Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01154

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01154

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/00611 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.З , Г.Т , О.О , Т.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 714,000,000 төгрөг гаргуулах, ххххх 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11.75 м.кв, 11.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2016 оны 07 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2016 оны 07 сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрэнжаргал, М.Энхболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Э.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай байгууллага Э.З гийн хүсэлтээр 2016 оны 07 сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хэрэв зээлийн төлбөр төлөгдөөгүй бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлж мөнгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дууссан. Э.З гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ.

Иймд зээлдэгч Э.З гаас үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 44,000,000 төгрөгийг хасаад төлбөл зохих хүү 424,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,400,000 төгрөг, нийт 656,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Зээлдэгч Э.З нь зээлийн гэрээний барьцаанд хүүхдүүд /төрсөн охин О.О , хүргэн Г.Т , зээ хүү Т.Т /-ийнхээ нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүх хэлбэрээр захиран зарцуулах итгэмжлэлээр 2016 оны 07 сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхийг И ХХК-д шилжүүлсэн. Хэдий бичгээр байгуулсан гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээ боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бодитоор манай компанид шилжиж ирээгүй, одоог хүртэл хариуцагч О.О , Г.Т , Т.Т нар амьдарч байгаа.

1.3. Мөн Э.З тай байгуулсан 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалтын 5-д Зээлийн барьцаа хөрөнгийн нэр: Орон сууц, Улсын бүртгэлийн дугаар ххх , Гэрчилгээний дугаар: ххх гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д ... гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах тул гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд бодитоор худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй.

Иймд талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн тул ххх ны 508 тоот, зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү

1.4. Түүнчлэн тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 8 сарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 57,600,000 төгрөгөөр шаардлагаа нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. 2016 оны 07 сарын 01-ний өдөр иргэн Э.З миний бие нь өөрийн бизнест зориулж 150,000,000 төгрөгийн санхүүжилтийг И ХХК-аас хүссэний дагуу тус санхүүгийн байгууллага нь сарын 4/дөрвөн/ хувийн хүүтэйгээр гурван сарын хугацаатайгаар зээл олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн.

2.2. Ингэж шийдвэрлэхдээ ББСБ-аас барьцаа хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээ хийн авч тус зээлийг олгосон. Худалдах, худалдан авах гэрээний талаар асуухад ийм журамтай гэсэн. Энэ нь намайг хууран мэхэлж хэлцэл хийж байсныг миний бие тухайн үед ойлгоогүй.

2.3. Энэхүү зээлийн барьцаанд тавьсан хххх байрны 508 тоот, зоорийн давхарын 59 болон 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолуудыг барьцаалагч нь дур мэдэн өөр санхүүгийн байгууллагад барьцаалсан нь Монгол улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг маань зөрчиж байна.

2.4. Уг хэлцэл нь /зээл/ анх хийгдэхдээ иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үндсэн эрхүүдийг тус тус зөрчин байгуулсан хэлцэл байх тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу хүчингүй болгож, Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, гэрээг хүчингүй болгож өгнө үү.

2.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-т зааснаар 2016 07 сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ү-ххх дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ххх байр, 508 тоот, 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 59, 60 тоот хаягт байрлах, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Г.Т , О.О , Т.Т ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч И ХХК даалгаж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Э.З болон манай байгууллагын хооронд 2016 оны 07 сарын 01-ний өдөр хийгдсэн сарын 4 хувийн үндсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл мөн. Тус зээлийн гэрээг эрх бүхий этгээдүүд албан ёсоор үйлдэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан.

3.2. Зээлийн гэрээний дагуу ББСБ нь зээл олгох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд зээлдэгч тус зээлийн санхүүжилтийг зөвшөөрч, хүлээн авсан. Хариуцагч Э.З 7 жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт нэг төгрөг ч төлөөгүйгээс гадна олон удаа зээлийн төлбөрийн хугацааг сунгах, хойшлуулах хүсэлтээ бичгээр өгч байсан нь зээлийн харилцааг хүлээн зөвшөөрснийг бүрэн илтгэнэ.

3.3. Энэхүү сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нэхэмжлэл байна. Учир нь Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зөвхөн барьцааны гэрээний хүрээнд тодорхойлжээ.

3.4. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь тус тусдаа эрх зүйн үр дагавартай, тус тусдаа тодорхой төрлийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн хэлцлүүд юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоорондоо зөрчилтэй, авцалдахгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсныг зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.З гаас зээлийн гэрээний үүрэгт 443,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 280,800,000 төгрөгийг, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар Хххххх 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11,75 м.кв, 11.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.5-д зааснаар хариуцагч Э.З гийн нэхэмжлэгч И ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Т , О.О , Т.Т нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч И ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хариуцагч Э.З гийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,114,050 төгрөг, хариуцагч Э.З гийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагад төлсөн 1,365,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З гаас 2 373 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-аас 907,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.З д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон, зээлдүүлэгч И ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдгийг зөв дүгнэсэн атлаа үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг 50 хувиар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.6-д ...нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоололд үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 516,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн хүүг хасч, 472,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх боловч гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай дүгнэчихээд гар тооцоо, системийн тооцоо зөрсөн, цар тахлын үед хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж тайлбарлаад хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгосон.

1. Гар тооцоолол, системийн тооцоолол зөрсөн гэдэг нь манай байгууллагын дотоод асуудал бөгөөд шинэ системээ хөтөлж эхэлсэнтэй холбоотой дата мэдээллээ тохируулаагүйгээс хариуцагчийг үүргээс чөлөөлөх нь нэхэмжлэгчийг хохироох юм. Нэгэнт бичгээр байгуулсан зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ тодорхой байсан, үүнийгээ үндэслэн тооцооллын задаргаагаа шүүхэд өгч, тайлбараа шүүх хуралдаанд хэлсэн тул шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлгүй.

2. Цар тахлын нөхцөл байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл биш. Засгийн газар, Улсын онцгой комисс, Санхүүгийн зохицуулах хорооны ямар шийдвэр гарсан нь энэхүү зээлийн үүрэгт нөлөөлж байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж байгаа нь ойлгомжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх, үүргийг шүүх үзэмжээрээ өөрчилж байгаад гомдолтой байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 472,000,000 төгрөгийн хүү, 94,400,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхлээр нь хариуцагчаас гаргуулж өгнө үү.

4.3. Хариуцагч Э.З нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй этгээд биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т Хүн бүр эрх зүйн этгээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Хэдийгээр Э.З нь хариуцагч О.О гийн ээж, Г.Т ийн хадам ээж, Т.Т ын эмээ боловч итгэмжлэл авахгүйгээр тэднийг шүүхэд төлөөлөх эрхгүй. 2016 оны 07 сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж гарын үсэг зурсан нь өөрийн хүүхдүүдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.

4.4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Э.З тай байгуулсан Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай хүсэл зоригоо илэрхийлж байсан талаарх тайлбар, баримтууд, хэргийн бодит нөхцөл байдал, талуудын хэрэгцээ шаардлага, зээлийн харилцаанд талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэргийг харгалзан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.З гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоож, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

4.5. Шүүх барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэдэг. Гэвч Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалт /ХХ-14/-ын 5-д барьцаа хөрөнгийн нэр орон сууц гээд улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаарыг тодорхойлсон байдаг. Тус нэмэлт гэрээг талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-т заасантай бүрэн нийцнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох зэрэг аргаар иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалдаг, сэргээн тогтоодог.

4.6. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа И ХХК-аас 907,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.З д олгосугай гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч Э.З сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 457,950 төгрөг төлсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.З гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Монголд зээл олгодог 4 субъект байдаг. Үүнд: Иргэн, ломбард, банк, банк бус санхүүгийн байгууллага багтдаг. Иргэн, ломбард хоёр хуульд захирагдаад хөөн хэлэлцэх хугацаагаар нь шийдээд явдаг. Банк нь хууль, журамд захирагдаж зээл олгодог. Банк бус санхүүгийн байгууллага бол мөнгө хүүлэгч, хууль бус байгууллагыг хэлдэг. Жилийн 24 хувиас дээш хүүтэй бол мөнгө хүүлэгч гэж нэрлэдэг.

5.2. Мөнгө хүүлэгч буюу банк бус санхүүгийн байгууллагын 70 хувь нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, банк, шүүх бусад байгууллагад ажилладаг хүмүүсийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас хууль үйлчилдэггүй. 10 гаруй банк бус санхүүгийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд гаргахад хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.

5.3. И ХХК-ийн зээл олгосон талаарх баримтууд хэрэгт авагдсан. И ХХК дүрэм, журмын дагуу зээл олгоогүй. Зээлдэгч нар И ХХК дээр зээл авах гээд очиход бичүүлж аваад зээл олгосон.

5.4. Тухайн үед барьцаа хөрөнгийг барьцаалаагүй. Ч ХХК хурдны замын концепц хэрэгжүүлэгч компани. Засгийн газраас концепцийг нь зогсоосноос болоод хүний нэхэгдэж байгаа мөнгийг зээлж аваад өөр этгээдэд өгөх гэж байсан. Өр дарах зорилгоор зээл хүссэнийг зөвшөөрсөн. Концепцид 106,000,000 ам.доллар зарцуулсан.

5.5. И ХХК мөнгө төлөх боломжтой гэх үндэслэлээр хүү, нэмэдүүлсэн хүүг авахын тулд мөнгөө нэхэмжлээгүй. Зээл буцааж төл гэж шаардсан баримтууд хэрэгт байхгүй. Мөнгө буцааж төлөх боломжгүй этгээд 1 сар хүүгээ төлөөгүй бол зээлийн гэрээг цуцлаад хөрөнгийг нь өөрийнх болгохын тулд нэхэмжлэл гаргадаг тохиолдол их бий.

5.6. 1-2 сар зээлээ төлөөгүй байхад зээлийн гэрээг цуцалчихлаа гэх маргаан шүүхээр явдаг. Хүүгээ төлөөгүй иргэний зээлийн гэрээг яагаад сунгаад яваад байдаг юм бэ. Ирээд уулзаарай гэхээр нь яваад очтол Турк улсаас бараа удахгүй ирнэ гээд бичээд өгчихвөл зээлийн гэрээгээ сунгаад өгье гэж хэлсэн байсан. Орон сууцны өмчлөгч нар нь орон сууцыг захиран зарцуулах, барьцаалах болон бусад эрхийг Э.З д өгсөн байдаг.

5.7. Итгэмжлэлтэй этгээд орон сууцтай холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж дүгнэснийг гайхаж байна. Худалдах, худалдан авах гэрээ хийж, хүнийг барьцаалж болно гэх нэг ч үг, өгүүлбэр гэрээнд тусгагдаагүй. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй нэг ч гэрээг барьцаа гэж үзэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагад хууль үйлчилдэггүй гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Хууль үйлчилдэггүй учраас хүмүүс зээл авья гэхээр нь үл хөдлөх эд хөрөнгийг нь өөрсдийн нэр дээр барьцаалдаг. И ХХК-тай адилхан ийм тохиолдолд гомдол гаргахад хууль зөрчөөгүй байна гэж Монгол банк дүгнэсэн.

5.8. Гэтэл Монгол банкны мэргэжилтэн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын 30 хувийг эзэмшдэг байсан. Шүүх И ХХК-ийг харж үзэж, хүү, алдангийн 50 хувь гэж дүгнэсэн. И ХХК зээл олгох журам зөрчсөн. Зээлдэгч нар зээлээ төлөх боломжгүй бол нэн даруй шаардах эрх нь байсаар байтал олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн маргаан дээр журмаа зөрчөөд ажлаас халсан бол ажилд нь эгүүлэн тогтоогоод, нөхөн олговор олгодог. Банк бус санхүүгийн байгууллагынхаа дотоод журмыг зөрчсөн зээлийг иргэний зээл шиг тооцоод, өгсөн авсныг нь буцаан олгоод хөөн хэлэлцэх хугацааг нь тооцож болдоггүй юм бэ.

Гэтэл нэхэмжлэгч тал яаж ч хууль зөрчсөн бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангадаг юм гэх байдлаар хандаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Банк бус санхүүгийн байгууллага зээл олгох журмаа зөрчсөн бол энгийн зээлийн адилаар үзэх ёстой. Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудал хуулийн дагуу шийдэгдэх байх гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Г.Т , О.О , Т.Т нар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Э.З д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 714,000,000 төгрөг гаргуулах, Хххххх 508 тоот зоорийн давхрын 59 тоот, 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 07 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2016 оны 07 сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Э.З тай 2016 оны 07 сарын 01-ний өдөр №61 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 150,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Э.З нь мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд 2016 оны 11 сарын 01-ний өдөр Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалт нэртэй гэрээ байгуулж зээл гэрээний хугацааг 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2016 оны 07 сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц, авто зогсоол/-г байгуулж, уг гэрээгээр Т.Т , Т.Т , О.О нарын өмчлөлийн ххх байр, 508 тоот зоорийн давхар 59 тоот болон 60 тоот хаягт байрлах 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг И ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний дуусталх хугацаанд тооцсон гэж тайлбарласан нь нийтэд илэрхий баримт буюу цар тахлын үед хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, мөн гар, системээр тооцсон тооцоолол нь зөрүүтэй ... гэсэн зээлийг ашигласан хугацааны хүү 472,000,000 төгрөгийн 50 хувь болох 236,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,400,000 төгрөгийн 50 хувь болох 47,200,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлээс 280,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн буруу болжээ.

 

4.1. Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 сарын 01-ний өдөр дуусгавар болж, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар 2022 оны 06 сарын 25-ны өдөр ... 2022 оны 3 дугаар улиралд багтаан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулна. гэсэн баталгааг гаргасан хугацаанаас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

4.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.З нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

4.3. Зохигч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь нийтэд илэрхий баримт буюу цар тахлын өмнө үүсч, гэрээний хугацаа дуусгавар болсон, мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн зохицуулалтад Бизнесийн зориулалттай зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хамаарахгүй байна.

 

4.4. Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд 2023 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 468,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,400,000 төгрөг, нийт 656,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн хугацаатай адилтган тооцож, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн үүрэг буюу 656,400,000 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг хязгаарлаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг багасгасан дүн буюу 25,200,000 төгрөгийг хасаж, хариуцагч Э.З гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 631,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх ххх байрны 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байршилтай 123,73 м.кв, 11.75 м.кв, 11.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зөв болжээ.

 

5.1. Зохигч талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл, нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн мэргэжлийн байгууллага атлаа Т.Т , Т.Т , О.О нарын өмчлөлийн ххх байр, 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байрлах 123,73 м.кв, 11.75 м.кв, 11.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул 2016 оны 07 сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаанаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.2. Нэхэмжлэгч нь ... барьцааны гэрээ байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогдоно гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хуульчилсан байна. Талуудын аман тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээр барьцааны гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоохгүй.

 

Э.З болон И ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр үр дагавар үүсгэж, нэхэмжлэгч байгууллагын өмчлөлдөө шилжүүлэн авсан ххх байр, 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байрлах 123,73 м.кв, 11,75 м.кв, 11,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгө, барьцааны зүйл гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

5.3. Хариуцагч Т.Т , Т.Т , О.О нар нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй талаар гомдол үндэслэлгүй.

 

ххх байр, 508 тоот зоорийн давхар 59 тоот, 60 тоот хаягт байрлах 123,73 м.кв, 11.75 м.кв, 11.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т.Т , Т.Т , О.О нар нь 2023 оны 03 сарын 31-ний өдөр Д.Эрдэнэбилэгт олгосон итгэмжлэлд ...сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгосон бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг нь 2023 оны 06 сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /1 хх. 77, 97/

Хариуцагч Э.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранжаргал нь 2023 оны 10 сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн.

 

Г.Т , О.О , Т.Т болон түүний төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийг Э.З гийн төлөөлөгч нэмэгдүүлэн гаргасантай холбоотой гомдол гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамааруулахгүй.

 

Анхан шатны шүүхэд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дэмжсэн агуулгатай тайлбар гаргаж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Г.Т , О.О , Т.Т нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранжаргал, Д.Эрдэнэбилэг нар нь 2024 оны 01 сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

5.4. Хариуцагч Г.Т , О.О , Т.Т , Э.З нарын төлөөлөгч Д.Эрдэнэбилэг нь 2023 оны 06 сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг төлсөн байна. /1хх 98/

Анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч И ХХК-аас 907,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/00611 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 443,200,000 ... гэснийг ... 631,200,000 ... гэж, ... 280,800,000 ... гэснийг ... 82,800,000 ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 2,373,950 .... гэснийг ... 3,313,950 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,160,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР