Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00235/И |
Дугаар | 146/ШШ2016/00261 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2016/00261
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх баг, “Хүрэн жирх” гэх газар оршин суух, ЙР56090114 дугаарын регистртэй, Боржигин овгийн Цэрэнжавын Лхагвасүрэнгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"...Би 1978-1994 он хүртэл Хархорин сумын 34-р баазад ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа. Тэр хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Архивын тасгаас цалингийн лавлагаа авсан. Нийгмийн даатгал болон бусад зүйлийг нь хөдөлмөрийн дэвтэр дээр буруу бичсэн байгаа тул нийгмийн даатгалын газраас намайг ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний 1978-1994 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34-р баазад засварчин жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү..." гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр баазад 1978 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №352 дугаартай архивын лавлагааны хуулбар, Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Хархорин дахь авто тээврийн 34 дүгээр баазын даргын 1978 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №16 дугаартай “Байнгын болон түр ажилчин авах” тухай тушаалын хуулбар, Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Хархорин дахь авто тээврийн 34 дүгээр баазын даргын 1981 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №28 дугаартай “Ажилд авах” тухай тушаалын хуулбар, 1972 оны 11 дүгээр сард Ц.Лхагвасүрэнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №34 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №174 дугаартай архивын лавлагаа, Ц.Лхагвасүрэнд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон баярын бичиг, Ц.Лхагвасүрэнд 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон диплом, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Лхагвасүрэнд олгогдсон баярын бичиг, Ц.Лхагвасүрэнд 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон баярын бичиг, Ц.Лхагвасүрэнд 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон баярын бичиг, 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ц.Лхагвасүрэнд олгогдсон баярын бичиг, 1982 онд Ц.Лхагвасүрэнд олгогдсон гэрчилгээ, 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.Лхагвасүрэнд олгогдсон №427677 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэл, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын тасагт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Архивын тасагт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Дэмбэрэл, Д.Чимэддорж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Боржигин овгийн Цэрэнжавын Лхагвасүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр баазад 1978 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Тээвэр 34 дүгээр авто бааз”-д жолоочоор, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Тээвэр 34 ХК”-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овгийн Цэрэнжавын Лхагвасүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр баазад 1978 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл засварчнаар, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Тээвэр 34 дүгээр авто бааз”-д жолоочоор, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Тээвэр 34 ХК”-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА