| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 162/2021/0079/Э/213/ |
| Дугаар | 298 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 086.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 298
Ж.Ч холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолтой, Ж.Ч холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1946 оны байдлаар 52 настай, эрэгтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогтой Ч нь 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж, олон нийтийн дотор мухар сүжгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах”, мөн хуулийн 138 дугаар зүйлд заасан “Хутагт хувилгаад зэрэг хуулиар устгагдсан шашны нэр цолыг олгох буюу зарлан мэдэгдэх” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолоор Ж.Чыг 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Ж.Чыг 1942 оны Эрүүгийн хуулийн 137, 138 дугаар зүйлд зааснаар нийт 1 жил хорих ялаар шийтгэхдээ үйлдсэн гэх гэмт хэргийнх нь санаа зорилго, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм, ард иргэдэд ямар хор, хохирол учруулсныг баримтаар шалгаж тогтоогоогүй, хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн баримтыг үндэслэл болгоогүй, ард олны хүсэл сэтгэлийн дагуу ном гүрэм уншиж өгсөн байхад, ашгийг хичээсэн гэж үзэж тухайн үеийн засаг төрөөс шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:
Архангай аймгийн прокурорт 1945 оны 11 дүгээр сарын 17-нд явуулсан албан тоотод “Танай аймаг дахь цэргийн 11 дүгээр хорооны намын товчооны дарга Авирмэдийн гэрт энгийн сууж буй түүний хадам эгч Пагамжав нь 1944 оны өвөл Дуламхүү гэгчийг өвчлөхөд Дөрвөлжин сумын 4 дүгээр багийн Жамбал овогтой лам Чойжилжаваас асуухад хэцүү хатуу хэмээх гүрэм ном байгуулсан тул тэрхүү номыг уншиж өгнө үү хэмээн Чойжилжаваас гуйсанд тэрээр “би хол явж ном уншиж чадахгүй, бусдаас мэдэж болно” гээд байхаар нь Чойжилжаваар уг номыг уншуулахын тулд нутгаараа ойртож очсон ...” гэх баримт,
Дөрвөлжин сумын 4 дүгээр багийн Балдорж овогтой Пагамжавын 1945 оны 12 дугаар сарын 18-нд өгсөн “... би гэртээ 4 настай өвчтэй охины хамт хоёул байдаг бөгөөд нэг нутгийн түвд ном уншдаг Чойжилжавт очиж “... арга аврал байна уу” гэж асуухад ном уншиж өгье гэж хэлсэн бөгөөд манайд очиж нэгэн шөнө ном уншиж өгсөн, чухам ямар нэртэй ном уншсаныг мэдэхгүй, нэрийг нь хэлж байсан боловч мартжээ. Барьцанд 25 төгрөг, 1 хадагтай өгснийг Чойжилжав авахгүй гэж байгаад намайг “заавал ав” гэхээр дараа нь авсан. Ноднин намар эвлэлийн үүрийн дарга Мөнх-Очирыг өвдөхөд ном уншиж өгсөн гэж Чойжилжав өөрөө ярьж байсан ...” гэх мэдүүлэг,
Мөн Дөрвөлжин сумын ард Дүгэржав, Ургамал сумын Дорлиг, Баатар, Дашжав, Жимээ, Мижээхүү нарын гуйлтаар ном, гүрэм уншиж өгч, тэд нараас өргөл барьцанд мал, эд хогшил, мөнгө төгрөг өгсний заримыг буцааж, заримыг авсан тухай дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд зэрэг болно.
1934 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан Улсын 7 дугаар Их Хурлын 7 дугаар тогтоолын 13 дугаар зүйлээр батлагдсан “Төр шашныг тусгаарлан явуулах тухай” хуулийн 20 дугаар зүйлд: “... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.
Ж.Чаас нутгийн сүсэгтэн ардуудын гуйлт хүсэлтээр айлуудад ном, гүрэм уншиж, тэдний сайн дураараа өгсөн өргөл барьцын зүйлийн заримыг нь авсныг буруутгаж ашгийг хичээсэн гэж үзэж болохгүй бөгөөд түүнийг улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хорих ял хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн /-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолоор Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Ж.Чт 1942 оны Эрүүгийн хуулийн 137, 138 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Чыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ж.Ч холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүрэн хянаж үзэв.
Завхан аймгийн прокурорын мөрдөн байцаагч Авирмэдийн бичсэн 1946 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 9 дугаартай ялын төлөвлөгөөнд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137, 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өдүүлсэн лам Чойжилжав нь төр шашныг тусгаарлах хуулийг зөрчсөн ба учир үл мэдэх хүмүүсийг буруугаар нөлөөлөн ятгасан хэрэгт мөрдөн байцаалт явуулснаар илэрсэн нь: Ургамал сумын М.Дорлигийн биеийг ханиадаар өвчлөхөд Чойжилын дүвжүү номыг уншуулж, нүүр, гарыг угаалгах хэрэгтэй хэмээн аврал байгуулан өргөл, барьцанд 5 метр орос цагаан чисчүү 1-ийг хувьдаа авч ашигласан, мөн Ургамал сумын 2 дугаар багийн Мижээхүүг өвдөхөд Норсол хэмээх ном уншуулж аврал байгуулан утах утлага, нүүр гарыг угаалгах рашаан өгч, барьцанд 10 төгрөг авсан, Баатар, Дашжав, Түжмээ мэтийн хүмүүст тэдний сүсэг бишрэлийг далимдуулан эрлэгийн цалам хийж 5 өнгийн утсаар гар, хөл, хүзүү толгойгоор нь оосорлон огтлох буюу Гурван гүрэм, Цэнд-Аюуш, Дар-Эх мэтийн номуудыг уншиж өргөл барьцанд хонь, адуу, эд хогшил, мөнгө авсан боловч дараа нь буруу болохыг мэдэж, буцаан өгч байсны дээр эмэгтэй Цэвэлмаад “танай малын өглөгийг арилгах гэхээр хүнд харштай, хүнийг арилгах гэхэд малд харштай юм, иймд чи малаараа шувтарвал дээр гэх буюу Увс аймгийн Завхан суманд хувилгаан тодорсон түүнд мөргөхөөр Баатар вангийнхнаас бөөн бөөнөөрөө мөргөл хийж очдог гэнэ гэх зэргээр ор үндэсгүй худал ятгалга, цуурхлыг ард олны дотор тарааж байсан нь чин үнэн” хэмээн мэдүүлсэн байна. Ж.Ч нь ямар нэгэн өвчнөөр өвчилж, айн сандарч бачимдсан хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан хэцүү, хатуу гэж ятган, аврал гүрэм байгуулж, шашны хоосон мухар шүтлэгээр ард олныг мунхруулан тэдний гэрийн хөрөнгө хогшлоос өргөл барьц хэмээн тонон мөлжиж хувьдаа ашигласан төдийгүй хувилгаан төрж гэнэ гэх мэтээр ятган үймүүлж байснаар үл барам хүн, мал хоёрт лай ланчиг, өвчин эмгэг, барцад ихтэй хүмүүнийг арилгах гэхээр малд чинь харштай, малыг нь арилгах гэхээр хүнд хатуу хэцүү, иймээс малаараа шувтарвал дээр биз хэмээн мэргэлэн, өглөг авцаатай тэмцэх гэсэн ардын тэмцлийг илтээр ятган сулруулж хувьсгалт хуулийг санаатай зөрчсөн Эрүүгийн гэмт хэрэг болох тул хууль ёсоор ял төлөвлөх нь: Завхан аймгийн Дөрвөлжин сумын 4 дүгээр багийн Чойжилжавын биеийг 1942 оны Эрүүгийн хуулийн 137, 138 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлэхээр Завхан аймгийн Шүүхийн эрх мэдэлд шилжүүлэх ба үүний барьцанд авсан 5 метр цагаан чисчүүг хураан авч улсын орлогод шилжүүлэх саналыг төлөвлөв. Чойжилжав нь 1945 оны 11 дүгээр сарын 13-наас эдүгээ хүртэл хорих ангид хоригдон буй” гэжээ.
Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолоор Ж.Чыг 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар, мөн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуулыг судалж үзэхэд Ж.Ч нь өвдөж зовсон хүмүүсийн хүсэлтээр тэдэнд ном унших, засал хийх зэргээр шашны зан үйлийг хийж, хариуд нь иргэдийн сайн дураар өргөл болгон барьсан мал, эд зүйлийг авч байсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч түүнийг шунахай сэдэлтээр, ард олны сүсэг бишрэлийг далимдуулан, хуурч мэхлэх аргаар иргэдийг аргагүй байдалд оруулж эд зүйлийг нь завшсан буюу тухайн үеийн хууль тогтоомжоор хориглосон нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Төр шашныг тусгаарлан явуулах тухай” хуулийн 20 дугаар зүйлд “... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд ард иргэд өөрсдийн хүсэлтээр ламд хандан шашны зан үйл хийлгэж, сайн дураар өргөл барихыг хориглоогүй байна.
Гэтэл шүүхээс Ж.Чыг “...ямар нэгэн өвчнөөр өвчилж, айн сандарч бачимдсан хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан ... шашны хоосон мухар шүтлэгээр ард олныг мунхруулан тэдний гэрийн хөрөнгө хогшлоос өргөл барьц хэмээн тонон мөлжиж хувьдаа ашигласан” хэмээн буруутгаж, 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Ж.Чыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
Харин 1942 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан “Хутагт хувилгаад зэрэг хуулиар устгагдсан шашны нэр цолыг олгох буюу зарлан мэдэгдэх” гэмт хэрэг нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн үйлчлэлд хамаарахгүй хэдий ч хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар олгосон эрх хэмжээний хүрээнд Ж.Ч холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд тэрээр хутагт хувилгаадыг тодруулж, нэр цол олгох шашны үйл ажиллагаанд биечлэн оролцож, түүнийгээ ард иргэдэд зарлан тунхагласан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан баримтат мэдээллийн хүрээнд тогтоогдоогүй байх бөгөөд Завхан аймгийн прокурорын мөрдөн байцаагч Авирмэдийн бичсэн 1946 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 9 дугаартай ялын төлөвлөгөөнд дурдсан “Увс аймгийн Завхан суманд хувилгаан тодорсон түүнд мөргөхөөр Баатар вангийнхнаас бөөн бөөнөөрөө мөргөл хийж очдог гэнэ гэх зэргээр ор үндэсгүй худал ятгалга, цуурхлыг ард олны дотор тарааж байсан нь чин үнэн” хэмээн Ж.Чын өгсөн мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдоогүйгээс гадна тухайн мэдүүлэгт дурдсан тодорхой бус үйл баримт нь 1942 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг илтэд агуулаагүй байна гэж үзлээ.
Иймд Ж.Чыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Ж.Чт 1942 оны Эрүүгийн хуулийн 137, 138 дугаар зүйлд зааснаар нийт 1 жил хорих ял оногдуулсан Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Ч холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ж.Чт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН