Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 173

 

 

М.Дагвадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд; 

Прокурор Д.Галбадрах,

Шүүгдэгч М.Дагвадорж, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Галбадрахын бичсэн Улсын яллагчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр эсэргүүцлээр, М.Дагвадоржид холбогдох 201624001017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Олон булаг овогт Мунаагийн Дагвадорж, 1959 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 19 дүгээр байрны 43 тоотод оршин суух,

Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй буюу 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /РД:ЦЗ59042010/,  

М.Дагвадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сайншанд-Улаанбаатар чиглэлийн суудлын 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагоны 28 дугаар суудалд зорчин явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж, Л.Буяннямын биед “гарын сарвууны 2, 3-р шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас М.Дагвадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Дагвадорж урьд нь Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн нь хэрэгт баримтаар авагдсан байгаа ч энэ торгуулийн ялыг эдэлж дууссан эсэх, эсхүл түүний ялтай байдал зэрэгт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй тул М.Дагвадоржийн урьд торгуулийн ял эдэлсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж, М.Дагвадоржид холбогдох 201624001017 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

Прокурор Д.Галбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Дагвадоржийн урьд торгуулийн ял эдэлсэн талаарх баримтууд хэрэгт цуглаагүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Үүнд:

М.Дагвадоржид холбогдох эрүүгийн 201624001017 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих бүхий л асуудлыг нотолсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. М.Дагвадорж нь урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны хамтарсан 547, 494, А/113 дугаартай захирамж тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгүүлэн, торгуулийн ялаа төлж барагдуулсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоол, шүүгдэгч М.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт “Торгох ялаас ноцтой зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасан.

Хэрэв М.Дагвадорж нь торгох ялаа төлж барагдуулаагүй байсан бол ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял солигдсон талаар гарч ирэх байсан. Түүнчлэн торгуулийн ялаа төлж барагдуулаагүй гэж үзсэн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт “хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн” тохиолдолд ялаас чөлөөлөхөөр заасан. М.Дагвадоржийн ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт “Торгох ялаас ноцтой зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасантай санал нэг байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах санал байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

М.Дагвадоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

М.Дагвадорж нь урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг торгуулийн ялыг хэзээ, хэрхэн эдэлж дууссан тухай баримт хэрэгт авагдаагүй байгаагаас бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Учир нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн илүү ашигтай үндэслэлээр нэг удаа хамааруулахаар тусгасан байх бөгөөд М.Дагвадоржийн торгуулийн ялыг нь өршөөлд хамааруулах, эсхүл ялтай байдлыг өршөөлд хамааруулах эсэх нь тодорхойгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд”-ийг бүрэн шалгаж тодруулах нь зүйтэй.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжгүй байсан тул прокурор Д.Галбадрахын бичсэн Улсын яллагчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Прокурор Д.Галбадрахын бичсэн Улсын яллагчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол М.Дагвадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                       Н.БАТСАЙХАН