Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01027

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/01027

 

 

Б.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03956 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.У ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

52,497,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Б.У а би М ХХК-тай 2021 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 61,45 мкв 3 өрөө орон сууцыг нийт 116,755,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

1.2. Орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж гэрээний 3.2-т заасан боловч 5 дугаар блок буюу Е блок нь өнөөдрийг хүртэл баригдаагүй байна.

1.3. 2022 оны 09 сарын 15-ны өдөр М ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах талаар хэлэхэд хариуцагч зөвшөөрч, гэрээ цуцалсан протокол үйлдсэн. Тухайн үед өгсөн төлбөрийг 90 хоногийн дотор дансанд буцаан олгоно гэсэн боловч өгөөгүй байна.

1.4. Гэрээний 2.2.5-д орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөхөөр заасан.

Иймд М ХХК-аас орон сууцны захиалгад өгсөн 46,076,000 төгрөг, алданги 6,421,525/58,377.5 х 110 хоног/ төгрөг, нийт 52,497,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч М ХХК-аас 52,497,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 420,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Үндэслэх хэсгийн 7-д хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарболд нь 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан ба Б.У ын нэхэмжлэлтэй шүүх хурлын товыг мэдэгдээгүй, тухайн ажлаа хүлээлгэн өгөөгүй ажлаасаа гарсан тул 2023 оны 12 сарын 08-ны шүүх хуралд оролцох, байгууллагын зүгээс шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг хангаж байна.

4.2. Мөн нэхэмжлэгч Б.У а нь П2-Е-01/37-48 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу 6,421,525 төгрөгийн алданги шаардах эрхгүй. Учир нь Б.У а нь 2022 оны 09 сарын 15-ны өдөр харилцан тохиролцон П2-Е-01/37-48 дугаартай гэрээг цуцалж, гэрээ цуцалсан протокол үйлдсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тул хариуцагчид алданги тооцож гаргуулах үндэслэлгүй ба гэрээ цуцлах протоколд 0,05 хувийн алданги захиалагчид төлнө хэмээн заасан заалт байхгүй тул алданги 6,421,525 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан мэтгэлцэх зарчмаар хангаагүй, мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасанчлан зохигчдын биечлэн оролцох эрхээр хангаагүй, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхээр хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн М ХХК-аас 52,497,525 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.У ад олгосугай гэснийг 6,421,525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Талууд 2021 онд Орон сууц захиалан барих гэрээ байгуулсан боловч 1 жилийн дараа орон сууц баригдах боломжгүй, суурь тавигдаагүй байсан учраас хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан.

5.2. Гэрээний 2.2.5-д гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд гүйцэтгэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас алданги төлөх үндэслэлтэй.

5.3. Түүнчлэн, 2021 оноос 545 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн хугацаа нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр байсан. Шүүхэд 2023 оны 06 сард иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 08 сард албадан ирүүлэх захирамж гарсан боловч ирээгүй учраас хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлсний дараа хариуцагч тал гэнэт гарч ирээд давж заалдах гомдол гаргах хугацааг 2024 оны 04 сард сэргээлгэсэн. Б.У ын орон сууцны захиалгад өгсөн 46,076,000 төгрөгийг М ХХК авсан атлаа одоог хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй, нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.У а нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 52,497,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Зохигч талуудын хооронд 2021 оны 07 сарын 05-ны өдөр П2-E-01/37-48 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь хххх 61,45 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу Б.У а нь 1 м.кв-ын үнийг 1,900,000 төгрөгөөр тооцож, нийт 116,755,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон;

 

3.2. Дээр гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь нийт 46,076,000 төгрөгийг төлсөн;

 

3.3. Зохигчид 2022 оны 09 сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан протокол үйлдэж, улмаар талууд 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, М ХХК нь 46,076,000 төгрөгийг 90 хоногийн дотор буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, 2021 оны 07 сарын 05-ны өдрийн П2-E-01/37-48 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлсөн 46,076,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.У ад олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4.1. Анхан шатны шүүх хариуцагч М ХХК нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмаар маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй боловч хэрэгт цугларсан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалт нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх журамтай.

 

Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийг шийдвэрлэх ба хариу тайлбар гаргаагүй нь маргаангүй гэсэн агуулгыг илэрхийлнэ.

 

4.3. Зохигч талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 сарын 05-ны өдрийн П2-E-01/37-48 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр хариуцагч байгууллага нь хххх 61,45 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч Б.У ын хүсэлтээр 2022 оны 09 сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан байна.

 

4.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги нь үүргийн зөрчил гаргасан гэрээний талд хүлээлгэх хариуцлага ба хариуцагч нь үүргийн зөрчил гаргаагүй буюу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацаа болоогүй байхад гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5. Хариуцагч нь хуулийн этгээд тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас чөлөөлөгдөж, үүнтэй холбоотой шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эсэх нь байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой. Хариуцагч нь ...итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон алданги 6,421,525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03956 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-аас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 46,076,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У ад олгож, үлдэх 6,421,525 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 420,238 төгрөгийг ... гэснийг ... 388,330 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,695 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР