Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01028

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/01028

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

78,768,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оролжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т ХХК нь А ХХК-тай 2023 оны 09 сарын 06-ны өдөр Т230906 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ-г байгуулж, гэрээгээр тээвэрлэгч нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших Олгой булаг уурхайгаас Бичигтийн боомтын талбай хүртэл ачаа тээвэрлэн хүргэх, А ХХК нь тээврийн хөлсийг 1 тонн нүүрсний тээврийн хөлс НӨАТ ороогүй дүнгээр 95/НӨАТ-тай дүнгээр 104.5 юань/ юань гэж тохиролцон, тээврийн хөлсний урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон гэрээг байгуулсан.

1.2. Манай компани нь гэрээний дагуу 2023 оны 09 сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 2,225.6 тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд нийт тээврийн хөлс 232,575.2 юань /НӨАТ орсон/ болсон бөгөөд тээвэрлүүлэгч нь урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг тээвэрлэлт эхлэхээс өмнө төлөх ёстой байсан боловч 2023 оны 09 сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 63,265.8 юань, 2023 оны 09 сарын 27-ны өдөр 5,000,000 буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 10,559.4 юанийг тус тус төлсөн.

1.3. Тээврийн хөлс нийт 232,575.2 юань төлөхөөс урьдчилгаа төлбөрт 73,825.2 юанийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 158,750 юанийг төлөөгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкны албаны ёсны ханш 478.16 төгрөгөөр тооцоход 75,907,900 төгрөгийн тээврийн хөлс төлөгдөөгүй байна. Мөн хариуцагч нь 2023 оны 10 сарын 06-ны өдөр 2,860,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг мөн төлөөгүй болно. Иймд хариуцагч талаас 78,767,900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А ХХК-аас 66,269,585.04 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,498,314.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 489,297.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Тодруулбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт: Гэрээний 3.1-д 1 тонн нүүрсийг 95 юаниар тээвэрлэхээр тохиролцсон бөгөөд харин тоо хэмжээ болон төлбөрийн нөхцөлийг зохицуулсан гэрээний 3-р зүйлд НӨАТ-ыг нэмж төлөх талаар тохиролцоогүй.

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцоогүй НӨАТ-ыг хариуцагчаас шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр гэрээний дагуу хариуцагчид үүссэн төлбөрийн үүргийг тооцвол 211,432 юань болно. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ханшны лавлагаагаар тухайн өдрийн төгрөг юанийн харьцах ханш 478,97 төгрөг байх тул хариуцагчид 101,269,585.04 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

4.2. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 35,000,000 төгрөгийн урьдчилгаа хөлс төлсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь энэ талаар маргаагүй тул 66,269,585.04 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн бөгөөд 2 тал нь тээврийн үйлчилгээний гэрээний 3.1-т НӨАТ ороогүй дүнг л тохирсон бөгөөд тээвэрлэгч нь уг гэрээний төлбөрийг НӨАТ-ыг оруулан төлбөрийг шаардахаар, тээвэрлүүлэгч нь НӨАТ-ыг оруулан гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч талаас ч НӨАТ-ыг нэмж тооцон гэрээний төлбөрийг шаардахад маргадаггүй бөгөөд энэ талаар хүлээн зөвшөөрдөг байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

4.3. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 2,860,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч тал нь энэхүү мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн бусдад төлөх байсан гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлохоор Хаан банк дахь М.С гийн ххх тоот дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлжээ. Энэхүү хуулганаас үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т ХХК-аас түлшний үнэ гэсэн утгаар 2,860,000 төгрөгийг ххх тоот дансанд шилжүүлсэн байна.

Цаашлаад нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчийн гүйцэтгэх удирдлагын дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан. Эдгээрээс үзэхэд 2,860,000 төгрөгийг нэхэмжлэгч олгоогүй бөгөөд хариуцагч хүлээн аваагүй байна. Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

4.4. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх мөн үндэслэлгүй юм хэмээн үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд тухайн үед хариуцагчийн зүгээс мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу иргэн М.С гийн данснаас 2023 оны 10 сарын 06-ны өдөр 2,860,000 төгрөгийг А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ц ын ххх тоот дансуу руу шилжүүлсэн. Тус мөнгийг хариуцагч хүлээн авсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог бөгөөд хариуцагч талаас ч энэ талаар маргасан зүйл байдаггүй байтал анхан шатны шүүх хариуцагч тус мөнгийг хүлээн аваагүй байна хэмээн ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

4.5. Мөн иргэн М.С нь тус өдөр 2,860,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрөн өөрийн эзэмшлийн Хаан банкны ххх тоот дансны хуулгыг нэхэмжлэгчид гаргаж өгсөн байтал анхан шатны шүүхээс уг мөнгийг нэхэмжлэгч олгоогүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01253 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,498,585.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайн 2,860,000 төгрөгийг хариуцагч тал аваагүй гэж маргадаг. Учир нь хариуцагчаар компани оролцож байгаа болохоос ямар нэгэн гүйцэтгэх захирал хариуцлага хүлээгээгүй. Хариуцагч компанид 2,860,000 төгрөгийн орлого ороогүй учраас энэ талаарх гомдол үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч А ХХК-аас 66,269,585.04 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,498,314.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6.2. Талуудын хооронд 2023 оны 09 сарын 06-ны өдөр Тээврийн үйлчилгээний Т230906 тоот гэрээ байгуулагдаж хамтран ажилласан. Гэрээний 1.1-т Т ХХК нь А ХХК-ийн нэрийн дор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших Олгой булаг уурхайгаас Бичигтийн боомтын талбай хүртэл (цаашид Ачаа гэх) тээвэрлэх хүргэх ажил (цаашид "Үйлчилгээ гэх)-ыг энэхүү гэрээ, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартад заасан нөхцөлийн дагуу бүрэн бүтэн, аюул осолгүй жигд, тасралтгүй хийж гүйцэтгэх, үүнтэй холбоотой харилцааг зохицуулна.

Гэрээний 3.1-т А ХХК нь Т ХХК-д 1 тонн нүүрсний үнийг 95 юанаар тооцож, НӨАТ-гүй үнээр тооцоо хийнэ. Тус гэрээний үнэ зах зээлийн үнийг үндэслэж өөрчлөгдөж болох бөгөөд өөрчлөлт орох тохиолдолд 5 хоногийн өмнө мэдэгдэнэ. Пүүгийн баримтыг үндэслэн тээврийн хөлсийг 2 хоног тутамд тооцоо хийнэ гэж талууд тохиролцсон.

6.3. Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр шүүх хуралдаанаа шууд хийсэн бөгөөд өмгөөлөгч Н.Оролжмаа миний бие тус өдрүүдэд БНХАУ-д томилолтоор явж байсан, хариуцагчид хуралдааны товыг мэдэгдээгүй шууд хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

6.4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үзжээ. Гэтэл талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж үзэхэд А ХХК-аас нүүрс тээвэрлүүлэхээр Т ХХК-тай Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т заасны дагуу Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан болно.

6.5. Гэрээний 1.1-т зааснаар Т ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших Олгой булаг уурхайгаас Бичигтийн боомтын талбай хүртэл нүүрс тээвэрлэх үүрэгтэй байсан ба Олгой булаг уурхайгаас гарсан нүүрсний хэмжээ Бичигтийн боомтын талбайд буусан нүүрсний тоо хэмжээ зөрж, талуудын хооронд маргаан үүссэн байдаг.

6.6. Ийнхүү маргаан үүссэн байхад анхан шатны шүүхээс хуулийн дагуу дагалдах бичиг баримтыг нягталж үзэхгүйгээр дан ганц нэхэмжлэгчийг оролцуулан хариуцагчаас хариу тайлбар, нотлох баримт баримт материалыг цуглуулахгүйгээр хуулийн буруу заалтыг барьж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь энэхүү тээвэрлэсэн нүүрс жин, түүний төлбөрийн тооцоололтой маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж баримт, нотолгоон дээр тулгуурлалгүй бодлоороо шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.

6.7. Талууд гэрээний 3.1-т 1 тонн нүүрсний үнийг 95 юанаар тооцож тооцоо хийнэ гэж тохиролцсон. Гэтэл анх Олгой булаг уурхайгаас тээвэрлэгдсэн нүүрс болон Бичигтийн боомтын талбайд буусан нүүрсний тоо хэмжээ зөрсөн. Ийнхүү зөрсөн зөрүүг анхан шатны шүүхээс тооцоолоогүй ганц нэхэмжлэгчийн Бичигтийн боомтын талбайд буулгасан нүүрсний хэмжээн дээр үндэслэж шийдвэрээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

6.8. Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасан.

6.9. Дээрх хуулийн зохицуулалт нь мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийн бус, харин харин гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар буюу 2023 оны 09 сарын 06-ны өдрийн ханшаар тооцохоор заасан зохицуулалт юм.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь шийдвэр хуульд нийцэхгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг алдагдуулж байна.

6.10. Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч А ХХК-ийн хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаж байгаагүй. Хавтаст хэрэгт энэ талаар нэг ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч талаас иргэн М.С д 2,680,000 төгрөг шилжүүлсэн бол иргэн М.С гээс шаардах эрхтэй. Хариуцагч энэ мөнгийг аваагүй байхад ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг иргэн М.С лүү шилжүүлсэн баримтыг үндэслэж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01253 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Хариуцагч талын гомдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дурдсан. Үүнд 2024 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан, энэ талаар баримт хэргийн 25 дугаар талд авагдсан. Уг хугацаанаас хойш 2024 оны 03 сарын 06-ны өдрийг хүртэл хариу тайлбарыг ирүүлээгүй буюу хариу тайлбарыг хугацаандаа ирүүлээгүй учраас зөвшөөрсөн гэж үзсэн.

7.2. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулаагүй. Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ бичгээр байгуулагдсан, энэ талаар баримт хэрэгт авагдсан. Түүнчлэн, жингийн зөрүүтэй холбоотой асуудлыг гомдолд дурдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй.

7.3. Хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй. Иймд дээрх байдал нь зөвхөн өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байна. Хэргийн 35-76 дугаар талд авагдсан баримтаар А ХХК нь нүүрс худалдаж аваад гэрээнд зааснаар худалдан авагч, хадгалагч буюу Б ХХК-ийн талбайд буулгасан. Үүнд тонн, жингийн зөрүү үүсээгүй, ачсан буусан талаар асуудал яригдаагүй. Зөвхөн гаалийн талд буулгасан хэмжээгээр төлбөрөө нэхэмжилсэн. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 78,768,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т ХХК нь А ХХК-тай 2023 оны 09 сарын 06-ны өдөр Т230906 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ-г байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч нь Монгол улсын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших Олгой булаг уурхайгаас Бичигтийн боомтын талбай хүртэл ачаа тээвэрлэн хүргэх, А ХХК нь тээврийн хөлсийг 1 тонн нүүрсний тээврийн хөлс НӨАТ ороогүй дүнгээр 95 юань /НӨАТ-тай дүнгээр 104.5 юань/ гэж тохиролцож гэрээ байгуулжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 10 сарын 06-ны өдөр 2,860,000 төгрөгийг хариуцагч А ХХК-д зээлдүүлсэн байна.

 

3.1. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд 2023 оны 09 сарын 06-ны өдөр Т230906 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ-ээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

3.2. Хариуцагч нь Иргэний хуулийн 386 дугаар 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэсэн боловч тээвэрлэлтийн гэрээний нэг төрөл нь ачаа тээврийн гэрээ бөгөөд уг гэрээний шаардах эрх нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээгээр тодорхойлогдох тул анхан шатны шүүх уг зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн хуульд нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлоо зөвхөн зээлийн 2,860,000 төгрөгөөр хязгаарлаж, гомдлын үлдэх хэсгээс татгалзаж байна гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалт нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх журамтай.

Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийг шийдвэрлэх ба хариу тайлбар гаргаагүй нь маргаангүй гэсэн агуулгыг илэрхийлнэ.

Анхан шатны шүүх хариуцагч хариу тайлбар гаргаж, татгалзаагүй байхад 2,860,000 төгрөгийг нэхэмжлэгч олгоогүй бөгөөд хариуцагч хүлээн аваагүй гэж үндэслэлгүй дүгнэж, зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрсэн алдаа гаргасныг залруулна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох ба нэхэмжлэгч нь нягтлан бодогч М.С гийн Хаан банкны дансаар дамжуулан шилжүүлснийг талуудын хооронд 2023 оны 10 сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь ... өөрийн нягтлан бодогчийн данснаас хариуцагч байгууллагын захирлын данс руу 2023 оны 10 сарын 06-ны өдөр 2,860,000 төгрөгийг түлшний үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гэсэн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж, дансны хуулгаар нотолж байгаа тохиолдолд уг үйл баримтыг няцаах үүрэг нь хариуцагч талд байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,860,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар юанийн ханшийг тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар нэг тонн нүүрсний тээврийг 95 юаниар тооцсон ба Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1, 218.2 дахь хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөр төлөх зохицуулалт нь шаардах эрхтэй шууд холбоотой бөгөөд хариуцагч байгууллага нь мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон хугацаанд шударгаар биелүүлсэн тохиолдолд эрх зүйн маргаан үүсэхгүй байсан.

 

Хариуцагч нь ... 60,000,000 орчим төгрөгийн үүргийг гүйцэтгэх боломжтой гэж тайлбарлах боловч үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн, гэрээний онцлогоос хамааран үндэсний мөнгө тэмдэгтээр гэрээ байгуулаагүй тул анхан шатны шүүх юанийн ханшийг 478,97 төгрөгөөр тооцсоныг буруутгахгүй.

 

5.2. Хариуцагч нь хуулийн этгээд учир төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд өөр төлөөлөгч томилох боломжтой ба хариуцагчийн төлөөлөгч нь БНХАУ-д томилолтоор явж байсан гэх боловч уг шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн уг шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь 2024 оны 02 сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан байна. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны мэдэгдсэн байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй талаар гомдол үндэслэлгүй.

 

5.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тээвэрлэлийн гэрээний үүргийг гүйцэтгэх газрын зөрүүтэй байдал нь гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэлгүй болохгүй тул энэ талаар гомдол үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01253 дугааршийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 66,269,585.04 ... гэснийг ... 69,156,585 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... 489,297,93 ... гэснийг ... 503,733 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР