Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01082

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр Дуга210/МА2024/01082

 

 

Р.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/01200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Э ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.С , Б.Ө нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Р.Э миний бие 2021 оны 11 сарын 13-ны өдөр Б.С тай Хьюндай маяти/Hyundai Myghty/ маркийн автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

1.2. Б.С нь төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн тул 2022 оны 01 сарын 14-ний өдөр 0154 дугаар Зээлийн гэрээ байгуулан хугацаа тогтоож төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон.

1.3. Өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөөс төлөөгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 2,500,000 төгрөг тооцож, үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:

2.1. Р.Э нь Б.С тай 2021 оны 11 сарын 13-ны өдөр автомашин худалдан авахаар тохиролцсон. Тэрээр автомашины төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт нэхэмжилжээ.

2.2. Гэтэл Б.С миний бие тус автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлуулж хийсэн боловч Ковид-19 цар тахлаас шалтгаалан орлого тасалдасны улмаас тухайн автомашиныг худалдаж аваагүй.

2.3. Р.Э нь энэ автомашиныг Б.Ө гэдэг хүнд худалдсан. Зарахдаа урьдчилгаа 40 хувь болох 12,800,000 төгрөгийг Р.Э өөрийн хаан банкны дансаар шилжүүлэн авч үлдэгдэл 19,200,000 төгрөгийг Б.Ө нь тус автомашиныг худалдан авах зорилгоор Ж ХХК-аас зээл гаргуулан Р.Э ын дансанд нийт 32,000,000 төгрөгийг шилжүүлж, зарсан байдаг. Одоо энэхүү машин нь Ж ХХК-ийн нэр дээр байгаа болно.

2.4. Миний бие тус автомашинтай холбоотой 0154 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээний 5,000,000 төгрөгийг Р.Э ын Хаан банкны хххх тоот дансанд 2022 оны 01 сарын 14-ний өдөр шилжүүлсэн байдаг. Р.Э ын гаргасан нэхэмжлэлийн 0154 дугаар Зээлийн гэрээний 5,000,000 төгрөг нь төлөгдсөн тул хүү, алданги тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрхи нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 угаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С аас 6,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,200,000 төгрөг, хариуцагч Б.Ө т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С аас 115,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Э т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.С ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Р.Э нь 2004 оны Хьюндай-маяти маркийн жижиг оврын ачааны автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2021 оны 11 сарын 13-ны өдөр гэрээ хийсэн боловч миний нэр дээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээл батлагдаагүй тул зээлийн шаардлага хангагдаагүй юм.

4.2. Тиймээс тус автомашиныг миний бие худалдан авахаа больж өөрийн дүүдээ санал болгосон. Дүү Б.Ө нь ББСБ-ын шаардлагын дагуу урьдчилгаа 40 хувь болох 12,800,000 төгрөгийг Р.Э ын Хаан банкны дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг Ж ХХК-аас өөрийн нэр дээр гаргуулан төлбөрийн үлдэгдэл болох 60 хувь буюу 19,200,000 төгрөгийн зээл авч Р. Э ын Хаан банк дахь дансанд шилжүүлүүлж, нийт 32,000,000 төгрөгийн үнийг төлж, автомашины төлбөр дуусгавар болсон.

4.3. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дүгнэхдээ тус автомашинтай холбоотой төлбөр Р.Э ын Хаан банкны дансанд бүрэн төлөгдсөн нотлох баримт байсаар байтал 4,200,000 төгрөг төлөөгүй дээр нь алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг төлөхөөр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд тус автомашиныг худалдагч Р.Э болон худалдан авагч Б.Ө нарын хооронд 32,000,000 төгрөгөөр тохирсон автомашины наймаа бүрэн төлөгдөж дуусгавар болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Б.С , Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар миний дүү хөдөө байдаг Б.Ө тухайн машиныг авсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Р.Э болон Б.С нарын хооронд 2021 оны 11 сарын 13-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Р.Э нь Хьюндай маяти/Hyundai Myghty/ маркийн цагаан өнгийн 2004 онд үйлдвэрлэсэн автомашиныг 32,000,000 төгрөгөөр Б.С д худалдан авахаар тохиролцсон;/хх-5-6/

 

3.2. Б.С ын данснаас 2021 оны 11 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 12 сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг Р.Э ын дансанд шилжүүлсэн, Б.Ө нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр Ж ХХК-аас 19,800,000 төгрөг, нийт 27,800,000 төгрөг шилжүүлсэн байна./хх-36-41,82/

 

4. Р.Э , Б.С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын анхан шатны шүүх талаар зөв дүгнэжээ.

 

Р.Э болон Б.С нарын хооронд 2022 оны 01 сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээгээр зээлдүүлсэн гэх 5,000,000 төгрөг нь 2021 оны 11 сарын 13-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр байх тул 2022 оны 01 сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ-нээс үүрэг үүсэхгүй.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ 32,000,000 төгрөгөөс 27,800,000 төгрөг төлж, үлдэх 4,200,000 төгрөгийг хариуцагч Б.С аас гаргуулж, хариуцагч Б.Ө т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагчийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар гомдол үндэслэлгүй байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 13-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С аас 4,200,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 2,100,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хуульд зөрчөөгүй байна. Хариуцагч Б.С ын алданги шаардах эрхгүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/01200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.Э