| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0423/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 435
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бн овогт П.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Их буурал төвийн ард байх нийтийн байрны 9 тоотод хадам аав болох Д.О гэрт нь оронгуут зүүн нүд орчим нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Д.Оэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Баярмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 880 дугаар дүгнэлт /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, хохирогчийн хүсэлт /хх-н 35/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч П.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Их буурал төвийн ард байх нийтийн байрны 9 тоотод хадам аав болох Д.О гэрт нь оронгуут зүүн нүд орчим нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Цийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн байрны 9 тоотод хадам аав болох Д.О цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.О хохирогчоор өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 2 цагийн орчим манай охин Баярмаа Цэнд намайг зодоод байна гэж утсаар ярьсан. Гэрт нь яваад очиход манай охин, хүргэн, 2 настай хүүхэдтэйгээ хамт хоорондоо хэрэлдсэн байдалтай байж байсан ба намайг оронгуут хүргэн Цэнд урдаас мэндийн зөрүүгүй хүрч ирээд зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохьсон. Тэгээд бид 2 барьцалдаж аваад би Цэндийн толгой хэсэгт 1 удаа цохьсон. Тэгээд байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид нар цагдаа дээр ирцгээсэн..." гэх мэдүүлэг /хх-н 6-7/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Баярмаагийн өгсөн: “...Манай аав намайг утсаар ярьснаас хойш удалгүй хүрээд ирсэн. Тэгсэн Цэнд аавыг миний амьдралд оролцлоо гээд аавыг цохьчихсон. Тэрнээс биш намайг цохиж зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 880 дугаартай дүгнэлт
1. Д.О биед дух, хамрын нуруу, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 15/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар П.Цийн өгсөн: "...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ ганцаараа пиво уугаад байж байхад манай эхнэртэй хамт ажилладаг залуу манай гэрт ороод ирчихсэн байсан. Тэрнээс хойш би согтоод юу болсон гэдгийг санахгүй байна. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд эрүүлжүүлэхээс гарч ирээд хадам аавтайгаа уулзахад нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар эхнэр Баярмаагаас асуухад “чи манай ажлын залуутай маргалдаад байхаар нь би аавыг дуудсан. Тэгээд манай ажлын залуу гараад явчихсан байхад аав ирээд чамайг юу болоод байгаан гэхэд чи аавын нүүр рүү цохьчихсон” гэж хэлсэн. Тэгээд би хадам аавыгаа цохьсон гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-н 31/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Цэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 35/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.