Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 329

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 09 дүгээр

сарын 12-ны өдөр                                  Дугаар 329                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 7 дугаар баг, “Нэгдэл дунд”-ын 8 айлын 4 тоотод оршин суух, /РД:ЛЮ63051115, утасны дугаар 86556116/, Дов овогт Доржцэрэнгийн Сүхийн 

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч: Д.Сүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Сүх нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1985-1999 он хүртэл Сүхбаатар аймгийн “Нефть хангамж”-ийн баазад ажиллаж байсан. Улсад 21 жил 07 сар, Нефть баазад хортой нөхцөлөөр 13 жил 07 сар ажилласан байна. 1985 оноос ажилд орох тушаал гаргахдаа “засварчин”-аар гэж бичсэн боловч “Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин”-ы ажлыг гүйцэтгэж ирсэн. “Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчны албан тушаалын нэрийг тодорхой тодотгож бичээгүй байна. Одоо хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах болсон тул 1985-1995 онд  “Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин”-аар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Дов овогт Доржцэрэнгийн Сүх нь 1985-1995 онд Сүхбаатар аймгийн “Нефть хангамж”-ийн баазад “Сав, тоног төхөөрөмж , шугам хоолойн засварчин”-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Д.Сүх нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн “Нефть хангамж”-ийн баазад Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн “Нефть хангамж бааз”ын даргын 1985 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 65 тоот тушаал, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 043357 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, “Нефть хангамжийн бааз”-ын даргын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот тушаал, “Нефть импорт хангамжийн нэгтгэл”-ийн харьяа Сүхбаатар аймаг дахь “Нефть хангамжийн бааз”-ын даргын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 тоот душаал, Ник Тос /ББХК/-ний харьяа Сүхбаатар аймаг дахь “Нефть хангамжийн бааз”-ын даргын 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот тушаал, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 208/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

               - гэрч Хээрүүд овогт Ёлооны Батхүү /РД: ЛЮ60040113/-гийн; “Д.Сүхтэй 1985 оноос эхлэн “Нефть хангамжийн бааз”-д хамт ажиллаж байсан. Энэ үеэс таньдаг болсон. Д.Сүх нь Сүхбаатар аймгийн  “Нефть хангамжийн бааз”-д 1985-2007 он хүртэл Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан. Би Сав тоног төхөөрөмжийн нарийн мэргэжлийн цахилгааны засварчнаар 1981-2015 он хүртэл ажилласан. Сав тоног төхөөрөмж шугам хоолойн засварчин нь юу хйидэг вэ гэхээр бензин хийдэг сав, түгээгүүрийн хоорондох шугам хоолойн монтааж, түгээгүүрийн эд ангийг засдаг байсан. Энэ ажлыг ил хийдэггүй, ууршилт ихтэй хортой байдаг. Бензины сав нь газар дор 2м-2.40м-н дор байрладаг. Бас ил сав ч байдаг. Бид хамт ажилладаг байсан учраас Д.Сүхийн ажиллаж байсан  талаар сайн мэднэ гэх мэдүүлэг,   

 

-гэрч Дүрз овогт Гомбын Очирболд /РД:ЛЮ66040379/-ын Д.Сүх нь 1985 оноос эхлэн Сүхбаатар аймгийн “Нефть хангамжийн бааз” одоогоор “НИК” ХХК-д  хамт ажиллаж байсан. Энэ үеэс таньдаг болсон. Д.Сүх нь Сүхбаатар аймгийн  “Нефть хангамжийн бааз”-д 1985-2004 он хүртэл Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан. 2004 онд компани бүтэцийн өөрчлөлтөөр хувьчлагдсан. Би Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн гагнуурчнаар 1985-2012 он хүртэл ажилласан. Одоо ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байна. Д.Сүх нь Сүхбаатар аймгийн  “Нефть хангамжийн бааз”-д тасралтгүй ажилласан.  Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин нь нефть бүтээгдэхүүн дамжуулах шугам хоолойнууд, хадгалах сав, түгээгүүрүүдийн засвар үйлчилгээг хийдэг. Шугам хоолой, савнууд нь газар дор байрладаг. Шугайм хоолой нь газар дор 70см-1м-н хоороонд, агуулах савнуудын шугам хоолой нь 1.50см-2м-н дор байрладаг. Бид хоёр хамт ажилладаг байсан учраас Д.Сүхийн ажиллаж байсан  талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Дов овогт Доржцэрэнгийн Сүх нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн “Нефть хангамжийн бааз”-д Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Сүх нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дов овогтой Доржцэрэнгийн Сүх нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн “Нефть хангамжийн бааз”-д Сав, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Сүх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ