Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 506

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн 11 дүгээр багт байрлах, 2578697 регистртэй, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 2-16 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, ОО80102474 регистртэй, Борлууд овогтой Очирын Энхболдод холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очир овогтой Энхболд нь тус банкнаас 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1250008767 тоот зээлийн гэрээг байгуулан 13.500.000 төгрөгийн зээлийг хашаа байшин барих зориулалтаар 120 сарын хугацаатай, жилийн 20.50 хувийн хүүтэй хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс, Улаангом  сум, 10 дугаар баг, 2-16 тоотод байрлалтай, 1069,5 м.кв өмчлөх эрхтэй газар ГД-000127767 Г-1520001908, 80 м.кв 3 өрөө хувийн орон сууц, 48 м.кв гражийн хамт ГД-000158379, Ү-1520002347 барьцаалуулж авсан болно. Мөн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250020444 тоот зээлийн гэрээг байгуулан 5.100.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлийн төлбөрөө 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хийгээгүй байгаа бөгөөд зээлийн төлбөрөө зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг шаардаж уулзахад “Газар зарж төлнө, орлого орохоор тална” гэх зэрэг шалтгаан хэлж зээлийн төлбөрөө төлөхгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай барьцаат байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан “Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

       Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.08.01/ байдлаар О.Энхболдын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч О.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Энхболд миний бие Хас банкнаас зээл авсан нь үнэн. Одоо байгаа 16.504.229.5 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр иргэн О.Энхболдын 16.504.229 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч О.Энхболдоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхболд нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч О.Энхболд нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.471 төгрөг төлсөн ба тал хувь болох 120.235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 120.235 төгрөг, хариуцагч О.Энхболдоос 120.235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.611.943,87 төгрөг, зээлийн хүү 890.803,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.482,59 төгрөг, нийт 16.504.229,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Энхболд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 240.471 төгрөгөөс 120.235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 120.235 төгрөг, хариуцагч О.Энхболдоос 120.235 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч О.Энхболд шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР