Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00982

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/00982

 

 

Д.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01094 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах, алданги 63,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Д.Б нь Ж ХХК-тай 2018 оны 11 сарын 22-ны өдрийн №181122 /а/ болон №181122 /б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, хххххх давхарт 11 м.кв талбай бүхий 13 тоот үйлчилгээний талбайг 73,920,000 төгрөгөөр, 8 м.кв талбай бүхий 24 тоот үйлчилгээний талбайг 53,240,000 төгрөгөөр тус тус захиалж, хөрөнгө оруулсан.

1.2. Д.Б нь Ж ХХК-тай байгуулсан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн №181122 /а/ тоот гэрээний төлбөрийг 2021 оны 07 сарын 26-ны өдөр №181122 /б/ тоот гэрээний төлбөрийг 2021 оны 07 сарын 05-ны өдөр тус тус бүрэн төлж дуусгасан.

1.3. Дээрх гэрээний 3.1-т зааснаар гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг чанар сайтай барьж, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэгч Ж ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан 2 ширхэг үйлчилгээний талбайг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2022 оны 01 сарын 18-ны өдөр буюу гэрээгээр тохирсон хугацаанаас 24 cap 19 хоногийн дараа буюу нийт 749 хоногийн хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсөн боловч үйлчилгээний 2 талбайн өмчлөх эрхийг одоо хүртэл захиалагч Д.Б ын өмчлөлд шилжүүлж өгөхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөөгүй.

1.4. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн №181122 /а/ болон №181122 /б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнүүдийн 3.4 дэх заалтын 4 дэх сараас эхлэн... 10 хувиар тооцон ... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

1.5. Гэрээний энэхүү стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэгч Ж ХХК нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй.

1.6. Иймд, нэхэмжлэгч Д.Б ыг ххххх ны В1 /Хүнсний зах/ давхрын 11 м.кв талбай бүхий 13 тоот болон 8 м.кв талбай бүхий 24 тоот 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө /үйлчилгээний талбай/-ийн өмчлөгчөөр тогтоож, уг 2 ширхэг үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн №181122 /а/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 36,960,000 төгрөг, мөн өдрийн №181122 /б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 26,880,000 төгрөг, нийт 63,840,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани Д.Б тай 2018 оны 11 сарын 22-ны өдөр №181122 /а/, №181122 /б/ дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-нүүдийг байгуулсан.

2.2. №181122 /а/ тоот гэрээний дагуу захиалагч нь ххххх ны В1 давхрын 13 тоот, 11 м.кв талбайг, №181122 /б/ тоот гэрээний дагуу мөн үйлчилгээний төвийн барилгын В1 давхрын 24 тоот 1 талбайг захиалан бариулж, төлбөрийг гэрээний 2.1-д заасан графикийн дагуу барагдуулах, гүйцэтгэгч тал нь талбайнуудыг гэрээнд заасны дагуу барьж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

2.3. Нэхэмжлэгч нь № 181122 /а/ тоот гэрээний үнэд 70,000,000 төгрөг төлөх ёстойгоос манай компани 3,080,000 төгрөгтэй тэнцэх 4 хувийн хөнгөлөлт үзүүлж 73,920,000 төгрөгөөр тохиролцсон. Төлбөрөө 2018 оны 11 сарын 23- ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд 6 хувааж төлсөн. №181122 /б/ тоот гэрээний үнэд 56,000,000 төгрөг төлөх ёстойгоос манай компани 53,760,000 төгрөгөөр тохиролцсон. Төлбөрөө 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хооронд 5 хувааж төлсөн. Манай компани барилга барьж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ашиглалтанд оруулсан. Одоо төлбөр тооцооны үлдэгдэлгүй. Иймд өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй.

2.4. Манай компани бусад барилгын компанийн жишгээр хххх төслийн санхүүжилтын тодорхой хувийг өөрийн хөрөнгөөр, зарим хэсгийг захиалагчдын хөрөнгө оруулалтаар, үлдэх хөрөнгийг банкны зээлээр шийдэж төслөө хэрэгжүүлж дууссан.

2.5. Тухайн үед хххх моллын барилга нь ххххх тоот барилга гэсэн албан ёсны хаягтай, нийт 18,250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай, 70 хувийн гүйцэтгэлтэй байхад 2019 оны 06 сарын 13-ны өдрийн ЗБ/149-25 тоот барьцааны гэрээгээр Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх зээлийн гэрээ болон барьцаатай холбоотой хэрэг үүссэн тул банк тус хэргийг шийдвэрлэгдэх хүртэл ямар ч талбайг чөлөөлөхгүй гэсэн.

Дээрх шалтгааны улмаас Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчилэн чөлөөлсөн бичгийг гаргуулж авч чадахгүй байна. Иймд барьцаанаас чөлөөлөх шаардлагыг. хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.6. Барьцаанаас хэсэгчилэн чөлөөлсөн банкны бичгээс бусад үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах материалуудыг манайхаас гаргаж өгөхөд бэлэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 5/12485 дугаартай албан тоотоор ххххх хотхон, хххх моллын захиалагч, худалдан авагч нарын өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас зөвшөөрөл авахгүйгээр гаргах шийдвэр гарсан. Үүний дагуу одоо нэхэмжлэгч манай борлуулалтын албанаас холбогдох материалуудаа аваад Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандан ордероо авах боломжтой.

2.7. Анх Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулахдаа хөнгөлөлттэй үнээр байр захиалсан бол дараа нь гүйцэтгэгчээс аливаа торгууль, алданги нэхэхгүй байхаар талууд тохиролцсон. Энэ нь талаар гэрээний 2.9-д Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан, зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтанд орох хугацаанаасаа хоцорсон талаарх болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь №181122 /а/, №181122 /б/ тоот гэрээ тус бүрээс 4 хувь хөнгөлөлтийг эдэлсэн. Мөн захиалгын гэрээний 3.1, 3.4-д заасны дагуу талбайг ашиглалтанд оруулах цаад хугацаа 2020 оны 03 сарын 30-ны өдөр байсан. 2020 оны 11 сарын 03-ны өдөр улсын комиссын дүгнэлт гарсан. Энэхүү 7 сарын хугацаа нь тухайн үед Ковид 19 цар тахлын үе байсан тул ажил саатаж, хүндрэл үүссэн.

2.8. Гэрээний 6.3-т Захиалгат ажлын гүйцэтгэлийн явцад хүнд нөхцөл байдал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /байгалийн гэнэтийн үзэгдэл.... олон нийтийг хамарсан өвчний улмаас тогтоосон хорио цээрийн улмаас барилгын ажилд саатал гарсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл зогсох хүртэл гэрээний хугацаа мөн хугацаагаар сунгагдана гэж заасны дагуу 2020 оны 03 сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойшилсон юм. Иймд алданги 63,840,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан хххх ны, В1 давхрын 13 тоот, 11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хххх ны, В1 давхрын 24 тоот, 8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, алданги 23,237,760 төгрөгийг хариуцагч Ж ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 40,602,240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,709,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 1,435,511 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Д.Б д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас алданги 23,237,760 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ ... гэрээний 2.9-г заасныг үнийн хөнгөлөлт гэж үзэх үндэслэлгүй ... гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болжээ.

4.2. Талуудын байгуулсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2.9-т Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн, ... зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтанд орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна. гэж заасан.

4.3. Захиалагч 2 гэрээний хувьд тус бүрт 4 хувь хөнгөлөлт үзүүлж, нийт 5,320,000 төгрөгийн хөнгөлөлтийг бодитоор эдэлж, төлөх ёстой төлбөрөөсөө хасч төлсөн. Захиалагч анх гэрээ байгуулахдаа үнийн хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд орон сууц ашиглалтанд орох хугацаа хоцорсоны алдангийг нэхэмжлэхгүй гэдгээ сайн ойлгосон, энэ талаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, зөвшөөрсөн учраас гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим руу хэт халдаж, талуудын анх гэрээ байгуулах болсон хүсэл зориг юу байв гэдэгт буруу дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна.

4.4. Мөн шүүх алдангид 23,237,760 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ ... Хөрөнгийн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулагдсанаар талбайг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Хөрөнгө менежментийн гэрээ гэдэг нь захиалагч Д.Б ын худалдан авсан обьектын цэвэрлэгээ, үйлчилгээг эрхлэн хариуцдаг нэг талын СӨХ-ны үйл ажиллагааг эрхэлдэг Г ХХК гэх гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хэлж байгаа бөгөөд уг гэрээнд талбай хүлээлцсэн талаар ямар ч заалт байхгүй, гэрээний огноог талбай хүлээлгэн өгсөн огноо гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.

4.5. Манай компани нь нэхэмжлэгчийн үзэж байгаа шиг 749 хоног хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй бөгөөд гэрээний 3.1-т зааснаар 2019 оны 12 сарын 30-ны дотор хүлээлгэн өгнө, мөн гэрээний 3.4-т зааснаар 3.1-т заасан хугацаа 3 сараас дээш хойшилж болохгүй /3 сараар хойшилж болно гэсэн утгатай/ гэсний дагуу цаад хугацаа 2020 оны 03 сарын 30-ны өдөр байсан.

4.6. Гэвч 2020 онд дэлхийг хамарсан Ковид-19 цар тахлын үе байсан тул гэрээний 6.3-т зааснаар форс мажорын үргэлжлэх хугацаагаар сунгагдсан. Ингээд 2020 оны 11 сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Талбай бэлэн болсон боловч талбайг хүлээн аваагүй шалтгаан нь захиалагч төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд хамгийн сүүлийн төлбөрөө 2021 оны 07 сарын 05-ны өдөр болон 2021 оны 07 сарын 26-ны өдөр тус тус төлж дуусгасан.

Иймд дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01094 дугаар шийдвэрийн алданги 23,237,760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох гэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээний 3.4 дэх заалтыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэдгийг тогтоолгох талаар шаардлага гаргаагүй. Зөвхөн алдангийн ямар үнийн дүнгээс тооцох талаарх гэрээний 3.4 дэх заалтын тодорхой хэсэг нь хүчин төгөлдөр бус гэрээний стандарт нөхцөл байна гэдгийг тогтоолгоё, үүний үр дүнд алданги тооцох үнийн дүн тодорхой болно гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйл рүү оруулж буруу тайлбарлаж байна.

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 200 дугаар зүйл, 202 дугаар зүйлийн 202.2.14-т зааснаар гэрээний 3.4 дэх заалтын гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутамд гэсэн хэсэг хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хуульд зааснаас багасгасан ба ингэхдээ эсрэг тал болох үүрэг гүйцэтгүүлэгч талын эрх ашиг сонирхолд нь нийцэхгүй байдлаар хариуцлагаас өөрийгөө чөлөөлсөн байна гэдэг байдлаар стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоё гэж байгаа.

5.3. Нэхэмжлэгч Д.Б нь нийт 63,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүх 2 гэрээний алдангид 23,000,000 төгрөг гаргуулж шийдсэн. Хариуцагч давж заалдах гомдолдоо гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний 2.9 болон 3.4 дэх заалтуудыг тохиролцсон гэдэг. Гэтэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдал гэдэг нь хуулийн хүрээнд байгаа тул хуулийн хүрээнд талууд гэрээний агуулгыг тодорхойлно гэж заасан. Тиймээс хуулиас давсан гэрээний чөлөөт байдал гэж байхгүй.

5.4. Гэрээний чөлөөт байдал гэдгээр халхавчлаад стандарт нөхцөлтэй гэрээ байгуулж захиалагч нарыг хохироодог, практикт байдаг тохиолдол учраас гэрээний 2.9, 3.4 дэх заалт хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна гэж маргасан. Гэрээний 2.9, 3.4 заалтаар хариуцагч тал нийт 63,000,000 төгрөгийн хариуцлагаас 4 хувийн хөнгөлөлт буюу 10,000,000 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн гэдэг үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдсөн гэдэг нь гэрээний тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах, алданги 63,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрч, харин алданги 63,840,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Б нь Ж ХХК-тай 2018 оны 11 сарын 22-ны өдөр 181122/а/, 181122/б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр хххх  барилгын Хүнсний захын В1-13 тоот, 11 м.кв үйлчилгээний талбайг 73,920,000 төгрөгөөр, мөн В1-24 тоот, 8 м.кв үйлчилгээний талбайг 53,760,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон байна. /хх 6-23/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1.Талууд 2018 оны 11 сарын 22-ны өдөр 181122/а/, 181122/б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан, уг гэрээний 3.1-т ... 2019 оны 12 сарын 30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгнө. гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд ашиглалтад ороход бэлэн болсон барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2 гэрээний үнэ буюу 127,680,000 төгрөгөөр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

 

4.3. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Нэхэмжлэгч Д.Б нь Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2.1-т заасан графикийн дагуу нийт 127,680,000 төгрөгийг 2 /хоёр/ үйлчилгээний талбайн төлбөрт шилжүүлсэн, харин хариуцагч Ж ХХК нь үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-14, 23/

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх нь хууль зүйн үр дагавар бүхий факт бөгөөд эзэмшил шилжсэн эсэх үйл баримтаас хамааран өмчлөгчөөр тогтоох эсэхийг шийдвэрлэх тул анхан шатны шүүх эзэмшлийг шилжүүлсэн үйл баримтыг тогтоож байгаа нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, үндэслэл бүхий болжээ.

 

6. Анхан шатны шүүх ххххх байрны, В1 давхрын 13 тоот, 11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, В1 давхрын 24 тоот, 8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж ХХК зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хамтад нь баримталсан нь хууль хэрэглээний нийтлэг зарчимд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталсан өөрчлөлт оруулна.

 

7. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 181122/а/, 181122/б/ тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2.9, 3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4, 202.2.14-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа алдангийг гаргуулан шийдвэрлэсэн алдаатай дүгнэлтийг өөрчилнө.

 

7.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-д Захиалагч нь гэрээний 2.1-д заасан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн, бартерын гэрээ байгуулсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тал гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж, 3.4-т Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног дутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө гэж тус тус тохиролцсон байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

7.2. Талуудын гэрээний тохиролцоо нь хуульд нийцсэн байх бөгөөд алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтаар бичигдээгүй байгаа тохиолдолд шүүх хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг шаардах эрхтэй тул гэрээний 3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлж тайлбарлан алдангийг гаргуулж шийдвэрлэх боломжтой.

 

7.3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас 23,237,760 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй тул уг дүнг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

7.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж ХХК-аас алданги 23,237,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгож, алдангиас 40,602,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж, шинээр заалт нэмж байгаатай холбоотой тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарласан өөрчлөлт оруулна.

 

8. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.1. Түүнчлэн гэрээний 3.1-т зааснаар гүйцэтгэгч 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дотор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнө дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үүргээ хариуцагч тал хугацаанд нь биелүүлээгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

8.2. Талууд гэрээгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.9 дэх заалтад дурдсан хөнгөлөлт эдэлсэн гэсэн үндэслэлээр алданги шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Гэрээнд заасан хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх эсэх нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хөнгөлөлт үзүүлсэн байдал нь анз төлөхөөр тохиролцсон гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01094 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ххххх байрны, В1 давхрын 13 тоот, 11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хххх байрны, В1 давхрын 24 тоот, 8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж ХХК-аас алданги 23,237,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгож, үлдэх 40,602,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР