Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00121

 

 

                                        Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 634 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюун-эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ууганбаярт холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1.932.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л.Ууганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Хариуцагч Л.Ууганбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ би хариуцагч Ууганбаярт 2013 оны 06 сарын 28-нд 3.0 сая төгрөг барьцаагүй, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлээ төлөх хугацаа болоход Ууганбаяр хүүгээ 8 хувь болгооч гэсний дагуу зөвшөөрч хүү 240 000 төгрөг авч 2013 оны 07 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 28 хүртэл 60 хоног сунгасан. Энэ хооронд зээлээ төлж чадахгүй явсаар 2013 оны 10 дугаар сарын 16-нд хүү 624000 төгрөг, үндсэн зээлээс 1,0 сая төгрөг өгч хасуулан үндсэн зээл 2,0 сая төгрөгөө 2013 оны 10 сарын 16-наас 11 сарын 16 хүртэл сунгуулсан. 2013 оны 11

дүгээр сарын 20-нд хүү 160000 төгрөгөө өгч 2013 оны 11 сарын 16-наас 2014 оны 01 сарын 16 хүртэл 60 хоног дахин сунгуулсан. 2014 оны 1 сарын 18-нд хүү 320,000 төгрөг өгч дахин 5 сараар буюу 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгуулсан. Сунгах зайгүй болсон тул дахин шинээр гэрээний сунгалтыг хавсралт болгон дахин хийсэн болно.

Гэрээг хийхдээ 2014 оны 06 дугаар сарын 16 хүртэл гэхийг буруу тооцоолон 2014 оны 05 дугаар сарын 16 гэж хийсэн боловч гэрээний ард зуруулан бичин Ууганбаяр зөвшөөрөн гарын үсэг зурсан болно. 2014 оны 06 дугаар сарын 02-нд 1 000 000 төгрөг өгч, үүнээс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 зны 06 дугаар сарын 16 хүртэл 5 сарын хүү 800,000 төгрөг өгч үндсэн мөнгөнөөс 200,000 -эгрөг хасуулан үлдсэн үндсэн зээл болох 1800000 төгрөгийг 2014 оны 06 сарын 16-наас 09 дүгээр сарын 16 хүртэл 90 хоног сунгуулсан болно.

Зээлээ төлөх хугацаа болоход 2014 оны 09 дүгээр сарын 24-нд 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулсан.

Хүүний 432 000 төгрөгийг одоохондоо өгч чадахгүй байна гэсэн. үлдсэн 1,0 сая төгрөгийг зээлээ удаалгүй 2014 оны 10 дугаар сард багтааж өгвөл би хүү авахгүй байхыг амаар зөвшөөрсөн.

Гэтэл Ууганбаяр зээлээ төлөхгүй 2 жил шахам алга болж өнөөдрийг хүрч байна. Дээр нь утсаа авахгүй байсан учраас би шүүхэд хандахаас аргагүйд хүрсэн болно. Бид 2-ын хооронд хийсэн гэрээнд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги хариуцагчаар төлүүлэх заалт байгаа.

Үүний дагуу хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн зээл 1.000.000 төгрөгний 50 хувь болох 500,000 төгрөгний алданги гарч байна.

Иймд хариуцагч Л.Ууганбаяраас үндсэн зээл 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 90 хоногийн хүү 432.000 төгрөг, нийт 1.932.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.Оюун-Эрдэнээс 3 сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн болно. Бид хоорондоо тохиролцоод хүүг 8 хувь болгож, 240 000 төгрөгийг хүүнд нь өгсөн юм. Тэгээд 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар, 8 хувийн хүүтэйгээр сунгасан ба хүүнд нь 480 000 төгрөгийг өгсөн.

Үндсэн мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг өгч хасуулаад 2 000 000 төгрөг үлдсэн болно. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэйгээр дахин сунгаж хүүнд нь 160.000 төгрөг өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэйгээр дахин сунгалт хийсэн юм.

Эхний гэрээнд би ямар нэгэн маргаангүй. Харин 2 дахь гэрээг сунгалтаар 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ үеийн хугацаа нь 5 сар биш 4 сараар бодож тооцоо хийх ёстой юм.

Дараа нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар сунгалт хийгээд надаас 144 000 төгрөг авсан мөртлөө 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 сараар сунгалт хийгээд надаас хүүнд нь 5 сараар бодож 800 000 төгрөгийг суутгаж авсан байдаг.

Учир нь энэ хугацааг 5 сараар тооцсон хугацаандаа оруулсан байдаг.

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар сунгалт хийгээд надаас 144 000 төгрөг илүү авсныг үндсэн мөнгөнөөс хасуулна гэж бодож байна. 2 000 000 төгрөгийг 4 сараар, 8 хувийн хүүтэйгээр тооцвол 2 сая төгрөгийг *8 хувь=160 000 төгрөг*4 сар=640 000 төгрөг хүүнд төлөх ёстой байтал надаас 800 000 төгрөгийг авсан байдаг.

Үүний зөрүү 800 000-640 000=160 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасуулна. 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнэд өгөхөд 5 сарын хүү гээд 800 000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 200 000 төгрөгийг тус тус суутгаж хасаад 1 800 000 төгрөгийн үндсэн мөнгөний үлдэгдэлтэй болсон юм.

Тэгээд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 1 800 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэйгээр сунгасан юм. Би хүүнд нь 432 000 төгрөг өгсөн. Энэ хүүний мөнгийг өгөөгүй гэсэн байна. Хэрвээ өгөөгүй байвал дараагийн мөнгийг өгөхөд суутгаж авах ёстой шүү дээ. Юу яриад байгаа юм бэ, хэрвээ өгөөгүй байсан бол юу гэж гарын үсэг өгснөөр зуруулах билээ. Үүнээс хойш би 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 800 000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнэд өгч үндсэн мөнгөнөөс хасуулаад 1 000 000 төгрөг үлдсэн юм. Иймд Б.Оюун-Эрдэнэ нь надаас илүү авсан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 сарын хүү гэж авсан 800 000 төгрөгийг гэрээнд заасан 4 сарын хугацаагаар тооцвол үүний зөрүү 800 000-640 000=160 000 төгрөгийг, мөн адил 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүү гэж надаас 144 000 төгрөг авсныг үлдсэн 1 000 000 төгрөгнөөс хасуулж 696 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 634 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Ууганбаяраас 1 932 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ууганбаяраас 45 900 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсангүй, нэг талыг баримталж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Оюун-Эрдэнэ нь хариуцагч Л.Ууганбаяр надааас зээлийн гэрээний үүргийн үнийн дүн болох 1.932.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Үүнд: Талуудын хооронд 2013.06.28-ний өдрийн зээлийн гэрээ, 2014.01.16-ний өдрийн тус тус гэрээг үндэслэн 1.932.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

Хариуцагч миний бие нь 2013.06.18-ний өдөр авсан 3.000.000 төгрөгний гэрээг хүлээн зөвшөөрч байгаа ба харин сунгалт хийж 2014.01.16-ний өдрөөс 2014.05.16-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн хүүг хасаж тооцуулахаар байр сууриа илэрхийлсэн боловч шүүх миний илүү төлсөн хүүг хассангүй, харин төлсөн хүүг маань төлөөгүй байна гэж үзэж 2014.06.16-ний өдрөөс 2014.09.16-ний өдөр хүртэлх хугацааны хүү 432.000 төгрөгийг хангаж, үндсэн мөнгө 1.000.000 төгрөгний алданги 500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 2013.06.28-ний өдрийн зээлийн гэрээний хувьд маргадаггүй.

Энэ хугацаанд хүүг хангалттай төлж, үндсэн мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг өгч 2.000.000 төгрөгний л дэгдэлтэйгээр 2 дахь гэрээг сунгасан юм. 2014.01.16-ний өдрөөс 2014.05.16-ний өдөр хүртэл сунгалт хийсэн гэрээнд маргаантай байна.

Учир нь: 2 дахь гэрээг сунгалтаар 2014.01.16-ний өдрөөс 2014.05.16-ний өдөр хүртэл 2.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар 8%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ үеийн хугацаа нь 5 сар биш 4 сараар бодож тооцоо хийх ёстой юм.

Дараа нь 2014.05.16-ний өдрөөс 2014.06.16-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар сунгалт хийгээд надаас 144.000 төгрөг авсан мөртлөө 2014.01.16-ний өдрөөс 2014.06.16-ний өдөр хүртэл 5 сараар сунгалт хийгээд надаас хүүнд нь 5 сараар бодож 800.000 төгрөгийг суутгаж авсан байдаг.

Учир нь хүүнд авсан 144.000 төгрөгийг 5 сараар тооцсон хугацаандаа оруулсан мөртлөө дахин бодож илүү хүүг надаас бодож авсан байдаг. 2014.05.16-ний өдрөөс 2014.06.16-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар сунгалт хийгээд надаас 144.000 төгрөг илүү авсныг үндсэн мөнгөнөөс хасах ёстой байхад шүүх хасаагүй, ямар үндэслэлээр хасагдаагүй гэдгийг дүгнэж тайлбарлаагүй.

Мөн 2.000.000 төгрөгийг 4 сараар, 8%-ийн хүүтэйгээр тооцвол: 2сая төгрөгийг*8% =160.000 төг *4 сар= 640.000 төгрөг хүүнд төлөх ёстой байтал надаас 800.000 төгрөгийг авсан байгаа юм. Үүний зөрүү 800.000-640.000=160.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс шүүх хасаж тооцоогүй.

2014.06.02-ний өдөр 1.000.000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнэд өгөхөд 5 сарын хүү гээд 800.000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 200.000 төгрөгийг тус тус суутгаж хасаад 1.800.000 төгрөгний үндсэн мөнгөний үлдэгдэлтэй болсон юм.

Тэгээд 2014.06.16-ний өдрөөс 2014.09.16-ний өдөр хүртэл 1.800.000 төгрөгийг, 3 сарын хугацаатайгаар 8%-ийн хүүтэйгээр сунгасан юм. Би хүүнд нь 432.000 төг өгсөн. Энэ хүүний мөнгийг өгсөн гэдгийг баталгаажуулсан гарын үсэг гэж үзэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Хэрвээ өгөөгүй байвал дараагийн хүүг өгөхөд суутгаж авна. Хэрвээ өгөөгүй байсан бол юу гэж гарын үсэг надаар зуруулах билээ дээ.

Үүнээс хойш би 2014.09.24-ний өдөр 800.000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнэд өгөхөд үндсэн мөнгөнөөс хасаж тооцоод 1.000.000 төгрөгний үндсэн мөнгөний үлдэгдэлтэй болсон юм. хэрвээ хүүний үлдэгдэл байсан бол 2014.06.16-ний өдрөөс 2014.09.16-ний өдөр хүртэлх хугацааны хүү 432.000 төгрөгийг суутгаж авах ёстой байсан шүү дээ.

Гэтэл суутгалгүй үндсэн мөнгөнөөс хасаад 1.000.000 төг үлдсэн болно. Тэгээд цааш гэрээг сунгаагүй байхад алдангид 500.000 төгрөгийг гаргуулсан нь хууль зөрчиж байна.

Би энэ хугацаанд хүүнд 2.496.000 төгрөгийг, үндсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөг нийт 4.496.000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл шүүх ямар ч үндэслэлгүйгээр, миний хүүнд төлсөн 432.000 төгрөгийг нэг талыг баримталж дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Би эхний гэрээнд хүүнд 480.000 төг, 160.000 төг, 320.000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд хүүгээ өгөөд л гарын үсгээ зурдаг, 2-дахь гэрээний 2014.06.16-ний өдрөөс 2014.09.16-ний эдөр хугацааны 432.000 төгрөгийг өгөхөд мөн адил зурсан гарын үсэгтэй ижил л байсан.

Би зээлийн хүүгээ өглөө надаар гарын үсгээ зуруулаад авдаг байсан. Оюун-Эрдэнэ хүүг төлөөгүй байхад гарын үсэг зуруулдаггүй.

Үүнийг энэ 2 гэрээний аль алинаас харж болно. Гэтэл шүүх үүнийг үнэлж дүгнэлгүйгээр нэг талыг баримталсанд гомдолтой байна.

Иймд гомдолд бичсэн нөхцөл байдлыг шударгаар шийдвэрлэж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.10-ний өдрийн 142\ШШ2016\00634 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын мэтгэлцээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулинд заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Л.Ууганбаяраас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1.932.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь Л.Ууганбаярт 2013 оны 06 сарын 28-нд 3 сая төгрөгийг барьцаагүйгээр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлээ хугацаандаа төлөөгүй учраас зохигчид тохиролцож зээлийн хүүг 8 хувь болгож 2013 оны 07 сарын 28-наас 2013 оны 09 сарын 28 хүртэл 60 хоногоор сунгасан.

Энэ хугацаанд зээлээ төлөөгүй учраас зээл төлөх хугацааг сунгаж хүүгийн тооцоо хийж явсаар 2014 оны 06 сарын 02-нд 1 000 000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гэрээний сунгалтууд (хх-4-5) зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Харин анхан шатны шүүх зохигчдод хүүнд 144.432 төгрөг буцаан төлөхийг зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсныг хүү өгсөн гэдгээ баталгаажуулан зурсан гарын үсэг гэж үзэх боломжгүй, хүү төлсөн тайлбараа нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Л.Ууганбаяр нь 2014 оны 05 сарын 16-наас 2014 оны 06 сарын 16 ныг хүртэл 1 сараар гэрээний хугацаа сунгахдаа 1 сарын хүүнд 144.000 төгрөг авсан атлаа дахин хүү тооцож 160.000 төгрөг илүү авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх хүү төлсөн талаарх тайлбараа нотолж чадаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Иймд хариуцагч Л.Ууганбаярын хүүнд илүү төлсөн 404.000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлээс хасч тооцон 696.000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэж алдангийг 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож Л.Ууганбаяраар төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй ба энэ талаар гаргасан Л.Ууганбаярын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 634 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Л.Ууганбаяраас 1.932.000 төгрөг” гэснийг “1.044.000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 888.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын ...Л.Ууганбаяраас 45.900 төгрөг гаргуулж” гэснийг “...29.606 төгрөг” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хариуцагч Л.Ууганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.900 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.