Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 294

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК.

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар.

Гуравдагч этгээд: Ж.Г.

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд Ж.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М ХХК нь 2007 оноос хойш Баянгол дүүргийн 20-р хороо, Энх тайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж гэсэн хаягтай, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 401 тоот захирамжаар, нэгж талбарын 1863731******* дугаар бүхий *******39 м.кв газрыг эзэмшин, авто засварын үйл ажиллагаа явуулж байгаа болно. Гэтэл, иргэн Ж.Гийн захиалгаар БХХК манай эзэмшил газрын хашаа, контейнертой тулган, 88 айлын 12 давхар орон сууцны барилга барихаар газар шорооны ажлаа 2016 оны 4 дүгээр сараас эхэлснээр, бидний эрхийг зөрчсөн асуудал үүсээд байна.

Анх манай компанийн зүүн талд байх хэсэг газарт газар шорооны ажил эхлээд  удаагүй  байх үедээ гэнэт ажил нь зогсоод хэд хоносон. Тэгээд дахин ажил 

эхэлсэн, удалгүй 5 сарын 5-6-ны үед тухайн газар шорооны ажлаас болж, манай компанийн блокон хашаа нурж, хашааны зарим хэсэгт /хоёр хашааг залгаж/ машины сэлбэг хэрэгсэл агуулдаг байсан контейнерууд арагшаа гэдийгээд эхэлсэн юм. Энэ талаар, манай компанийн дэд захирал Б дээрх барилгын даамалтай уулзаж, бусдын эд хөрөнгөнд халдаж, аюултай байдал үүсээд байгааг хэлэхэд “та нарт хамаагүй” гэх зэргээр дайрч маргаан үүсэн, улмаар цагдаа дуудах дээрээ хүрсэн байдаг.

Аль болох асуудлыг эв зүйгээр шийдэх гэж оролдон, 5 дугаар сарын 9-ны өдөр БХХК- ийн захирал Зтай өөрсдийн ажлын өрөөнд уулзалт хийн, “та нар барилгаа хэт манай газар руу тулгаж барилга барих гэж байгаагаас болж газар шорооны ажилд манай компанийн газрын хэсэг хамрагдаад байгаа болохыг, үүнээс болж асуудал үүсээд байгаа” талаар хэлж, мөн эдгээр эвдэж сүйдсэн газар хашаа гэсэн зүйлийг буцаан хэвийн байдалд оруулахыг хүсч, энэ талаар албан ёсны бичиг хийж өг гэж эв зүйгээр ярилцахыг хичээсэн боловч үл ойшоон, барилга барихад ийм зүйл гардаг гэх зэргээр мөн л хүлээж аваагүй.

Нэгэнт өөрсдийн зүгээс шаардлага тавиад хүлээж аваагүй, ямар нэг зүйл хэлсэн болж биед халдах зэргээр учраа ойлголцохгүй байсан учраас 2016 оны 7 дугаар сард Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан, тус байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 8-нд 02/2175 тоот албан бичгээр иргэн Ж.Гэд хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг мэдэгдсэн мэдэгдэл ирүүлсэн байдаг боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Энэхүү барилгын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 8 дугаар сарын 1-нд 02-07-092/1002 тоот дүгнэлт гарсан. Тус дүгнэлтэд Газрын хил хязгаар давхцаагүй боловч Ж.Г барилга барихдаа суурийн хэсгээр 1,27 м.кв, агаарт тагтны хэсгээр 4,81 м.кв хэмжээгээр хөрш М ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаарыг зөрчсөн болохыг тогтоосон, Ингэж зөрчих болсон шалтгаан нь баригдах барилгын байршлыг дур мэдэн өөрчилсөнтэй холбоотой гэж дүгнэсэн.

Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.1-д зааснаар, барилга батлагдсан зураг төслийн дагуу баригдах ёстой байх ба 16-р зүйлийн 16.2-т барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу геодезийн тэмдэглэгээ /улаан шугам/-тэй уялдуулан тогтоодог болохыг заасан. Барилга барихад, зураг төсөл хийж хянуулах, барилга барих газарт хөрсний геологийн шинжилгээ хийх, улмаар зөвшөөрөл авах зэргээр маш нарийн үйл ажиллагаа явагдаж байдаг учраас тус хуулийн 6-р зүйлийн 6.1-д захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглосон байдаг.

Гэтэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын захиалагч, гүйцэтгэгч нар нь дур мэдэн барилгын тэг тэнхлэгийг өөрчилснөөс болж энэ бүх асуудал үүссэн юм.

Газар шорооны ажил эхлээд байх үедээ удаагүй зогссон гэдгийг дээр дурдсан. Гэтэл баригдаж байгаа барилгын урд талд байх Н*******гийн *******Б байрны оршин суугчид хэл ам хийсэн учраас зургийн дагуу хийгдэж байсан ажлаа түр зогсоосон байдаг. Хэсэг хугацааны дараа дахин эхлүүлэхдээ барилгын тэг тэнхлэгийг өөрчлөн, манай компанийн газарт нэвтрэн, газар шорооны ажлаа үргэлжлүүлсэн, тэгээд хашаа нурах, контейнер гэдийх зэрэг сөрөг үр дагавар гарсан. Хэрэв анхны зургийн дагуу ажлаа гүйцэтгэсэн бол ийм зүйл болохгүй байсан нь тодорхой. 

Энэ асуудлаас үүдэн, М ХХК-ийн хувьд 15 метр урттай блокон хашаа нурсан, үүнийг шинээр барихаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа, гэвч яг хашаа байсан газрын хил хязгаарыг давж барилга баригдаж байна. Өөрөөр хэлбэл хашаа байхгүй болж, харин манай газарт нэвтрэн ороод баригдаж байгаа барилгын хана хашааны оронд солигдоод байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар дүгнэлт гаргахаар ирэхдээ, хил заагийг нарийвчлан тогтооход кадастрийн зураг хангалтгүй, тиймээс 1:500 масштабтай хөрсний дээрх ба доорх хэсэг багтаасан нарийвчилсан зураг хийлгэх гэж зөвлөсний дагуу эрх бүхий зургийн байгууллагаар зураг хийлгэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн ба тухайн зурагт манай М ХХК-ийн газрын зааг баригдаж байгаа барилгын хана дээр байгааг тэмдэглэсэн байдаг. Гэтэл энэ хана бол дахин цаашаагаа нэмэлт дулаалга, хөөсөнцөр, өнгөлгөөний шавардлага хийгдэх нь тодорхой ба энэ үед гадагшаагаа улам тэлэх учиртай, энэ байдал манай компанийн газрын хил заагийг зөрчин, М ХХК-ийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг оролцуулан барилга баригдаж байгаа байдал илэрхий байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд, БХХК-ийн барьж байгаа барилга технологийн ноцтой алдаа гаргасныг тогтоосон.

Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, хэмжээний зургийг зөрчин тэг тэнхлэгийг газарт шилжүүлэн тавиулсан бол барилга угсралтын ажлыг зогсоох, барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг /дээрх журмын 6.9/ авах эрхийг НЕТГ-т олгосон, үүний дагуу Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хавсарган, 2016 оны 9 сарын 15-нд хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүссэн. Энэ хугацаанд, 9 дүгээр сарын 25-нд БХХК барьж буй барилгын 9,10-н давхараас барилгын эд зүйл сэлбэг агуулдаг склад болон 4 тоннын 2 контейнер дээрээс унасан. Яг энэ талаар бид мэдээгүй байж байгаад, тухайн өдөр нярав сэлбэг үзэхээр склад очих үед, хаалгыг онгойлгоод гадны хүмүүс орж байхыг хараад харуулыг дуудан, хамтдаа очсон байдаг. Тэгэхэд, тэдгээр хүмүүс “Барилга дээр ажиллаж байгаа хүмүүс байнаа, дээрээс юм нурчихлаа, хурдан засаад өгье” гэж хэлсэн ба унасан зүйлийг үзвэл 9-10-р дугаар  давхарын цутгалтыг хийж байхад нь хэв хашмал нь задарч зуурмаг болон бэхэлгээ гэх мэт зүйлс нурж сэндвич төмрөөр хийсэн складын дээврийг цөмлөөд, дотор нь байсан автомашины толь, хажуугийн хаалгануудыг дахин хэрэглэх боломжгүй болгосон. Эдгээр хохирлоо жич нэхэмжлэх ба үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэнээр, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02-06-080/1312 тоот хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн талаарх дүгнэлт гарсан.

Ийм аюултай, бусдын эд хөрөнгө өмчлөх эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл болсоор байхад, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 10 дугаар сарын 13-нд хариу өгөхдөө, ... танай компанийн эзэмшил газарт суурийн хэсгээр 1,27 м.кв, агаарт тагтны хэсгээр 4,81 м.кв талбай орсон болохыг Б*******-******* ХХК ойлгосон бөгөөд нураасан хашаа болон бусад зөрчлөө арилган 2 компани хоорондоо тохиролцох 10 хоногийн хугацаатай үүрэг өгсөн ... гэж бичсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 10 байтугай хоног өнгөрсөн боловч тодорхой шийдвэртэй арга хэмжээ авсангүй.

Иймд Нийслэлийн Хот байгуулалт Ерөнхий төлөвлөгөөний газрын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 301 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Н******* худалдааны төв”-ийн баруун талд иргэн Ж.Гэд 0.0988 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд тухайн эзэмшил газар дээрээ барилга барих хүсэлт гаргасныг судалж, “Газар барилгажилтын зөвлөл"-ийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1094 дугаартай үйлчилгээний зориулалттай 12 давхар барилга байхаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Иргэн Ж.Гийн барилгатай холбогдуулан “М” ХХК-иас гомдол ирүүлсэн бөгөөд Ж.Гэд хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг мэдэгдсэн мэдэгдлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас хүргүүлсэн. Манай байгууллага эрх хэмжээний хувьд албан бичиг, мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлдэг. Харин зөрчилд хяналт тавьж, арга хэмжээ авах эрх бүхий байгууллага нь Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний 02-07- 092/1002 дугаар дүгнэлтэд Газрын хил давхцаагүй Ж.Г барилга барихдаа “М” ХХК-ийн эзэмшил газрын хил, хязгаарыг зөрчсөн гэх боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/ анх Архитектур төлөвлөлтийн даалгавар өгөхдөө иргэн Ж.Гийн эзэмшил 0.998 га талбайд 24.8x12.8 м.кв-аар тооцон төлөвлөсөн.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-т “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг баримтыг...” гэсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т заасан бүрдэлтэй ижил болно. Өөрөөр хэлбэл иргэн Ж.Г нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил лэх, үргэлжлүүлэх ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4-т “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг баримтыг бүрдлийг бүрдүүлсэн. Түүнчлэн иргэн Ж.Г нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлт нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад  оруулах үйл ажиллагааны журам”-н 6 дугаар зүйлийн 6.4-д заасан шаардлагыг хангасан учир Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “газар шороо, суурийн ажил”-ын 63/2016 дугаартай зөвшөөрлийг олгосон.

Тус газар нь холбогдох хууль тогтоомж хэрэгжүүлж ажилласан болон иргэн Ж.Гэд олгосон зөвшөөрөл  нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэж гаргасан захиргааны акт тул Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С******* 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгох гэж өөрчилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Барилгыг эхлэх ба үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад асуудлыг би судалсан. Хотын захиргаанаас лавлагаа авсан. Хуулийн дагуу явж байгаа. Түүн дээр дулаан, цахилгааны зөвшөөрөл бүх техникийн нөхцөл б******* өөрчлөгдөөгүй тохиолдолд тэр бичиг баримт хүчин төгөлдөр бус гэдгийг албан бичгээр авч байгаа. Сүүлд ирсэн бичгээр цахилгаанаар хангах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Дулаан бас мэдэгдсэн. Яагаад гэвэл бүх юм инженерийн тооцоон дээр явагддаг. Барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэг бол үүгээр л гардаг зүйл. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Албан ёсоор шүүхэд ирсэн нотолгоо батлагдлаа. Цуцлахад гомдох зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр байрыг худалдаж авсан олон хүмүүсийн эрх ашиг болон миний эрх ашиг зөрчигдөж эхэлж байна. Цахилгаан дулаангүй газар хэн амьдрах вэ энэ их хэцүү асуудал, Би гуравдагч этгээдийн өмнө барилга барьсан. Миний барилгын дулаан, цахилгааны зөвшөөрлийг "Н" ХХК-ийн орон сууцны контороос авсан. Тэгэхийн тулд дулаан бол хаанаас огтлол хийх, хаанаас авах талаар цэг зааж өгдөг. Тэр нь дулаанаас гараагүй гэсэн үг. Дулааны огтлолыг "Н" ХХК-аас авна, ямар нөхцөлөөр авах талаар заасан. Цахилгаан ч мөн адил. Манай цахилгаанаас авбал хүчин чадал нь хүрэхгүй учраас нэмэгдүүлж авна уу гэсэн зөвшөөрлийг гуравдагч этгээд “Т” ХХК-аас авах ёстой байсан. Би "Н" ХХК-тай уулзхад “манайхаас авч болно, танай газар дээгүүр дамжуулаад авч болно” гэсэн. Тэгэхдээ эхлээд дулаан авах цэгээ угаасаа тодорхой зааж өгч бөглөгддөг юм. Заавал огтлолын цэгийг зааж өгдөг юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас ашиглалтын зөвшөөрлийг олгохдоо Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 151 тоот тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан бүрдлүүдийг үндэслэж байж олгодог. Тухайн бүрдлүүдэд техникийн нөхцөлүүд бас орсон байдаг. Тэгэхээр тухайн байгууллага хариу өгсөн талаар би хэлж мэдэхгүй байна. Уг тогтоолын бүрдүүлбэрийг үндэслэж түүнд бүрдүүлэх бүрдүүлбэрийг бүгдийг нь бүрдүүлж байж зөвшөөрөл олгодог. Энэ байгууллага нь 2 сарын хугацаатай суурин ажил гэж эхлүүлээд дараа нь зөвшөөрлөө сунгуулсан байдаг” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Барилга эхлүүлэх зөвшөөрөл авахад бол бүрдүүлбэрийн жагсаалт байдаг. Нэхэмжлэгч тал үүнийг мэдээгүй биш мэдэж байгаа. 4 үндсэн техник нөхцөл байдаг. Үүнд: цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан хангамж. Түүнд магадлалын зургаар бол 50 хувьтай барилга барих зөвшөөрөл 50 хувьтай өөрөөр хэлбэл энэ 2 нөхцөл гарсан байхад зөвшөөрлөө авдаг. Тиймээс манайх цэвэр, бохир усны техник нөхцөл гарсан баталгаажсан явж байгаа. Холбоо цахилгаан гарсан баталгаажсан явж байгаа. Ус дулааныг манайх Улаанбаатар цахилгаан түгээгүүрээс, дулааныг бол Цахилгаан түгээгүүрээс авахгүй танайх мэдэж байгаа Хүрээ хаусаас авна. Цахилгааныг бол Ухаалаг эрчим хүч "Н" ХХК-аас авахаар тохирсон албан бичгүүд нь байгаа. Тиймээс барилга эхлэх зөвшөөрөл дээр техникийн нөхцөл байдалд шалтгаан тавих үндэслэл биш гэж бодож байна. Магадлалын зураг дээр 4 техникийн нөхцөлийн 2 нь ирсэн байхад тамга дарж өгдөг. Хэрвээ шаардлагатай болвол ямар ямар техникийн нөхцөл авсан үед барилга барих зөвшөөрөл өгөх ёстой талаар гаргаж авч болох байх. Үүнд эргэлзээд байх зүйл алга” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах гол үндсэн шалтгаан бол “Б” ХХК-ийн баригдаж байгаа барилгын үйл явц нь “М” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрын хилийн заагийг нэвтрээд байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Захиргааны хэргийн шүүхэд аливаа маргааныг үүсэхэд тухайн захиргааны акт  нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байж захиргааны шүүхэд хандах гол үндэслэл бий болдог. Тэгэхээр “Б” ХХК барилгын ажлаа яг эхэлж байх үед “М” ХХК-тай асуудал гараагүй. Тэгээд явцын дунд 2016 оны 04 дүгээр сард барилгын ажлаа эхлээд явж байгаад түр зогсоод дахиад барилгын ажлаа цаашид үргэлжлүүлэхдээ “М” ХХК-ний эзэмшлийн газарт хэт тулгаж газар шорооны ажлыг эхэлсэн. Тэгээд газар шорооны ажил эхэлсэнтэй холбогдуулж “М” ХХК-ний блокон хашаанууд нурж унасан. Энэ нь хамгийн эхэнд гарсан зөрчил. Тэгээд хашаа нурлаа гэж энэ 2 компаний хооронд яригдаж, үл ойлголцож зодолдох дээрээ тулж энэ нь цагдаагийн байгууллагад хүрч шалгагдсан ийм зүйл байгаа. Яагаад хашаа нурсан гэхээр газар шорооны ажил хийж газрыг доошоо ухахдаа “М” ХХК-ний газарлуу тулгаж газар ухаад хашаа нурсан магадлал гарсан байгаа. 

Дараагийн асуудал нь “Б” ХХК-ний барьж байгаа барилгатай хиллээд, хашаатайгаа залгаа хэдэн контейнер байдаг. Энэ контейнертай “М” ХХК нь өөрийн явуулж байгаа үйл ажиллагаа зорилгод нийцүүлсэн машины техникийн сэлбэг, хэрэгслийг хадгалдаг үнэ бүхий эд зүйл байдаг юм байна. Гэтэл нэг өдөр контейнерууд нь арагшаа гэдийсэн гэтэл мөн “Б” ХХК-ний барилгын ажилтай холбогдоод арын байх ёстой газрыг хэт тулгаж ухахаар контейнеруудын доод газар нурсан. Нуралтаас үүсч контейнер арагшаа гэдийсэн. Ингэж хоёрдох зөрчил гарсан.

Дараагийн зөрчил нь “Б” ХХК-д энэ асуудлыг удаа дараа амаар, бичгээр хэлсэн. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт гарсан байдаг юм. Уг дүгнэлт дээр “газар суурин хэсгээрээ, тагтны хэсгээрээ тодорхой метр зайнд хэмжээ хязгаар хэтэрч орсон байна” гэж тогтоогдсон. Үүний дараа “М” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Улаанбаатар хотод барилга байгууламж барихад ямар журам баримтлах” талаар зохицуулсан журмыг 2014 онд баталсан байдаг. Энэ 2016 оны 5/14 тоот тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын зураг батлах, барилга угсрах ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам гэж байгаа. Уг журамд Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучнаар/ хяналт тавих тухай зохицуулалт байгаа. Тэр байтугай юу гэж зааж байна гэхээр тэг тэнхлэгийг зөөснөөр ямар нэгэн зөрчил гарсан нь зохих эрх бүхий 3 байгууллагын актаар тогтоогдсон бол гэж зааж байгаа. Тэрний нэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэж заасан. Тэгээд ингэж тогтоогдож байвал ерөнхий төлөвлөгөөний газар тэр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх гэж олгосон зөвшөөрлөө цуцална гэсэн эрхийг олгосон. Энэ эрхийн хүрээнд “М” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг өгсөн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “Б” ХХК-ний захирал Д.З, иргэн н.Г******* нарт албан бичиг явуулсан. Мөн  “М” ХХК-д албан бичиг явуулсан. Уг албан бичгийн утга нь “энэ асуудлаа өөрсдөө шийд” гэсэн зүйлийг бичсэн байдаг юм. Үүнийг шийдээгүй. “Б” ХХК-ний захирал бусдын эрхийг зөрччихөөд өөрөө очих ёстой байхад огт тийм зүйл болоогүй барилгын ажил үргэлжилсээр байсан. 

Үүний дараа гуравдах зөрчил гарсан. Ямар зөрчил гарсан гэхээр баруун тийшээ харсан барилга баригдаж байгаа хэсгээс барилгын дээд давхраас эд материал доошоо унасан. Яг унаж байхад нь хараагүй учраас юу унасныг мэдээгүй. Контейнерийн дээврийг цөмлөж байна гэхээр их хүнд зүйл унасан байх. Үүний дараа дахиад мэргэжлийн хяналтын газарт хандсан. Ингээд мэргэжлийн хяналтын газрын 2 дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Үүгээрээ нэхэмжлэгчийн эрхийг энэ барилга барьж байгаа үйл ажиллагаа зөрчиж байна гэдэг нь харагдаж байна. 

Үүнтэй холбоотой “М” ХХК нь барилгын тэг тэнхлэг гэдэг асуудлыг хөндсөн. Яагаад гэвэл барилгын анхны зураг батлагдахад “Б” ХХК-ийн эзэмшилд байгаа газрын төв хэсэгт гэж үзэж болохуйц газарт байрлаж байсан. Үүнийгээ ерөнхий төлөвлөгөөний газар анх барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхдөө хариуцагч тал тайлбарлахдаа 2012 оны Засгийн газрын 151 тоот тогтоолын журам, дүрмээр зохицуулагдсан гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн хэсэг дээр уг дүрмийн заалтыг тодорхой дурдсан байгаа. Уг дүрэмд заахдаа барилгын ажил эхлүүлэхдээ ямар материал бүрдүүлэх, түүнийг эрх бүхий байгууллага хэрхэн хянах талаар нарийвчилж заасан байгаа. Тэр зөвшөөрлийг олгохоос өмнө тэг тэнхлэг гэдэг зүйлийг газар дээр байршуулсан байдаг юм байна. Тэр газар дээр байршуулсан актыг ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж авдаг. Хавтаст хэрэгт байгаа материалыг хархад энэ тэг тэнхлэгийг байршуулсан актыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минутад хүлээж авсан гэсэн акт байна. Тэгэхээр өмнө нь хүлээж авсан байна. Тэгэхээр тэр тэг тэнхлэгийг иргэн Ж.Гийн эзэмшил газрын төв цэг дээр Н*******гийн СӨХ ******* гэж нэрлэж байгаа барилгатай ойролцоо тогтоосон юм байна лээ. Тэгсэн Н*******гийн байрны оршин суугчид цонх таглаж байна гэж хэл ам хийсэн. Ингээд маргаан гарч энэ асуудал нь цаашаа Авилгатай тэмцэх газарт шалгагдсан. Тиймээс хавтаст хэрэгт Нийслэлийн прокурорын 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан байдаг. Уг тогтоол дээр н.Э******* гэх ерөнхий төлөвлөгөөний газрын ажилтан тайлбар, мэдүүлэг өгсөн байгаа. Уг мэдүүлэгт “ийм асуудал гарсан тэгэхээр нь бид тэр тэг тэнхлэгийг баруун тийш нь зөөсөн” гэж байгаа. Өөрөөр хэлбэл “М” ХХК-тай хил залгаа зөөгдөж байгаа юм. Барилгын тухай хууль дээр барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн тусгай зөвшөөрөл хяналтад байх зүйлийг тусгайлан зохицуулсан байдаг. Баруун тийш зөөсөнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан. Үүнийг зөөсөн гэдгээ гуравдагч этгээд хэлдэг. Тэгэхээр зөөсөнтэй холбоотой материал, хэн зөвшөөрөл олгосон, хааш нь зөөсөн талаар материал одоо болтол өгөөгүй. Шүүхээр дамжуулж авах хүсэлт гаргасан боловч ирээгүй, Хариуцагчийн төлөөлөгч энэ талаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ нь тэр тэнхлэгийг зөөхөд хуульд нийцсэний дагуу явагдаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хэрвээ тухайн үед баруун тийш нь зөөхдөө  “М” ХХК-ийн газраас хэдэн метр зайд байх талаар стандартаа барьсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. 

Хавтаст хэрэгт байгаа магадлалын ерөнхий дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарч байгаа юм. Энэ дүгнэлт гараагүй байхад ерөнхий төлөвлөгөөний газар үргэлжлүүлэх, эхлүүлэх зөвшөөрлөө 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгч байгаа юм. Ийм байж болох уу. Магадлалын ерөнхий дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарахдаа цахилгаан дулааны техникийн нөхцөл байхгүй байна гэж тэмдэглэсэн байна. Ийм асуудал байсаар байхад яагаад ерөнхий төлөвлөгөөний газар энэ этгээдэд зөвшөөрөл олгож байгаа юм бэ. 

Тэг тэнхлэг ном журмын дагуу хийгдсэн, техникийн нөхцөл б******* авагдсан, магадлал хуулийн дагуу хийгдсэн дүрмийн дагуу зөвшөөрөл өгсөн байсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манайх эхлээд барилга барьсан та нар ямар хамаатай юм” гэсэн байдлаар өмнөх хуралдаан дээр хэлж байгаа нь ёс зүйгүй байна. Ерөнхий төлөвлөгөөний газар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг шийдэж чадахгүй бусдын эрх хөндөгдөж байна. Иймээс бид шүүхээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

ҮНДЭСЛЭХ нь;

“М” ХХК-ийн захирал Л.Б Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөлөгөөний газрын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С******* барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгох гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Л.Б*******аас 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Н.С*******т олгосон итгэмжлэлд “...Гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7-д заасан эрхийг эдлэхгүй болно.” гэсэн нь тэрээр энэ зүйлийн 28.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй байна. 

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэн Ж.Гийн захиалгаар “Б” ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаартай зөвшөөрөл”-ийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнй газраас тухайн барилгын цахилгааны болон дулааны зөвшөөрлийн техникийн нөхцлийг эрх бүхий мэрэгжлийн байгууллагаас аваагүй байхад олгосон нь хууль бус, барилгын тэг тэнхлэгийг зөвшөөрөлгүйгээр өөрчилж бусдын газар эзэмших эрхийг  зөрчсөн гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаартай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгон шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Н******* худалдааны төв”-ийн баруун талд иргэн Ж.Гэд 0.0988 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд тухайн эзэмшил газар дээрээ барилга барих хүсэлт гаргасныг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 0001766-№63/2016 дугаар бүхий барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас (хуучин нэрээр) дээрх зөвшөөрлийг олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтанд оруулах дүрэм”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасан баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзэж олгосон гэж тайлбарлажээ.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “.....нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь б******* эрхийг хэрэгжүүлнэ:”, 35.1.1 “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;”, 35.1.2-т “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх;”, 35.1.3-д “барилга байгууламжийн байршил тогтоох,...болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж....хяналт тавих;” б******* эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу геодезийн тэмдэглэгээтэй уялдуулан...эрх бүхий хуулийн этгээд тогтооно.”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ийн Зургаадугаар бүлгийн 6.4-д “Дор дурдсан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.”, 6.4.2-т “барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх ажлыг хийлгэсэн байх;” гэжээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-07-092/1002 дугаар дүгнэлтээр; “Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталж, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, дүүрэг хариуцсан архитектор нар хянан баталгаажуулсан 88 айлын орон сууцны барилгын эскиз зургаар уг барилга нь тухайн эдэлбэр газрын талбайд ертөнцийн зүгээр зүүн талд байршсан байна.”, мөн “Н” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт”-аар барилгыг барилгажих талбайн баруун талд шилжүүлж баталгаажуулсан хэдий ч тухайн актад тэнхлэг шилжүүлсэн тухай тусгаагүй байна.” гэж уг барилгын тэг тэнхлэгийг хууль, журамд нийцүүлээгүй шилжүүлсэн тухай дүгнэжээ. 

Нөгөө талаар тухайн барилгын тэг тэнхлэгийг, барилгажих талбайн өөр хэсэгт шилжүүлэхдээ эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хийсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч нотлоогүй, шүүхэд ирүүлэх нотлох баримт байхгүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан бөгөөд ингэснээрээ Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;”-ыг харгалзах зохицуулалттай нийцээгүй байна. 

Мөн уг барилгын ажлыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай техникийн нөхцөл бүхий магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй байхад (магадлалын ерөнхий дүгнэлт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан) барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон нь зөрчилтэй байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-07-092/1002 дугаар дүгнэлтээр “Иргэн Ж.Г, “М” ХХК-ийн газар эзэмшил эрх бүхий байгууллагын олгосон газрын хил хязгаар давхцаагүй бөгөөд иргэн Ж.Г нь үйлччилгээтэй орон сууцны барилга барихдаа хөрш “М” ХХК-ийн эзэмшил газар доор суурийн хэсгээр 1.27 м кв, агаарт тагтны хэсгээр 4.81 м кв орсон байна.” Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихгүй байх;” гэсэн заалтыг зөрчсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт олгогдсон барилгын хэмжээнээс нэмж, консоль, тагт гарган талбайн хэмжээг томруулж боловсруулсан ажлын зураг төслөөр угсралтын ажлыг гүйцэтгэсэн уг барилгын байршлыг өөрчилж, тэг тэнхлэгийг шилжүүлэн байршуулснаас зэргэлдээх “М” ХХК-ийн эзэмшлийн хил заагаар газар доорхи суурийн хэсэг болон тагтны хэсэг нь агаараар  орсон байгаа нь Барилгын тухай хуулийн 7, 14, 16 дугаар зүйл болон холбогдох журмын хэрэгжилтийг хангахгүй байна гэжээ. 

Гэвч “Б” ХХК-ийн гүйцэтгэж байгаа дээрх 88 айлын орон сууцны барилга барих үйл ажиллагаа холбогдох хууль, журмыг зөрчсөн тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байхад  нэхэмжлэгчийн уг барилгын талаар гаргасан удаа дараагийн гомдол, хүсэлтийг хариуцагч хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй. 

Түүнчлэн иргэн Ж.Гийн захиалгаар “Б” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын цахилгааны болон дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас олгогдоогүй байхад хариуцагч Нийслэлийн ерөнхий  төлөвлөгөөний газраас олгосон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хууль бус байна.

Энэ нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.”, 4.1.8-д “барилга байгууламжийн техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;”, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.5-д “Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь шинээр .....хийх барилга байгууламжийн ашиглалтын хэрэгцээнд шаардагдах инженерийн хангамжийн техникийн нөхцөлийг....холбогдох мэргэжлийн байгууллагаас авна.”, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 7-д “Шинээр баригдах...барилга байгууламжид дулааны эрчим хүч авах,.....тухай бүрт хэрэглэгч нь дамжуулагч, түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна.” гэсэн зохицуулалттай нийцээгүй. 

Нөгөө талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталж, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, дүүрэг хариуцсан архитектор нар хянан баталгаажуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1094 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварын 8-д заасан “Баруун талын газар эзэмшигчтэй зөвшилцөн цонхгүй төлөвлөх...” гэсэн шаардлагыг зөрчиж барилгын тэг тэнхлэгийг барилгажих талбайн баруун жигүүрт шилжүүлснээр бусдын эзэмшил газрын хил заагыг зөрчсөн  нь улсын ахлах байцаагчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

  Тодруулбал зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлтэд заасан Дулаан хангамж, Ус хангамж, ариутгах татуурга, Цахилгаан хангамж, холбоо дохиолол зэрэг техникийн нөхцлүүд эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас б******* олгогдоогүй  байхад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох тухай зохицуулалт холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд байхгүй байна. 

Дээрх хууль дүрмийн зохицуулалтаас үзэхэд шинээр баригдаж байгаа  барилгын дулаан, цахилгааны техникийн нөхцлийн зөвшөөрлийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас  авсан байх шаардлага нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг олгохдоо үндэслэл болгохоор байна. 

Ийнхүү хэргийн нөхцөл байдал, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын (хуучин нэрээр) 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрөл”-ийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхэд энэхүү зөвшөөрөл, дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1, 35.1.2, 35.1.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын (хуучин нэрээр) баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 0001766-№36/2016 дугаар бүхий зөвшөөрөл” хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР