Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 294

 

Н.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1945 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолтой, Н.Шд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1945 оны байдлаар 50 настай, эрэгтэй, Дотоод монголын Дархан бэйлийн хошууны харъяат, Нянгар овогтой Ш нь 1944 оны 12 сараас эхлэн Дархан бэйлийн хошууны Хээрийн голд байгуулагдсан японы тагнуулын салбар газар дотоод тагнуулын үүргийг гүйцэтгэж байсан гэх гэмт хэрэгт холбогдож,

БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1945 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18, 35 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 62 дугаар зүйлд зааснаар Булган аймагт 5 жилийн хугацаагаар нутаг заах ял шийтгүүлсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “… Н.Шгийн гэм буруугийн санаа зорилгыг тогтоолгүйгээр, тус улсын ба дотоод монголын ард түмний эсрэг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэх ямар ч баримт байхгүй байхад япон тагнуулын газарт итгэмжлэгдэн орж хар ажлыг нь хийж байсан сэжиглэл бүхий улс төрийн талаар найдваргүй гэж үзэж, улс төрийн хэрэгт нутаг заан суулгах ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Япон салбарын дарга Згийн мэдүүлэгт: ... Ш нь ямар нэгэн тагнуулын даалгавар авч тагнуул хийж байсан буюу бусдыг баривчилж байсан зүйлгүй. Би энэхүү Шд тагнуулын даалгаврыг гүйцэтгүүлэхээр зориуд даалгавар өгч ажиллуулан байсан зүйл огт үгүй бөгөөд нуусан зүйл алга” гэж,

2.Гэрч Дын мэдүүлэгт: Ш нь хээрийн голын онцгой яаманд ороод их удаагүй бөгөөд онц хийсэн ажил байхгүй болно ...” гэж,

3.Гэрч Дын мэдүүлэгт: Ш нь япон тагнуулын газарт орж ажилласаар их удаагүй хэдэн cap болсон бөгөөд тагнуулын ажлыг хийж амжаагүй болов уу хэмээн санана, нөгөө талаар Шг тагнуулын үүрэг даалгавартай ажил хийж буйг би огт мэдэж сонссон зүйлгүй” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Н.Ш нь тус улсын ба дотоод монголын ард түмний эсрэг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэх ямар ч баримт тогтоогдсонгүй.

Н.Шг япон тагнуулын байгууллагад ажиллаж байсныг нь улс төрийн бодлогын золиос болгож зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт /Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../ заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын хуралд оруулан хэлэлцүүлэх хэргийн повысокоор Н.Шг тус улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Булган аймагт 5 жил нутаг зааж суулгах ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын хуралд оруулан хэлэлцүүлэх хэргийн повысокыг хүчингүй болгож, Н.Шг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/12 дугаартай дүгнэлтийг үндэслэн Н.Шд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийн нотлогдсон байдал болон түүнд ял оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хуулиар нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцдог бөгөөд 1942 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд “Тагнуул хийж тусгай хадгалалтад байгаа улсын нууцад байвал зохих утга бүхий мэдээнүүдийг гадаад улс буюу хувьсгалын эсэргүү байгууллагууд буюу энгийн хүмүүст шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлах буюу цуглуулах бол энэхүү хуулийн 56 дугаар зүйлд заасан ёсоор шийтгэнэ.”, мөн хуулийн 56 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат ард иргэдээс тус Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэргийн сүр хүчин болон тус тусын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй бат байх явдалд хор хохирлыг хүргэж тагнуул хийх цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжин орох, хилийн чанадад оргон зугатах, нисэж гарах явдлууд нь эх орноос урвасан гэмт хэрэг мөн бөгөөд ийм хэргийг үйлдэгчийг буудан алж, бүх хөрөнгийг хураавал зохино. Хэрэв хөнгөтгөх шалтгаан байвал 10 жилээс 25 жил хүртэл хугацаагаар хорьж бүх хөрөнгийг хураана” гэж заасан байна.

БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1945 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Н.Шг “япон тагнуулын газарт элсэгдэн ажиллаж байсан гэх баримтгүй боловч, япон тагнуулын газарт итгэмжлэгдэн орж хар ажлыг нь хийж байсан сэжиглэл бүхий улс төрийн талаар найдваргүй этгээд” хэмээн дүгнэж, үйлдсэн гэмт хэргийнх нь төгсөөгүй шинж чанарыг харгалзан 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18, 35 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 62 дугаар зүйлд зааснаар түүнийг Булган аймагт 5 жилийн хугацаагаар нутаг заах ялаар шийтгэжээ.

Япон улсын  Квантуны арми 1939 оны 5 дугаар сараас эхлэн Монгол улсын хилийг агаарын болон хуурай замаар удаа дараа зөрчин манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг зэвсэгт довтолгоон үйлдэж, улмаар 1939 оны 08 дугаар сард Халхгол орчимд болсон тулалдаанд Монгол-Зөвлөлтийн зэвсэгт хүчинд бут цохигдон ялагдал хүлээж, 1939 оны 09 дүгээр сарын 15-нд Москва хотноо ЗХУ-тай гэрээ байгуулснаар Монгол Улсын эсрэг хийж байсан дайны ажиллагаагаа зогсоосон боловч Японы улсын эрх баригчид Дэлхийн 2 дугаар дайны туршид буюу 1945 оны 08 дугаар сарын 14-нд албан ёсоор бууж өгөх хүртлээ Герман, Итали улстай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай болон Хятад улсын нутаг дэвсгэрт дайны ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байснаас гадна Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулан Хаалган, Рашаан, Жанчхүүгийн даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьж, улмаар БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчин, Монгол улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байсан нь тухайн үед нийтэд илэрхий болсон үйл баримт билээ.

Дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн үеэс Монгол Улс ЗХУ-ын холбоотон болохоо зарлаж, Зөвлөлтийн армид туслах хөдөлгөөн орон даяар өрнүүлсэн үед Н.Ш нь 1944 оны 12 дугаар сард Дунд гүний хошууны Онгон тээгийн сүм дэх япон тагнуулын байгууллагад дуудагдан очиж, уг салбарын дарга япон Згийн удирдлаган дор, тухайн үеийн дайсагнагч улсын талд ажиллаж байсан болох нь Н.Шгийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон гэрч З, Д, Д нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1945 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Н.Шг “япон тагнуулын газарт элсэгдэн ажиллаж байсан гэх баримтгүй боловч, япон тагнуулын газарт итгэмжлэгдэн орж хар ажлыг нь хийж байсан сэжиглэл бүхий улс төрийн талаар найдваргүй этгээд” хэмээн дүгнэж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 62 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлд холбогдуулан гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар нутаг заах ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Н.Шг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1945 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, Н.Шг цагаатгуулахаар бичсэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/12 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, Н.Шд холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

  С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

Б.ЦОГТ