Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2016/00262

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 2 дугаар баг, Мөнхбулаг 8-49 тоотод оршин суух Онхор овогтой Сэдэдийн Ганболдын /РД:ЙЗ56102112/ хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ганболд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

С.Ганболд миний бие нь 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт яваад эргэж ирээд 1979 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү... Миний бие нь Есөнзүйл  суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Ганболд нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

С.Ганболд нь 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 472 дугаартай архивын лавлагаа хуулбар, С.Ганболдын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Дөлгөөн овогтой Даржаагийн Баянжаргал нь “...Би 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Надаас өмнө С.Ганболд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. С.Ганболд нь адуу, хонь маллаж байсан. С.Ганболд нь 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан...” гэж, мөн Яхир овогтой Бужгаагийн Мандах “...Би 1972 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. С.Ганболд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. С.Ганболд нь адуу, хонь маллаж байсан. С.Ганболд  нь 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч С.Ганболд  нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онхор овогтой Сэдэдийн Ганболдыг 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

           ДАРГАЛАГЧ                                 Б.САРАНТУЯА