Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01114

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/01114

 

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар , С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.А өд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,831,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч П.А нь хххх ХХК-тай 2022 оны 11 сарын 28-ны өдөр FX/2022/1335 дугаар Зээлийн гэрээ болон FX/2022/1335 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 16,450,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

1.2. Зээлийн гэрээний 4.1.5-д заасны дагуу фидуцийн зүйлийг үл маргах журмаар хураан авч борлуулах эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 10 сарын 05-ны өдөр фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авч, 2023 оны 10 сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, тухайн зээлээс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу хассан.

1.3. П.А нь зээл авснаасаа хойш тус ББСБ-д үндсэн зээлд 9,633,980 төгрөг, зээлийн хүүнд 4,670,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 388,758 төгрөг, нийт 14,693,150 төгрөг төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,816,020 төгрөг, нотариатын хөлс 15,500 төгрөг, нийт 6,831,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч П.А өөс 6,831,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Фидуцийн зүйл буюу зээлийн санхүүжилтээр хүдалдан авсан автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 05-ны өдөр хариуцагчаас хураан авч, бусдад худалджээ. Ийнхүү фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитоор өөрийн өмчлөлд авсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний онцлог нь үндсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн фидуцийн эд хөрөнгө бодит байдлаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд очсон бол өмнөх үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. гэж нэхэмжлэгчийг фидуцийн зүйлийг бодитойгоор өөрийн өмчлөлд авсан тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.2. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийн зүйлийг хуульчилж өгсөн байдаг 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдпөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул шийдвэрийн үндэслэлтэй нийцэхгүй байна.

4.3. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж заажээ. Нэхэмжлэгч нь тус фидуцийн зүйлийг хураан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон нь үндэслэлтэй боловч зээлийн гэрээний үүргээ шаардах эрхийг хязгаарлах эрхгүй тул шүүгчийн шийдвэрийн үндэслэлд дурдсан зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь мөн адил хууль зүйн үндэслэлгүй юм.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн болон фидуцийн зүйлээр төлөгдсөн төлбөрөөс нэмэгдсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. гэжээ. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ... нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлэх бөгөөд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно гэсэн тул шүүгчийн шийдвэр нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02045 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч П.А өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,831,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. хххх ХХК болон П.А нарын хооронд 2022 оны 11 сарын 28-ны өдөр FX/2022/1335 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хххх ХХК нь 16,450,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлж, П.А нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон; /хх 5-9 /

 

3.2. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 11 сарын 28-ны өдөр FX/2022/1335 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн хххх УЕА улсын дугаартай, ххххх маркийн автомашиныг нэхэмжлэгч хххх ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн; /хх 10-14/

 

3.3. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,263,150 төгрөг төлсөн, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үүргийн зөрчил гаргаж зээлийн төлөлт хийгээгүй;

 

3.4. Нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 10 сарын 05-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийн хураан авч, улмаар 2023 оны 10 сарын 11-ний өдөр бусдад худалдсан байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлж, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хххх УЕА улсын дугаартай, ххххх маркийн автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 05-ны өдөр хариуцагчаас хураан авч, 2023 оны 10 сарын 11-ний өдөр бусдад 11,000,000 төгрөгөөр худалдсанаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх бөгөөд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор өмчлөлдөө шилжүүлж авсан байх ба энэ тохиолдолд фидуцийн үүрэг болон зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно.

 

Нэхэмжлэгч хххх ХХК нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зээлийн үйл ажиллагааг дагнан явуулдаг, мэргэшсэн аж ахуйн эрхлэгч тул фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор өмчлөлдөө шилжүүлж, бусдад худалдсанаар фидуцийн үүрэг болон зээлийн гэрээний үүрэг дуусгавар гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02045 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 235 дугаар зүйлийн 235.4... гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР