Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0315/и |
Дугаар | 332 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 332
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 13-ны өдөр Дугаар 332 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, “Бүрэнцогт”-д оршин суух, /РД:ЛН89073003, утасны дугаар 98992350/, Боржигон овгийн Батжаргалын Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, “Бүрэнцогт”-д оршин суух, /РД:ЛН90090414, утасны дугаар 98289832/, Боржигон Аюулгүйн Аврагад холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нарангэрэл, хариуцагч А.Аврага, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батжаргал овогтой Нарангэрэл миний бие Аюулгүй овогтой Аврагатай 2009 оны 2 дугаар сараас үерхэж байгаад, 2010 оны 01 дүгээр сарын 04-нд хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд бид гэр бүлээ батлуулаагүй байсан учраас хүү Жамъяанпүрэвийг ээж Б.Нарангэрэлээр овоглож бичиг баримтыг нь авсан. Гэвч бид хүүхэдтэй болсноос хойш удалгүй тусдаа амьдрах болсон. Одоо А.Аврага нь өөр гэр бүлтэй болсон учраас би хүү Н.Жамъяанпүрэвтээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч А.Аврага нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нарангэрэлтэй 2009 оноос үерхэж эхэлсэн бөнөөд 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бидний дундаас хүү Жамъяанпүрэв төрсөн. Хүү Жамъяанпүрэв нь миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигон овогт Батжаргалын Нарангэрэл нь хариуцагч Боржигон овогт Аюулгүйн Аврагад холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч А.Аврага нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл, хариуцагч А.Аврага нар нь 2009 оноос хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Жамъяанпүрэв төрсөн, эцэг нь А.Аврага мөн болох нь зохигчдын тайлбар, 0347666 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тус сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ.
Иймд Боржигон овогт Аюулгүйн Аврага нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Нарангэрэлийн Жамъяанпүрэвийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аврагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарангэрэлд, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөг /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/106 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 163 700 төгрөг х 12 сар = 1 964 400 төгрөг : 2 = 982 200 төгрөг/-нөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Нарангэрэлийн Жамъяанпүрэвийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржигон овогт Аюулгүйн Аврагаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Аврагаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэл, хариуцагч А.Аварга нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аврагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарангэрэлд олгож, мөн хариуцагч А.Аваргаас нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 982 200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ