Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/103

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, 

Шүүгдэгч Э.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 1838003710003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Ц.

Шүүгдэгч Э.Ц- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч А.Б-т бяруу өгнө гэж нийт 3 удаагийн үйлдлээр нийт 600.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг,

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Я.Г-эс “соёолон

шар үхэр заръя” гэж 1 удаагийн үйлдлээр 500.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч С.Э-ээс “сүү цагаан идээ өгнө” гэж нийт 8 удаагийн үйлдлээр 1.570.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг,

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.Г-аас түүний “Тэнхлэг” маркийн мотоциклийг худалдаж авахаар тохиролцож, мотоциклийг нь авсан боловч үнийг нь төлөлгүй 1.200.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг,

2018 оны 12 дугаар сард тус сумын хохирогч И.Н-той “өөрийн эцэг Э-н нэрийг барьж үхэр өгнө” гэж нийт 3 удаагийн үйлдлээр 1.190.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус сумын хохирогч Г.Б-аас Г гэх хүний нэрээр үхэр өгнө гэж 600.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг,

2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус сумын хохирогч Р.Б-гээс үхэр өгнө гэж 350.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Э.Ц- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “бяруу өгнө” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Б-ыг төөрөгдөлд оруулж, түүний 600.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан,

Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “соёолон шар үхэр заръя” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын нэр хүндийг урвуулан ашиглаж, хохирогч Я.Г-г төөрөгдөлд оруулан, шунахайн сэдэлтээр түүний 500.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд “сүү цагаан идээ өгнө” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч С.Э-ийг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр 8 удаагийн үйлдлээр түүний 1.570.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “наймаа хийе” гэж худал хэлэн, өөрт уг мотоциклийн үнийг төлөх төлбөр, хөрөнгө, орлого байхгүй байсаар байтал зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Г-ыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр түүний “Тэнхлэг” маркийн мотоциклийг залилж авсан,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 12 дугаар сард эцэг Энх-

Амарын нэрийг барьж, “2 тооны үхэр зарна” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч И.Н-ийг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр, түүний 1.190.000 төгрөгийг бэлэн болон бусдын дансаар шилжүүлэн авч авсан,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “үхэр өгье” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Г.Б-ыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр түүний 600.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “үхэр өгье” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Р.Б-г төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр түүний 350.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23-31 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Э- гэж хүнийг танихгүй. 2018 оны 04 дүгээр сарын эхээр байх тухайн үед Эрдэнэбулган сумын зар дээр бяруу авна гэж зар тавьсан. Тэгтэл миний дугаар руу Б гэх хүн холбогдоод “5 бяруу өгөх гэсэн юм. Манай хүүхэд хатгаа аваад эхнэр хүүхдээ аймаг руу авч явах гэсэн юм. Урьдчилгаа 100.000 төгрөг өгөөч” гэхээр нь 100.000 төгрөгийг ... гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь С гэж хүн надтай холбогдоод “15 бяруу өгье, мөнгө хэрэгтэй байна. Би торх өрүүлж байгаа юм. Хүмүүстээ цалинг нь өгөх гэсэн юм. Бензин тосны мөнгө 150.000 төгрөг гэхээр нь би Эрдэнэбулган суманд байдаг А гэж хүнээр 150.000 төгрөгийг С гэх залууд өгүүлсэн чинь тэр залуу С биш харин Э- гэж залуу байсан. Тэгээд С гэх залуу ахиж над руу яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Эрдэнэбулган сумын шатахуун түгээс станцын А гэж хүний данс руу 2 удаа мөнгө шилжүүлж авсан. Эхний удаа 200.000 төгрөг, дараагийн удаа 150.000 төгрөг хийлгүүлж авсан. Орой нь над руу утсаар С- гэж хүний нэрийг барьсан Э- утсаар яриад Эрдэнэбулган суманд бяруунуудаа цуглуулчихлаа ачааны машинтай ирж бяруунуудаа ав гэж ярьсан. Тэгэхээр нь би Эрдэнэбулган сум руу очоод Ариунболдын ахаар С- гэсэн нэртэй хүнийг заалгахад шал өөр хүн байсан. ...”НИК”-ийн шатахуун түгээх станц дээр очиж Ариунаа гэж хүнээс хэн мөнгө танаар шилжүүлж авсан гэхэд С- гэдэг хүн биш Э- гэдэг хүн байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Я.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед ... дугаараас миний ... дугаар руу залгаад өөрийгөө Д гэж хүн байна ...Тариалан ороод соёолон шар үхэр заръя урьдчилгаа 500.000 төгрөг өгөөч би Улаанбаатар хотоос 16 цаг гэхэд Тариалан сум руу ороод ирнэ, ирж байгаад үхрийг чинь харж байгаад үнэ хөлсөө ярилцъя гэж хэлсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед ... дугаараас миний .... дугаар руу дахин залгаад .... данс руу хурдан хийгээд өг гэхээр нь Тариалан сумын ХААН банкны салбар дээрээс өөрийнхөө ... дугаартай данснаас 500.000 төгрөгийг ... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. ...тэгээд Д гэдэг хүнийг гэж бодоод өөрийнхөө .... дугаараас .:.. гэдэг утас руу залгахад Д “би тантай үхэр зарна гэж яриагүй” гэхээр нь залилуулсан болохоо мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Э овогтой Э- нь миний ... дугаарын утас руу залгаад “Зэрлэг 3 дугаар багийн А- байна. Надад 60.000 төгрөгийн хэрэг байна. Миний хуучин өр дээр нэмээд биччих” гээд ХААН банкны данс өгөхөөр нь мөнгө хийх гээд данс эзэмшигчийг нь хартал Ү овогтой А гэж хүний данс байхаар нь би 60.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу ... дугаарын утаснаас залгаад “Х байна дахиад мөнгөний хэрэг боллоо, 150.000 төгрөг данс руу хийчихээч” гээд ХААН банкны данс өгөхөөр нь би 150.000 төгрөг шилжүүлэхэд Г.Б гэж хүний нэр гарч байсан. Тэгээд тэр өдрийнхөө орой 20-21 цагийн хооронд над руу залгаад “танайх руу орох гэж явтал машин эвдрээд хүнээр үзүүлтэл хотоос сэлбэг авах хэрэгтэй юм байна” гээд надаас 200.000 төгрөг шилжүүлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөн над руу утасдаад “сэлбэгийн үнэ дутсан гэнэ 120.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэхээр нь би 120.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Э.Ц- нь мөн над руу утсаар яриад “банкны зээл төлөх гэсэн юм” гээд 300.000 төгрөг асуухаар нь би 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би “чи энэ их мөнгөө хэзээ өгөх гээд байна, хурдан сүү цагаан идээгээ авчирч өг” гэтэл “машин асахгүй байна, асахаар нь оруулж өгнө” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Ц- мөн над руу утсаар яриад “Сайр багийн Д байна. Миний хүү хотоос ирэх гэсэн зардалгүй болсон гээд байна. Надад 150.000 төгрөг шилжүүлж өгөөч би хүүгийнхээ дансыг явуулъя” гэхээр нь би “чи надад юу өгөх юм бэ” гэтэл “5 дахь өдөр эхнэр хүүхдээ авах гэж орохдоо сүү, аарц оруулж өгье” гэхээр нь 150.000 төгрөг шилжүүлтэл Д-н хүү М-н дансны дугаар мөн байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Э.Ц- нь мөн над руу утсаар яриад “Х байна, банкны зээлийн үлдэгдэл төлж хүрэхгүй байна, 290.000 төгрөг данс руу хийж өгөөч ээ. Д гэх хүнд мал мах тушаачихлаа. Одоо ингээд бүх мөнгөө өгчихье” гэхээр нь би 290.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Э.Ц- мөн над руу утсаар яриад “Х байна, 300.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэхээр нь шилжүүлэх гэтэл тухайн үед миний дансанд мөнгө байгаагүй учраас бэлэн мөнгө аваад ХААН банкин дээр очоод надад өгсөн данс руу шилжүүлсэн юм. Дараа нь буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Э.Ц- манай нөхөр Ж рүү залгаад “Би Э байна. Мөрөнгөөс хоньчин авчрах гэсэн юм. 400.000 төгрөг тэр данс руу хийгээд өгөөч гэхээр” нь манай нөхөр энэ утсаар ярьсан хүн Э биш юм шиг байна. Чи утсаар яриад үз дээ гэхээр нь би утсаар ярьтал Э.Ц-ы хоолой байхаар нь “чи Ц юм биш үү” гэтэл утсаа салгачихсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Э.Ц- нь намайг гэртээ байх үед манай гэрт ирээд “та мотоциклио зарах уу, хоёулаа мотоциклийг чинь наймаалцъя” гэхээр нь би тэгье гээд мотоциклио нийт 1.650.000 төгрөгөнд худалдахаар тохиролцоод миний мотоциклийг унаад явсан. Э.Ц- надтай наймаа хийхдээ “1.650.000 төгрөгөө хоёр хувааж өгье. Эхлээд 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тал мөнгө болох 825.000 төгрөгийг нь өгнө, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 825.000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон боловч одоог хүртэл надад огт мөнгө өгөөгүй, удахгүй өгнө гэж худлаа ярьсаар байгаад сүүлдээ хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Хохирогч И.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Э гэж айлын хүүхэд Э- гэж ойролцоогоор 25-26 орчим насны залуу манай гэрт орж ирээд “Н- ах аа манай аав Э танд 2 тооны үхэр заръя, одоо тантай утсаар яръя гэж байна. Одоо тань руу өөрөө залгана” гэж хэлсэн. Удалгүй миний гар утас дуугарахаар нь би автал Юнителийн нэг дугаараас залгасан. Утсаа автал нэг эрэгтэй хүн утасны цаанаас “А байна, манайх банкны зээл төлөх гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна. Э-д хэдэн төгрөг өгчих. Тэгээд өглөө үхэр гарахаас өмнө манай гэрт ирээд үхрээ үзэж хараад аваач” гэхээр нь би “яг хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэж асуутал “700.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Э-д 700.000 төгрөг тоолоод өгчихсөн юм. Тэгээд орой 19 цагийн үед Э- манай гэрт дахиж ирээд надад “Тариалангаас Н гуай ирчихсэн. Аав гурил худалдаж авсан мөнгийг таниас аваад өгчих гэж байна” гэхээр нь “хэдэн төгрөг юм бэ” гэтэл “190.000 төгрөгөөр гурил худалдаж авсан юм” гэхээр нь би Э-д 190.000 төгрөг бэлнээр нь тоолоод өгчихсөн юм. Маргааш өглөө нь над руу нэг хүн утсаар яриад “Э- байна, аав бид хоёр нэг үхэр гаргаж байна. Та нэг дансанд 300.000 төгрөг хийчихээд манай гэрт хүрээд ирээч” гээд Төрийн банкны данс явуулахаар нь би явуулсан данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Над руу явуулсан Төрийн банкны данс нь Ө овогтой У гэсэн данс байсан юм. Тэгээд би тэр өдрийнхөө орой Э-н гэрт яваад очтол Э гэж аав нь надад “Э- манай гэрээр ирэхээ больсон. Хулгай луйвар хийгээд яваад байгаа гэсэн. Одоо тэр шорондоо явна биз” гэхээр нь би залилуулснаа мэдээд цагдаад

хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай аав Г рүү ... дугаараас ... гэсэн дугаарын утаснаас “Г гэж хүн байна, би соёолон шар, үхэр өгье” гэж хэлээд “урьдчилгаа 600.000 төгрөг өгөөч, миний унаж яваа машины бөгс эвдэрчихээд мөнгө хэрэг болоод байна” гээд байсан. Маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед Га гэж нэрээр дахин холбогдож “Тариалан сумын Баянхошуу баг Шаргуйд үхэр байгаа очиж аваарай” гэж хэлээд урьдчилгаа 600.000 төгрөгийг ааваар дамжуулан шилжүүлж гэсэн байсан. Манай аав настай хүн болохоор намайг тэр мөнгийг шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийнхөө дансанд байх мөнгөнөөс 600.000 төгрөгийг ... гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд аав маргааш нь Баянхошуу багийн Шаргууд очиход Га гэж хүн байхгүй байсан тул мөнгөө залилуулснаа мэдсэн. ...Би 600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн охин М-н B гэсэн фэйсбүүк хаягнаас Эрдэнэбулган сумын фэйсбүүкийн зарын групп дээр “шүдлэн хязаалан үхэр зарах хүн байна уу. Утас ...” гэсэн зар тавьсан юм. Тэгтэл зар тавьсан өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний утас руу ... гэсэн дугаараас залгаад “Ц байна, шүдлэн үхэр авна гэсэн зар тавьсан юм уу” гэхээр нь “би ямар Ц вэ” гэж асуутал “би Ц байнаа” гээд байсан. Тэгэхээр нь би “чи У-той Ц юм уу” гэтэл “тийм байна, заавал У-той Ц юм уу гэж асуудаг нь яадаг юм бэ” гэж хэлж байсан. Тэгтэл Ц надад “У ахтайгаа удахгүй хот орж ирээд 2-3 хоноод буцаад Эрдэнэбулган орно, тэр үед би очоод танд үхрээ өгье, та одоо миний данс руу 350.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би сумынхаа ХААН банк руу очоод ... гэсэн данс руу 350.000 төгрөг шилжүүлэх гэтэл Г овогтой Б гэдэг хүний данс гарч ирсэн. Тэгэхээр нь над руу залгаж ярьсан ... дугаар руу залгаад утсаа авахаар нь “чамайг Б гэдэг юм уу” гэтэл “тийм ээ” гэж хэлсэн. Тэгээд би ХААН банкны ... данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. 5-6 хоногийн дараа ... утас руу нь залгаад хаана байна гэж асуутал “би Тариалан суманд явж байна, өнөө орой найзтайгаа очно” гэж хэлсэн. Түүнээс хойш Э- огт холбогдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Гэрч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дунд үед Эрдэнэбулган сумын иргэн Э.Ц- нь үдээс хойш манай гэрт орж ирээд манай нөхөр Н-той уулзаж утсаар яриулж байгаад бэлэн мөнгө тоолоод авч гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн сумаас гэртээ очиход манай эхнэр Б- “Ц-с үхэр худалдаж авахаар тохироод данс руу нь 350.000 төгрөг хийчихлээ гэтэл Ц- биш өөр хүний данс гарч ирээд байх юм гэж хэлэхээр нь Ц- гэж ямар Ц- вэ гэтэл надад У-н нөхөр Ц- байна лээ, аавыг нь Э- гэдэг гэхээр нь би тоогоогүй орхичихсон. ...тэгтэл манай нутгийн Э ахын хүүхэд залилан хийж байгаад цагдаад баригдсан гэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ гараад өөрийн хамаатны эгч Х-н гэрт очсон. Гэтэл намайг очих үед Х эгч хүүхдүүдтэйгээ, У гэдэг хүн Э- нар байж байсан. Тэгтэл Э- өөрийнхөө гар утсаар гадаа гарч байснаа нэг хүнтэй яриад байх шиг байсан. Тэгснээ гэрт орж ирээд “та нарын дунд ХААН банкны карттай хүн байна уу, би хүнээс мөнгө авах гэсэн юм. Төрийн банкны карттай байгаад байна. Над руу мөнгө хийх хүн ХААН банкны мобайл банктай гэж байна” гэхээр нь би “надад уг нь ХААН банкны карт байгаа” гэтэл “өө тэгвэл чиний карт руу мөнгө хийлгээд авчихъя, чи надад дансны дугаараа өгчих гэхээр нь дансны дугаараа өгтөл удалгүй миний данс руу 350.000 төгрөг орж ирсэн. Тэгээд дараа нь би Э-д 350.000 төгрөгийг нь авч өгчихөөд салаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ц “чи карттай юу? Чиний данс руу мөнгө хийлгээд авчихъя” гэж хэлээд миний данс руу мөнгө хийлгэж авсан. Нийт 200.000 төгрөг хийлгэж авсан. Ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/,

Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э- нь “би хүнээс мөнгө авах гэсэн чинь ХААН банк хаасан байна. Та бэлэн мөнгө байвал өгчих. Би данс руу чинь хийчихнэ” гэхээр нь би өөрийн төрсөн эгч А-н ... гэсэн данс руу 50.000 төгрөг хийлгэж бэлэн мөнгө 50.000 төгрөгийг Э-д өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Манай найз Э- нь данс руу 650.000 төгрөг хийлгээд тэр мөнгөө өөрөө авсан. Э.Ц- нь надад хэлэхдээ ямар учиртай мөнгө болохыг хэлээгүй. Картгүй учраас миний данс руу мөнгө хийлгүүлж авсан юм. Би картнаас авч

өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/,

  • Хохирогч Д.Г-ын мотоциклийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 128 дугаар хуудас/,
  • Баян Б-ын ... дугаартай ХААН банк интернет банкны харилцагчийн дансны хуулга /хх-ийн 174 дүгээр хуудас/,
  • Л.М-н ... дугаартай ХААН интернет банкны харилцагчийн дансны хуулга /хх-ийн 175 дугаар хуудас/,
  • Г.Б-ын ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 176 дугаар хуудас/,
  • Я.Г-н ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 177 дугаар хуудас/,
  • Р.Б-гийн ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 179-181 дүгээр хуудас/,
  • 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Р.Б-гийн ... дугаарын данснаас Г.Б-н ... дугаарын данс руу 350.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 182 дугаар хуудас/,
  • Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 182 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...би Тариалан сумын ченж Я.Г- гэх залуугаас мөнгөний хэрэг болоод 500.000 төгрөгөнд үхэр өгнө гэж хэлээд мөнгөө карттай хүний данс руу хийлгээд авчихъя гэж хэлээд Ц гэх найзынхаа данс руу мөнгө хийлгэж авсан. Тэгээд тэр мөнгийг би өөрөө авсан юм. ...Түүнээс хойш би Г-д мөнгийг нь өгөөгүй юм. Би анхнаасаа үхэр өгөх санаа бодолгүй байсан юм. Би 500.000 төгрөгийг нь өөртөө хувцас аваад үрээд дуусгасан юм. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэбулган сумын Г гэх хүнээс “Тэнхлэг” нэртэй мотоцикль зарна гэхээр нь 1.650.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд би тэр мотоциклийн мөнгийг 2018 оны 07 дугаар сарын дундуур талыг нь төлж дуусгахаар тохироод мотоциклийг нь авсан юм. Тэр мотоциклийнх нь мөнгийг би өгөөгүй юм. ...Тэгээд тэр мотоциклийг буцаагаад эзэнд нь өгчихсөн. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Тариалан сумын иргэн Б- гэж хүнд үхэр өгнө гэж худлаа хэлээд 600.000 төгрөгийг нь карттай найз болох Г-н дансаар шилжүүлж авсан. Энэ мөнгийг би өөрөө хэрэглээд дуусгасан. 2018 оны 12 дугаар сард Эрдэнэбулган сумын Н- гэх хүнд аав Э-н нэрийг бариад үхэр өгнө гэж хэлээд 1.190.000 төгрөгийг бэлнээр авсан. Н- ах тэр үед үхэр авч байсан. Утсаар би аавын өмнөөс яриад тус болоод өгөөч гэж хэлээд Б гэдэг таньдаг ахаараа Н- ахтай яриулчихсан юм. Б ахыг би аав болж яриад өгөөч гэж гуйсаар байгаад яриулчихсан юм. 2018 оны 08 дугаар сард Эрдэнэбулган сумын иргэн Б-д шүдлэн үхэр өгнө гэж хэлээд 350.000 төгрөгийг Б гэх бэлэн карттай найзынхаа дансаар шилжүүлж авсан. Энэ хэрэгт Б ямар ч хамаагүй. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би Эрдэнэбулган сумын иргэн ченж хийдэг Э- гэж эгчээс А- гэх ахын нэрийг барьж миний өрөн дээр нэмээд 60.000 төгрөг зээлчих гэсэн чинь за гэсэн. Тэр мөнгийг би Б-н дансаар авсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би А- байна, надад мөнгөний хэрэг болоод байна, 150.000 төгрөг зээлж Б-н дансаар авсан. Орой нь машины бөгс эвдэрчихлээ, сэлбэг авах хэрэгтэй байна гэж хэлээд 200.000 төгрөгийг өөрийн танил дүү карттай Б-н данс руу хийлгэж авсан. Энэ хэрэгт Б ямар ч хамаагүй. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А- ахын нэрийг бариад машины сэлбэгний мөнгө дутчихлаа 120.000 төгрөгийг явуулаач гэж хэлээд Б-н дансаар шилжүүлж авсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А- ахын нэрийг бариад банкны зээл дарах гэсэн юм гэж хэлээд 300.000 төгрөгийг танил эгч Х-н дансаар шилжүүлж авсан. Энэ хэрэгт Х эгч хамаагүй. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А- ахын нэрийг бариад 150.000 төгрөг өгөөч мөнгө дутаад байна гэж хэлээд мөн зээлж Х эгчийн дансаар авсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 200.000 төгрөгийг мөнгө хэрэгтэй болоод байна гэж хэлээд Х эгчийн дансаар шилжүүлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлж авсан. А- ах цагаан идээ зардаг болохоор би нэрийг нь барьсан юм. Харин Э- эгч бол сүү цагаан идээ авдаг ченж байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байсан. Их-Уул сумын иргэн Б-т бяруу өгнө гэж хэлээд С- гэж худлаа нэр хэлээд 600.000 төгрөгийг Эрдэнэбулган сумын хувийн колонк ажиллуулдаг Заяа гэх эмэгтэйн дансаар шилжүүлж авсан. Энэ хэрэгт З ямар ч хамаагүй. Би тэр мөнгийг аваад архи аваад уучихсан юм. ...Надад мөнгө хэрэг болоод амар хялбар аргаар мөнгө олмоор санагдаад мөнгө худлаа хэлж авсан. Энэ хэрэгт хамтран оролцсон хүн нэг ч байхгүй. ...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би хохирлыг нь дээрх хүмүүст барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/,

- Э.Ц-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 165 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Иргэн Э.Ц- нэр дээр цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 166 дугаар хуудас/,

- Улсын Бүртгэлийн Ерөнхий хэлтэсийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 167 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ...тодорхойлолтын хуулбар /хх-ийн 194 дүгээр хуудас/,

  • Ө.У-н тус шүүхэд гаргасан хүсэлт,
  • Иргэний улсын бүртгэлийн 6767000020 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.Ц- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Ц- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч А.Б-т бяруу өгнө гэж нийт 3 удаагийн үйлдлээр нийт 600.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Я.Г-эс “соёолон шар үхэр заръя” гэх 1 удаагийн үйлдлээр 500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч С.Э-ээс “сүү цагаан идээ өгнө” гэж нийт 8 удаагийн үйлдлээр 1.570.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.Г-аас түүний “Тэнхлэг” маркийн мотоциклийг худалдаж авахаар тохиролцож, мотоциклийг нь авсан боловч үнийг нь төлөлгүй 1.200.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сард тус сумын хохирогч И.Н-той “өөрийн эцэг Энх-Амарын нэрийг барьж үхэр өгнө” гэж нийт 3 удаагийн үйлдлээр 1.190.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус сумын хохирогч Г.Б-аас Г гэх хүний нэрээр үхэр өгнө гэж 600.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус сумын хохирогч Р.Б-гээс үхэр өгнө гэж 350.000 төгрөгийг хууран авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23-31 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогч Я.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч И.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/, гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/, гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/, гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/, Баян Б-ын ... дугаартай ХААН банк интернет банкны харилцагчийн дансны хуулга /хх-ийн 174 дүгээр хуудас/, Л.М-н ... дугаартай ХААН банк интернет банкны харилцагчийн дансны хуулга /хх-ийн 175 дугаар хуудас/, Г.Б-ын ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 176 дугаар хуудас/, Я.Г-н ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 177 дугаар хуудас/, Р.Б-гийн ХААН банкны ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 179-181 дүгээр хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Р.Б-гийн ... дугаарын данснаас Г.Б-н ... дугаарын данс руу 350.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 182 дугаар хуудас/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 182 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Э.Ц- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг

зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл ...Надад мөнгө хэрэг болоод амар хялбар аргаар мөнгө олмоор санагдаад мөнгө худлаа хэлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 дугаар хуудас/-ээс үзвэл иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Э.Ц-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 6.010.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ц- нь хохирогч А.Б-т 600.000 төгрөгийн, хохирогч Я.Г-д 500.000 төгрөгийн, хохирогч С.Э-т 1.570.000 төгрөгийн, хохирогч А.Г-т 1.200.000 төгрөгийн, хохирогч И.Н-ид 1.190.000 төгрөгийн, хохирогч Г.Б-т 600.000 төгрөгийн, хохирогч Р.Б-д 350.000 төгрөгийн хохирол учруулснаа тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г-д, 1.570.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Э-т, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-т, 1.190.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Н-ид, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т, 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б-д тус тус олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Э.Ц-ы дээрх 7 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлөөгүй, хохирогч нараас уучлалт гуйгаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлага гаргаагүй нөхцөл байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Ц- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ц-д хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяраас шүүгдэгчийн ар гэрийн хувьд эхнэр нь төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй, гэр бүлээ харж хандах зайлшгүй шаардлагатай учраас түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад 6.010.000 төгрөгийн хохирол учруулсан боловч учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирол төлөх талаар идэвх санаачлагагүй хандаж байгаа байдал, хохирогч нараас огт уучлал гуйгаагүй зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын саналын дагуу хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгчийн ар гэрийн хувьд эхнэр нь төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй, гэр бүлээ харж хандах зайлшгүй шаардлагатай...” гэснийг хорих ял оногдуулахдаа харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ц-ыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 41 хоног баривчилж, цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Э.Ц-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 41 хоногийг хорих ялын 41  хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ц-д Мөрөн сумаас гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Ц-аас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Б- /.../-т, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г- /...-д, 1.570.000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Э- /.../-т, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Г- /..../-т, 1.190.000 /нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч И.Н- /.../-д, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б- /.../-т, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б- .../-д тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ