Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00466/И |
Дугаар | 508 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 508
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан
авсныг батлах тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3 дугаар 60 айлын орон сууцны 25 тоотод оршин суух, С.Оюунгэрэлд холбогдох,
С.Оюунгэрэлийг албадан нүүлгэж, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3 дугаар 60 айлын орон сууцны 25 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.Октябрь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын бүртгэлийн 152000131 дугаартай, 2 өрөө байр нь манай албаны данстай болно. Уг байранд үе үеийн дарга нар болон томилогдон ирсэн албан хаагч нар түр амьдран сууж ирсэн. Энэ байранд тус албаны дарга агсан Д.Эрдэнэбат нь 2007 оноос 2012 оны 08 дугаар сар хүртэл гэр бүлийн хамт амьдарсан. Эхнэр С.Оюунгэрэл нь 2012 оноос 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл төлбөр, түрээсгүй амьдарч байгаа билээ. Иргэн С.Оюунгэрэлд удаа дараа байр чөлөөлж өгөх талаар мэдэгдэл өгсөн боловч уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Иймд уг байрыг албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.Октябрь шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус албаны байранд оршин суудаг иргэн С.Оюунгэрэлээс байр /орон сууц/ чөлөөлүүлж авах нэхэмжлэлээ түр татан авч байна. Иргэн С.Оюунгэрэл нь амралтаа Улаанбаатар хотод өнгөрөөж, тус албаны байранд буюу хаяг дээрээ байхгүй байгаа тул татан авч байна. 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй байгааг харгалзан намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч С.Оюунгэрэлд холбогдуулан, С.Оюунгэрэлийг албадан нүүлгэж, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3 дугаар 60 айлын орон сууцны 25 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.Октябрь нь “Тус албаны байранд оршин суудаг иргэн С.Оюунгэрэлээс байр /орон сууц/ чөлөөлүүлж авах нэхэмжлэлээ түр татан авч байна. Иргэн С.Оюунгэрэл нь амралтаа Улаанбаатар хотод өнгөрөөж, тус албаны байранд буюу хаяг дээрээ байхгүй байгаа тул татан авч байна” гэсэн тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлээ татан авсан шалтгаан арилсаны дараа шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч С.Оюунгэрэлээс Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3 дугаар 60 айлын орон сууцны 25 тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР