Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 434

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ц.Г, хохирогч Ш.Ц, шүүгдэгч О.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт тус тус Б овогт О.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч О.А нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 902 тоотод оршин суух Ш.Цгийн бага насны хүүхдийг гэртээ байхад нь худал хэлж улмаар 659.400 төгрөгийн үнэлгээ бүхий “TCL” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

            мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны 403 дугаар байрны авто зогсоолоос иргэн Б.Сгийн эзэмшлийн унадаг дугуйг эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмиралд хотхоны 501 дүгээр байрны в1 давхраас иргэн Д.Нгийн “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Зурагт авдаг өдөр би РС-нд нэг ахтайгаа байсан. Компьютер дээр нэг юм хийж өгсөн. Тэр хүнээс мөнгө авах байсан ч мөнгөө өгөөгүй. Тийм учраас би мөнгөгүй болсон байсан. Би тэр байр руу мөнгө гуйх гэж орсон. Дээшээ гараад хаалга тогшсон. Жаахан хүүхэд байхаар нь би “...гадаа юм хийгээд гар заваарчихлаа, гараа угаачихъя” гэсэн. Гараа угаасаны дараа тэр хүүхэд цуг тоглоё гэсэн. Тэр хүүхэд надтай зурагтны талаар ярилцсан. Тэгээд би зурагтных нь талаар ярьж байгаад тэрхэн үедээ би зурагтыг нь авъя гэж бодоогүй. Би тухайн үед мөнгөгүй болсон байсан болохоор зурагтыг нь ээждээ үзүүлчихээд ирье гээд даавуунд ороогоод гарсан. Аваад гарч байхад нэг эгч таарсан. Өөр хүн таараагүй. Хоёр унадаг дугуй бол нэг нь цоожгүй байсан. Харуул нь “хэний дугуй юм бэ” гэхээр нь минийх гэсэн чинь “аваад гар” гэсэн. Баянмонголын дугуйг авахад энэ дугуйг би авах гэж байгаа юмаа цоожыг нь мэдэхгүй байна гэтэл харуул нь өөрөө цоожийг нь эвдэлж өгсөн. Би авто угаалга, газар шорооны ажил хийдэг. Бага боловсролтой болохоор үндсэн ажил олддоггүй. Байцаагчдаа бүгдийг үнэн зөвөөр хэлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ц мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 04-нд манай хүүхэд тэр өдөр ганцаараа байсан. Миний хүү 9 настай. Би гайхаад байгаа нь тэр олон айлаас яаж манай хүүхэд ганцаараа байгааг мэдчихэв. Бүх юмыг ухаж үзсэн байсан. Би өдөр 15 цагийн үед ирсэн чинь манай хүүхэд нэг ах ирээд зурагт аваад явсан гэсэн. Би тэр ахтай цуг явъя гэсэн чинь “яахын бэ миний дүү ах нь ээждээ аваачиж үзүүлчихээд аваад ирье” гэсэн. Миний хүүхдэд хоёр утасны дугаар үлдээсэн байсан энэ манай эгч, энэ манай ээжийнх гээд.  Би тэр хоёр дугаар луу нь залгахад нэг нь тийм хүн байдаггүй гээд, нөгөө дугаар нь ашиглалтанд байхгүй дугаар байсан. Тэгээд би хажуу талынхаа айлын хүнээс асуусан чинь манайд тийм хүн байхгүй гэсэн. Жижүүр нэг хүн цэнхэр даавуутай зурагт аваад явсан гэсэн. Тэгээд жижүүр “чи юун хүн бэ?” гэсэн чинь ахынхаа зурагтыг янзлуулах гээд аваад явж байна, хаалгаа онгойлго гэсэн байсан. Тэгээд манай нөхөр ирээд гадна, дотнох камер шалгасан. Манай хүүхэд бараг 10 хоног айсан. Нөгөө ах чинь дахиад хүрээд ирвэл яах вэ гээд байсан. Миний хувьд хохирлоо барагдуулъя л гэж бодож байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3, 30-31, 86/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Цгын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-11/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 15-16/, яллагдагчаар О.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 34-35/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-41/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 45-46/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 47-50/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 54/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 55/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 58-59/, яллагдагчаар О.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 79-81, 102-103/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 90-92/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 95-96/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 131/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 116/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас О.А нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 902 тоотод оршин суух Ш.Цгийн бага насны хүүхдийг гэртээ байхад нь худал хэлж улмаар 659.400 төгрөгийн үнэлгээ бүхий “TCL” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны 403 дугаар байрны авто зогсоолоос иргэн Б.Сгийн эзэмшлийн унадаг дугуйг эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 420.000 төгрөгийн хохирол учруулсан, 

          мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмиралд хотхоны 501 дүгээр байрны в1 давхраас иргэн Д.Нгийн “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүхээс шүүгдэгч О.Аийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянмонгол хотхоны 403 дугаар байрны авто зогсоолоос иргэн Б.Сгийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.Цгийн бага насны хүүхдийг нь гэртээ байхад нь худал хэлж “TCL” маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 659.400 төгрөгийн хохирол учруулсан,  мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны Эмиралд хотхоны 501 дүгээр байрны в1 давхраас иргэн Д.Нгийн “Трек” загварын унадаг дугуйг хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар туё тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Цгийн өгсөн: "...Миний бага хүү Түвдэндорж над руу залгасан. "Сая манайд 906-а номерийн нэг ах орж ирээд гараа угаагаад гараад явсан" гэж надад хэлсэн. Тэгээд юу болсон талаар утсаар хүүгээсээ тодруулахад уг залуу нь "Манай зурагт гацаад шинэ зурагт авах гэж байгаа юм. Би танай зурагтыг ээждээ үзүүлчихээд буцаагаад аваад ирье" гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ яаран очтол манай гэрт байсан TCL маркийн 40 инчийн зурагт байхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-н 9-11/,

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б31-18-1636 дугаартай "Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулал аргаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 659.400 төгрөгөөр үнэлэгдэв." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Аийн өгсөн: "...Писи тоглоомын газар унтаж байгаад 13 цагийн орчимд гараад Нарантуул зах руу явж байгаад ойролцоох байр руу ороод "Хажуу айлын хүүхэд байгаа юм, мөнгө өгөөч" гэж хэлэх гээд нэг байранд ороод 9 давхарт гараад 902 тоотын хаалгыг тогшиход жоохон хүүхэд байхаар нь "Ах нь 904 тоотын хүн байна, ороод гараа угаачих уу" гэж хэлэхэд "тэг" гэж хэлээд оруулсан. Гараа угаачихаад уг хүүхэдтэй юм ярьж байгаад зурагтны талаар ярихад "Манай зурагт гацаад ажиллахгүй байгаа, шинэ зурагт авах гэж байгаа, танай зурагтыг авч яваад ээждээ үзүүлчихээд аваад ирье" гэж хэлээд аваад гарсан юм." гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сгийн өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянмонгол хотхоны 403 дугаар байрны доор байрлах өөрийн зогсоолдоо машинаа байрлуулсан. Тэгээд машинаас буугаад өөрийн унадаг дугуйгаа харахад байгаагүй. Тэгээд тус зогсоолын харуулаас асуухад "Өдөр нэг залуу чамаас худалдаж авсан гэж хэлээд аваад явсан." гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 39-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Ан өгсөн: "...Тус байрны диспетчир Баярмагнай нь намайг дуудаад энд нэг хүүхэд ирээд дугуй авах гээд ирсэн байна гэх юм яриад байна гэж намайг дуудсан. Тэгээд очиход тухайн хүүхэд нь "Би энэ дугуйг худалдаж авсан юм. Би 150.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан. Тэгээд 237 дугаар зогсоолд байсан унадаг дугуйны түгжээг нь тайлах гээд чадахгүй эвдлээд тэр цоожийг нь халаасандаа хийгээд унадаг дугуйг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б өгсөн: "...17 орчим насны эрэгтэй шардуу царайтай хүн ирээд надтай уулзаж "Эндээс дугуй авахаар ирсэн юм. Би энэ дугуйг худалдаж авсан юм." гээд алдагдсан дугуйг заагаад түгжээг нь тайлах гэж оролдоод чадахгүй байсан. Тэгээд "Би кодыг нь хийж чаддаггүй юм" гээд дугуйны цоожыг төмрөөр цохиж эвдлээд унадаг дугуйг нь аваад зогсоолоос гараад баруун тийш явсан." гэх мэдүүлэг, /хх-н 45-46/,

Эд мөрийн баримт хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Нгийн өгсөн: "...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 501-104 тоотод гэртээ ирэх үед манай байрны харуул "Танай унадаг дугуйг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг хүүхэд ирээд миний дугуй гэж хэлээд аваад явсан чинь худал хэлээд хулгайлаад аваад явсан байсан. Цагдаагаас хүмүүс ирээд хулгай хийсэн хүнийг нь барьсан байгаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 90-92/,

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б31-18-1689 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12-р сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 858.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 95-96/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

            Шүүхээс шүүгдэгч О.Аийн үйлдсэн дээрхи гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.А нь хохирогч Б.Сд учруулсан хохирлыг буцаан өгсөн, харин хохирогч Ш.Ц, Д.Н нарт учирсан хохирол төлөгдөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ш.Цд 659.400 төгрөгийг, хохирогч Д.Нд 858.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч О.А нь гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 94 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч О.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар шийдвэрлэв.