Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 449

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Ч.Алтансүх, хохирогч Г.Б, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180609 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын явган хүний гарцан дээр иргэн Г.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэрэг болсон. Жуковын автобусны явган хүний гарц дээр хохирогчтой муудалцаад харилцан зодоон болсон тул хийсэн хэргээ хүлээж байна.” гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний орой би эхнэртээ хоол хүргэж өгчихөөд харьж явахад явган хүний зам дээр тулж ирээд зогссон. Би дайрахнээ гээд халуун саваараа машин дээр нь цохисон. Тэгсэн чинь л бууж ирээд намайг нүдсэн. Харилцан зодоон бол болоогүй. Би энэ хүнд гар хүрээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний чихний хэнгэрэг цоорсон, хамар хугарсан гэж гарсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Г.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6, 13-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар дүгнэлт /хх-н 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар нэмэлт материалаар хийсэн дүгнэлт /хх-н 30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-н 44-45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын явган хүний гарцан дээр иргэн Г.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Д.Бг 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим иргэн Г.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Бгийн хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр орой 18-аас 20 цагийн орчим байх Жуковын хойд буудал дээр байх ажлын газар нь эхнэртээ хоол хүргэж өгөөд зам гараад явган хүний гарцаар гарч байтал нэг приус машин хөлд тулж ирээд зогссон. Тэгтэл машины жолооч аман дотроо үглэж байхаар нь би гарцаараа явж байна гэж хэлээд гарт барьж явсан хоолны саваараа хаалганы шилийг нь цохьтол жолооч нь бууж ирээд миний нүүр рүү цохьсон. Тэгтэл машинаас дахиад 2 залуу бууж ирээд намайг цохьсон яг тэр хоёр залуу хаашаа цохьсоныг мэдэхгүй дээрээс балбаад байсан жолоочтой нийлээд нэг нь миний нүүр рүү өвдөглөсөн хэн өвдөглөснийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-н 15-18/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 62 дугаартай:

1. Г.Бгийн биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний зүүн хажуу хэсэгт язралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаартай:

            1. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг №62 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            2. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг нэмэлтээр гаргасан №45 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            3. Г.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэлний зүүн хажуу хэсэгт язарсан шарх гэмтэл учирчээ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-н 44-45/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн "... 2018 оны 07 дугаар сард цэргийн алба хаагаад ирсэн. Ээжийн бие муу учир би лизингээр авсан приус 20 машинаараа халтууранд явдаг байсан.Тухайн өдөр би чулуун овооны тойрог дээр хүн буулгаад нарантуул захын урдуур явж байтал нэг эмэгтэй 3 эрэгтэй гар өргөсөн. Машинд суугаад 16 дугаар хороолол гэхээр нь түгжирч явсаар байгаад жуковын автобусны буудлын наана байрлах гэрлэн дохиогүй явган хүний гарцаар гарч байтал нэг явган зорчигчийн урд тулаад очсон. Тэгтэл тэр хүн уурлаад гартаа барьсан тортой зүйлээр машины цонх цохихоор нь цонхоо буулгаад “та яагаад байгаа юм, та өөрөө болгоомжтой яваач” гэж хэлсэн чинь урдаас хэл амаар доромжилоод байхаар нь би буугаад очтол нүүр рүү цохих гэхэд нь би бултаад эргүүлээд цохиход тэр хүний нүүрэнд оносон. Хамарнаас нь цус гартал тэр ах намайг заамдаж авсан, би ч гэсэн заамдсан. Тэгээд нэг нэгнээ цохьж эхэлсэн нэгнээ өшиглөөгүй гараараа цохиод байсан. Энэ ах намайг чи нүүр рүү өвдөглөсөн гээд байгаа. Би өвдөглөөгүй хоёулаа нэг нэгнийхээ толгой тус газар гараараа цохьсон. Тэгтэл машины ард сууж байсан нэг ах бууж ирээд "чи яахаараа хүн зоддог юм гээд надтай зодолдож байсан ах руу дайраад бариад авахад нь би нөгөө явган зорчигч ахыг тавьсан. Тэгтэл машины урд сууж байсан ах бууж ирээд нөгөө ахыг машин руу суулгаад явъя гэж надад хэлсэн.Тэгэхээр нь би энэ ахын хамарнаас цус гарчихлаа камер байж магадгүй шүүе гэхэд бид яараад байна явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар яваад би цайз руу өгсөх замд тухайн хүмүүсийг буулгаад 4500 төгрөг аваад явсан. 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Би хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч Г.Бг нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөрт 2.483.000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргасан баримт /хх48-50/ болох 334.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бгээс гаргуулж хохирогч Г.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хамрын хагалгаанд орох зардал болох хамрын хагалгаанд 1.800.000 төгрөг, эмнэлэгт хэвтэх зардал 135.000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

 Харин хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.