Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2016/00259

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг, “Бор хошуут” гэх газар оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Үлэмж овгийн Балдангийн Долгорсүрэн /РД: ЙК66092409-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэдээ:  “...Б.Долгорсүрэн миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь 1981 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №437 дугаартай Архивын лавлагаа, гэрч М.Ганбат, О.Цэрэндулам нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                    

                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Үлэмж овгийн Балдангийн Долгорсүрэнг 1981 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

         

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН