Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01188

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01188

 

 

Д СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/01872 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Н д холбогдох,

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 693,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагч Л.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Л.Н нь СӨХ-ны дундын өмчийн зүйлийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, үйлчилгээний зардлыг төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг зөрчиж байна.

1.2. Оршин суугчдын төлдөг СӨХ-ны мөнгөнөөс байрны дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулагдахаас гадна орон сууцны байшингийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа явуулахад зарцуулагддаг.

Иймд иргэн Л.Н ээс 2021 оны 01 сараас 12 сарын дуусталх хугацааны төлбөр 222,890 төгрөг, 2022 оны 01 сараас 12 сарын дуусталх хугацааны төлбөр 228,240 төгрөг, 2023 оны 01 сараас 12 сарын дуусталх хугацааны төлбөр 242,400 төгрөг, нийт 693,530 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 21,194.72 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Д СӨХ гэсэн холбооны үйл ажиллагааг 44а байрны оршин суугч Л.Н би үндсэн оршин суугчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2.2. Сүүлийн 3-4 жил жижүүр ажиллаагүй. Гэтэл cap бүр жижүүрийн мөнгө 4,500 төгрөг авдаг нь н.Нарансайханы мөнгөн хөрөнгө шамшигдал ил тодорхой болсон байна. Энэ СӨХ нь хххх байруудын дундах тоглоомын талбай дээр 2012 оноос хойш нэг ч удаа тохижилт хийж байгаагүй. 2012 онд Нийслэлийн Хот тохижилтоос тоглоомын талбай дээр сагсны талбай, хайс болон хүүхдийн тоглоом, ахмадуудад зориулсан дасгал хөдөлгөөний хэрэгсэл зэргийг байрлуулан тохижуулахад манай СӨХ хүлээж аваагүй учраас арчилгаа тордолгоог хийхгүй гээд зөрчилдөөн үүсгээд засвар үйлчилгээ хийгээгүй.

2.3. Энэ СӨХ-ны өмнөх үед би өөрөө хяналтын зөвлөлд ажиллаж байсан. Байр бүрийн доорх подволыг амьдрах өрөө болгон түрээслээд түрээсийн мөнгө cap бүр хураан авдаг. Түрээсийн орлого ашиг олдог. Дээврийн засварын ажлыг төрийн төсвийн хөрөнгөөр хийлгэсэн ч хариуцлагагүйгээс чанаргүй гүйцэтгэлтэйгээ 2 жил дараалан дусаал гоожуулан харлуулсан. Д СӨХ ирсэн даруйдаа оны эцсээр 3 сая гаруй төгрөгийг шагнал нэртэйгээр зарлагдсан нь тохижилт, засвар үйлчилгээнд зориулан хуримтлуулсан мөнгийг дүрмийн дагуу бус зарцуулсан. Сүүлийн 3 жил тайлангаа мэдээлээгүй. Иймд энэ Д СӨХ-ны үйл ажиллагааг хууль бус үйл ажиллагаатай гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Н ээс 693,530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н ээс 21,295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. МУ-ын Шүүхийн тухай хуулийн 4.1.4 шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, 5.1. Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж байна.

4.2. МУ-ын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3. Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин/цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ заасан. Гэтэл энэ заалтыг зөрчиж байна.

4.3. Сүүлийн 4 жил жижүүр ажиллаагүй. Сүүлийн 4 жилд жижүүрийн мөнгө 4,500*48 сар, нийт 216,000 төгрөгийн дүнг нэхэмжилсэн дүнгээс хасуулах тооцооллын үндэслэл бүхий хүсэлттэй байгаа.

4.4. Мөн айл бүрийн СӨХ-ны хураамжинд ногдох цахилгааны төлбөрийг НББ-ийн ашигласанд ногдох хувиар хуваарилах ёстой. Үүний дагуу 20 хувиар бууруулах тооцоолол гарсан бөгөөд мөнгөн дүн 95,505 төгрөгийг мөн хасуулахаар байна.Иймд Д СӨХ-ны нэхэмжилсэн дүнгээс нийт 311,505 төгрөгийг хасуулах тооцооллын үндэслэлтэй байна.

4.5. Д СӨХ гэсэн холбооны үйл ажиллагааг 44а байрны оршин суугч Л.Н би үндсэн оршин суугчийн хувьд ашгийн төлөө, мөн шамшигдуулга ихтэй хууль, дүрмийн дагуу бус ажилладгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр олон оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй буйгаа илэрхийлж олон удаа маргалдан СӨХ-өөр эрхээ зөрчүүлсээр байдаг.

4.6. СӨХ-д дундын өмчлөлийн ашиглалтад хэрэглэсэн цахилгааны хэрэглээний төлбөр гардаг. Тэр төлбөрийг айл өрх бүрт хуваарилсан хуваарилалт нь буруу байдаг. Учир нь орц бүрийн доорх хонгил подволуудыг айл болон ажлын байруудад түрээслэн хэрэглэсэн цахилгааны зардалтай байгаа. Зарцуулалтын хэмжээнээс илүүгээр айл бүрт ногдуулан хуваарилсан нь ашгийг бий болгосон байдаг. Холбоо бол ашгийн бус байгууллага атал ашгийн төлөө ажиллаад оршин суугчдаас болон бидний дундын өмчлөлөөс ашиг олоод байгаа нь оршин суугчдын эсрэг гэмт үйлдэлтэй байгааг илэрхийлж байна.

4.7. 2021 оны 4-5 дугаар саруудад орцонд цахилгааны щитэд СӨХ дангаараа засвар оруулсан ч мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн бус компаниар солиулсны улмаас эвдрэл гарлаа гэж дүгнэн тогтоосон. Энэ шалтгааны улмаас манай гэрийн цахилгаан хэрэгсэлд гэмтэл хохирол гаргасан ч хохирлыг одоо хүртэл нөхөн төлөөгүй.

4.8. Мөн дээврийн засварын ажлыг төрийн төсвийн хөрөнгөөр хийлгэсэн ч хариуцлагагүйгээс чанаргүй гүйцэтгэлтэйгээ 2 жил дараалан дусаал гоожуулан харуулсан. Байрны гадаа тавьсан 10-аад камераар хувийн мэдээлэл алдагдаад байсан. Одоо ч тийм хэлбэрээр тараагаад байгаа юм билээ. Эд эрхтэн шилжүүлэн суулгахад замын болон гадуур, дотуурх тавигдсан камеруудыг ашиглаад байгаа хар бараан мэдээллүүд байна.

Д СӨХ сүүлийн 3 жил тайлангаа мэдээлээгүй. Тэгэхээр хэдэн жил ч шамшигдал хийсэн билээ хяналтын зөвлөлгүй байгаа болохоор хяналтын мэдээлэл мэдэгдэхгүй байна. Энэ Д СӨХ-ны үйл ажиллагаа нь оршин суугчдын ая тухтай байдлыг хангахгүй дүрэм бус, хууль бус үйл ажиллагаатай байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх дээр хариуцагч энэ талаар ярьж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр та энэ асуудлаар холбогдох газарт нь хандаж байсан өргөдөл, гомдол байгаа юу, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэж шүүгч асуусан.

5.2. Хариуцагч 2020, 2021, 2022 оны төлбөрийг төлөөгүй гэдэг дээр маргадаггүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийг зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч 311,505 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д СӨХ нь хариуцагч Л.Н д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 693,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Д СӨХ нь хххх байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан явуулдаг үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч талууд дээрх үйл баримтад маргаагүй.

 

4. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххх байрны 10 тоот орон сууцны өмчлөгч Л.Н нь Д СӨХ-ны гишүүн байна.

 

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хариуцагч Л.Н нь 2021 оны 01 сараас 2023 оны 12 сарыг дуустал хугацааны буюу нийт 36 сарын орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 693,530 төгрөг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоожээ. /хх-15-18/

 

4.2. Хариуцагч Л.Н нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 693,530 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1. Л.Н нь ...Д СӨХ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, төлбөр тооцооллын хувьд үндэслэлгүй, мөн засвар үйлчилгээ хийдэггүй, түрээсийн орлогыг шамшигдуулдаг гэх боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 сарын 29-ний өдрийн Д СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар баталсан тарифийг үндэслэн хариуцагчаас 2021 оны 01 сараас 2023 оны 12 сарыг дуустал хугацааны буюу нийт 36 сарын орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 693,530 төгрөг шаардаж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасантай нийцсэн байна.

 

5.3. Д СӨХ нь хххх байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардлыг хариуцан төлж, засвар үйлчилгээг гүйцэтгэж, улмаар жилийн эцэст зурагт хуудас хэлбэрээр тайланг гаргадаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

5.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/01872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР