... / хэргийн 15-17 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн... Үзлэгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн саарал өнгийн цоож байх бөгөөд эвдэрсэн гацсан байдалтай, мөн хар өнгийн монгол цоож байх бөгөөд уг цоожны хэлийг татахад онгойдог байдалтай байв ... гэх тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг ... / хэргийн 20 - 22 дугаар хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай ... дирол бохь- 20х800- 16000 төгрөг, даблес тамхи- 2х2500- 5000 төгрөг, алибаба чихэр- 7х1500- 10500 төгрөг, мульт ундаа- 5х2500- 12500 төгрөг, дотно сэтгэл бэлэн гоймон- 4х5600- 22400 – нийт 66400 төгрөг ... гэх тайлан / хэргийн 24 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.*******ын өгсөн... Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн. Тухайн өдөр хөдөө мал дээр байж байгаад 19 цагийн үед суманд ирсэн. Гар утсаар тоглох гээд Ш.*******ий гэрт очсон. Түүний утас унтарсан байсан тул даалуу тоглосон. Ш.******* намайг дэлгүүрээс хулгай хийх үү гэхээр би яахын бэ гэсэн. Ш.******* гайгүй санаа зоволтгүй гэхээр нь зөвшөөрсөн.Тэгээд шөнийн 00 цагийн үед гэрээс гараад дэлгүүрийн хажууд очтол цоожтой байхаар нь буцаад Ш.*******ий гэрээс цоож онгойлгох эд зүйл аваад буцаад дэлгүүр дээр ирсэн. Дэлгүүрийн цоожийг төмрөөр гөнжиж онгойлгоод дэлгүүрт ороод түрүүвчтэй мөнгө байхаар нь авсан. 2 чикопай, 20 ширхэг бохь, 2 хайрцаг даблес, алибаба-7 ширхэг, дотно сэтгэл бэлэн хоол 4 ширхэг, мульт ундаа 5 ширхэг зэргийг авсан. Хулгайлсан эд зүйлээ Ш.*******ий гэрт тавиад тэр өдрөө тэднийд хоносон маргааш нь цагдаад баригдсан. Түрүүвчтэй мөнгийг тоолж үзэхэд 90000 төгрөг байсан тул 45000 төгрөгөөр хувааж авсан. Хулгай хийх санааг анх Ш.******* гаргасан. Хохирогчид учирсан хохирлыг аав ээж төлж өгсөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй, Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Намайг сурах бололцоогоор хангаж өгнө үү ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ш.*******ий өгсөн... Тухайн өдөр гэртээ ганцаараа байтал М.******* ирсэн. Бид хоёр гар утсаар тоглох гэсэн боловч утас цэнэггүй байсан тул даалуу тоглосон. Бид хоёр 23 цагийн үед гараад дэлгүүрийн үүдэнд очсон. Цоожийг эвдэх зүйл буцаж ирж гэрээс аваад эвдээд орсон. Бид хоёр дэлгүүр ороод 7 ширхэг алибаба, 90000 төгрөг, 2 ширхэг контик, 20 боодол бохь, 2 хайрцаг чикопай, 5 ширхэг мульт, 2 хайрцаг тамхи зэргийг аваад манай гэрт очсон. Гэрт очоод 90000 төгрөгөө хувааж аваад үлдсэн зүйлээ идсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Би гэм буруугаа ухаарсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Сургуульд сурах боломжоор хангаж өгнө үү ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багт оршин суух, 1976 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, / Эмч овогт Уугангийн *******гийн өгсөн... Би 2019 оны 03 сарын 09- ний орой 22 цагийн үед дэлгүүрээ цоожлоод амарсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед дэлгүүрээ онгойлгох гэтэл цоож нь онгойхгүй байсан. Тухайн үед хулгай орсон гэдгийг мэдээгүй. Нөхөртөө гацсан цоожны талаар хэлээд хамт гарч онгойлгож орсон. Дэлгүүрт ороод ч хулгай орсон талаар мэдээгүй. Мөнгөө авах гэтэл байхгүй болохоор нь 10 цагийн үед цагдаад мэдэгдсэн. Манай дэлгүүрээс 104000 төгрөг болон эд зүйл алга болсон. Хохирлыг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нар нь 2019 оны 03 сарын 09 – нээс 10- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн төвд гэртээ даалуу тоглож байгаад дэлгүүрээс хулгай хийхээр ярилцаж, иргэн У.*******гийн дэлгүүрийн цоожийг эвдэн орж, 90000 төгрөг, 66400 төгрөгний эд зүйлийг авч, Ш.*******ий гэрт очиж, мөнгийг нь хувааж аваад, бусад зүйлийг өөрсдөө хэрэглэсэн хэргийн бодит байдал, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан ... бол гэж тодорхойлоод энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол ... хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Мөн ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д ... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч М.*******, Ш.******* нарын шөнийн цагаар хохирогч У.*******гийн дэлгүүрийн цоожийг эвдэж, 156400 төргөний эд зүйлийг авсныг ... хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч М.*******, Ш.******* нарын 2019 оны 03 сарын 09-нээс 10- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.*******гийн хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэж, 156400 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.******* нь ... Хохирлоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нар нь хохирлоо төлсөн талаар мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нарыг бусдад учруулсан хохирол 156400 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нарыг бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 42, 63 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч М.Цэцэгбалын өгсөн... Ш.******* нь манай нагац ахын хүүхэд. Ш.******* нь ах болон дүү нарын хамт байдаг. Эцэг эх нь хөдөө мал малладаг. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч З.Нарантуяагийн өгсөн... М.*******ын багш болон нагац эгч нь. М.******* нь дүү нараа харж сургуульд явдаг. Эцэг эх нь хөдөө мал дээр байдаг. М.******* гэмт хэрэгт холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.*******гийн өгсөн... Эхнэр бид хоёр хэдэн мал маллаж хөдөө байдаг. Сүүлийн жилүүдэд хүү Ш.******* нь дүү нараа хараад сумын төв дээр байж сургуульд явж байна. Анх удаа гэмт хэрэгт орж байна. Бид нар хохирлыг төлж барагдуулах тул хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг, гэрч К.Бүжидмаагийн өгсөн... Манайх дөрвөн хүүхэдтэй. М.******* манай том хүүхэд. Тухайн өдөр сургууль дээр тэмцээнтэй гэж гарч яваад ийм зүйл болсон байна. Хохирлыг төлнө. Хичээл номондоо сайн.... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч М.*******, Ш.******* нар нь насанд хүрээгүй, дунд сургуульд сурдаг болох нь М.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас, 11 сар, 27 хоногтой байсан талаархи М.*******ын нас тоолсон тэмдэглэл/ хэргийн 47 дугаар хуудас/, М.******* нь 2003 оны 03 сарын 10- ны өдөр төрсөн, / хэргийн 45 дугаар хуудас/ М.******* нь Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 10- ийн А бүлэгт суралцдаг тухай тус сургуулийн захирлын 2019 оны 04 сарын 03- ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт, өсвөр насны шүүгдэгч *******гийн ******* нь ******* оны 02 сарын 04- ний өдөр төрсөн тухай ПЙ 04220411 регистрийн дугаар бүхий төрсний бүртгэлийн лавлагаа / хэргийн 66 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар баримт, гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас, 01сар, 05 хоногтой байсан талаархи нас тоолсон тэмдэглэл, Ш.******* нь Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-ийн А бүлэгт суралцдаг тухай тус сургуулийн захирлын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 10 дугаартай тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нар нь 2019 оны 03 сарын 09- нээс 10- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч У.*******гийн дэлгүүрт шөнийн цагаар нэвтэрч 156400 төгрөгний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, сургалт хүмүүжлийн тусгай байгуулллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цоожийг устгах, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй ,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол 156400 төгрөгийг төлснийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг хууль ёсны төлөөлөгч нар нь төлсөн, өсвөр насны шүүгдэгч нар ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан сургуулийн хамт олон болон эцэг, эхийн хараа хяналтад байх бололцоогоор хангаж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, өсвөр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг зэргийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.*******, М.******* нарт тус тус нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгуулллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.*******д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч М.*******ад нэг жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулав.
Эрүүгийн 1936000000058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хятад цоож нэг ширхэг, хар өнгийн монгол цоож нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх 156400 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 18.1, 18.2, 36.1 дүгээр зүйл,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар,хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7. дугаар зүйлийн 1,8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт 1 / нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн 1936000000058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хятад цоож нэг ширхэг, хар өнгийн монгол цоож нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх 156400 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******ад нэг жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулсугай
7. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА