Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01156

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01156

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01255 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З яам, С анд холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл 340,093,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч З яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, хариуцагч С ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компанид 2021 оны 12 сарын 28-ны өдөр цахим шуудангаар З яамнаас хххх ажил гүйцэтгэх тухай тендерийн урилга ирүүлсний дагуу баталгаа гаргаж, тендерийн бичиг баримт, материалыг заасан хугацаанд хүргүүлж тендер шалгаруулалтад оролцсон.

1.2. Тус тендерт манай компани хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул 2022 оны 03 сарын 11-ний өдөр захиалагч З яамтай хххх ажил гүйцэтгэх 69/а дугаартай гэрээг гэрээний үнэ 1,905,043,107 төгрөг, гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдөр дуусахаар, гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцүү дүнтэй байхаар гэрээний ерөнхий нөхцөлийг тохиролцсон.

1.3. Гэрээний дагуу манай компани нь хэдийгээр дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын хил хаалттай, барилгын хийц, материалын олдоц муугаас зах зээл дээрх үнийн өсөлт, хөөрөгдөлт ихтэй бараа материалын үнэ нэмэгдэж, үүнээс үүдээд материал тээврийн зардал төсөвт өртгөөс давж хэтэрч байсан.

1.4. Гэсэн хэдий манай компани энэ эрсдэлийг бүрэн үүрч 100 хувь өөрийн зардлаар батлагдсан төсөв, гэрээний дагуу 2022 оны 09 сарын 15-ны өдөр дуусган, Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсэг ажиллан, 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 06/08/22 дугаартай ажлын хэсгийн акт, дүгнэлт гарч захиалагч байгууллага З яам, хариуцагч /ашиглагч/ байгууллага болох Д сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авсан.

1.5. Харин С ны хувьд төсвийн дүн, тендерийн үнийн дүн, гэрээний үнийн дүнгийн хэмжээнд манай компани 100 хувь өөрийн зардлаар батлагдсан төсөв, зураг гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж дуусган хүлээлгэн өгсөн хэдий ч ажпын хөлсийг төсөв, тендер, гэрээнд заасан хэмжээгээр олгохоос татгалзсан.

1.6. 2022 оны улсын төсөвт манай гүйцэтгэсэн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн, төсөвт өртөгт тусгагдсан 1,950,000,000 төгрөгөөр 100 хувь суусан байсан учраас гүүрний барилга угсралтын ажлын хугацаанд огт гүйцэтгэл аваагүй тул С наас төсөвт тусгагдсан эхний гүйцэтгэлийг 1,540,481,801 төгрөгөөр бичиж хүргүүлсэн боловч Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан дүнгээс хэтэрсэн байгаа нь санхүүжүүлэх журамд нийцэхгүй байна гэх шалтгаанаар гүйцэтгэл буцаагдсан.

1.7. С наас одоо л танайх санхүүжилтээ авахгүй бол буцааж улс татна. гэж, З яам нь ...гэрээндээ нэмэлт оруулбал олгуулна... гэж жилийн эцэс болчихоод байхад маш их чирэгдүүлж байсан тул манай компани ажилчдын цалин хөлс олгох, бараа материалын төлбөр тооцоо байснаас шахалтад орж эцэст нь шүүхэд хандана хэмээн хэлж хүчин төгөлдөр бус нэмэлт гэх гэрээг байгуулж байж гэрээний үнийн дүнгээс 2022 оны 12 сарын 27-ны өдөр 1,443,491,428 төгрөг, 2022 оны 12 сарын 30-ны өдөр 18,059,015,00 төгрөг, 2022 оны 12 сарын 30-ны өдөр 39,121,968 төгрөг, нийт 1,500,672,447 төгрөгийг авч, үлдэх 340,096,504 төгрөгийг авч чадаагүй.

Иймд гэрээний 1.9, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч З яам, С наас 340,096,504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч З яамны татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Д сумын хххх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгахаар З яамнаас С руу 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 01/1464 тоот Санал өгөх тухай албан бичиг, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 01/2333 тоот Жагсаалт хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 01/2491 тоот Санал өгөх тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлж, 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 1,906,000,000 төгрөгөөр батлагдаж, хххх ажлын 69/а дугаар гэрээг З ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.

2.2. Дээрх 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан үнийн дүн нь З төв ТӨҮГ-ын 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 96/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт-ээр 1,564,946,603 төгрөгөөр баталгаажсан бөгөөд Засгийн газрын 2021 оны Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын 4.1.4-т Санхүүгийн гүйцэтгэлийг тухайн төслийн зураг төсөл болон төсвийн дагуу барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг үндэслэн барилга барилга угсралтын гэрээнд тусгасан үе шатны ажил тус бүрээр гаргаж, магадлалаар баталгаажсан зураг төсөл болон төсөвтэй тулган шалгаж, хянан баталгаажуулна гэж заасны дагуу С наас гүйцэтгэлийг санхүүжүүлэхээс татгалзсан байна.

2.3. Иймд гүйцэтгэгч З ХХК-ийн захирал, ерөнхий инженерийг оролцуулан 2022 оны 10 сарын 07-ны өдөр уулзалт зохион байгуулж, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 69/а дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 10.25-д Гэрээнээс үүссэн аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу гэрээний үнийн дүнг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан үнийн дүнгээр хийх асуудлыг хэлэлцэж, З ХХК-аас 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 22/145 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр магадлалын дүнгээр буюу 1,564,946,603 төгрөгөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан авах саналтай байна гэж ирүүлсэн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж заасны дагуу гэрээний үнийн дүнг гүйцэтгэгч өөрөө хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээ байгуулсныг нотолж байна.

2.4. З ХХК-тай байгуулсан 2022 оны 03 сарын 11-ний өдрийн хххх ажил-ын 69/а дугаар гэрээний нэмэлт гэрээг 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 344 дугаар гэрээг байгуулан гэрээний үнийн дүнг 1,564,946,603 төгрөгийг хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэхүү нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ юм.

2.5. Захиалагч З яам нь 2022 оны 12 сарын 19-ний өдрийн хххх ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 1-д ... 1,564,946,603 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналыг үүгээр хүлээн зөвшөөрөв гэж заасны дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 2022 оны 10 сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад авах ажпын хэсэг хүлээн авч, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасны дагуу гүйцэтгэгчид ажлын хөлсийг бүрэн төлж дуусгасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье

 

3. Хариуцагч С ны татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж тусгасан.

3.2. С ны зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.

Тухайлбал, З төвийн Магадлалын ерөнхий дүгнэлт-д Улз голын төмөр бетонон гүүрний төсвийг 1,564,946,603 төгрөг байхаар баталгаажуулсан бөгөөд З яамнаас зарласан ххх сум-ын барилга угсралтын ажилтай холбогдуулан З яамнаас 2022 онд нийтдээ 1,564,878,731 төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтэд үндэслэн дээрх үнийн дүнгээр санхүүжилтийн эрхийг нээсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч З яам, С наас ажпын хөлсний үлдэгдэл төлбөрт 340,096,504 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,878,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн З яамнаас зарласан ххх тендер шалгаруулах тухай тендерийн урилга нь Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар цахим хэлбэрээр зарлагдаж, манай компани ч цахим хэлбэрээр хүлээн авсан байдаг.

5.2. Мөн хавтаст хэргийн 7-р талд авагдсан нотлох баримт болох З яамны 2022 оны 02 сарын 21-ний өдрийн З ХХК-д 2022 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан хххх -ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт тус ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн танай санал хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул 1,905,043,107 төгрөгөөр гэрээ байгуулах мэдэгдэл мөн цахимаар ирүүлсэн байдаг.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж шаардлагатай бол хэргийн оролцогчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгоно гэж 2021 оны 01 сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан байхад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзэж үнэлээгүйд гомдолтой байна. Энэ нотлох баримтууд нь хэрэгт чухал ач холбогдолтой баримтууд байсан.

5.4. Магадлалын ерөнхий дүгнэлт нь 2021 оны 07 сарын 23-ны өдөр 96/2021 дугаартай гарсан байдаг бөгөөд Эдийн засгийн үр ашиг хөдөлгөөний аюулгүй байдал, экологийн хор хөнөөлгүй байдал, ашиглалтын үеийн найдвартай ажиллагаа, төсөвт өртгийн тооцооны талаарх дүгнэлт хэсэгт 48,75 у/м төмөрбетон гүүрний төсөв 1,564,946,603 төгрөгөөр батлагдсан байна. /ХХ-84-93/

5.5. Гэтэл Тендерийн урилга /хх-6/, гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг/хх-7/, 2022 оны 03 сарын 11-ний өдөр З яам, З ХХК нарын хооронд байгуулсан хххх Ажил гүйцэтгэх №69/а дугаартай гэрээ /22/ зэрэгт бүгдэд нь гүүрийн урт нь 48 угэж бичигдэн тэмдэглэгдсэн байна. Эндээс дүгнэхэд Магадлалын ерөнхий дүгнэлт нь З ХХК-ийн гэрээний дагуу барьж гүйцэтгэсэн гүүрийн магадлал мөн эсэх нь эргэлзээтэй байна. Шүүх анхаарч дүгнэж чадсангүй.

5.6. Түүнчлэн Шүүхэд С ны итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр тайлбар ирүүлэхдээ ...З төвийн Магадлалын ерөнхий дүгнэлтэд Улз голын төмөрбетон гүүрний төсөвийг 1,564,946,603 төгрөг байхаар баталгаажуулсан бөгөөд З яамнаас зарласан барилга угсралтын ажилтай холбогдуулан З яамнаас 2022 онд нийтдээ 1,564,878,731 төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтэд үндэслэн дээрх үнийн дүнгээр санхүүжилтийн эрхийг нээсэн гэдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Магадлалын дүгнэлтэнд тулгуурлан гэрээ байгуулах ёстой ... гэж тайлбарладаг.

5.7. Гэтэл С нь З яамнаас л ирүүлсэний дагуу шийдээд байгаа, одоо л нэмэлт гэрээ хийж мөнгөө авахгүй бол жилийн эцэс болж санхүүжилт авах боломжгүй болно гэсэн. Харин З яам нь бидний эрхийн хүрээнээс давсан асуудал тул С ны шийдвэрийг дагана, өөр боломжгүй гэсэн ба компани аргагүйн эрхэнд ажилчдын цалин хөлс, машин механизмын түрээс, материалын өр төлбөр нэхэгдэж байсан учраас нэмэлт гэрээг байгуулж, харин шүүхээр эрхээ хамгаалуулахаа илэрхийлсэн байдаг. Үүнийг хариуцагч нар нэмэлт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан гэж тайлбарлаж шүүх ч мөн гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

5.8. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7.3-т З яам, З ХХК нар 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 69/а дугаартай Улз голын төмөрбетон гүүр, 48 у/м Дорнод, Дашбалбар сум Ажил гүйцэтгэх гэрээний Гэрээний түсгай нөхцлийн 5.2-т Гэрээний үнийн тохируулга хийж болохгүй гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талууд харилцан тохиролцож, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 344 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

5.9. Харин гэрээний ерөнхий нөхцөл: 1.1.6-д Хууль гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэхээр заасан бөгөөд гэрээний 5.2-т зааснаар Гэрээний үнийн дүнд тохируулга хийж болохгүй, хэрэв гэрээний үнэд уг хуулийн 40.4-т заасан үндэслэлээр тохируулга хийж болох боловч Худалдан авах бараа, ажил, уйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний унэд хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс, суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэж тусгайлан зохицуулж хуульчилсан байна.

5.10. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 сарын 11-ний өдрийн 69/а тоот Ажил гүйцэтгэх гэрээ нь 2022 оны 03 сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийн дотор, 8 сарын хугацаанд буюу богино хугацаанд хэрэгжиж дуусах гэрээ байхад, шүүх хуулийн 40.4-т заасан хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад гарах хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч гэрээнд тодруулга хийж болохоор, Иргэний хуулийн 189 дүгээр зуйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, тууний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талууд харилцан тохиролцож, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 344 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, буруу дүгнэлт хийж; хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 01255 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С ны тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч талаас шүүх тодорхой нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь хэргийн оролцогч өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу талууд өөрт холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн зүгээс зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд хүлээн авч үзээгүй. Шүүх хууль зөрчсөн асуудал үүсгээгүй.

6.3. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас захиалагч буюу З яамтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан, биднийг дарамталж энэ гэрээг байгуулсан гэдэг асуудлаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлоогүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг харахад тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудлаар огт маргаагүй. Хоёр этгээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үнийн дүнг тохирсон. Тохирсон үнийн дүнгээр гэрээ байгуулж, С анд санхүүжилтийн эрхийг нээлгэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тухайн хүсэлтийг үндэслэж санхүүжилтийн эрхийг нээлгэсэн. Санхүүжилтийн эрхийг нээх, холбогдох журмын дагуу С санхүүжилтийн эрхийг нээхдээ магадлалын дүгнэлтэд хянан шалгалт хийн тулгаж эрхийг нээсэн. Магадлалын дүгнэлтээр санхүүжилтийн эрх нээсэн хэмжээ буюу нэхэмжлэгчид олгосон санхүүжилтийн хэмжээгээр дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй нийцүүлж санхүүжилтийн дүгнэлтийг гаргасан.

6.4. Магадлалын дүгнэлт гараад энэхүү ажлыг тоот дүнгээр хийх ёстой юм байна гэх дүгнэлт гарчихаад байхад тухайн дүнгээс нэмэгдүүлж санхүүжилтийн эрхийг нээх нь хууль зүйн хувьд боломжгүй. Энэхүү гэрээ болон Иргэний хуулийн холбогдох заалтуудаар гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нь зөвхөн тухайн гэрээний талуудын хооронд хэрэгжих боломжтой байдаг. С ямар нэгэн байдлаар энэхүү гэрээнд гэрээний аль нэг тал болж оролцоогүй тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хариуцах нь хууль зүйн хувьд боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч З яамны тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал нотлох баримтыг үнэлж дүгнээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарууд дээр худалдан авахтай холбоотой асуудлаар талууд маргаагүй гэж дүгнэсэн. Нотлох баримтаар үнэлээгүй гэх асуудал нь талуудын хооронд маргаагүй асуудал байсан тул ач холбогдолгүй.

7.2. Мөн гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. З яамтай байгуулсан гэрээний 10.25-д ... гэрээнээс үүссэн аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж заасан. З ХХК нь 2022 оны 11 сард 22/45 тоот албан бичгээр тухайн магадлалын дүнгээр 1,564,000,000 төгрөгөөр нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна гэх албан бичгийг ирүүлсэн. Энэ нь гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн биш, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тодорхойлно гэсний дагуу үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа.

7.3. Нэхэмжлэгч үлдэгдэл ажлынхаа тоо хэмжээг хариуцагч нараас нэхэмжилдэг. Энэ нь үлдэгдэл ажлын тоо хэмжээ биш. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талуудын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийн талаар яригддаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэрээний нэг тал болох З яамнаас хийсэн ажлыг хүлээн аваад холбогдох санхүүжилт дууссан. Үлдэгдэл ажлын тоо хэмжээ буюу 340,000,000 төгрөгийг З яамнаас өгөх боломжгүй. Хийгдсэн ажил болон нэмэлт гэрээний хүрээнд гэрээний тоо хэмжээ нэг болоод хийгдсэн ажлуудыг хүлээн аваад хоёр талын хийсэн ажил дуусгавар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхмжлэгч З ХХК нь хариуцагч С , З яаманд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 340,096,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С , З яам бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч З ХХК нь З яамтай 2022 оны 03 сарын 11-ний өдөр №69/а дугаартай хххх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь хххх ажлыг 1,905,043,107 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрч, гэрээний хөлсийг 1,905,043,107 төгрөгөөр тохиролцжээ. /хх27-34/

 

З төв ТӨҮГ-ын 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 96/2021 дүгээр Магадлалын ерөнхий дүгнэлтээр ххх , 48 у/м ажлын үнийн дүн 1,564,946,603 төгрөгөөр баталгаажиж, Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 2022 оны 10 сарын 28-ны өдөр 06/08/22 дугаартай акт, дүгнэлт-ийн 2.2.-т Уг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ххх 48 у/м /Дорнод, Дашбалбар сум/-ын барилгын ажлын үндсэн хөрөнгийг 1,564,946,603 төгрөгөөр үнэлжээ. /хх84-93/

 

Нэхэмжлэгч З ХХК-аас 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 22/145 тоот албан бичгээр магадлалын дүнгээр буюу 1,564,946,603 төгрөгөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал ирүүлснийг зөвшөөрч 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 344 дүгээр Нэмэлт гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнг 1,564,946,603 төгрөг болгон өөрчилсөн байна.

 

Анхан шатны шүүх З ХХК болон З яамны хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь ...З яамтай 2022 оны 03 сарын 11-ний өдөр 69/а дугаартай Улз голын төмөр бетонон гүүр 48 у/м Дашбалбар сум-ын барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг 1,905,043,107 төгрөгөөр тохиролцсон боловч хариуцагч С , З яамнаас улсын төсөв татагдах гээд байна гэж шахалтад оруулж, нэмэлт гэрээ байгуулж, гэрээт ажлын хөлсийг 1,564,946,603 төгрөгөөр тохиролцсон нь хүчин төгөлдөр бус байх тул 340,096,504 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.1. Нэхэмжлэгч З ХХК-ийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 22/145 тоот албан бичигт ...гэрээт ажлын хөлсийг 1,564,946,603 төгрөгөөр шинэчлэн тохиролцох саналыг үндэслэн талууд 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 344 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнг 1,564,946,603 төгрөг болгон өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

4.2. Нэхэмжлэгч байгууллага нь ... С , З яам нарын санхүүжилт олгохгүй гэсэн дарамт шахалтаас шалтгаалан нэмэлт гэрээний санал хүргүүлж, нэмэлт гэрээ байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч З ХХК нь З яамтай 2022 оны 12 сарын 19-ний өдөр байгуулсан 344 дугаартай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлгүй талаар дүгнэлт Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,878,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР