Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01190

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01190

 

 

Ц.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/01770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.М өд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Ц.Б нь Б.М өд 2017 оны 10 сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг харилцан тохирч аман гэрээ байгуулан сарын 2,5 хувийн хүүтэй, 2018 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай зээлүүлсэн.

1.2. Б.М нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийн 2,5 хувийн хүү 1,250,000 төгрөг, 2017 оны 12 сарын 27-ны өдөр 80,000,000 төгрөгийн 2,5 хувийн хүү 2,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,250,000 төгрөгийн хүү шилжүүлсэн.

1.3. Б.М нь 2018 оны 11 сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн ба үлдэгдэл мөнгөө төлөөгүй.

1.4. Уг маргааныг 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн Эвлэрүүлэн зуучлалд хандан шийдүүлэх гэсэн боловч 2021 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл буюу 11 сарын хугацаанд эвлэрүүлэн зуучлагч уулзалт товлоогүй, хариуцагч Б.М элдэв шалтаг хэлэн ирэхгүй байсаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/00424 шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоогдсон тул Б.М өөс 45,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр хуурай ахан дүүсийн харилцаатай, нэг нэгэндээ мөнгө төгрөг өгч авч тусалдаг байсан. Гэхдээ албан ёсоор зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

2.2. 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн Эвлэрүүлэн зуучлалд хандаад ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч уг ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл үйлддэг. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2.3. Хариуцагч Б.М ийн хувьд сүүлд 35,000,000 төгрөг төлсөн. Хүүгийн хамт нийт 55,000,000 орчим төгрөгийг төлсөн. Бэлэн мөнгө өгсөн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй болохоор нотлох боломжгүй байна.

2.4. Нэхэмжлэгч 4 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчид 2023 оны 09 сарын 27-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь 14 хоногийн дотор хариу тайлбараа нотлох баримтын хамт ирүүлэх бөгөөд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай.

4.2. Гэтэл хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хурал дээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тайлбарт хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан тайлбарын хүрээнд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт бүрдүүлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.3. Учир нь нэхэмжлэгч талд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тогтоол, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай, хариуцагчаас зээл төлсөн дансны хуулга гэх мэт хангалттай баримт байсан. Мөн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тогтоол болон эрэн сурвалжпах шийдвэрийг өөрийн шүүхээс гаргуулж хэрэгт хавсаргах боломж байсаар байхад мөн хариуцагч зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байхад шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй, зээл төлөх хугацааг 9 cap гэж амаар тохирсон боловч гэрээгээр тохироогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

4.5. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн төлбөрт сүүлд 2018 оны 11 сарын 05-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэх тайлбарт үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 11 сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр огноологдож гарсан байна гэж дүгнэсэн хэт хийсвэр дүгнэлт буюу хэрэгт байхгүй баримтад дүгнэлт өгсөн байна.

4.6. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасны дагуу хариуцагчийн оршин суугаа хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу тогтоож нэхэмжлэгчид мэдэгдсэн 2023 оны 06 сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолно.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 01770 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан гэтэл нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж заасан байтал нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нотлох баримт хавсаргасан байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.М өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан шүүгчийн тогтоосон хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нь 2024 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. гэж, нэхэмжлэгч нь ...шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж тус тус мэтгэлцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар Хэргийн нотлох баримт нь зохигч ... тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгч талын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан үйл баримтыг тодруулах шаардлагатай байхад нэг талын тайлбар, татгалзлыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гараагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн маргаж байгаа үйл баримтыг мэдэх боломжгүй юм. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлж, шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байжээ.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/01770 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР