Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01151

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01151

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00733 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Х ХХК-д холбогдох,

 

7,441,087 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани Х ХХК-аас гахайн мах нийлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 01 сарын 05-ний өдөр 21/01/05/01 дугаар Max нийлүүлэх гэрээ байгуулан тус гэрээний дагуу гахайн мах нийлүүлэх болсон. Max нийлүүлсэн төлбөрийг Max нийлүүлэх гэрээ-ний 4.2-т заасны дагуу барааг хүлээн авахдаа П ХХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагчийн зүгээс энэхүү үүргээ биелүүлэлгүй төлбөрийг хойшлуулсаар ирсэн.

1.2. Max нийлүүлэх гэрээний 4.3-т зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоногт 0,5 хувиар тооцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн дагуу 2022 оны 09 сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийсэн, энэхүү өдрөөс хойш нийт 240 хоногийн алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 2,480,362 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагчХ ХХК-аас 21/01/05/01 дугаар Max нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн гахайн махны төлбөр болох 4,960,725 төгрөг, алдангид 2,480,362 төгрөг нийт 7,441,087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Манай компани тогтвортой ажиллаж чадаагүйгээс дээрх төлбөрийг төлөх боломжгүй байсан ба үндсэн төлбөр болох 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх боломжтой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчХ ХХК-аас 7,441,087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 134,010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 05 сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралд Х ХХК-ийг оролцож, тайлбар өгөх боломжийг шүүхээс олголгүйгээр нэхэмжлэгч талд давуу талыг бий болгох замаар хэргийг шийдвэрлэсэнд хариуцагч талын зүгээс гомдолтой байна.

4.2. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн болон талуудын мэтгэлцэх зарчмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Тус хуралдаанд шүүгчийн дурдсан тайлбарыг хэлээд өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 02 сарын шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураад явсан.

5.2. 2024 оны 02 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрийн биеэр ирээгүй. Үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу махны төлбөрийг зөвшөөрсөн, зөвхөн алдангид маргаж байгаа гэх агуулгаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагчХ ХХК-д холбогдуулан 7,441,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нь 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд 2021 оны 01 сарын 05-ны өдөр 21/01/05/01 дугаартай Мах нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр П ХХК нь худалдан авагчид шаардлагатай гахай, үхрийн махыг нийлүүлэх, Х ХХК нь барааг хүлээн авахдаа төлбөрийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг зөв тогтоожээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Талууд 2021 оны 01 сарын 11-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар хариуцагч нь нийт 9,137,650 төгрөг төлөхөөс 4,176,925 төгрөгийг төлж, 4,960,725 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлжээ. /хх-23/

 

5. Талуудын байгуулсан гэрээний 4.3-д ... бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс 7 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлвөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. /хх 6-7/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаарХ ХХК-аас 2,480,362 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгчид 2024 оны 01 сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-46/

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурал ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, улмаар энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч нь алданги шаардсан байхад алдангийн шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00733 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 243 дугаар зүйлд ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР