Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01084

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр Дуга 210/МА2024/01084

 

 

О.Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Л гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

5,596,189 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, Б.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О.Л нь О ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна.

Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжинд ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

1.2. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-т заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан.

1.3. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож О ХХК-аас шаардаж байна.

1.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу О.Л гийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 09 сарын 7,738,970 төгрөг, 10 сарын 9,227,884 төгрөг, 11 сарын 7,331,805 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 66,621.30 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 5,596,189 төгрөг байна. Иймээс О ХХК-аас 5,596,189 төгрөгийг гаргуулж О.Л д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу Уртын ээлжийн зохицуулалт-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг батлан гаргасан.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажпын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна хэмээн хуульчилсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж цаг 168 байна. хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын эр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах та 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажпын цаг нь 168 цаг болж нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

2.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно.

2.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус, тус хандах эрхтэй гэж заасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ.

2.5. Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.6. О ХХК нь нэхэмжлэгч нарын цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр О.Л гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгорын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул О ХХК-аас 5,596,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч О.Л гийн хариуцагч О ХХК-аас нийт 5,596,189/таван сая таван зуун ерэн зургаан мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Л гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч О.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,489 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.Л д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар талын 2 дахь догол мөрөнд Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажлын цагаас илүү 14 хоногт нийт 168/1214=168/ цаг, 56/168-112-56/ цаг илүү цаг ажилласан болох нь цалин хөлс бодогдсон 9 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбар, цалин хөлс бодогдсон 10 дугаар сарын Цагийн хүснэгтийн хуулбар, цалин хөлс бодогдсон 11 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна хэмээн нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллаж байгаа тухай зөв дүгнэсэн

4.2. Гэвч шийдвэрийн 15 дугаар талын 4 дах хэсгийн догол мөрөнд Нэхэмжлэгч нь 14 хоногт нийт 56 цаг илүү цагаар ажилласан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг нөхөн амруулсан гэж үзнэ мөн шийдвэрийн 16 дах талд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн турш 336/14x24-336/ цаг амран, илүү цаг 56 цаг ажилласан илүү цагийг нөхөн амарч байна хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Шүүх ажилтанг 8 цагаас дээш цагаар ажиллуулсанг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан ажил амралтын хугацаанд ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амраасан гэж ойлгоно хэмээн хуулийг буруу тайлбарласан.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мөн хуулийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн /Systematic interpretation/ аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дахь талд Нэхэмжлэгч нь 14 хоногт нийт 56/168-112-56 цаг илүү цагаар ажилласан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг нөхөн амруулсан гэж үзнэ мөн шийдвэрийн 16 дах талд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгч нь 14 хоногийн турш 336/14x24-336/ цаг амран, илүү цаг 56 цаг ажилласан илүү цагийг нөхөн амарч байна гэсэн нь үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн юм.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92 дугаар зүйлийн 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй байна.

4.7. Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дугаартай дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын 1-4 дүгээр үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэмэгдэл хөлс авах ёстой гэсэн байдаг. Энэ гомдол нь дараах байдлаар хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 92 дугаар зүйл буюу уртын ээлж гэдэг зохицуулалт тусгагдсан. Энэ нь тусгай зохицуулалт гэдэг талаар талаад маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллаж байгаа бол 14 хоног ажиллаад 14 хоног амарна, мөн 12 цагаас илүүгүй байна гэсэн зохицуулалтыг тусгасны дагуу О ХХК-аас уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтнуудын ажиллах хуваарийг 14 хоног ажиллах, 14 хоног амрах, ажиллаж байх хугацааны ажлын цагийг 12 цаг байна гэдэг байдлаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд ажиллаад явсан. Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан.

5.3. Уг журамд зааснаар ажилтны сарын дундаж ажлын цаг 168 цаг байна гэдэг байдлаар тодорхойлогдсон. Түүнээс уртын ээлжийн ажилтан үүнд хамаарахгүй гэсэн ойлголт байхгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа нийт ажилтны хувьд хамаарч байгаа. 168 цаг гэдэг ойлголт нь О ХХК-ийн ажилтнуудад хамаарч байгаа, хууль зөрчөөгүй. Харин 168 цагаас дээш гарсан ойлголтыг илүү цаг ажилласан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдэл хөлс олгосон байдаг, энэ талаар талууд маргадаггүй. 168 цаг ажиллуулж байгаа нь хууль нийцсэн, хууль зөрчөөгүй.

5.4. Мөн О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж батлагдахаас өмнө салбарын яам болох Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, судлаач эрдэмтнээс хууль зүйн дүгнэлт болон албан бичгээр тодруулга авсан.

5.5. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан тодруулга албан бичигт уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд 14 хоног ажиллаад 14 хоног амарч байгаа үед илүү цагийн хөлс олгох эсэх талаар тайлбарлахдаа энэ тохиолдолд 14 хоног амарч байгаа нь нөхөн амарч байгаа хэлбэрээр зохицуулагдаж байгаа учраас илүү цагийн хөлс олгогдохгүй, цалин хөлсийг ердийн журмаар олгоно гэдэг байдлаар удаа дараа хариу ирсэн. Өөрөөр хэлбэл нэгэнт 14 хоног ажилласан цагийн 14 хоног нөхөөд амрааж байгаа гэдэг агуулга тусгагдсан учраас илүү цагийн хөлс өгөхгүй гэдэг байдлаар тайлбарлагдсан.

Иймд О ХХК нь хууль, хуулийн дагуу гарсан дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан албан бичиг болон судлаач эрдэмтний хууль зүйн дүгнэлтийг үндэслээд Ажлын цагийн журам, Цалин хөлсний журам баталсан бөгөөд уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын цаг 168 цаг байна гэдэг байдлаар тусгасан. Үүнийг компанийн бүх ажилтнууд танилцаад дагаж мөрдсөн.

5.6. Давж заалдах гомдлын агуулга нь илүү цагийн хөлс олгохгүй байна гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан зохицуулалтын агуулга нь илүү цагаар ажиллуулж нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Нөхөн амраасан учраас илүү цаг бодогдохгүй. Ажилтан өөрөө хүлээн зөвшөөрөөд 1 жил гаруй хугацаанд ажилласан. Нэгэнт нөхөн амраасан учраас дундаж цалин хөлсийг нэмэгдүүлж олгох боломжгүй.

5.7. Ажил олгогчийн зүгээс хууль зөрчөөгүй, хууль тогтоомжийн хүрээнд дотоод хэм хэмжээгээ баталж, дагаж мөрдүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж хэрэгжүүлж байгаа. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нөхөж амраасан учраас илүү цагийн хөлс олгохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч О ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 5,596,189 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. О.Л нь О ХХК-тай 2017 оны 09 сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тус компанийн өрмийн оператораар 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа үйл баримт болон талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4. Зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын ажлын цагийн болон цалин хөлсний журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн уртын горимоор ажлыг гүйцэтгэх тусгай зохицуулалтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Талууд хөдөлмөрийн гэрээний 5-д ажил, амралтын хуваарь, өдөр цаг нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байна. Ажил, амралтын хуваарь, өдөр, цагийг ажил олгогч өөрчилж болно гэсэн нөхцөлийг харилцан тохиролцсон, О ХХК-ийн ил уурхайн үйл ажиллагааны нэгжийн өрмийн операторын Ажлын байрны тодорхойлолт-ын 1.10-д нэг өдөр ажиллах цаг 8 цаг + 4 гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болох зохицуулалтад нийцжээ. /1хх, 98,120/

 

4.2. Анхан шатны шүүх хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч О.Л гийн ил уурхайн өрмийн операторын ажил үүргийг уртын ээлжээр ажиллуулах горимоор гүйцэтгүүлж /14 хоног ажиллаж, 14 хоног амарч/ байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар зөв дүгнэжээ.

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 109 дүгээр зүйлийн 109.1 дахь хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ.

 

Уул, уурхайн салбарын ажлын онцлог, зохион байгуулалтыг харгалзаж, уртын горим /14 хоног ажиллаж, 14 хоног амарч/-оор ажил үүргийг гүйцэтгүүлэх тусгай зохицуулалт нь ажил олгогч нь 14 хоног ажил үүргийг гүйцэтгэсэн буюу ердийн ажлын цагаас илүү цагаар ажилласан ажилтныг 14 хоног нөхөн амрааж, сарын цалинг олгох нөхцөлийг хуульчилсан. Хэрэв, нөхөн амруулаагүй тохиолдолд, мөн өдрийн 12 цагаас илүү цагаар ажиллуулсан тохиолдолд илүү цагийн хөлс төлөх агуулгаар тайлбарлагдана.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 72 дугаар тушаалын хавсралт 1-ээр батлагдсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж, Цалин хөлсний журмын 14.1.2а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж тус тус зохицуулсан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцсэн байна. /2хх132-144/

 

5. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн уртын горимоор ажил гүйцэтгэх зохицуулалтад нийцсэн талаар нэмж дүгнэнэ.

 

5.1. Хөдөлмөрийн гэрээний 3а-д ажилтны сарын үндсэн цалин 724,9 ам.доллар гэж тохиролцсон нь ажилтан 14 хоног ажиллаж, 14 хоног амрахад өгөх цалинг сараар тооцож 724,9 ам.доллар гэж тогтоосон гэж дүгнэхээр байна.

 

Хэрэв, ажилтан 8 цагаар ажиллах горимын хувьд нэг өдөрт ногдох цалин хөлс 724,9 ам.долларыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж зааснаар 21 хоногт хуваахад 34,5 ам.доллар /1 цагийн хөлс 4,31 ам.доллар/-ыг ажлын 14 хоногт тооцоход 483 ам.доллар болж байна.

 

Мөн, илүү 56 цаг /1 хоногт 4 цаг илүү ажилласан бол 14 хоногт илүү ажилласан хугацаагаар/ гэж тооцож 1 цагийн хөлс 4,31 ам доллараар тооцож тодорхойлбол 241,36 ам.доллар дээр 8 цагийн хөлсийг 14 хоногоор тооцсон 483 ам.долларыг нэмбэл ажил олгогчоос сард өгөхөөр тохиролцсон 724,36 ам.доллар болж байна. Иймд ажил олгогчийг хууль зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

 

Түүнээс гадна ажил олгогч тал ажилтанд хөдөлмөрийн гэрээнд заасан 724,9 ам.доллараас илүү цалин олгож байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР