| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0040/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 42
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Насанд хүрээгүй хохирогч Н.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Н , тэдгээрийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-ийн Б-д холбогдох 1916000780039 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 9-32 тоотод оршин суудаг, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, эдийн засагч мэргэжилтэй, “Монголын цахилгааны холбоо” ХК-ний Говь-Алтай аймаг дахь Цахилгаан холбооны газарт кассын үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДЗ90111109 регистрийн дугаартай, Боржигон овогт Э-ийн Б гэв.
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Шинэ-Алтай захын баруун талд байрлах Магнай трейд шатахуун түгээх станцаас асфальтан зам руу нийлсэн гарцан дээр 25-29 ГАА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Б.Н-гийн 58-88 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас мотоциклийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Н.Т-ын биед баруун дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн түүний Ай поне 5 эс маркийн гар утас эвдэрч 100.000 төгрөгний хохирол, иргэн Б.Н-гийн мотоцикльд 15.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Шинэ-Алтай захын баруун талд байрлах Магнай трейд шатахуун түгээх станцаас асфальтан зам руу нийлсэн гарцан дээр 25-29 ГАА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Б.Н-гийн 58-88 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас мотоциклийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Н.Т-ын биед баруун дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн түүний Ай поне 5 эс маркийн гар утас эвдэрч 100.000 төгрөгний хохирол, иргэн Б.Н-гийн мотоцикльд 15.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Б-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад шатахуун түгээх газар орчоод буцаад зам руу ороход урдаас машин, хойноос мотоцикль ирж байсан. Буцаад ухрах гэсэн боловч амжаагүй мотоцикль ирээд мөргөсөн. Хохирогчийн хөл хугарсан байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Мотоцикль ирж байхыг харсан... Ухрах гэсэн боловч амжаагүй... Нийт 19 хоног сахиж хоносон. 698000 төгрөг өгсөн... Цаашид гарах зардлыг төлнө ... Гар утсыг нь хот руу захисан байсан. Тэгээд Тэгшжаргал охин утас яах юм бэ? Эхлээд ээжийнх нь баримтаар нэхэмжилж байгаа 1380000 төгрөгийг төлөөд өг гэж хэлсэн. Мөнгөнөөс нь хасья гэж бодоод боломжоороо мөнгө өгч байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Осол гаргасандаа гэмшиж байна. Цаашид гарах зардалыг төлнө гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Насанд хүрээгүй хохирогч Н.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би маш их гомдолтой байна. Өнөөдөр ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Би хөгжих насандаа хэвтэрт байгаадаа харамсаж байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл боловсролоороо маш хохирч байна. Өдөр бүр нэг зовиур илэрдэг. Тэр бүрийг ээждээ хэлээд байдаггүй. Миний утсыг гаргаад өгсөн бол би ангийнхаа хүүхдүүдээс хичээлээ асуугаад хийх байсан. Би үнэхээр их гомдож байна. Би 3 дугаар сард сургуулийн аварга, 04 дүгээр сард аймгийн аварга, 6 дугаар сард улсын аваргад орох байсан. Гэтэл би ийм байдалд орно гэж бодоогүй. Би маш их гомдолтой байна. Би 04 дүгээр сарын 08-нд гипсээ авхуулна гэсэн боловч ирээд үзүүлэхэд болоогүй байна дахиад удаан хэвтэнэ гэж хэлсэн. Хэзээ эдгэх талаар мэдэхгүй байна. Миний хөл хоёр хугарсан, нэг цуурал байсныг хараагүй байсан гэсэн. Миний эрүү хатгаж өвддөг. Үзүүлэхэд ядаргаанаас болоод эрүү мултардаг гэсэн. Маш их гомдолтой байна... Өдөр бүр нэг шинэ зовиур илэрч хэцүү байна. Толгой байнга хатгаж өвддөг. Өчигдөр эрүү өвдөөд байсан. Тэгээд эрүү мултарвал яанаа гэж маш их айж байна. Хугарсан хөл байнга базалж өвддөг. Миний өсгий гипстэй байсан. Тэгээд гипсийг нь авхуулахад хар бондгор юм гарсан арьс нь хуурайшсан байсан... Шөнө 1 цаг хүртэл унтаж чадахгүй, өглөө их эрт сэрдэг...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Насанд хүрээгүй хохирогч Н.Т-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энэ охиноос тусдаа нэг хүнд өвчтэй хүүхэд байдаг. Тэр хүүхдээ эмчилгээ хийлгэх гээд аваад ирж байхад хүүхэд чинь аваарт орсон гэж хэлсэн. Тэгээд ирэхэд Н.Т аваарт орсон байсан. Намайг ирэхэд хөл хоёр хугарсан байна гээд рентген зурагт харуулаад байж байсан. Би хадуулаад зүгээр болох байх гэсэн чинь эмэгтэй хүүхэд хаддаггүй юм. Эмэгтэй хүүхэд сорив ихтэй хоёр дахиж хагалгаанд орно гэж хэлсэн. Гипсдүүлээд нэг сар болж байхад эдгээгүй хэвээрээ байна гэж хэлсэн. Надтай нэг өдөр ч гэсэн харалцах байх гэж бодсон чинь тэгээгүй. Би үнэхээр их гомдолтой байна. Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй. Аргаа бараад би хүүхдийн байгууллагад хандсан. Хүүхдийн байгууллагаас эрх зүйн хороо хуралдаж өмгөөлөгч авч өгсөн. Надад 698000 төгрөг өгсөн гэж бодохгүй байна. Надад 360.000 төгрөг бэлнээр, 100.000 төгрөг бас өгсөн. Өөр өгсөн зүйл байхгүй. Харин Нямцэрэн гэдэг хүн хамаагүй сэтгэлтэй хүн байсан. Миний хүүхэд явлаа шүү хүрээд ирээч гэхэд Э.Б ирдэггүй. Маш их гомдолтой байна. Надад хийгээд байх ажил байдаггүй. Би хүний хүүхэд харж цалин авдаг байсан. Одоо тэр ажлаа хийж чадахгүй. Би группээ сунгуулаад тэр мөнгөөрөө эмчилгээ хийлгэе гэсэн боловч би группаа сунгуулж чадаагүй. Группээсээ хасагдсан учир та нар одоо авч явж эмчлүүл. Миний зургаан хүүхдийн сор хүүхэд нь байсан. Би хотод сурч байхаар нь аймагт авч ирээд нэгдүгээр сургуульд оруулж Ба багш дээр явуулсан. Тэгээд бүжгийн авъяастай юм шиг байхаар нь бүжгийн багшид мөнгө төлөөд бүжгийн багш дээр явуулсан. Би бүтэн биеийн оношилгоо хийлгэнэ. Эрүү нь мултархаар эмнэлэгт үзүүлэхэд ядаргаа гэж хэлсэн. Хүмүүсийн үнэтэй зүйлийг ломбардад тавиад дууссан. Би хүргэн охин хоёрынхоо цалинг аваад дууссан. Хүүхдийн хөгжих насанд нь ийм зүйл болж байна. Одоо зун болохоор энэ хүүхдийн зовхыг би харж чадахгүй. Би Солонгост байдаг дүүгээсээ мөнгө зээлсэн. Чандмань сум энэ хоёрын хооронд явахад баримт олддоггүй. Би эгчээсээ баримт гуйж авсан. Одоо хөл дээр зогсох хүртэл хугацаанд чи харна. Би зуны амралтаар Цээл сумын гарьд Г-ын хүүхдийг нэг сарын 600.000 төгрөгийн цалинтай хардаг. Энэ зун явахдаа орхиод явна чи хараарай. Өнчин тархины хавдартай хүүхдээ би аваад явна. Ямар ч байсан миний хүүхдийг эргээд эрүүл болгож өг. Эмэгтэй хүн аарцаг ясны асуудалтай бол төрж чадахгүй. Сүүлийн үед их юм бодсоор байтал би хөгшрөөд байна. Миний хүүхэд чамтай ярьж байсан. Би хажууд нь уйлаад сууж байсан. Сард 275000 төгрөгийн группын мөнгө авдаг байсан. Тэр мөнгөө авч байсан бол би хоёр жилээр зээгээд хүүхдээ эмчлүүлэх байсан. Маш их гомдолтой байна. Би одоо энэ хүүхдийг чамд орхичоод явна. Халамжаар хөөцөлдсөн боловч мөнгө олдохгүй, хариуцагч талаас нь гаргуул гэж хэлсэн. 13 нас хүртэл нь нэг удаа эмнэлэгээр явж үзээгүй. Би эгчдээ өргүүлсэн байсан боловч 45 наснаас дээш настай хүнд хуулиараа үрчлүүлэхгүй гээд буцаагаад авсан. Би математик, монгол хэлийг нь би заадаг, англи хэлийг нь зааж чадахгүй байна. Би хүүхдээ орхиод гарна... 280000 төгрөг, 80000 төгрөг, 100000 төгрөг өгсөн... 400.000 төгрөг нэхсэн. Тэгэхэд Нямцэрэнтэй хувааж хийнэ гэж хэлээд 200000 төгрөг өгсөн... 38000 төгрөгийн баримт... Гипс авсан мөнгө байгаа... 698000 төгрөг болж байгаа...Язгуур-2 хамтлагт гоцлол бүжигчин, зурагнууд нь байгаа боловч утас нь асахгүй байгаа. Чандманьд байхад бүжгийн хүүхдүүд нь өдөрт ээлжилж ирж хардаг учир ашигтай байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Насанд хүрээгүй хохирогч Н.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим спорт цогцолборт ажилладаг эгч О дээр оччихоод ажпаас нь гараад гэртээ харих гээд явж байтал мотоциклон такситай ах явж байхаар нь гар өргөсөн чинь зогсож “тал руу явах гэсэн юм” гэж хэлээд араар нь суугаад явсан. “Өгөөж” дэлгүүрийн урд талын замаас зах чигтээ чигээрээ урагш засмал замаар явж байтал захын дээд талын “Магнай трейд” шатахуун түгээх станцын уулзвар дээрээс приус-20 маркийн машин зам руу урдуур ороод ирсэн. Мотоциклийн жолооч ах орилсон тэгээд мотоциклио хажуу тийшээ дараад унагаасан. Босох гэсэн чинь миний баруун хөлийн дунд чөмөгний хэсгээр хөл эргээд харчихсан байсан. Тэгээд 103 дуудлагын эмч ирээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Жолооч ах орилоод мотоциклио тормозлоод хажуу тийшээ дараад унагасан. Мотоцикль дунд зэргийн хурдтай явж байсан. 19 цагийн орчим бүрэнхий болж байсан. Баруун хөлний дунд чөмөг 2 хугарсан, цээжээр хөндүүрлээд өвдөөд байгаа, хөл сойлттой босч чадахгүй байна. Осол болох үед миний гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн. I Phone 5S маркийн гар утас байсан. 2 жилийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг/хх 28-рт/,
Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн Мустанг-150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод спорт цогцолборын дээд талын замаар явж байсан чинь нэг эмэгтэй хүүхэд гараа өргөж зогсоосон юм. Тэгэхээр нь зогсоод уулзсан чинь “таксинд явах уу ахаа дээд тал руу хүргээд өг” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд суулгаад явсан. Тэгээд тэндээс чигээрээ урагш засмал замаар явж байтал захын дээд талын Магнай трейд шатахуун түгээх станцын уулзвар дээр приус-20 маркийн машин зам руу урдуур орж ирээд зогссон. Тэгэхээр нь тормозоо 2 удаа гишгэсэн чинь нөгөө машин хөдлөөгүй, тэгэхээр нь очиж мөргөхөөс айгаад мотоциклио хажуу талаар нь унагаасан. Тэгсэн мотоцикль гулсаж очоод тухайн машины зөв талын хормой хэсэгт очоод мөргөөд зогссон. Тэгээд босоод ирсэн чинь араар сууж явсан хүүхэд “хөл” гээд ёолоод байсан. Тэгээд машинд байсан хүмүүс гарч ирээд уулзсан. Тэгээд би “яах гэж урдуур гарч ирсэн юм бэ нэг тийш болохгүй зогсчихлоо, би хажуу талаар нь гарах гэж байгаад чадсангүй” гэдгээ хэлсэн. “А” ангиллын эрхийн үнэмлэх байхгүй. Миний араар тухайн гэмтсэн хүүхэд сууж явсан өөр хүн байгаагүй. Хойд шаврын хаалт хагарсан, зогсоох арга хэмжээ авсан. Би хамгаалалтын малгай өмсөж явсан, Тэгшжаргал малгай өмсөөгүй явж байсан...” гэх мэдүүлэг/хх 34-рт/,
Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг болох гэж байхад би дүү Б.Алтанцэцэг, зээ Баярмаа нарын хамт Баярмаагийн эзэмшлийн Приус-20 маркийн 25-29 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тээврийн хэрэгслийг Б өөрөө жолоодоод холбооноос гараад урагш явсаар байгаад захын дээд талын Магнай трейдийн шатахуун түгээх станц дээр ирээд тухайн шатахуун түгээх станц руу орж эргээд буцаж зам руу орох үед урд талаас машин ирж байсан, тэгээд зам руу нэгэнт орсон байсан учир Б тэр машиныг өнгөрөөгөөд зогсож байтал хойд талаас ирж байсан мотоцикль асар хурдтай ирээд тормозлоод хажуу тийш нь дараад хавтгайлдаж ирээд машин мөргөөд зогссон юм. Буугаад иртэл араар нь сууж явсан хүүхэд орилж байсан. Тэгээд эмнэлэг дуудаж явуулсан, цагдаа дуудаад тээврийн хэрэгслийг хөдөлгөлгүй байж байсан. Мотоцикльтой жолоочоос гадна нэг хүүхэд сууж явсан...” гэх мэдүүлэг/хх 38-рт/,
Гэрч М.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 50 минутын орчим би охиныхоо эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Холбооноос гараад урагш явсаар байгаад захын дээд талын Магнай трейдийн шатахуун түгээх станц дээр ирээд тухайн шатахуун түгээх станц руу орж эргээд буцаж зам руу орох үед ухрах үйлдэл хийх гэж байсан чинь хойд талаас ирж байсан мотоцикль гулгаж ирээд машины зөв талын хэсэг рүү ирээд унасан. Тэгээд машинаа хөдөлгөлгүйгээр эмнэлэг, цагдаа болон даатгалын компанид ярьж мэдэгдсэн. Мотоциклийн араар сууж явсан эмэгтэй хүүхдийн хөл гэмтсэн босч чадахгүй байсан, түргэн ирж үзээд аваад явсан. Охин Б , ах Н.Д нарын хамт явсан. Мотоцикльтой жолоочоос гадна нэг хүүхэд сууж явсан. Тухайн эмэгтэй хүүхдээс өөр гэмтэл учирсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх 40-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №55 дугаартай “...Иргэн Т-ын биед баруун дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 63-64-рт/,
“Ашид билгүүн” ХХК-ний эд хөрөнгийн 152/155 дугаартай үнэлгээний “...Томоохон гар утасны худалдааны төвүүд, гар утас худалдааны сайт зэрэг газруудаас хөрөнгийн үнэ ханшийн судалгааг цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тухайн утсанд элэгдэл тооцож гаргав, өмнө нь тухайн утас задаргаа орсон дэлгэц солигдсон байв. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ I phone 5S маркийн гар утас 1 ширхэг 100.000 төгрөгөөр тогтов...” гэх дүгнэлт/хх 80-рт/,
Шинжээч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “...хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, схем, фото зураг, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, камерийн бичлэг, жолоочийн лавлагаа зэргийг үндэслэн шинжээчид тавьсан асуултанд доорх хариултыг өгч байна.
Нэг. 25-29 ГАА улсын дугаартай, Приус-20 маркийн автомашины жолооч Э овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.2.16-д заасан “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг: 10 дугаар бүлгийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг, харин 58-88 ГАЗ улсын дугаартай, Мустанг-150 маркийн мотоциклийн жолооч Бүрэн овогтой Нямцэрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-ийн а-д заасан: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.4-ийн в-д заасан “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн дүрэм, заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Хоёр: Мустанг маркийн мотоциклийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Н.Т Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6-р бүлгийн 1.б-д заасан “Мотоцикль, мопедаар зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Гурав: Зам тээврийн осол болоход 25-29 ГАА улсын дугаартай, Приус-20 маркийн автомашины жолооч Э овогтой Б нь замд нийлэхдээ уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
Дөрөв: 25-29 ГАА улсын дугаартай, Приус-20 маркийн автомашины жолооч Э овогтой Б , 58-88 ГАЗ улсын дугаартай, Мустанг-150 маркийн мотоциклийн жолооч Б.Н нарын тээврийн хэрэгсэл, мотоциклийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
Тав: 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан дүгнэлтийн “осолд Б овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-ийн а-д заасан заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон” гэсэн нь буруу байна. Энэ нь жолоочийн үүрэгт хамаарна. Шинжилгээний явцад шинээр өөр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дахин дүгнэлт/хх 194-195-рт/,
Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 50 минутын орчим өөрийнхөө эзэмшлийн Приус-20 маркийн 25-29 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ...шатахуун түгээх станц руу орж эргээд зам руу орсон чинь урд талаас машин ирж байсан, бас хойд талаас мотоцикль ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би буцаад ухрах үйлдэл хийх гэснээ зогссон байсан чинь хойд талаас ирж байсан мотоцикль гулгаж ирээд машины зөв талын хэсэг рүү ирээд унасан...” гэх мэдүүлэг/хх 97-рт/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн ослын камерын бичлэгтэй CD,
Хохирлын баримт/хх 158-174-рт/,
Хохирол төлсөн баримт/хх 200-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг/хх 28-рт/, гэрч Н-гийн мэдүүлэг/хх 34-рт/, гэрч Д-гийн мэдүүлэг/хх 38-рт/, гэрч А-гийн мэдүүлэг/хх 40-рт/, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн техникийн шинжээчийн дахин дүгнэлт/хх 194-195-рт/, Ашид Билгүүн ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/хх 64-рт/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хохирлын баримтууд хх158-174-рт, Чандмань сумын соёлын төвөөс гаргаж өгсөн тус төвийн язгуур-2 бүжгийн хамтлагийн гоцлол бүжигчин мөн болно гэсэн тодорхойлолт, шинээр гаргаж өгсөн 275.000 төгрөгийн баримт зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх 2-рт, ял шалгах хуудас хх 100-рт, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт хх 158-174-рт, тухайн хохирлын баримтуудад эмийн баримт болон шатахуун түгээх газрын баримтууд хавсаргагдсан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 60.000 төгрөгөөр шатахуун авсан баримт, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20.000 төгрөгийн шатахуун авсан баримт хх 162-рт, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шатахуун авсан баримт хх 163-рт, өөр өөр хүний нэр дээр 2 хоноод шатахуун авсан зүйл харагдаад байдаг. Өмгөөлөгчийн тухайд эмийн баримтууд дээр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Харин шатахуун аваад байгаа баримтууд юунд ашиглагдсан, хохиролтой ямар шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй. Эмнэлэгт 21 хоног хэвтсэн, хохирогчийг нааш цааш зөөвөрлөсөн юм уу? үгүй юм уу? гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Шүүгдэгч Э.Б-гаас хохирогчийн ар гэрт төлсөн баримтууд хх 200-рт, эдгээр баримтууд нийлээд 660.000 төгрөгийн баримт байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 300.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох бармитын хүрээнд 660.000 төгрөг төлөгдсөн болох нь харагдаж байна. Э.Б нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй энэ охиныг эмнэлэгт хэвтсэнээс хойш 19 хоног сахиж асарч байсан гэдэг мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эргэж тойрч байгаагүй гэж хэлж байгаа боловч шүүгдэгч нь сахиж хонож байсан талаар мэдүүлдэг. Яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэгтэй тухайн ослыг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардлаа төлөхөө мөн илэрхийлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Б-гаас 39000 төгрөг эгчийнх нь данс руу хийсэн баримт байна. Тухайн осол нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Шүүгдэгч нь сард 450.000 төгрөгийн цалин авдаг. Өнөөдрийг хүртэл 2 сар хүртэл хугацаанд боломжоороо 669.000 төгрөг өгсөн нь харагдаж байгаа. Мөн хохирогч талаас гаргаж өгсөн шинэ нотлох баримттай танилцахад 4 удаагийн шатахууны баримтууд нь тухайн гэмт үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна. Шүүх үнэлэх эсэх нь шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн ослын талаарх бичлэгтэй CD-нд үзлэг хийв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Б-г яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Наранхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.809.628 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь 699.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...280000 төгрөг, 80000 төгрөг, 100000 төгрөг өгсөн... 400.000 төгрөг нэхсэн. Тэгэхэд Нямцэрэнтэй хувааж хийнэ гэж хэлээд 200000 төгрөг өгсөн ... 38000 төгрөгийн баримт...Гипс авсан мөнгө байгаа...698000 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна....”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Бодит хохирлыг гаргана. Хамгийн гол зүйл нь миний хүүхдийн төлөө юу хийх юм бэ? миний хүүхдийг эрүүл болгож өгнө үү. Явцын дунд гарах зардлыг шүүгдэгч гаргаж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогч хэвтэрт байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлыг баримтын хүрээнд төлнө...” гэсэн санал зэргийг харгалзан уг хүсэлтийг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн нэхэмжилсэн 1.809.628 төгрөгнөөс түүний төлсөн 699.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.110.628 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д, гар утасны хохиролд 100.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Н.Т-д тус тус олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б-гийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн жолоодлогын ур чадвар, самбаачлах байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн прокурор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Э.Б-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Э.Б нь танилцаж, гарын үсэг зурсан/хх 206-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг санал оруулж байна. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нийт баримтаар 1.809.628 төгрөг байна. Үүнээс шүүгдэгч Э.Б нь 699.000 төгрөг өгсөн, 1.110.628 төгрөг төлөгдөөгүй. Иргэн Н гийн мотоцикльд дүгнэлтээр 15000 төгрөгийн хохирол учирсан боловч Н нэхэмжлэхгүй гэсэн...” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Учир нь шүүгдэгч сард 450.000 төгрөгийн цалин авдаг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөөд 300.000 төгрөг гаруй мөнгө авдаг. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр боломжит хугацаа буюу 2-3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг хангаж өгнө үү. Мөн шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн. Цаашид гарах эмчилгээ сувилгааны зардал төлөх учир цалингаасаа хохирол төлөх боломжийг хангаж хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт болон шүүгдэгч Э.Б-гийн гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол барагдуулах боломж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс, хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх боломж зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос 699.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Э.Б-гийн үйлдэлд тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгтэй CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 699.000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б нь 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б-гаас 1.110.628 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д, 100.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Н.Т-д олгосугай.
6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгтэй CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 699.000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА